HERO'S WORLD : Тагнуулч Суворов 12 бүлэг 11-р хэсэг

Тагнуулч Суворов 12 бүлэг 11-р хэсэг

11

Шүүдрийн дуслууд гутал норгоно. Би өтгөн нойтон өвсөн дундуур нуур уруу явж байна. Эргэн тойрон хус, гацуур модод сүглийх аж. Гацуур моддын шовх үзүүр нуурыг тойрсон хана мэт шивээлэн харагдана. Эргэн тойрон өчүүхэн ч аниргүй, амгалан байна. Хатсан мөчир дээр гишгэчихгүй юмсан. Чимээ шуугиан үүсгэх хэрэг юу байна вэ? Энэ цэнгэг ус, болор мэт тунгалаг тэнгэр, уулсын ягаахан оройг чимээ шуугиан гундаах болно. Энд үргэлж нам гүм байдаг.
Спецназынхан ирсэн ч цэрэг гутлын чимээ эндхийн амгаланг бусниулж чадахгүй, учир нь хорлон сүйтгэгчдийн гутлын зөөлөн ул нь хүнд цэрэг гутал шиг тачигнах чимээ гаргадаггүй юм. Дараа нь тэдний араас гвардийн 6-р танкийн арми орж ирнэ. Тэр үед л харин нүргэлж өгнө дөө. Гэхдээ тийм удаан үргэлжлэхгүй. Анир чимээгүй нам гүм байдал дахин хаанчилж, нуурын эрэг дээрх бяцхан хорих лагерийн чимээ ч түүнийг эвдэж чадахгүй. Би хорих лагерийн дарга болсон ч байж магадгүй, эсвэл эндхийн социалистууд болон энхийн төлөө тэмцэгчидтэй хамт жирийн нэг хоригдол болсон байж ч мэднэ. Үргэлж ийм зүйл тохиолддог юм. Улаан Армид бусдаас түрүүлж баяр хүргэсэн, эсвэл түүнтэй найрамдахыг хүссэн бүхэн түүний эхний цохилтод өвдөг сөхрөн унадаг юм.
Үүр манхайн цайлаа. Газар дэлхий алтан нарны туяаг баясан угтаж байна. Амьдрал тэр чигээрээ хөөр баяраар умбаж байна. Уулсын оройгоос ус ихт хүрхрээ мэт асгаран буух алтан нарны цацрагийг угтан амьдрал бахдан баярлаж байна. Тун удахгүй шувуудын жиргээн амьдралын дуулал болон эгшиглэж гэрэл гэгээг угтан дуурсах болно. Харин одоо нам гүм байна. Шүүдрийн дуслууд эрдэнэс мэт гялтганаж уулсын орой шижир алтан өнгөөр туяаран хөнгөн салхины сэвшээ хээрийн цэцэгсийн анхилам үнэрийг авчрах хараахан болоогүй байна. Байгал дэлхий амьдрал буцалж, бахдал цэнгэл, баяр хөөр бялхаж эхлэх торгон хормыг амьсгаа даран хүлээнэ.
Хэн үүнийг шохоорхон харж байгаа бол? Би ганцаараа. Тагнуул Витя. Бас миний туршуул 299 харж байгаа. Тэр байгаль дэлхийн яруу сайхныг ойлгодог болов уу гэдэг нь сонирхолтой л юм. Тэр байгалийн сайхныг бахдан хэдэн цагаар чагнаархан сууж чадна гэж үү? Бид хоёр хамтдаа нуурын нөгөө эрэг дээр баригдах жижигхэн хорих лагерийн барилгын ажлын бэлтгэл хийж байна гэдгийг тэр ер нь ойлгож байгаа болов уу? Тэр бид хоёр хоёулаа энэ төгс үзэмжит байгалийн дунд баригдах лагерийн хоригдол болж болно гэдгийг тэр хөгшин тэнэг ойлгодог гэж үү? Мах татах машины амсарт ойрхон ажилладаг хүмүүс өөрсдөө жирийн үхэх үйлтнээс илүүтэйгээр тэр машин уруугаа ордог гэдгийг тэр төсөөлж байгаа гэж үү? Түүнд хорих лагерьт оноох дугаар нь түүний нууц туршуулын дугаартай нь маш төстэй гэдгийг тэрний модон толгой ойлгоно гэж үү? Тэр үүнийг огт бодохгүй байна. Надад бол хаашаа ч зугтах газар алга, би энэ системд төрж өссөн. Харин тэр сайн дураараа бидэнд тусалж байдаг, муу нохой. Хэрэв коммунистууд намайг хананы дэргэд зогсоож байгаад буудчихгүй, хүүр шатаах газар амьдаар минь шатаачихгүй, ус дүүргэсэн чиргүүл онгоцонд живүүлчихгүй хорих лагерийн дарга болговол ийм сайн дурын туслагчдыг тусад нь хоол ч өгөлгүй хорих байсан. Бие биенээ бариад л иднэ биз. Төмөр торхонд хийсэн хархнууд хамгийн доройгоо эхлээд барьж идээд дараа нь түүнээс арай гайгүйг нь гэх мэтээр ээлж дараалан идэцгээдэг шиг… Хамгийн дорой нь хэн бэ гэдгийг тэд өдөр бүр тодруулж байг. Хүн бүр гүрээний судсаа тас багалзуурдуулж бусдын хоол болохоосоо айн унтаж ч чадахгүй байг. Тэр үед л тэд хорвоо ертөнц дээр төгс зохицол байхгүй, байх ч үндэсгүй гэдгийг ойлгоно. Хүн бүр өөрөө өөрийгөө хамгаалах ёстой. Ээ, чөтгөр гэж. Намайг хорих лагерийн дарга болгоод өгөөсэй!
Цаг болжээ.
Би нууранд дэгээгээ хаялаа. Миний уурга жирийн уургатай маш адилхан. Ялгаа нь гэвэл түүний ишнээс нь дамжуулагч утас татаад цагтайгаа холбож болно. Харин цаг нь цаашаа жижиг саарал хайрцагтай холбогдсон байгаа. Цагнаас гарсан дамжуулагч утас ханцуй дотуур явж халаасанд буй төхөөрөмжтэй холбогдоно. Жирийн цагнаас үл ялиг өөр миний цагны нүүр нэг минут хэр гэрэлтээд унтрав. Энэ нь мэдээллийг хүлээн авч миний хураагуурын нарийн хальсанд бичсэн гэсэн үг. Мэдээллийг дамжуулж байгаа долгион эфирт цацагдахгүй. Бидний хэрэглэж буй дохио зөвхөн нуурын усанд түгэх бөгөөд эргээс цааш гарахгүй. Мэдээлэл эгшин зуур нэвтэрч маш хурдан бичигдэнэ. Мэдээлэл дамжуулах цаг, газар, давтамжийг өмнөөс мэдэж байсан ч энэхүү мэдээллийг замаас нь барих маш хэцүү. Харин мэдэхгүй бол мэдээллийг барих огт боломжгүй юм.
Би цагаа түлхэж буй дүр үзүүлнэ. Цагны нүүр дахин хэсэг зуур гэрэлтээд унтрав. Хариу мэдээлэл нэвтрүүлж дууслаа. Уурга дэгээгээ хураах цаг болжээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)