HERO'S WORLD : Тагнуулч Суворов 15 бүлэг 6-р хэсэг

Тагнуулч Суворов 15 бүлэг 6-р хэсэг

6

Байрныхаа хаалгыг дотроос нь түгжиж, цонхоо бага зэрэг нээлттэй үлдээв. Хэрэв надад тэдэнтэй нүүр тулах зориг дутвал би цонхоор үсрэх болно. Долоон давхраас үсрэхэд үхэх нь эргэлзээгүй. Цонхоор үсрэх гэдэг хялбархан зам боловч би энэ тухай ч бодож л сууна. Дамжлагаас айдаг хулчгаруудын зам. Хэрэв сүүлчийн мөчид хулчийх юм бол би энэ замыг ашиглах болно. Саяхан ГРУ-гийн нэгэн бардам варяг Парис хотын яг төвд цонхоор үсрэн чулуун зам дээр унаж дамжлагаас мултарсан юм. Мөн Швейцарт маш чухал хангалтын ажилд алдаа гаргасан Лондонгийн өөр нэг варяг дамжлагаар орохыг хүсээгүй тул судсаа огтолсон. Харин тайга нохой, хошууч Анатолий Филатов дамжлагаас айгаагүй. Би ч мөн айхгүй.
Харин мөрдөн байцаалтын дамжлагаар орж, эрүүдүүлэх ямар байдгийг чөтгөр л мэдэх байх. Гэхдээ л би цонхоор үсрэхгүй. Би босоод цонхоо шийдвэртэйгээр хаалаа. Энэ надад тохирохгүй.
Би дамжлагаар ч орохгүй, цонхоор ч үсрэхгүй. Хаалга тогшмогц онгойлгоод хэн түрүүлж орж ирснийх нь хоолойг тас хазаж орхиё.
Би цагаа харлаа. Жавар бууж хэдийн шөнө дунд болжээ! Аквариумын арга барилыг би сайн мэднэ. Нүүлгэн шилжүүлэлтийг ихэнхдээ үүрийн дөрвөн цагт эхэлдэг юм. Бүх хүмүүс гүн нойронд автах шүлэг нойрын цагаар, үүр цүүрээр Аквариум цохилтоо хийдэг юм. Мэдээж, түүнээс эрт ч эхэлсэн байж болно. Хэрэв тийм бол бүр эрт хүмүүсээ тараан байрлуулсан байх ёстой. Би хэдийн хоцорсон байж ч магадгүй. Манай гэрээс нэг давхрын дээр хоёр тагнуулч товлосон цагаа хүлээн хэзээний зогсож байж тун магадгүй. Бас нэг хоёр нь орцны дэргэд, мэдээж, гараашт ч бас хэн нэг нь хүлээж байгаа байх. Харин үндсэн бүлгийнхэн хаа нэгтээ ойрхон байгаа.
Одоо надад хаалгаар сэмээрхэн гараад хоёр гурван давхар уруудаж цахилгаан шатанд суун гарааш уруу ороод тэндээсээ гарах биш, орох хаалгаар гадагш гарах ганцхан л зам байна. Мэдээж, хэрэв орох хаалгыг дотроос нь онгойлгож чадвал шүү дээ…
Хаалганы цоожийг би чимээгүй онгойлгов.
Бариулыг аяархан эргүүлж, гүнзгий амьсгаа аваад өөр лүүгээ татан хаалгаа нээж эхлэв. Шатны хонгилоос миний өрөөний шалан дээр тусах гэрэл улам бүр өргөссөөр... Амьсгаагаа түгжин хаалгаа хүчтэй татан онгойлгож гараад аажимхан хаалаа.
Машинаа байшингаас нэлээд зайтай, том зогсоолд олон машины дунд тавьсан юм. Эндээс манай байр тун сайн харагдаж байлаа. Одоохондоо сэжигтэй зүйл анзаарагдахгүй байна. Бүгд унтаж байна.
Гурван цаг дөчин минутын орчимд миний байрны бүх өрөөний гэрэл гэнэт аслаа. За яах вэ, яг л миний урьдчилан бодсоноор болж байна.
Би ойг чиглэн алхлаа. Үүрийн жихүүн жавар жиндүүлэн, манан буужээ. Одоогоор хаашаа ч гүйх хүсэл алга. Би зүгээр л тунгаан бодохын тулд алхаж байна. Миний бодлыг ямар нэгэн гэнэтийн зүйл, хаалганы хонх тасалдуулахад би дургүй.
Юуны өмнө, буцаж очоод бууж өгөн сайн дураараа дамжлагаар орох уу, эсвэл өөр яах вэ гэдгээ шийдэх хэрэгтэй байлаа… Надтай адил хүнд байдалд орсон, манай системтэй улаан халз тулсан сая сая хүмүүсийн өмнө сүүлийн хоромд ийм асуулт үргэлж тавигдсаар ирсэн юм. Одоо болон хойшид бусад хүмүүс миний тухай юу гэж бодох нь надад огтхон ч сонин биш. Миний өмнөх сая сая хүмүүсийг шүүсэн шигээ хөндлөнгийн хүмүүс намайг ч бас шүүх л болно. Үнэндээ бол хэрэв хүмүүс эсэргүүцэлгүйгээр коммунист дарангуйллын цаазын сүхний дор өөрсдөө очвол эсэргүүцэх чадваргүй, боол заяатнууд, тэгвэл л таарна гэж ярьцгаана. Харин сайн дураараа очихыг хүсэлгүй тэмцэж, зугтаах аваас урвагч, дайсны гар хөл бологч гэж ярьцгаана! Хэрэв би сайн дураараа бууж өгвөл тэнэг мал, бялдууч амьтан болно. Харин бууж өгөхгүй бол урвагч нэр зүүнэ.
Ах дүү нар минь намайг гэмт хэрэгтэн гэж тооцогтун, харин бялдууч дольдгонуур амьтан байсан гэж л битгий бодоцгоогоорой. Гэхдээ би тийм ч том гэмт хэрэгтэн биш. Троцкий, Зиновьев, Каменев, Рыков, Бухаринаас авахуулаад Ленинийг тойрон хүрээлж байсан бүхэн эцэстээ урван тэрслэгч, гадаадын тагнуулын гар хөл болж дууссан юм. Тэгэхлээр Ленин өөрөө хэн байх вэ? Ленин бол урвагчид, тагнуулууд, террористуудын бүлгийн толгойлогч болж таарах нь. Ленинд чин сэтгэлээрээ үнэнчээр зүтгэж байсан тэр хүмүүс юу болж таарах вэ? Тэднийг одоо хэн хүндэлдэг билээ? Сталинд ч бас ийм л зүйл тохиолдсон. Тэрээр урвагчид, ардын дайснууд, тагнуулуудаар хүрээлэгдсэн байсан хэрэг. Тэгэхлээр тэр өөрөө бүлэг дээрэмчдийн тэргүүн байсан байх нь. Түүний тушаалыг биелүүлж байсан хүмүүс тэгэхлээр юу болох вэ? Эрт орой хэзээ нэгэн цагт манай бүх удирдагчид урвагч, ардын дайсан, садар амьтан, зальхай этгээд, хоосон чалчигч гэж тооцогдох болно. Тэднээс зугтаах бол мэдээж гэмт хэрэг. Харин үлдээд тэдний тушаалыг биелүүлбэл юу болох вэ?
Ойд жихүүн хүйтэн байна. Би аливааг удаан бодож дадаагүй хүн. Гүн ухаан ч миний хийх ажил биш. Гэхдээ манай тогтолцоог үзэн яддаг учраас би зугтааж байна уу эсвэл тогтолцоо надаар оролдсон болохоор зугтааж байна уу гэдэг асуултын хариуг заавал олох ёстой юм. Энэхүү асуултад би тэрхүү тогтолцоог хэдийнээс үзэн ядаж, үргэлж түүний эсрэг байсан бөгөөд өөр ямар нэг тогтолцоогоор, бүр цэргийн дэглэмээр ч хамаагүй солихын тулд амь насаараа дэнчин тавихад ч бэлэн байсан юм гэсэн цорын ганц, тодорхой хариултыг өөртөө өглөө. Гэхдээ. Хэрэв энэ тогтолцоо надаар оролдоогүй байсан бол би зугтаахгүй байсан. Би үнэнч шударгаар үргэлжлүүлэн зүтгэж, их амжилтад хүрэх байсан байх. Хэзээ нэгэн цагт би эсэргүүцэн тэмцэгч болох байсан эсэхийг мэдэхгүй ч, яг энэ мөчид бол би зүгээр л хар толгойгоо аврахын тулд зугтааж байна.
Энэхүү гол асуултын хариу нь тов тодорхой хэдий ч миний сэтгэлийг тайтгаруулах зүйл энд алга. Витя минь, эртхэн эхлэх байж дээ! Эхний аятайхан тохиолдол гармагц л зугтаах байж. Пеньковский, Константинов, Филатов нар шиг Аквариумын тухай нууц материалуудыг барууны тагнуулынханд өгсөн бол бүр ч дээр байх байжээ. Жаахан тааруухан л юм болчихлоо, Витя. Одоо нөхцөл байдлыг өөрчилж болох болов уу? Үгүй ээ. Оройтож. Гэхдээ бүр ч оройтоогүй байж ч болох юм. Хэрэв би Аквариумаас мултарч чадвал чимээ аниргүй, ажин түжин амьдрах болно, эсвэл би… Би өөр юу хийж чадна гэж?
Хэдэн минут хэртээ чимээгүй суугаад би өөрийгөө эх орноосоо урвагч болчихжээ гэж дүгнэлээ. Би энэхүү тогтолцоог нэгэнт сайн дураараа орхин явж байгаа учраас хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлэх болно. Түүний эсрэг тэмцээгүйнхээ төлөө ч хуулийн дээд хэмжээ авна. Одоо би хар толгойгоо аварч гарахыг хичээж байна, энэ байдлаас гарах л юм бол би тогтолцооны эсрэг бүхнээ золиослон тэмцэх болно. Хэрэв би зугтааж чадвал хэзээ ч дуугүй суухгүй. Би өдөр бүр олон цагаар, шаргуу хөдөлмөрлөх болно. Хэрэв би овойж товойх сүйдтэй зүйл хийж чадахгүй байлаа ч, ядаж л хэдэн ном бичнэ. Өдөрт 15 цаг сууж бичнэ. Жилд нэг ном. Гэхдээ энэ гол нь биш. Үүнээс гадна би тэр тогтолцоонд жинхэнэ ноцтой хохирол учруулахыг хичээх болно. Харин яаж гэдгийг би мэднэ. Яаж гэдгийг надад сургасан. Би зоригтой байж азаа үзэх болно. Би өөрийн амьдралдаа тийм ч их харамсаад байхгүй.
Хаашаа зугтах вэ гэдэг сүүлийн асуулт үлдэж байна. Хариу нь ч тодорхой, Британи уруу л зугтах хэрэгтэй. Англичууд нэг удаа зөвлөлтийн 105 дипломат ажилтныг хөөж байсан юм. КГБ болон ГРУ-гийн төлөөлөгчдийн газрынхныг тэр чигээр нь бүрэн бүрэлдэхүүнээр нь хөөсөн. Британиас өөр хаана ч тэгж зүрхлээгүй юм. Тэд өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалж чаддаг юм чинь миний ашиг сонирхлыг ч бас хамгаалж чадна.
Харин одоо Британийн засгийн газартай хэрхэн холбогдохоо шийдэх хэрэгтэй байна. Энэ засгийн газрын төлөөлөгчдөөр дамжуулан харьцах нэг л зам байна. Хүнд суртлын шат дамжлага байгаа байх тусмаа л шийдвэр хурдан гарна. Гэхдээ намайг элчин сайдтай уулзуулахгүй. Тэгэхлээр би английн аль нэг өндөр алба хашдаг дипломатч дээр очих хэрэгтэй. Британи, Франц, Америкийн элчин сайдын яамдын үүдэнд Аквариумын залуус аль хэдийн намайг хүлээгээд сууж байгаа нь тодорхой. Тэгэхлээр элчингийн албан хаагчдын гэрээр нь очиж уулзах болох нь. Удирдагч мэдээж, энэ хувилбарыг ч мөн бодолцож үзсэн нь тодорхой ч барууны өндөр албаны бүх дипломатчдын гэрийг хараандаа байлгаж чадахгүй нь тодорхой юм. Түүнээс гадна би машинаа ойд нуугаад, явган явах болно.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)