HERO'S WORLD : Тагнуулч Суворов 15 бүлэг 2-р хэсэг

Тагнуулч Суворов 15 бүлэг 2-р хэсэг

2

Зочид буудлын энэ өрөөг ажлаа тун сайн мэддэг хүн сонгожээ. Би энэ булангийн өрөөнөөс шууд гурван гудамжийг зэрэг хараандаа байлгаж чадна. Тэр нөгөө гутлын дэлгүүр байна. Ойр орчмын гудамжнуудаар бараг ямар ч хөл хөдөлгөөн алга. Найз иртэл гурван цаг арван минутын хугацаа байна.
Хэн нэг нь намайг хэрэгтэй бүхнээр хангах гэж их л санаа тавьжээ. «Миноксын» гар чийдэнгийн зай шиг авсаархан дуран, «Карл Цейс. Иена» хэмээх хоёр нүдний том дуран, «Омега» секунд хэмжигч, гэрэл зургийн аппаратын гэрлийн шүүлтүүрүүд, хотын газрын зураг, дүүрэн кофетой халуун сав бүгдийг бэлджээ. Харин «Минокс» миний гарт байна.
Бяцхан товчлуурууд болон нүдлүүр бүхий жижигхэн гялгар төмөр хайрцаг. Бүх тагнуулын албад «Миноксыг» бүр хагас зуун жил хэрэглэж байна. Филби зөвлөлтийн тагнуулын албадын ашиг сонирхлын дагуу британийн тагнуулчдын эсрэг ажиллахдаа «Миноксыг» ашиглаж байсан. Хурандаа Пеньковский ч мөн британийн тагнуулын албадын ашиг сонирхлын дагуу зөвлөлтийн тагнуулчдын эсрэг ажиллахдаа «Миноксыг» хэрэглэж байсан. Тэр жижигхэн, авсаархан «Минокс» аппарат одоо миний алган дээр байна. Дуранг нь угсарч аппаратаар шагайн зайг тохирууллаа. Ийм жижиг аппаратын хувьд зуун метр бол хол зай. Гар жаахан чичрэхэд л зургийн чанар алдагдаж, балархай болно. Уг нь «Миноксыг» алсаас зураг авахад биш харин бичиг баримыг ширээн дээр дэлгэн зургийг нь хальсанд буулгахад зориулан бүтээсэн юм.
Цаг хугацаа залхуутай удаан өнгөрнө. Халуун савны таган аяганаас нарийхан уур суунаглах нь Неаполь хотын дээрх Везувийн галт уул мэт харагдана. Нэгэн махлаг эмэгтэй байшингаас гаран гудамжаар уруудлаа. Шуудан зөөгч унадаг дугуйныхаа хонхыг жингэнүүлэн өнгөрөв. Сонирхоод байх зүйл одоогоор алга. Дахиад л хэсэг зуур нам гүм болов. Гудамжаар хар «мерседес» явж байна. Арын суудалд нь олон олбог жинтүүн дунд нэгэн нэлэмгэр цагаан хувцастай эрхэм тухалжээ. Олон улсын хурал зөвлөгөөн дээр ядуу орны элч төлөөлөгч баян орнуудаас мөнгө шаардахаар явж байгаа нь энэ. Баян орнуудын дипломатчид ч мөн хурал зөвлөгөөнд ирдэг юм. Гэхдээ тэдний хөлөглөдөг машин эд нарынхаас хамаагүй даруухан. Баян болон ядуу орнуудын ялгаа ирээдүйд улам ихсэх нь харагдаж байна гэж мэргэжилтнүүд ярьцгаадаг. Тэрхүү ялгаа гэдэг нь ядуу орнуудын дипломатчид зөвхөн «роллс-ройс» унаж, харин баян орнуудын дипломатчид улам бүр нарийлан унадаг дугуйгаар явдаг болохыг хэлсэн хэрэг байх л даа.
Секунд хэмжигчийн нарийхан зүү залхуутай удаан эргэлдэх ажээ. Дахиад нэг бүдүүн эмэгтэй явж байна. Бас нэг бүдгэрүүлсэн шилтэй том хар машин өнгөрлөө. Хөөрхий ядуу орныхон дахиад л тусламж гуйхаар явж байгаа биз. «Цейс» дурангаараа гудамжийг дахин нэг нягтлан харлаа. Юуг ч өнгөрөөж болохгүй, энэ хэдхэн машины дугаар, хүмүүсийн зүс царайг тогтоох хэрэгтэй. Гудамжинд гарч буй хөдөлгөөн бүрийг, өчүүхэн жижиг өөрчлөлт бүрийг тогтоох хэрэгтэй. «Минокс» маань яг л танкийн цамхаг дээрх пулемёт шиг сойлттой, ажиллагаанд байнга бэлэн байна. Сэжигтэй бүхнийг хальсанд буулгах учиртай. «Миноксын» хальсанд зураг нэг бүр тун өчүүхэн зай эзэлдэг юм. Ийм учраас богинохон хальсан дээр маш олон зураг багтаан авч болно. Үгүй, энэ юу вэ?
Юу болоод байна вэ?! Би чухам юу болохыг нь бүрэн ухаарч амжаагүй ч ямар нэг аймшигтай бөгөөд засаж болшгүй зүйл болоод байгааг мэдэрлээ. Гудамжинд ганган улаан «ситроен» ирж зогслоо. Бага Эзний машин байна. Би энэ машиныг мянган машины дундаас ч танина. Машинаас нэгэн бүсгүй бууж ирээд Бага Эзэн рүү тонгойн түүнийг үнсэв. Яг энэ торгон агшинг миний бяцхан «Минокс» хальсанд буулгаж орхив. Хүүхэн спорт загварын «фиат» машинд суугаад яваад өглөө.
Би сандлын түшлэг налан уруулаа хазлан суулаа. Мэдээж, энэ эмэгтэй Бага Эзний эхнэр биш, бас нууц туршуул ч биш. Түүний эхнэрийг би танина. Явагдаж буй бүх ажиллагааны болж байгаа газар, цагийг Удирдагч мэдэх тул тэрээр одоо энэ хавьд ямар нэг ажиллагаа явуулахыг хориглосон байх ёстой. Тэгэхлээр ГРУ дахин намайг шалгаж байгаа байх нь. Тэд намайг энэ новшийн өрөөнд суулгаад инээдмийн жүжиг тавьж байна. Одоо тэд өөрийн хүндэтгэж явдаг хүнийхээ хийсэн гэмт явдлыг илтгэх нь үү, эсвэл нуугаад өнгөрөх нь үү гэдгийг хүлээн харж байгаа. Намайг агшин зуур ч болов эргэлзэж тээнэгэлзэх нь үү эсвэл шууд зураг дарах нь уу гэдгийг мэдэх гэж л зургийн аппарат өгсөн байж таарлаа. Мөн авсан зургуудыг үзээд миний гар чичирч байсан уу, үгүй юү гэдгийг ч мэдэж болно.
Гэхдээ бас нэг боломж үлдэж байна. Эдгээр нам жим гудамжууд нь нууц уулзалтад бүх талаараа тохирно. Намайг энд, зургадугаар давхарт, зузаан хөшигний ард сууж байгаа гэдгийг тун цөөн хүн мэднэ. Хэрэв тэр энэхүү ажиллагаанд биечлэн оролцоогүй бол намайг энд байгаа тухай мэдээгүй байж болно. Бага Эзэн ба түүний нууц амраг. Америк хүүхэн үү? Англи бүсгүй юү?
Гадаад хүүхэн гэдэг нь тодорхой байна. Зөвлөлтийн хүүхнүүд хилийн чанадад машин унадаггүй. Тэр тусмаа спорт загварын машин бол бүр ч унахгүй. Энэ хүүхэн яагаад ийм машинтай байна вэ? Манайд бүх машин зөвлөлт засгийнх бөгөөд зөвхөн төрийн хүч чадлыг хямгадан гамнаж, өсгөн арвижуулж буй тэр хүмүүс л машин унадаг юм. Хэрэв энэ явдал шалгалт ч биш, инээдмийн жүжиг ч биш бол Бага Эзэн өнгөрөх нь тэр. Сүйрэл. Дамжлага. Маш таагүй төгсгөл бүхий бүрэн дамжлага. Гэхдээ энэ бүгд шалгалт байж ч бас болох талтай. Бид бүхнийг өчнөөн л олон янзаар шалгадаг шүү дээ. Тэгэхлээр би яг л шалгуулж байгаа мэт ажиллах хэрэгтэй. Түргэн бөгөөд шийдмэг. Миний хоосон харц эль хуль гудамжаар хэсүүчилнэ. Гудамжны амгалан тайван байдлыг эвдэх хэн ч алга. Зөвхөн гартаа сонин барьсан нэг бээцгэр этгээд гутлын дэлгүүрийн үзмэрийн цонх уруу гөлрөн зогсох нь харагдана. Хүн гуай, чи тэнд юугаа алмайран ширтээ вэ?
Сандлын түшлэг налан гэдийж адар ширтэн бодлогошров. Тэгснээ гэнэт халуун савтай кофег унагаан, огло үсрэн босож «Миноксоо» шүүрч аван галзуурсан мэт зураг дарж гарлаа. Энэ ӨНӨӨХ чинь байна! Чөтгөр гэж, энэ нөгөө НАЙЗ байна! Чаг, чаг хийлгэн, дахин дахин дарлаа. Хурандаа генерал Мещеряковыг бүх найзуудынх нь хамт, Бага Эзнийг нууц амрагтай цуг чөтгөр аваасай. Хүлээх болзсон цаг өнгөрчээ. Найз гартаа барьсан сониноо хогийн сав уруу дурамжхан шидээд булан тойроод яваад өглөө.
Авсан зургийн чанар хангалтгүй бол миний сэтгэл хэр цочирдсоныг харуулах болно. Бага Эзнийг барьж өгөхийг хүсээгүй, эргэлзэж тээнэгэлзсэн гэдгийг бүхэнд харуулах баримт болон үлдэнэ.
Би босоод аппаратын дуранг салгаж, халуун сав, хоёр нүдний дуран, аппаратын дуранг нийлүүлж боогоод хайрцагт хийн орхилоо. Намайг гарсны дараа хэн нэг нь ирж хайрцагтайг авах болно. «Миноксоо» зүүн гартаа атгав. Ингэвэл баривчлагдах тохиолдолд хальсыг суга татан хаяхад дөхөмтэй байх болно. Ээ хөөрхий, намайг баривчилчихдаг ч болоосой. Эсвэл цагдаа нар надад халдсан болгож жүжиглэдэг ч юм билүү? Үгүй ээ, ингэж болохгүй. Ерөнхий консул цагдаагийн газар уруу утасдаад хэн ч надад халдаагүй болохыг дор нь мэдэж орхино. Тэгвэл намайг дамжлага уруу явуулна.
Гадаа гарч ирэхэд нүд гялбам хурц нар гийж байлаа. Үгүй ээ. Энэхүү баяр баясгалантай ертөнцийн бүх зүйл тийм муу байж таарахгүй. Энэ ердийн л нэг шалгалт байсан байх. Би ч баарсангүй. Академид үүнээс хэцүү шалгалтуудыг давж л явлаа. Бидний хамгийн ойр дотнын хүмүүсийн амь, амьдрал жингийн тавган дээр тавигддаг байсан. Харин тэр нь манай дарга нарын зүгээс тавьсан инээдмийн жүжиг болох нь сүүлд тодорхой болдог байсан. Олон ч хүн үүнийг тэсэж чадалгүй хөөгдсөн дөө.
Би бол тэссээн. Харин өчүүхэн төдий эргэлзэхийг өршөөдөг байсан. Ямартаа ч бид чинь хүн шүү дээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)