HERO'S WORLD : Тагнуулч Суворов 12 бүлэг 8,9-р хэсэг

Тагнуулч Суворов 12 бүлэг 8,9-р хэсэг

8

Зөвхөн залхуу хүмүүс л өвддөг юм. Сард нэг удаа ойд очиж цэвэр агаар амьсгалан болзошгүй эмгэгээс урьдчилан сэргийлж, бүх өвчнөөсөө салах тийм хэцүү гэж үү? Би ийм цаг зав үргэлж гаргадаг бөгөөд хангалтын ажилд цаг наргүй явж байхдаа ч сард нэг удаа салхинд гардаг байсан. Харин одоо бол бүр ч чөлөөтэй боллоо.
Би ууланд нэлээд алс гарлаа. Тэнд хэн ч байхгүй гэдгийг би мэднэ. Би үүнийг шалгаж чадна. Гэхдээ одоо би нууц газар уруу ч яваагүй, уулзалтад ч яараагүй. Шоргоолж. Ойн том улаан шоргоолж. Тэдний хаант гүрэн, хот улс энэ байна. Нар туссан ойн чөлөөнд нарс моддын дунд. Би хувцсаа тайлаад хүйтэн усанд орох мэт мяраасаар шоргоолжны үүрүүд дунд орж суулаа. Шоргоолжнууд түм бумаараа, сүргээрээ байна. Гар, хөл дээгүүр гүйлдэнэ. Нэг нь намайг өвдтөл хазмагц сүрэг шоргоолж тэр чигээрээ надаас зүүгдэцгээлээ. Хэрэв удаан суувал намайг тэр чигээр нь идэж орхино. Харин нэг минут хэртэй тэсэж тэдэнд хазуулах аваас эмчилгээ болно. Энэ яг л могойн хортой адил. Хэтэрвэл үхэл, хэмжээ нь таарвал эм. Могойг эмнэлгийн билэг тэмдэг болгосон нь дэмий нэг хэрэг биш. Гэхдээ би могойн хороор эмчилдэггүй. Яагаад тэгснээ би мэдэхгүй. Зүгээр л цаг зав байхгүй болоод л тэр байх. Харин шоргоолжоор өөрийгөө эмчлэхэд тийм их цаг орохгүй. Асар том шоргоолжны үүр олоод дунд нь үсэрч ороод л болох нь тэр!
Шоргоолжны булчирхайгаас ялгардаг тэр шингэн ямар ч зүйлийг муутгахгүй хадгалж чаддаг. Шоргоолж жаран хөлтийг хазаад өөрийн үүрэнд зоориндоо аваачина. Шоргоолжинд ганц хазуулсан үхсэн хорхой нэг хоёр жил ялзарч муудахгүй байж чадна. Яг л хөргөгчид байгаа юм шиг.
Харин амьд бие махбодод бүр ч илүү гайхамшигт өөрчлөлт орно. Нүүрэнд үрчлээ хийгээд шар нөсөөт толбо хэзээ ч үүсэхгүй. Шүд ч унахгүй. Миний өвөг эцэг ерэн гурван насандаа нүүрэндээ ганц ч үрчлээгүй, бараг бүх шүдтэйгээ өөд болсон юм. Зөвхөн гурван шүд дутуу байсан бөгөөд түүнийг нь улаантнууд цөм цохичихсон ажээ. Тэр улаантнуудаас зугтаж орхисон бөгөөд тэгээгүй бол үлдсэн бүх шүдээ толгойтойгоо алдах байсан гэдэг. Тэр махночуудтай холбогдсон түүхээ бүх амьдралынхаа турш нууж чадсан юм. Хэрэв тэгээгүй бол намайг улаан армид авахгүй байсан биз. Би бүр төрөх ч үгүй байсан байх. Шоргоолж эмчилгээний нууцыг миний өвөө ганцаараа ч мэддэг байсан юм биш. Бүх Орос тэр чигээрээ мэднэ. Түүнээс өмнө Византид, бүр өмнө нь эртний Египетчүүд мэддэг байжээ. Шоргоолжийг Египетэд хамгийн сайн эмч гэж үздэг байж. Египетчүүд шоргоолж өөрийн хүнсээ хэрхэн хадгалж байгааг үзээд өөрсдийн хөл, гараа шоргоолжны үүрэнд дүрдэг байжээ. Харин хожим нь фараон хаанаа үхэхээр шоргоолжны үүрэн дунд хоёр хоног тавьдаг байжээ. Үүний дараа тэдний бие мянган жил ч хэвээрээ байж чадах болдог гэлцэнэ.
Ойн улаан шоргоолж бол шидтэн гэдгийг бүгд мэднэ. Даанч хүн төрөлхтөн залхуу юм даа! Хүмүүс эмийн сангаас шоргоолжны хүчил худалдаж аваад түүгээр хөл гараа арчдаг. Жинхэнэ биш харин үйлдвэрт хийснийг нь. Хөл, гараа арчина гэнэ шүү. Тэнэгүүд. Шоргоолж хаана хазахаа мэддэг юм. Харин яг хаана хазах ёстойгоо мэднэ гэдэг бол маш чухал. Энэ бол яг л хятад эмнэлгийн зүү тавьж эмчилдэгтэй адилхан. Хаа таарсан газраа биш харин яг суваг хэрдэсийн дагуу тухайн өвчинд тохирох сүв дээр нь зүү тавих хэрэгтэй байдаг шиг.
Би яг л үргэсэн хандгай шиг нааш цааш гүйлээ. Шоргоолжнуудыг биеэсээ сэгсрэн унагаав. Баярлалаа, ах дүү нараа, өнөөдөртөө хангалттай.

Нүүлгэн шилжүүлэлт бол эргэлт буцалтгүй, хатуу ширүүн зүйл. Нууц түлхүүрт мэдээ хүлээж аваад танай эцэг бүр байж ядсан гэнэ. Үхэхийнхээ өмнө салах ёс хийхийг хүссэн байх л даа. Онгоцоор ниссэн ч дэргэдээ харгалзагчтай. Зугтаалгачихгүйн тулд. Баатар хот Москвад очоод шууд мөрдөн байцаалтад. Харин бидний дунд ямар ч буруугүй хэн байх билээ? Бүгд буруутай. Байлаа гэхэд яаж ч буруутгаж болно. Одоо гучин долоон он шиг буудчихгүй нь үнэн. Үнэндээ бол бууддаг хэвээрээ, гэхдээ тийм олноор нь биш.
Ард түмний нөхөр юунд буруутсан юм бол? Бид үүнийг хаанаас мэдэх билээ. Зүгээр л цуу яриа сонсож л болно. Харин цуу яриаг үнэнийг нуух гэж тусгай албаныхан тараадаг юм шүү дээ…
…Иймэрхүү явдал үргэлж тохиолддог юм. Шинэ бизнес эхлээд түр хугацаанд толгой эргэм амжилт олдог. Манай бизнесийн байгууллагад яг тийм зүйл тохиолдоод байна. Дөнгөж ажиллаж эхлэнгүүтээ үзэгдээгүй амжилт гаргаж нөгөө Бага эзнийг аварсан элсүүлэлтийг хийсэн. Хариуд нь ГРУ-гийн мэдээллийн албаны дарга хурандаа генерал Зотов бахдан баярласан нууц түлхүүрт мэдээ илгээгээд байгаа тэр нууцуудыг Бага эзэн болон түүний хангах бүлгийнхэн гартаа оруулсаар байгаа.
Гэхдээ «хангалттай» гэдэг нэр томьёог мэдээллийн албаныхан олж авсан мэдээлэл нь маш өндөр чанартай байх үед л хэрэглэдэг. Бусад бүх тохиолдолд тэд «хангалтгүй» гэдэг нэр томьёо хэрэглэдэг юм. Энэ бол тэрбумтанд өөрийнх нь мөнгө хангалтгүй санагддаг шиг, бас хэзээ ч хангалттай байхгүй шиг зүйл. Эмэгтэйчүүдэд гоёлын даашинз үргэлж дутагдаж байдаг шиг, цуглуулагчдад хэзээд нэг зэвтэй зоос дутагдаж байдаг шиг л тийм зүйл. Хэзээд л дутагдаж байх болно. Харин Жанжин Штаб өөрсдийнх нь мэдэж байгаа дайсны нууцууд үргэлж хангалтгүй санагдана. Бид хэчнээн ч их нууцыг олзолсон тэр хэвээрээ л байна. Дайсны зэвсэглэл, төлөвлөгөөний ямар нэг зүйл нь үргэлж эцэстээ хүртэл ойлгогдоогүй хэвээрээ л үлдэнэ.
Гэхдээ манай уулын зочид буудлууд одоогоор бидний хүссэн үр дүнг өгөөгүй л байна. Гэхдээ энэ тийм ч хялбар биш. Майнот эсвэл Оффут гэх мэт жижиг хотын хүмүүс өдөр бүр уулын жижиг буудалд ирээд байхгүй шүү дээ. Жуулчны бизнес эрхэлж байгаа манай төлөөлөгчдийн газар бараг бүх оршин суугч нь маш чухал объекттой холбоотой байж болох хотуудын маш товчхон жагсаалт хүлээн авсан. Гэвч одоогоор үрдүн алга. Торонд загас орсон, тэгээд л гүйцээ. Ганцхан загас орсон боловч би түүнийг Бага Эзэнд сайн дураараа өгсөн. Одоо амжилттай ажиллах нь түүнд маш чухал. Харин надад юу ч ногдохгүй.
Аквариумаас бага зэрэг эгдүүцсэн нууц түлхүүрт мэдээ ирэх бөгөөд Дөчин Нэгийг яагаад хангалтын ажилд тавихгүй байна вэ? Тэр чинь өөрөө бие даан ажиллахад бэлэн биш байна гэдгээ хүлээсэн биз дээ гэх ажээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)