HERO'S WORLD : Тагнуулч Суворов 15 бүлэг 3-р хэсэг

Тагнуулч Суворов 15 бүлэг 3-р хэсэг

3

— Найз хаанаас гарч ирсэн бэ?
Би худлаа хэлэх үү, байх уу гэж хоромхон зуур эргэлзэв.
— Би хараагүй, нөхөр генерал.
— Чамд секунд хэмжигчтэй нарийн цаг байсан. Найз яг цагтаа гарч ирээгүй хэрэг үү?
Би дуугарсангүй.
— Чи юунд ингэтлээ алмайрчихаа вэ? Ямар нэг сэжигтэй, ойлгомжгүй, тайлбарлаж болшгүй зүйл болоо юу? Чи яагаад байж ядаад байна вэ?
— Таны нэгдүгээр орлогч…
Түүний нүдэнд гүн түгшүүр тодров.
— …Найз гарч ирэхээс арван хоёр минутын өмнө, уулзалт болох газар таны нэгдүгээр орлогч нэг хүүхэнтэй хамт байсан.
Тэр гараа бүр цайтал нь нударгаа зангидав. Нүүр нь цонхийн дуугаа хурааж намайг нэвт хана уруу гөлрөв. Тэгснээ тэр аяархан бөгөөд тайвнаар:
— Мэдээж, чи тэрний зургийг авч амжаагүй л биз дээ…
Тэр асууж байна уу эсвэл өөрийн дотроо бодсоноо баталж лавлаад байна уу гэдгийг ойлгоход хүнд байлаа. Эсвэл бүр заналхийлж байж ч болох юм.
— Амжсан…
би түүний нүд рүү эгцлэн ширтэхээс эмээн доош харлаа. Цаг урагшлахыг хүсэхгүй байх мэт удаан өнгөрч ханын цаг чаг, чаг, чаг хэмээн дуртай дургүй дуугарна.
— Одоо яах вэ?
— Мэдэхгүй, — би мөрөө хавчлаа.
— Одоо яах вэ?! — тэр шүлсээ миний нүүр рүү үсчүүлэн гараараа ширээ шааж «ОДОО ЯАХ ВЭ?!» гэж хашгирав.
— Нүүлгэн шилжүүлэхэд бэлтгэе! — гэж би гэнэт шар хөдлөн чанга хэлээд тавьчихав.
Миний хашгираан түүнийг сэхээрүүлэн тайвшруулав. Тэр гэнэтийн хүнд зовлонд барьц алдсан ердийн л нэг өвгөн. Тэр хэдий хүчтэй, чанга хатуу ч манай систем илүү хүчтэй.
Систем бид бүхнээс хүчтэй, асар хүчирхэг. Түүний энэрэхийг үл мэдэх балт сүхний ирэнд бидний хэн нь ч өртөж болно. Тэрээр дуугүй гөлрөн хэсэг суулаа.
— Витя, хурандаа Мороз жаран дөрвөн онд цаазаар авахуулах ялаас намайг аварсан юм. Түүнээс хойш би түүнийг бүх дэлхий даяар хаа явсан газраа өөртэйгөө хамт чирч яваа юм. Мороз олон хүүхнүүдийн толгой эргүүлдэг байсан. Ямар сайхан хүүхнүүд байсан гээч! Ай хөөрхий, амьдрал аа гэж. Тэр хүүхнүүддээ Мороз хайртай байсан, нөгөөдүүл нь ч түүнд хайртай гэж жигтэйхэн. Түүний энэ явдлыг, хот бүхэнд нууц амрагтай гэдгийг нь би мэддэг байсан ч уучилсаар ирсэн. Хэзээ нэг цагт баригдана гэдгийг нь ч би мэдэж байсан. Энэ Австрид үүнийг хэрхэн нуух билээ? За яах вэ. Бид хоёулхнаа нүүлгэн шилжүүлэлт зохион байгуулж дөнгөх үү?
— Дөнгөнө.
— Шүүгээнээс тариур ав.
— Авлаа.
Тэр ширээн дээрх товчлуурыг дарлаа.
— Нэгдүгээр нууц түлхүүрч.
— Би, нөхөр генерал.
— Нэгдүгээр орлогчийг над дээр.
— Гүйцэтгэе.
— Суу, — гэж Захирагч ядрангуй маягтай дуугарав. Өөрөө ширээнийхээ ард, зүүн гараа ширээн дээрээ тавьж, баруун гараа ширээнийхээ нүдэнд шургуулан суугаад хөшиж орхилоо. Харин би Бага Эзний сууж буй түшлэгтэй сандлын ард зогсоно. Ширээний шургуулгад буй захирагчийн гар Бага Эзэнд бүхнийг ойлгуулав. Харин миний энд байгаа нь би түүнийг ямар нэг байдлаар шалгаж, дараа нь матсан гэсэн үг. Тэр бүх үе мөчөө нужигнатал суниагаад тайвнаар хоёр гараа нуруундаа, сандлын түшлэгийн ард зөрүүлэв. Тэрээр энэ тоглоомын дүрмийг сайн мэднэ. Би түүний хоёр гарыг гавлав. Бага Эзний хослолын ханцуйг болгоомжтой дээш сөхөж ханцуйн алтан тээглүүр товчийг авч бугалгыг нь гаргалаа. Хараа зүйн багаж цэвэрлэдэг нимгэн цагаан алчуурыг ногоон лонхтой арцны архиар норгон тариа хийх хэсгийн арьсыг арчлаа. Тэгээд дотроо тарилгын бага зэрэг сүүмгэр шингэнтэй тариурыг задлав. Арьсан доорх тариаг маш болгоомжтой зөөлөн шахаж хийх хэрэгтэй. Тариурын зүүг сугалан тариа хийсэн газраа арцны архиар норгосон алчуураар дахин арчлаа.
Удирдагч толгойгоороо дохиг намайг явахыг тушаав. Би түүний албан өрөөнөөс гарч хаалга хаах зуураа огт сэтгэл хөдөлсөн шинжгүй:
— За, яриад бай… гэж хэлэхийг хальт сонслоо.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)