HERO'S WORLD : Тагнуулч Суворов 12 бүлэг 10-р хэсэг

Тагнуулч Суворов 12 бүлэг 10-р хэсэг

10

Манай хөрш «ард түмний нөхдүүд» том баяр тэмдэглэж байна. Хэдэн жилийн өмнө зөвлөлтийн байлдааны хөлөг онгоцноос нэг офицер зугтжээ. Түүний араас КГБ-гийн олон ч төлөөлөгчдийн газрууд ангуучилж байснаас ганцхан Вена дахь төлөөлөгчдийн газрынханд л аз дайрчээ.
Тэд тун толгой эргэм өдөөн хатгалга зохион байгуулсан байна. КГБ-гийн төлөөлөгчдийн газрын орлогч дарга нь өөрийн биеэр америкийн тагнуулын байгууллагатай холбогдож, бүрэн үнэмшиж болохуйц нууц материалуудыг тэдэнд өгчээ. Харин дараа нь өөрөө АНУ уруу зугтаахыг хүссэн байна. Тэгээд зугтахын өмнө нэг болзол тавьсан ажээ. Нөгөө зөвлөлтийн зугтсан офицертой ярилцаж тэр үнэхээр сайхан амьдарч байгаа эсэхийг мэдмээр байна гэж. Тэгээд Америкийн тагнуулын байгууллага нөгөө азгүй оргодлыг КГБ-гийн орлогчтой уулзуулахаар явуулжээ. Тэгээд л тэд одоо баярлаж байгаа нь энэ.
За яах вэ, «ард түмний нөхдүүдэд» амжилт хүсье. Хүмүүсийг хэрхэн хулгайлахыг та нар гаргууд сурчээ. Харин та нар яагаад америкийн атомын бөмбөгийн нууцыг хулгайлж чадаагүй юм бэ? Яагаад францын танк эсэргүүцэх пуужин, британийн торпед, германы танкийн хөдөлгүүрийн зураг төслүүдийг та нар хэзээ ч зөвлөлтийн цэргийн үйлдвэрийнхэнд олж өгч байгаагүй юм бэ? Аан?
— Виктор Андреевич, танд дохио иржээ.
Аягатай кофегоо хажуу тийш нь тавиад бичиг баримтуудаа цүнхэнд хийлээ. Бичгийн цүнхээ сейфэнд хийж харин сейфний түлхүүрийг жижиг сейфэнд хийв. Хаалганы тоон код нь өнөөдөр өөрчлөгдсөн. Үүнийг тогтоох хэрэгтэй.
— Явцгаая!
Би дөрөвдүгээр нууц түлхүүрчийн араас даган явлаа. Бетон шатаар доош уруудан хонгил рүү оров. Тэр хонхны товчлуурыг дарав. Хаалга тор хийн дуугарав, одоо нээж болно. Бид багавтар бетон тасалгаанд орж ирлээ. Хана нь баржгар цагаан юм. Хаалганууд нь хаалттай байна. Хэрэгт дуртай телекамерууд биднийг ширтэнэ. Дөрөвдүгээр нууц түлхүүрч орж ирсэн хаалгаа сайтар хаалаа. Хаалганы дотор тал нь шумбагч завины ус нэвтрэхгүй бин битүү нээлхийтэй төстэй юм. Нууц түлхүүрч хаалтны цаагуур гараа оруулан тоон кодыг оруулав. Энэ үед нь түүний гарыг би харж чадахгүй бөгөөд харах ч эрхгүй. Хаалтны цаана тэр гараараа юу хийж байгааг би мэдэхгүй. Хэрэв буруу код оруулбал гараа хавханд тас хавчуулдаг гэж ярьцгаадаг юм. Энэ нь үнэн үү эсвэл нууц түлхүүрчид тоглоом болгож тэгж ярьдаг уу бүү мэд. Олборлогч офицер тэдний нууцыг мэдэх ёсгүй.
Хонгилын дотоод харуул бид өөрийн хүмүүс гэдэгт эцэст нь нэг юм итгэж гол хаалга элдэв чимээ гаргалгүй хажуу тийш аажим гүйн нээгдэв. Хаалганы ард Спецназын Петя зогсож байна. КГБ өөрийн дотоод харуул хамгаалалтаа хийлийн цэргийн бие бүрэлдэхүүнээс сонгож бүрдүүлдэг. Харин ГРУ хорлон сүйтгэх батальон, бригадуудын офицеруудаас бүрдүүлдэг юм. ГРУ нэг сумаар хоёр туулай буудаж буй нь тэр. Ингэснээр харуулууд нь найдвартай байхын сацуу тэднийг хэрэв шаардлага гарвал ажиллагааны хангалтад ч ашиглаж болно.
Вена дахь ГРУ-гийн дипломат төлөөлөгчдийн газрыг гвардийн танкийн 6-р Армийн хорлон сүйтгэгчид хамгаалдаг юм. Энэ бол онцгой уламжлал бүхий уулын арми. Танкийн 6-р арми Их Хянганы нурууг даван Номхон далайн хөвөө хүрч байсан юм. Тэд онолчдын танкийн хувьд огт боломжгүй гэж үзэж байсан 800 километрийн зогсолтгүй марш хийсэн ажээ. Харин одоо гвардийн танкийн 6-р арми Австрийн нутгаар Рейн мөрний хамгаалалтгүй эргээр Хойд Мөсөн Далай хүрэх цахилгаан мэт хурдан довтолгоонд бэлтгэж байна. Хянганы нуруутай харьцуулахад Австрийн Альп нь зүгээр л дов толгод гэсэн үг. Ийм учраас л Венад зөвхөн энэ Армийн хорлон сүйтгэгчид байнга тааралддаг юм. Тэд бидний өмнө явна. Тэд өөрсдийн хурц хутгаараа бидний өмнөх замыг цэвэрлэх болно.
— Сайн байна уу, Виктор Андреевич, — Петя надтай мэндлэв.
— Сайн, сайн уу, хоолой огтлогч минь. Хонгилд залхуурч гүйцэж байна уу?
— Үгйүээ, харин зэрлэгшиж гүйцэж байна, — гээд Петя инээв. — Зургаан сар эмэгтэй хүний банзлын бараа харсангүй. Бүр холоос ч хараагүй.
— Тэсэж үз, шумбагч завиныхан үүнээс ч дор байдаг юм.
Коридорын дагуу ган хаалганууд харагдана. Олон зузаан хөшиг өлгөсөн тул коридор хир зэрэг урт вэ гэдэг нь үл мэдэгдэнэ. Дараагийн хөшигний араас коридор хоёр салаалж эсвэл аль нэг тийш эргэсэн байж ч магадгүй. Бид үүнийг мэдэж болохгүй. Дохиочдын өрөө баруун талын эхний хаалга.
Тасалгааны намхан адраас мөн л саарал хөшгүүд өлгөжээ. Энэ нь гал гарвал хамгаалах учиртай гэж ярьцгаадаг. Тийм ч байж магад. Би энэ өрөөнд олон удаа орж ирсэн ч энд хэчнээн төрлийн дохиолол байгааг ойлгохгүй л байгаа юм.
Намайг орж ирэхийг хүлээн нэг хөшиг нь сөхөөтэй байлаа. Тэр хөшигний ард «299 дамжуулав. 41 хүлээж авав» гэж нямбай бичсэн саарал хайрцаг байна. Нууц түлхүүрч өөрийн түлхүүрийг нүхэнд нь хийн эргүүлээд тасалгаанаас гарлаа. Би ч мөн өөрийн түлхүүрийг нүхэнд нь хийн эргүүлж ган хаалгыг онгойлгов. Түүний ард олон эгнээ бяцхан ногоон чийдэнгүүд байх бөгөөд 28 дугаартай гэрэл нь асаж байлаа. Би товчийг дармагц дохиоллын гэрэл унтрав. Миний дохиоллын багаж дээрх гэрэл ч мөн нэгэн зэрэг унтарлаа. Энэ нь би дохиог хүлээн авсан гэдгийг нууц түлхүүрчид хэлж буй хэрэг юм. Гэхдээ тэр миний чухам ямар дохио авсныг мэдэхгүй. Үүнийг ганцхан би л мэднэ. «28» гэсэн дохио. Хэрэв нууц түлхүүрч миний 173-В-41-299-өөс «28» гэсэн дохио авсныг мэдлээ гэхэд энэ дохио ямар учиртай болохыг ч тэр мэдэхгүй.
«28» гэсэн дохио нь туршуул 173-В-41-299 намайг биечлэн бус уулзахаар дуудаж байна гэсэн үг. Дохио хүлээж авснаас хойших эхний бямба гаригт уулзалт болох бөгөөд өглөөний 4.30-аас 4.45-ын хооронд Зальцбургийн орчим Аттерзеед биечлэн бус уулзана.
299 дохиоллын бүхэл бүтэн системтэй тул биднийг хувийн болон албаны шугамаар хүссэн үедээ дуудаж болно.
Холбоо барих хувилбар нэг бүрийг маш сайн бодож боловсруулсан бөгөөд хувилбар бүр өөрийн дугаартай. «28» гэсэн тооны ард олон янзын нөөц хувилбартай бүхэл бүтэн төлөвлөгөө бий.
Үнэтэй туршуулуудтайгаа аль болох цөөн уулзах, болж өгвөл огт уулзахгүй байх нь ГРУ-гийн баригдашгүй байдлыг хангаж өгдөг юм. Би туршуул 229-тэй арван сар ажиллахдаа түүнийг хэзээ ч хараагүй, цаашид ч харахгүй. Түүнтэй сардаа 2-3 удаа биечлэн бус уулздаг бөгөөд тэрээр ГРУ-д хорин нэгэн жил ажиллахдаа зөвхөн зургаан удаа биечлэн уулзаж, ердөө хоёрхон ГРУ-гийн офицерын царайг харжээ. Энэ бол маш зөв арга барил. Биечлэн уулзахгүй байх нь манай туршуулуудыг бидний алдаанаас хамгаалж, харин манай офицеруудыг хэрүүлийн бай болохоос сэргийлж, сонины эхний нүүрэнд гарах дуулиан шуугиантай зураг авахуулчихгүй байх нөхцөлийг хангадаг юм.
Биечлэн бус уулзалтын үед ГРУ-гийн офицер ба түүний туршуул хоёр бие биенээсээ арваадхан километрийн зайд байдаг. Ярилцаж байгаа хүн нь хаана байгааг аль аль нь мэдэхгүй. Мэдээлэл дамжуулах, солилцохдоо бид утас болон радио хэрэглэдэггүй. Бид ус дамжуулах болон бохирын хоолойг хэрэглэдэг юм. Заримдаа хоёр телефон аппарат төмөр хашаа болон, өргөст торны хоёр талд зоогоод хэрэглэх нь ч бий. Хангалтын офицерууд энэ холбоо барих хэсгийг урдаас сонгож, шалгадаг юм.
Гэхдээ чухал туршуулуудтайгаа харьцахдаа ихэвчлэн усаар дамжуулан харьцдаг. Цагдаа нар эфирийг самнаж л байг. Ус бол дохиог маш сайн дамжуулах бөгөөд хянахад ч хэцүү. Цагдаагийн газар бүх усан сан, гол мөрөн, тэнгис далайг хянадаг болсон тэр цагт бид туршуулуудтайгаа харьцах өөр аргад шилжих биз ээ. Тэр үед ГРУ-гийн холбооны хүрээлэн ямар нэг өөр арга олох нь дамжиггүй юм

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)