HERO'S WORLD : Тагнуулч Суворов 14 бүлэг 3-р хэсэг

Тагнуулч Суворов 14 бүлэг 3-р хэсэг

3

Дахиад л нойр ханасангүй. Хэзээ нэг ханатлаа унтах юм бол? Миний хоёр нүд улайжээ. Хэдийгээр өнөөдөр амралтын өдөр боловч өглөө эртлэн Мөргөцөгт ирлээ. Би Вовкаг хүлээж байна. Хэрэв тэр надаас эртлэн хүрээд ирсэн байвал тун сайхан хэрэг. Гэвч энд зөвхөн Аэрофлотын Саша л ганцаараа эвшээн суух аж. Түүний нүд бас улайжээ. Тэр мөн л надтай адил хэн нэгэнд уршиг тарьж яваад ирсэн байх. Намайг ч дөнгөх гэж яваад ирсэн байж магадгүй л юм. Харваас тэр ч мөн хэн нэгний хар өглөөгүүр амьсгаадан гүйж ирэхийг хүлээн суугаа нь илт байна. Тэр санхүүгийн тайлан тооцоогоо гүйцээж гаргах ирсэн гэж эрт ирсэн шалтгаанаа миний өмнө зөвтгөх ажээ. Энэ хэдий үнэний хувьтай ч бас яг ч тийм биш гэдгийг мэдээж би ойлгож байна. Бүтэн сайн өдрийн өглөөний зургаан цагт түүнийг өөр ямар нэг шалтгаан энд авчирсан байх ёстой. Дараагийн шуудангаар явуулах ёстой гурван ч ажиллагааны тайланг би гүйцээн бичих ёстой гэж би хэллээ. Энэ ч үнэхээр тийм юм. Гэхдээ миний энд байгаа цорын ганц шалтгаан бол зөвхөн энэ биш гэдгийг тэр ч мөн ойлгож байна. Тэрээр ажлаа хийж байгаа дүр эсгэн, цаг уруугаа байн байн харна. Би ч мөн ажлаа хийж байгаа царай гарган сууна. Мөн л цагаа байсхийгээд хяламхийх боловч нууцаар сэмхэн харна. Би бичиг цаасаа ширээн дээрээ дэлгээд өөрөө хана ширтэн суув. Манай ажлын байр цонхгүй байх ёстой нь тоогүй хэрэг.
Өглөөний арван цагт Аэрофлотын Сашаг Бага Эзэн өрөөндөө урив. Одоо би ажлын том танхимд ганцаараа үлдлээ.
11.32-т Удирдагч орж ирлээ.
— За, яав?
— Нөхөр генерал, би бэлгийг ямар нэг адал явдалгүй хүргэсэн. Гэвч тэр одоо хүртэл ямар нэг зүйл мэдэгдээгүй байна. Удирдагчийн нүүрний хувирлаар намайг биш зөвхөн Вовка Фомичевийг шалгаж байсныг би ойлголоо.
Жирийн л нэг өдөөн хатгалга байж. Тэр ч өдөөн хатгалгад автчихлаа. Тэр шуудангийн хайрцгаасаа Библи олсон боловч ямар нэг шалтгаанаар тэр даруйд нь удирдлагадаа мэдэгдсэнгүй. Харин ямар нэг ноцтой асуудал гарвал тэр үед илтгэх хүн үү, эсвэл үгүй юү? Тэр манай нууц байгууллагад, цаашлаад бүх зөвлөлт системд аюултай гэдэг нь тодорхой байна.
— Виктор Андреевич, харьж амар. Орой зургаан цагт эргээд ирээрэй.
— Гүйцэтгэе.
Хэн ч ажилдаа явалгүй амарч өнждөг өдөр дэлхий даяар бий. Зөвлөлтийн дипломатчид ч мөн долоо хоногт хоёр өдөр амардаг юм. Бямба болон ням гаригт.
Гэвч ГРУ-д амралтын өдөр гэж байдаггүй юм. КГБ ч мөн адил. Гэвч дипломатчдын зарим нь амралтын өдрүүдэд элчин сайдын яаманд ирдэггүй байлаа гээд бодоод үзье. Харин нөгөө хэсэг буюу ихэнх хэсэг нь амралтын өдрөөр элчин сайдын яаманд ирдэг бол яах бол? Хэн нь цэвэр дипломатч, хэн нь жаахан явдалтай дипломат ч вэ гэдэг нь шууд л тодорхой болно.
Ийм зүйл болохоос урьдчилан сэргийлж цэвэр дипломатчдыг амралтын өдрүүдээр элчин сайдын яаман дээр байлгаж, тэдний нөхөрсөг инээмсэглэлээр төлөөлөгчдийн газрын идэвхтэй үйл ажиллагааг халхлахын тулд эсэн бусын ов мэх бодож олоход хүрдэг юм. Амралтын өдрүүдээр элчин сайдын яам шоргоолжны үүр шиг байдаг нь цаанаа нэг учиртай. Амралтын өдрүүдэд, зөвхөн амралтын өдрүүдэд л Зөвлөлтөөс шуудан ирнэ. Захидал, сонин хэвлэл ирэх бөгөөд бүгдээрээ валютын ханш хэвлэгдэн гардаг «Известия» сониноос хоцрохгүйг хичээнэ. Бүгд л тооцоо хийгээд завгүй байх бөгөөд одоо валютаа сертификат болгох уу эсвэл валютын ханш өөрчлөгдөхийг хүлээх үү хэмээн толгойгоо гашилгацгаана. Зөвлөлтийн Улсын Банкны албан ханш долоо хоногийн дараа ямар байхыг зөвхөн Бурхан л мэдэх бөгөөд өөр хэн ч, Улсын Банкны захирал өөрөө ч мэдэхгүй билээ.
Мөн ням гаригт бүх дэлхий даяарх зөвлөлтийн элчин сайдын яамдад хямд үнийн тусгай дэлгүүр ажилладаг бөгөөд түүгээр үйлчлүүлэх гэж бүх зөвлөлтийн хүмүүс зай завсаргүй цувцгаана. Бас амралтын өдрүүдээр лекц уншина. Тэрэнд ч мөн зай завсаргүй цувцгаадаг юм. Энэ бол лекц сонсох дуртайдаа биш харин зүгээр л бүртгүүлэх гэж тэгдэг юм. Тэр лекц дээр нь бүгдийг бүртгэж, ирсэн, ирээгүй хэмээн тэмдэглэнэ. Уг нь бол лекцэд заавал суу гэж хэн ч шахаж шаарддаггүй юм. Гэхдээ хэн нэгэнд, жишээ нь Иван Никанорович улс төр огт сонирхохгүй, идэвхгүй байдал гаргаад байгаа юм шиг гэнэт санагдвал түүнийг нүүлгэн шилжүүлэх л болно. Шөнө дунд гэнэт түүний хонхыг дарж аавын чинь бие тааруухан байна, чамтай салах ёс хийхийг хүсээд байна гэж хэлэх болно. Тэгээд л Иван Никанорович дамжлага уруу шилжих нь тэр. Эцэг эхтэйгээ салах ёс гүйцээхийг хүсэх эсэх чинь хамаагүй, тэр онгоцонд суу л гэж хэлэх болно.
Мөн ням гаригт зөвлөлтийн элчин сайдын яамуудад кино үзүүлдэг юм. Шинэ, хуучин төрөл бүрийн кино. Бас л ард түмэн зай завсаргүй цувцгаана. Байнга ирэх нь өндөр ухамсартай, социалист эх оронтойгоо салшгүй холбоотойн шинж.
Амралтын өдрүүдээр элчин сайдын яам хөл ихтэй байна. Машин тавих ч зай алга. Гэхдээ би машинаа тавьчихлаа. Миний машин тавих газрыг тусад нь хадгалдаг юм.
Удирдагч бид хоёр цэцэрлэгээр зугаалж явна. Асар том цэцэрлэг. Бид хоорондоо ярилцан, хаалга уруу алсаас харц бэлчээн зогсоно. Тэнд дэд консул Петр Егорович Дунаец, захирагчийн нэгдүгээр орлогч Николай Тарасович Мороз хоёр биднийг үл анзаарсан байдалтай бас л зугаалж явна. Тэд дэмий ч нэг зугаалж яваа юм биш, харин нүүлгэн шилжүүлэлтэд бэлдэж байгаа юм. Вена дахь Зөвлөлтийн цэргийн атташегийн туслах ГРУ-гийн ахмад Владимир Дмитриевич Фомичев бол найдваргүй этгээд тул түүнийг нүүлгэн шилжүүлэхээр онгоц аль хэдийн дуудсан байгаа. Нүүлгэн шилжүүлэлтэд маш цөөхөн хүмүүс оролцоно. Удирдагч, ийм шийдвэр гаргасан тул өөрөө, шалгах ажиллагаанд оролцож түүний найдваргүй гэдгийг нэгэнт мэдэж байгаа тул би, мөн захирагчийн орлогч болон нэгдүгээр орлогч нар болох хурандаа Дунаец, Мороз нар.
Фомичевийн саарал «форд» хаалгаар аажим орж ирж явна. Цэргийн атташегийн туслах кино үзэхээр гэргийтэйгээ хамт иржээ. Володя, чи өглөө яагаад хэлээ унжуулан гүйж ирсэнгүй вэ? Чи яагаад Библийг авчирсангүй вэ? Яагаад түүнийг нуух болов? Тэр чамд ямар хэрэгтэй юм бэ? Бурхан гэж байдаггүй гэдгийг ойлгох цаг хэдийн болсон байна. Бурханы тухай хуурмаг сургаал бол зөвлөлтийн эсрэг агуулгатай жигшүүртэй оронцоглосон зүйл. Диваажинд үхлийн дараа очдоггүй юм. Диваажинг дэлхий дээрээ байгуулах хэрэгтэй. Хэрэв чи үхээд диваажинд очиж болно гэж боддог бол үүгээрээ газар дэлхий дээр диваажин бүтээн байгуулах хувьсгалт ажлыг өөрөө үгүйсгэж байна гэсэн үг. Боловсролгүй, тосгоны авгайчууд ингэвэл өөр хэрэг. Өршөөж болно. Харин чамайг бол үгүй. Дамжлага уруу явах болно. Чамаар үнэнийг чинь хэлүүлэх болно. Библийг яах гэж нуусан бэ? Чи нуугаагүй ч байж болно. Чи элдэв явдлаас айгаад, хэн ч мэдэхгүй гэж бодоод зүгээр л хогийн сав уруу хаясан ч байж магадгүй. Харин бид бүгдийг мэднэ, чи өөртөө тохиолдсон бүхний тухай илтгэх ёстой. Дуугүй өнгөрөөхийг ГРУ өршөөдөггүй юм.
Захирагчийн орлогч аажмаар (зугаалж яваа!) хаалга уруу дөхөв. Зөвлөлтийн элчин сайдын яам уруу нэг л замаар орж болох бөгөөд зөвхөн тэр замаараа эргэж гарч болно. Цэргийн атташегийн туслахын хувьд тэрхүү буцах зам нь аль хэдийн хаагджээ. Хаалганы дэргэд харуул бий. Цэргийн атташегийн туслах зугтаахыг оролдохгүй л бол тэр юу ч мэдэхгүй. Харин зугтахыг оролдвол хамрынх нь өмнүүр хавх тас хийх болно. Захирагч, Бага Эзэн хоёр зугаалж буй маягаар номын сан уруу яаралгүй алхаж байна. Номын сангийн тэнд хонгил уруу ордог нөөц хаалга байдаг юм.
Би ч мөн тэнд хүлээн зогслоо.
Гуравдугаар нууц түлхүүрч Боря машин тавьдаг талбай уруу яаран алхав. Боря энэ ажиллагааны нууцыг мэдэхгүй. Түүний үүрэг бол Вовка дээр очиж мэндлээд «Владимир Дмитриевич, танд нууц түлхүүрт мэдээ ирсэн байна» гэж хэлэх явдал юм.
Би холоос ажиглан зогсоно.
Боря түүний машины дэргэд байна. Фомичев гарч ирлээ. Нүүр царайны хувирал нь эндээс харагдахгүй байна. Тэр эхнэртээ хэдэн үг хэлээд хөнгөхөн үнэсэж байна. Эхнэр нь кино танхим уруу ганцаараа орчихлоо. Ай, хөөрхий, чамайг юу хүлээж байгааг мэдэхгүй л байна даа ахмад аа! Чи бол гэмт хэрэгтэн. Хөрөнгөтний ертөнц чиний толгойг эргүүлэхийг оролдож, зөв замаас чинь гаргах гэж байхад захирагчдаа илтгээгүй гэмт хэрэгтэн. Мэдээж, үүний төлөө чамайг буудахгүй, гэхдээ төлөөлөгчдийн газрыг хуурахыг оролдсон хэргээр шоронд суулгах болно. Харин шоронд чиний ялын хугацааг улам нэмж орхино. Тэнд чам шиг хүмүүсийн ялыг заавал нэмдэг юм. Хэрэв чи хэзээ нэгэн цагт шоронгоос гарлаа ч эхнэр чинь чамтай уулзахыг хүснэ гэж үү? Тэр чинь чамайг хаяна. Би саяхан болсон дипломат хүлээн авалт дээр түүний царайг харсан. Эхнэр чинь чамайг хаях биз ээ.
Миний очих цаг ч боллоо.
Ган хаалга. Коридор. Уруудах шат. Бас нэг хаалга. Энэ нөгөө инээмсэглэж буй хохимой толгойтой хаалга. Дахиад доошоо. Хонгил уруу. Мөргөцөг рүү. Ажлын том танхим. Коридор, ажлын бага танхим. Дахиад коридор. Баруун зүүн талд хаалга. Тэр одоо Бага Эзний өрөөнд байгаа. Хонх дарлаа. Хаалганы цаанаас Бага Эзний царай цухуйв. Өрөөн доторхыг харуулахгүйн тулд хаалгыг бүх биеэрээ таглажээ тэр. — Яагаа вэ?
— Тусламж хэрэгтэй юү?
— Үгүй дээ. Явж киногоо үз, Виктор Андреевич. Өөрсдөө аргалчихна.
— Баяртай, Николай Тарасович.
— Баяртай.
Коридороор. Шатаар дээшээ. Ажлын бага танхим…
— Витя! — Бага Эзэн миний араас яаран ирж явна.
— Таныг сонсож байна.
— Витя, бүр мартчихаж. Кино гарч дуусахаар түүний эхнэр Валентинатай уулзаад нөхөр чинь яаралтай даалгавар биелүүлэхээр хоёр хоногийн томилолтоор явсан гэж хэлээрэй. Тэр санаа нь зовчихно. Нууц даалгавар гэж хэлнэ биз. Түүнд сэжиг төрүүлэхгүйг хичээгээрэй. Дараа нь гэрт нь хүргэж өг. Харин одоохондоо тэрний машиныг машины зогсоолоос холдуулж газар доорх гараашид тавьчих, май түлхүүр нь. Гүйцээ. Маргааш хүртэл байртай.
— Баяртай, Николай Тарасович.
Валя Фомичева бол онцгой эмэгтэй. Тийм хүүхэн хажуугаар яваад өнгөрөхөд бүгд эргэж хардаг юм. Тэр жаахан биетэй, богинохон үстэй, сэтгэл татам том алаг нүдтэй, үл ялиг эрхлэнгүй инээмсэглэсэн бүсгүй. Хэрэв сайтар ажиглавал түүний тэр инээмсэглэлд ямар нэг завхай шинж нуугдан байдаг юм. Түүнд ямар нэг шулмын чанар байгаа нь эргэлзээгүй. Гэхдээ яг ямар гэдгийг нь би хэлж чадахгүй. Түүний тэр гоо үзэсгэлэн тэр чигээрээ шулмынх байж ч магадгүй. Володя, чи яах гэж ийм эхнэр сонгосон юм бэ? Сайхан эхнэр бол бусдын эхнэр. Элчин сайдын яаман дээр түүнийг хардаггүй хэн байдаг билээ? Бүгд харцгаадаг. Хотоор явахад ч тэр. Ялангуяа өмнөд нутгийн харчуул, бадируун биетэй, бага зэрэг буурал сортой францчууд, италичуудад түүний гоолиг бие огт амар заяа үзүүлэхгүй байгаа бололтой. Машинаар явах зуур уулзвар дээр түр зогсмогц шалдан банди чамд ийм сайхан хүүхэн ямар хэрэгтэй юм бэ гэх шиг харах тэдний өлөн харц тал талаас нэвт сүлбэх ажээ.
Харин энэ чинь миний хүүхэн огт биш. Нөхөр нь хэдийн дамжлага уруу шилжиж, одоо мэдүүлэг өгч байгаа учраас би үүнийг гэрт нь хүргэхээр яваа юм. Түүнийг бүр энд Венад байхад нь хэлийг нь сугалж хэрэгтэй мэдүүлгээ авах хэрэгтэй. Харин дараа нь түүнийг Аквариум буюу Хорошевын өргөн чөлөөнд байдаг асар том шилэн байшинд аваачих болно.
Түүний эхнэр Валя одоогоор энэ тухай таамаглаагүй байгаа. Хангалтын ажилд шөнөөр ч хамаагүй гараад явдаг л байсан тул тэр тоохгүй байна. Тэр одоо Вена хотынхон бүгд өмсөж байгаа ямар нэг гялгар нөмрөгний тухай ярих аж. Алтлаг туяатай үнэхээр гоё нөмрөг гэнэ. Түүнд тийм нөмрөг үнэхээр зохих байх. Яг л Цасан хатан шиг ихэмсэг хүйтэн харцаараа бидний тайван амьдралыг сүйтгэх болно. Түүний тас зангидсан бяцхан гарт хэчнээн их эрх чадал оршдог бол? Тэр өөрийн замд тохиолдсон бүхнийг эрхэндээ оруулж чаддаг нь эргэлзээгүй. Иймэрхүү хүүхнүүдтэй зөвхөн ганц шөнийг хамт өнгөрөөгөөд дараа нь тэр хэчнээн гомдох байсан ч хамаагүй хаяад явах хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол чи түүний эрхэнд нэгмөсөн орж, өвдөг сөгдөх болно. Миний амьдралд яг тийм нэг хүүхэн байсан юм. Яг л ийм бяцхан бөгөөд эмзэгхэн, зөрсөн бүхэн эргэж хардаг хүүхэн. Хөөж тууж, намайг хуурч, өвдөг сөгдүүлэхийг нь хүлээлгүйгээр би түүнээс өөрөө яваад өгсөн юм.
Ийм хүүхний араас гүйж байдаг, тэнэг байна даа, ахмад аа. Тэр чамайг шоолон хөхөрч, харин чи хардсандаа байж ядан булангийн цаанаас түүнийг дагаж мөрддөг байсан байх. Харин дараа нь түрхэн зуурын янаглалдаа автан чиний эхнэр болохыг зөвшөөрсөн биз. Одоо дамжлагад байхдаа ч чи түүнийгээ бодож байгаа. Хэн түүнийг гэрт нь хүргэх бол гэдэг ганцхан асуулт л чамайг зовоож байгаа. Тайвшир, ахмад аа, тэр хүн бол би, Витя Суворов байна. Тэр надад хэрэггүй, би тийм хүмүүсийг холуур тойрч гардаг юм. Тийм ээ, тэгээд ч Венад ийм зүйлээр хөөцөлддөггүй юм. Бид хэн хэнийгээ хэтэрхий хатуу шүүж, хэтэрхий ойрхноос ажигладаг юм.
— Суворов, чи яагаад над уруу хэзээ ч инээмсэглэдэггүй юм бэ?
— Би ганцаараа тэгж байна гэж үү?
— Тийм ээ. Бүгд над уруу инээмсэглэдэг юм. Чи харин надаас айдаг юм уу?
— Үгүй.
— Үгүй ээ, чи надаас айдаг Суворов оо. Гэхдээ би чамайг инээмсэглэдэг болгоно оо.
— Сүрдүүлж байна уу?
— Амлаж байна.
Үлдсэн замдаа дуугүй явсаар тэдний гэрийн гадаа ирлээ. Эн бол ГРУ-гийн өдөөн хатгалга биш гэдгийг би мэднэ. Иймэрхүү хүүхнүүд зөвхөн ингэж л ярьцгаадаг. ГРУ ч одоо миний араас ажиглаж байж таарахгүй. ГРУ-гийн ажиллагаа нь нарийн тодорхой зорилготой бөгөөд цэвэрхэн хийгддэг бөгөөд эгэл жирийн байдлаараа бусад тагнуулын албадаас ялгагддаг юм.
ГРУ хэзээ ч хоёр туулай хөөдөггүй учраас л түүний ажиллагаанууд ийм амжилттай болдог юм.
— Суворов, чи намайг манай байшингийн дэргэд ганцааранг нь үлдээгээд явчихгүй биз дээ. Би сайхан хүүхэн, намайг орцны шатан дээр хүчиндчихвэл чи хариуцах болно шүү.
— Венад ийм зүйл байдаггүй.
— Тэглээ ч гэсэн би айгаад байна.
Тэр амьдралдаа юунаас ч айж үзээгүй, би ийм хүүнүүдийг мэднэ. Банзал өмссөн араатан л гэсэн үг.
Бид цахилгаан шатанд хоёулхнаа байна. Тэр инээмсэглэн:
— Володя шөнө эргэж ирэхгүй гэдэгт чи итгэлтэй байна уу?
— Тэр даалгавар биелүүлэхээр явсан.
— Чи шөнө намайг ганцааранг нь орхихоос айхгүй байна уу? Намайг хулгайлчихаж магадгүй шүү дээ.
Цахилгаан шат алгуурхан зогсож би түүнд хаалгыг нь онгойлгож өгөв. Тэр түлхүүрээ цоожны нүхэнд шургуулан эргүүлж эхлэв.
— Чи өнөө шөнө юу хийх вэ?
— Унтана.
— Хэнтэй унтах юм бэ, Суворов оо?
— Ганцаараа.
— Би ч бас ганцаараа, — гээд тэр санаа алдав.
Тэрээр гэрийнхээ босгыг давж алхсанаа гэнэт над уруу эргэн харлаа. Нүд нь цоргих мэт төөнөнө. Онц сурлагатан, хөөрхөн охины царай. Энэ бол эмэгтэйчүүдээс хамгийн аюултай үүлдэр нь. Би ийм хүүхнүүдийг үзэн яддаг юм.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

тэнэг, мангар, новш, хуц,
nika (зочин)

Онц сурлагатан, хөөрхөн охины царай. Энэ бол эмэгтэйчүүдээс хамгийн аюултай үүлдэр нь

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)