HERO'S WORLD : Тагнуулч Суворов 15 бүлэг төгсөглийн 7 -р хэсэг

Тагнуулч Суворов 15 бүлэг төгсөглийн 7 -р хэсэг

7

Английн дипломат ажилтны гэр нь олон баганатай, том цагаан байшин байна. Жижиг чулуугаар хулдсан замтай, тансаг цэцэрлэгтэй юм. Би машин ч үгүй, сахлаа ч хусаагүй, савхин хүрэм өмсөж яваа. Би дипломат ажилтантай огт төсгүй, угаасаа ч одоо дипломатч байхаа больсон. Би үүнээс хойш өөрийн эх орноо төлөөлөхгүй. Харин ч манай эх орныхон эрж хайж болох газар бүрд намайг хайж байгаа.
Энэ байшингийн бүх л зүйлс нь бусад жирийн байшингуудынхаас нэг л өөр юм. Хаалганы хонх ч алга. Хонх дарахын оронд энд унжиж буй хүрлээр цутгаж хийсэн гялалзсан үнэгний хоншоороор хаалгыг тогших ёстой юм байна. Зарц нарынх нь нэг биш харин эзэн нь өөрөө гарч ирэх нь надад тун чухал. Би азтай байх шиг байна. Өнөөдөр бямба гариг тул тэр ажил дээрээ биш гэртээ байгаа, харин зарц нар нь энд байхгүй байх ёстой.
— Сайн байна уу.
— Сайн. Сайн байна уу.
Би түүн рүү дипломат паспортаа сарвайхад тэр нээж үзээд надад буцааж өглөө.
— Орогтун.
— Надад Хатан Хааны засгийн газарт яаралтай дамжуулж өгөх ёстой илгээмж байна.
— Элчин сайдын яаман дээр очихыг хүсье.
— Би элчин сайдын яам орж чадахгүй. Би энэ захидлыг танаар дамжуулан өгмөөр байна.
— Би наадахыг чинь авахгүй. — Тэр босоод хаалга онгойлгов. — Би тагнуул биш. Энэ тагнуул туршуулынхаа юманд намайг бүү хутга.
— Энэ бол тагнуул туршуулын өдөөн хатгалга биш. Энэ бол Хатан хааны засгийн газарт очих ёстой захиа. Хэрэв та захидлыг авахгүй бол би одоо танай элчин сайдын яам уруу утасдаж засгийн газарт очих ёстой захидал танд байгаа гэж хэлэх болно… Би захидлыг энд орхих болно, харин та хүссэнээрээ л бол.
Тэр надад огт сайныг хүссэн янзгүй харцаар намайг ширтэнэ.
— Тэр захидлаа өгнө үү.
— Надад дугтуй өгөөч.
— Танд дугтуй ч байхгүй хэрэг үү, — гэж тэр мушилзав.
— Харамсалтай нь тийм…
Тэр бөөн цаас, дугтуй, үзэг авчран миний өмнө тавилаа. Би цааснуудыг цааш нь түлхэж хармаанаасаа кафе, ресторануудын багц нэрийн хуудас гаргаж ирлээ. Тагнуулч бүр ийм хорь гучин хуудас нөөц болгон үргэлж биедээ авч явдаг юм. Шинэ найздаа уулзах газраа тайлбарлаж цаг үрэхгүйн тулд зүгээр л хуудсыг өгч би таныг энд урьж байна гэж хэлэх гэж тэр.
Би түргэхэн зуур бүгдийг нь гүйлгэж үзээд нэгийг нь сонголоо. Тэгээд чухам юу бичихээ хэдэн хором эргэцүүлэв. Тэгээд үзэг авч GRU гэсэн гуравхан үсэг тавилаа.
Нэрийн хуудсыг дугтуйнд хийн наалаа. «Эрхэмсэг Хатан Хааны засгийн газарт» гэж хаяглаад «173-В-41» гэсэн өөрийн хувийн лацаар тамгалав.
— Ингээд л болоо юу?
— Гүйцлээ. Баяртай.
Би ойд тавьсан машин дээрээ буцаж ирлээ. Би эндээс аль болох хол явах болно. Одоо орон нутгийн цагдаа нартай таарах ч осолтой болсон байж магадгүй. Зөвлөлтийн нэгэн дипломатч солиороод танай улсаар хаа сайгүй тэнэж явна гэж Зөвлөлтийн элчин сайдын яам цагдаагийн газарт мэдэгдсэн байж ч болзошгүй. Намайг сая доллар хулгайлаад зугтлаа гэж Интерполд мэдэгдсэн байж ч магад. Намайг Австрийн засгийн газар хүчээр булааж авсан тул нэн даруй буцааж өгөхийг шаардаж байна, хэрэв тэгэхгүй бол... гэж мэдэгдэж ч тэд чадна.
Тэд сүртэй мэдэгдэл хийж чаддаг улс. Харин одоо би Британийн элчин сайдын яамтай утсаар шууд холбогдох хэрэгтэй. Ямар нэг тосгоны цагдаа нар намайг барьж аваад зөвлөлтийн элчинг дуудахаас өмнө би тэдэнд нөхцөл байдлыг тайлбарлах ёстой. Хэрэв оройтвол юу ч гэж тайлбарлаад нэмэргүй болно. Тэгвэл зөвлөлтийн консултай уулзсаны дараа би шүлсээ савируулан, инээж, уйлж эхлэх бөгөөд тэд намайг тусгай онгоцоор зөвлөлт рүү буцаана. Шүлсээ савируулахгүйн тулд би байдгаараа хичээх ёстой… Утсаар ярьчихаж болох нэгэн буйдхан газрыг би мэднэ.
— Байна уу, британийн элчин сайдын яам уу, би нэг илгээмж явуулсан юм… Намайг элчин сайдтай яриулахгүй гэдгийг би мэдэж байна, гэхдээ ямар нэг хариуцлагатай хүнтэй холбож өгнө үү… Хэнтэй ярих нь хамаагүй, тэрийг та өөрөө тэрүүгээрээ шийд… Би нэг илгээмж явуулсан юм…
Тэд хэн нэг хариуцлагатай хүнийг арай гэж нэг юм олжээ.
— Сонсож байна… хэн ярьж байна вэ?
— Би нэг илгээмж явуулсан юм. Тэр илгээмжийг авсан хүн миний нэрийг мэднэ…
— Нээрэн үү?
— Тийм ээ. Түүнээс асуу л даа.
Харилцуур хэсэг чимээгүй байснаа гэнэт амь оров.
— Та өөрийн эх орныг төлөөлж байна уу?
— Үгүй. Би зөвхөн өөрийнхөө өмнөөс ярьж байна.
Харилцуур дахиад л чимээгүй болов.
— Та юу хүсээ вэ?
— Та тэр дугтуйг нээгээд миний илгээмжийг британийн засгийн газар явуулаасай гэж би хүсэж байна.
Харилцуур дуугарсангүй. Ямар нэг шуухинаан л сонсогдоно.
— Би энэ дугтуйг нээж чадахгүй. Энэ чинь надад биш британийн засгийн газарт хаяглагдсан байна…
— Таныг гуйя, наад дугтуйгаа нээ. Тэр захидлыг би бичсэн юм. Утгыг нь олон хүн бүү мэдээсэй гэсэндээ тэгж хаягласан юм. Харин би танд нээх эрхийг нь өгч байна…
Харилцуурт тэртээ цаана хүмүүс шивгэнэлдэх нь сонсогдоно.
— Энэ чинь маш сонин илгээмж байна. Энд ямар нэг рестораны…
— Тэр нь биш ээ… Ар талыг нь үз…
— Гэвч тэнд чинь бас л нэг ойлгомжгүй үсгүүд байна.
— Яг наадахаа л дамжуулаад өгч үз…
— Та солиороо юу. Гуравхан үсэгтэй илгээлт тийм чухал байж таарахгүй.
— Чухал уу, үгүй юү гэдгийг Эрхэм Дээдсийн Засгийн газар шийдэх болно…
Харилцуур чимээгүй болчихов. Аяархан ярилцаж шивгэнэлдэх сонсогдож байснаа гэнэт утасны харилцуур дахин амилав:
— Би нэг арга оллоо. Би таны илгээлтийг радио шуудангаар биш харин дипломат шуудангаар явуулчихъя! — түүний хоолойд хүнд гэрийн даалгавраа амжилттай бодож чадсан сургуулийн хүүхдийн баяр хөөр мэдрэгдэв.
— Таныг, тэр британийн сайхан аргатай чинь хамт чөтгөр аваг. Наад илгээлт чинь чухал эсэхийг би шийдэхгүй ч маш яаралтай юм. Цагийн дараа гэхэд, бүр түүнээс наана ч байж магадгүй, хэдийн оройтсон байж магадгүй. Гэхдээ би нэг эхэлсэн ажлаа дуусгаж байж л салдаг шаргуу хүн гэдгийг мэдэж ав. Би арван таван минутын дараа дахиад утасдана. Миний илгээлтийг элчин сайдад үзүүлэхийг гуйя.
— Элчин сайд өнөөдөр энд байхгүй.
— Тэгвэл хэнд ч хамаагүй үзүүл. Жишээ нь өөрийнхөө нарийн бичгийн даргадаа ч юм уу. Тэр сонин уншдаг ч байж магадгүй. Тэр чинь танд ямар нэг шийд хэлж ч магад…
Би харилцуурыг тавьлаа.
Би байрлалаа сольж, моддын дундуур, бөөн бөөн хүмүүсийн дундуур явлаа. Миний чихэнд «Чонын ав» дууны галзуу ая хангинана. Дөнгөж саяхан би өөрийгөө шархадсан араатан шиг төсөөлж байсан, харин одоо хүч чадал минь бүрэн сэргэжээ. Дайсны цувааг онгоцоороо мөргөн амиа золихоор шумбаж буй сөнөөгч онгоцны нисгэгч шиг шийдмэгээр жолооноосоо зуурлаа. Тэд намайг амьдаар минь гартаа оруулж хэрхэвч чадахгүй. Миний зам дээр хөндөлдсөн хэнийг болов би тасар татан хаях болно. Би амь амьдралаа худалдаж байна! Хүрч ирээд над уруу довтлоод үз л дээ! Та нарт их л үнэтэй тусна даа!
Британийн элчин сайдын яам уруу залгалаа. Энэ бол хоёр дахь буюу сүүлийн оролдлого. Би хоёр дахиа гуйх нь маш ховор. Харин гурав дахиа бол хэзээ ч үгүй. Тэгэхлээр одоо ганцхан оролдлого үлдлээ…
Би арван таван минутын дараа залгана гэж амласан. Гэтэл дөчин гурван минут өнгөрчээ. Миний ярих утасны бүхээгийн ойролцоо хүн ихтэй байлаа.
— Британийн элчин сайдын яам уу?
— Тийм байна. — Бүх зүйл маш хурдан болж, өнгөрөв. Яг л цэргийн команд шиг товч бөгөөд тодорхой богино үгс сонсогдож байлаа. Тэр даруй харилцуурт эрэгтэй хүний дуу гарч: — Та зүгээр үү? Бид санаа зовж байлаа. Та ийм удаан утасдалгүй алга болчихлоо…
— Миний илгээмж…
— Бид таны илгээмжийг Лондон уруу явуулсан. Энэ маш чухал мэдээлэл. Бид хэдийн Лондонгоос хариу хүлээж авсан. Таныг хүлээж байна. Та бэлэн үү?
— Тийм.
— Нэрийн хуудсан дээрх хаяг таны бидэнтэй уулзахыг хүсэж буй газрын хаяг уу?
— Тийм.
— Нэрийн хуудас дээр цаг заагаагүй байсан. Энэ чинь та бидэнтэй аль болох хурдан уулзахыг хүсэж байна гэсэн үг үү?
— Тийм.
— Бид ч мөн тэгж бодсон юм. Манай албан ёсны төлөөлөгчид хэзээний тэнд байгаа.
— Спасибо. — Баярлалаа гэсэн энэ үгийг би яагаад ч юм бэ оросоор хэлэв. Тэр намайг ойлгосон эсэхийг бүү мэд.



Виктор Суворов,
1993 оны дөрөвдүгээр сарын 13.
Оксфорд

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

тэнэг, мангар, новш, хуц,
bat (зочин)

ingeed duusav uu daa, heden sar l unshlaa daa. Amjilttai orchuulj duusgasand bayar hurgeyee.

Solluster (зочин)

Ingeed duuschee. Bayarlalaa.

nika (зочин)

bayarlalaa hero

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)