HERO'S WORLD : Тагнуулч Суворов 12 бүлэг 6,7-р хэсэг

Тагнуулч Суворов 12 бүлэг 6,7-р хэсэг

6

Виктор Андреевичийн толгой өвдөж байна. Нүд ч өвдөж байна. Виктор Андреевич нь Николай Тарасовичийн хамт бүртгэлийн дэвтрүүдийг шалган түүний өрөөнд сууж байна. Янз бүрийн зочид буудлуудын олон дэвтэр. Манайд хамаардаггүй буудлуудын дэвтэр ч байна. Бидэнд хэдэн арван зочид буудлуудын бүртгэлийн дэвтрийн хуулбар бий бөгөөд тэнд хэдэн арван мянган нэр бичээстэй байгаа. Энэ бол хэдийн түүх болон хувирсан зүйл. Гэхдээ өнгөрсөн түүхийг сайн мэдэж байж ирээдүйг урьдчилан хэлж болно. Хир зэрэг дөхүүлэх нь харин дараагийн асуудал. Гэвч өнгөрсөн ба одоогоо мэдэхгүйгээр ирээдүйг таах аргагүй юм.
Австрид сая сая жуулчин хүлээн авдаг мянга мянган зочид буудал байдаг. Хэрэв олборлогч офицерууд маш олон бүртгэлийн дэвтэр олж чадвал хэтийн төлөвийг электрон машинаар тооцоолж болно. Харин одоохондоо үүнийг гараараа хийгээд сууж байна.
Японы жуулчдын бүлэг. Арван зургаан хүн. Хэр сонирхолтой хүмүүс бол? Магадгүй л юм. Гэвч тэдэнд таарах ямар ч түлхүүр бидэнд байхгүй. Тэд сонирхолтой үгүйг нь ч бид мэдэхгүй. Харамсалтай хэрэг. Гэхдээ бид тэднийг шууд л сонирхолгүй хүмүүсийн жагсаалтад оруулчихдаг юм. Бид тэднийг зүгээр л өнгөрөөчихдөг. Бас нэмж хэлэхэд японы жуулчид Спецназын хорлон сүйтгэгчид шиг нэг очсон газраа хэзээ ч эргэж очдоггүй юм. Япон жуулчид бүхий л гариг дэлхийг хурдан үзэх гэж яарцгааж байна. Харин бид тэднийг өнгөрөөгөөд л байна.
Лондонгоос ирсэн Англи хос байна. Сонирхолтой болов уу? Мэдэхгүй. Өнгөрөөчихье.
— Николай Тарасович, миний юу олсныг хар даа!
Тэр үзээд толгойгоо сэгсрэн шогшров. Италийн жижигхэн усан зогсоол Гаетагаас ирсэн ганцаараа яваа америк жуулчин. Энэ нэр танд юу хэлж байна вэ? Энэ нэрийг харсан хүний толгойд юу бууж болох вэ? КГБ-гийн офицерт энэ нэр юу хэлэх бол? Огт юуг ч илэрхийлэхгүй. Загасчны жижигхэн тосгон. Харин яагаад тэнд америк хүн байж байдаг билээ? Яагаад? Энэ тэгээд хэнд сонирхолтой байх юм бэ? Гаетагаас ирсэн америк хүн Австрийн уулын бяцхан буудалд ирж буулаа гэдэгт хэн ч анхаарлаа хандуулахгүй.
Гэхдээ бид бол цэргийн тагнуулчид. Бид бүгдээрээ мэдээллийн бүлэг, хэлтэст албаа эхэлсэн. Бид бүгд хэдэн мянган тоо, нэрсийг цээжээрээ мэднэ. Бидний хувьд Пирмазенс, Пенмарш, Обен, Холи-Лох, Вудбридж, Цвайбрюккен гэдэг үгс диваажингийн хөгжим шиг л сонсогддог юм. Гаета гэдэг нэрийг сонсох хэчнээн сайхан байна гээч! Энэ тосгонд ердөө ганцхан цэргийн хөлөг байрладаг юм. Түүний бөөрөнд асар томоор «10» гэж бичсэн байгаа. Одоо санав уу? Үгүй юү? Энэ бол америкийн хэрэх хөлөг «Олбани»! Энэ бол 6-р флотын манлай хөлөг. Бүх нууцын зангилаа, флотын удирдлага энд төвлөрсөн байгаа. Тэнэг толгой би жилийн өмнө уулын зочид буудлын тухай бодох нь яав аа?
Италийн жижигхэн тосгоноос ирсэн америк хүн тун саяхан уулан дахь зочид буудалд ирж амраад буцжээ. Тэр «Олбани» хөлөгтэй холбоотой нь гарцаагүй юм. Түүний хэн болохыг бид мэдэхгүй. Гэхдээ энэ бяцхан тосгонд байгаа америк хүн хөлөг дээрх бусад америкчуудыг танихгүй байна гэж байхгүй. Тэр хөлгийн ахмад ч биш, офицер ч биш, тэр бүү хэл усан цэрэг ч биш байж болно. Цэргийн биш энгийн хүн ч байж болно. Тэр номлогч ламтан, эсвэл садар самуун зүйлсийн худалдаачин ч байж болно. Гэвч тэр хөлгийн далайчидтай заавал холбоотой байгаа. Хэрэв манай хулганын хавх жилийн өмнөөс ажиллаж байсан бол бид энэ хөөрхий америк хүн дээр бүх хүчээ төвлөрүүлэх байсан.
Бөөнөөрөө элдэнэ! Хэдэн арван тагнуулч нэг хүний араас хөөцөлдөнө. Хохирогч аварга загаснуудад элдүүлэн гарах гарцгүй шахагдсанаа мэдэрнэ. Заримдаа бүх сүргээрээ тал талаас нь гарах гарцгүй болтол нь бөөнөөр элдэх үед хохирогч тэсэлгүй амиа хорлох нь ч байдаг. Гэвч ихэнхдээ бидэнтэй ажиллахыг зөвшөөрдөг юм. Хэрэв түүнийг Австрид ирснийг мэдсэн бол ГРУ-гийн дийлдэшгүй их хүч ганцхан түүн дээр төвлөрөх байсан. Хэрэв Удирдагч Аквариумаас тусламж эрвэл нэг хүн элсүүлэхийн тулд хэд хэдэн төлөөлөгчийн газрын хүчийг тэнд төвлөрүүлж болно. Ийм тохиолдолд хохирогч хэчнээн орилон тэлчиллээ ч хаа сайгүй манай варягууд, тайга ноходтой таарах болно. Тэр цагдаа уруу утасдлаа ч бид өөрийн залуустаа цагдаа хувцас өмсгөөд явуулж болно. Тэр цагдаа нар түүнийг хэсэгхэн зуур авраад нэг бол амиа хорлохыг эсвэл ГРУ-гийн саналыг хүлээж авахыг түүнд зөвлөх болно. Бүх сүргээрээ нэг хүнийг ангуучлах үед тэр азгүй амьтан аль санаандаа орсон дугаар уруу залгах болно. Гэтэл хаашаа ч залгасан нэг л хариу сонсоно. Түүнийг буланд шах! Гарцаагүй байдалд оруул! Булан янз бүр байдаг. Бодит болон, сэтгэл зүйн, санхүүгийн гэх мэт. Бас түүнийг зүгээр л буланд шахаж болно. Нүцгэн хүнийг усны өрөөний буланд. Нүцгэн хүн хувцастай хүмүүсийн дунд байхдаа ичмээр арчаагүй байдалд орсноо үргэлж тун хурц мэдэрдэг юм. Бид харин хэнийг ч буланд шахаж чаддаг юм! Бид хүмүүсийг доромжлон гутааж, өргөмжлөн мандуулж ч чадна. Бид хүмүүсийг балрахын даваан дээр аваачаад түүнд цагаа олсон тусламжийн гараа сунгаж ч бас чадна.
— Мөрөөдөж сууна уу?
— Мөрөөдөлдөө автчихлаа, Николай Тарасович.
— Миний юу олсныг хар даа.
Би тэмдэглэлийг уншив. Британийн шумбагч завины бааз байрладаг Фаслейн хотоос ирсэн нэг гэр бүл байна. Хэрэв тэр хоёр Фаслейнд амьдардаг бол тэд шумбагч завьтай холбоотой байх магадлал маш өндөр. Шумбагч завины ахмад, эсвэл зүгээр л баазын харуул ч байж болно. Цэргийн баазын хог цэвэрлэгч, сүү нийлүүлэгч, шар айргийн газрын эзэн ч байж мэднэ. Эсвэл тэндхийн номын сан, хоолны газар, эмнэлэгт ажилладаг ч байж магадгүй. Эдгээрийн аль ч байсан тун сайхан хэрэг. Тэр хөлгийн багынхан, засварчид, штабын офицеруудтай холбоотой л гэсэн үг.
Хэрэв Фаслейн биеэ үнэлэгчид байдаг бол тэд цэргийн баазтай холбоотой гэж эргэлзээгүй хэлж болно. Өөр яана гэж! Тэгээд тэднээр дамжуулан шумбагч завины ахмад өөрөө ч мэддэггүй тийм нууцуудыг гартаа оруулах болно.
Фаслейн маш жижигхэн. Тийм учраас тэндхийн хэн ч болов баазтай ямар нэг холбоотой нь эргэлзээгүй юм.
Францад ч мөн атомын шумбагч завины бааз бий. Гэхдээ энэ бол Брест. Том хот. Хүн бүр шумбагч завьтай холбоотой байх албагүй. Тийм учраас л бид маш чухал цэргийн бааз байрладаг жижигхэн хотуудыг хайгаад байгаа юм. Жишээ нь энэ Фаслейн шиг. ГРУ-гийн Лондон дахь дипломат төлөөлөгчдийн газар өөрийн залуусыг Фаслейн уруу явуулахад тун тохиромжгүй. Их Британид тагнуулчид үргэлж баригдан, өршөөлгүй хөөгддөг юм. Тэгээд ч гаднын хүн жижиг хотод очих нь бусдын анхаарлыг хялбархан татна. Ийм учраас л бид энд Австриас, нэр нь цэргийн тагнуулчдын чихэнд хөгжим мэт сонсогддог жижиг хотуудаас ирсэн хүмүүсийг ангуучлаад байгаа юм.
Бид шөнөжин сууж бүртгэлийн дэвтрүүдийг шалгаж байна. Энэ хүмүүсийн хэн нэг нь тэр газартаа эргэж ирэхийг хэн байг гэх вэ? Хэрэв ирэхгүй бол бид өөрийг олно.
Бүртгэлийн дэвтэр бол өнгөрсөн түүх. Түүхийг буцааж болохгүй нь харамсалтай. Гэхдээ бид бүртгэлийн дэвтрийг судалснаар ирээдүйн ажиллагааныхаа дүр зургийг тодхон харж болно. 7

Захирагч хатуу чанд бөгөөд буурьтай байна.
— Жанжин Штабын даргын тушаалаар миний нэгдүгээр орлогч томилогдсон байна.
Бид бүгд чимээгүй хүлээнэ.
— Александр Иванович, нууц түлхүүрт мэдээг уншаарай.
Нэгдүгээр нууц түлхүүрч Александр Иванович юу ч үл илэрхийлэх нүдээр биднийг харснаа гартаа барьсан тод шар өнгөтэй бяцхан хуудсанд харцаа төвлөрүүлэв:
«Маш нууц. ГРУ-гийн 173-В дипломат төлөөлөгчдийн газрын захирагчийн нэгдүгээр орлогч даргаар хурандаа Николай Тарасович Морозыг томилсугай. Жанжин Штабын дарга, Зөвлөлт Холбоот Улсын маршал Огарков. ГРУ-гийн дарга армийн генерал Ивашутин».
Захирагч инээмсэглэж байна. Нэгдүгээр нууц түлхүүрч ч мөн инээмсэглэж байна. Николай Тарасович ч инээмсэглэнэ. Одоо тэр дахиад Бага Эзэн. Би ч инээмсэглэнэ. Миний нөхдүүд ч мөн инээмсэглэнэ. Гэхдээ бүгдээрээ биш.
Манай ГРУ болон бүх Зөвлөлтийн Арми, КГБ, ер нь нийт Зөвлөлт Холбоот Улс даяар албан тушаалаасаа буусны дараа эргэж дэвших тун ховор үзэгдэл юм. Энэ бол яг авснаас дахин амилахтай адил бөгөөд тун цөөхөн тохиолддог зүйл. Албан тушаалаасаа авахуулна гэдэг эргэлт буцалтгүй унана гэсэн үг. Харин тэр уналт нь бүр хамгийн ёроол хүртэл үргэлжилдэг юм.
Бид ээлж дараалан очиж Бага Эзэнтэй гар барин түүнд баяр хүргэцгээв. Тэр одоо «Удирдагчийн нэрийн өмнөөс» гэдэг үгийг дахин хэрэглэх шаардлагагүй болжээ. Одоо тэр хууль зүйн үүднээс ч албан ёсны эрх дархтай нэгэн болов. Тэр бид бүгдтэй гар барина. Гэхдээ тэр түүнийг унаж эхэлмэгц элэглэн шоолж байсан хүмүүсийг огт мартаагүй байх шиг надад санагдлаа. Мартсангүй. Тэр шоолж байсан хүмүүс нь ч бас мартаагүй гэдгийг нь мэдэж байгаа. Дурсах л болно. Гэхдээ одоо биш, хүлээж л байг. Өшөө авахыг хүлээж сууна гэдэг өшөө авалтаас ч дор гэдгийг бүгд мэднэ. Бага Эзэн яарахгүй.
— Танд баяр хүргэе, Николай Тарасович. Тэр миний гарыг атгаж нүд рүү харав. Тэр надад чимээгүйхэн «баярлалаа» гэж хэлж байна.
Биднээс гадна зөвхөн Удирдагч болон нэгдүгээр нууц түлхүүрч хоёр л энэ «баярлалаа» гэдэг үгийн цаад жинхэнэ учрыг мэдэж байгаа. Надад захирагддаг, одоо жижиг зочид буудлын эзэн болсон нууц туршуул 173-В-41-299 нэг сарын өмнө надтай яаралтай уулзахаар намайг дуудаж, нэр нь ГРУ-гийн ямар ч офицерын зүүдэнд байдаг бельгийн нэгэн бяцхан хотоос ирсэн жуулчин тэднийд буулаа гэж хэлсэн юм. Би түүнийг элсүүлэхээр яаралтай явах ёстой байлаа. Би Удирдагчтай холбоо барьж явахаас татгалзав. Миний туршлага хангалтгүй, би чадахгүй. Энэ элсүүлэлтийн төлөө би энгэртээ улаан таван хошуу, эсвэл мөрөндөө мөнгөн таван хошуу авах байлаа. Туршлага ч надад хангалттай байсан юм. Гэвч… би татгалзав. Удирдагч Николай Тарасовичийг явуулсан юм. Тэгээд тэр өнөөдөр энд баяртай зогсож байна.
— Баярлалаа, Витя. — Захирагч миний гарыг атгав.
Бүгд намайг харна. Хэн ч юу ч ойлгохгүй байна. Удирдагч яагаад миний гарыг атгах болов? Яасан гэж талархаад байна вэ? Өнөөдрийн гол баатар нь би биш шүү дээ. Харин Удирдагч манай гудамжинд миний баяр дээр ирсэн мэт миний мөрөн дээр гараа тавин дал мөр алгадах ажээ. Яагаад ч юм би харцаа буулган доош харав. Тэр элсүүлэлт надад хайран биш, би огт харамсахгүй байна. Аз хийморьтой яв даа, Николай Тарасович.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)