HERO'S WORLD : Тагнуулч Суворов 12 бүлэг 5-р хэсэг

Тагнуулч Суворов 12 бүлэг 5-р хэсэг

5

Удирдагч чиглэлээ өөрчилж байна. Бид бүгдээрээ үүнийг мэдэрч байна. Тэр залуурыг огцом эргүүлж манай хөлөг ширүүн давлагаа зүсэн урагшилна. Тэр азаа үзэж байна. Тэр хөлгийг хазайлган огцом эргүүлж байна. Хөлгийн хитгээр ус халин орж ирж ч болно. Гэвч түүний гар маш чанга.
Ямар нэг зүйл өөрчлөгдсөөр байна. Хангалтын ажлын эрч нэмэгдсээр байна. Бүгдийг хангалтад! Өөр төрлийн ажиллагаанууд явуулах цаг иржээ. Сурталчилгааны товчоотой холбоо барь! Зочид буудлын хөтөч, үйлчилгээний ажилтнуудын тухай материал цуглуул! Нууц. Алдаа гаргавал шорон! Газар дундын тэнгисийн хөвөө орчмын сурталчилгааны товчоодтой шууд холбоо тогтоо. Чөтгөр ав, бид чинь аялал жуулчлалын бизнес эрхлээд байгаа юм уу хаашаа юм бэ?
Олборлогчид Удирдагчийн орлогчдын өрөөгөөр байсхийгээд орцгооно. Хэд хоногоор алга болно. Нэвтрүүлэгч станц ууланд аваачиж нуу! Нууц газар мөнгө аваачиж тавь. Бүр их мөнгө! Удирдагчийн орлогчид даалгаврын гүйцэтгэлийг шалгацгаана. Чөтгөр ав, юу болоод байна вэ?хэрэг гарах бүрд Удирдагчаас асуух гээд гүйж болохгүй нь. Удирдагч завгүй байна. Хэнийг ч бүү оруул! Орлогчид зөв буруугаа хэнээс асуух вэ? Морозод хандах юм уу, тэгээд? Тэр одоо Бага Эзэн биш, гэхдээ чөтгөр ав бүхнийг мэдсэн хэвээр л байна. Орлогч нар Николай Тарасовичийн өрөөнд шавцгаана. Уг нь тэр өрөөтэй байх ёсгүй. Тэр одоо хэн ч биш. Тэр зүгээр л олборлогч офицер. Гэвч одоохондоо шинэ Бага Эзэн хараахан ирээгүй байна…
Николай Тарасович хэн ч биш. Гэвч Удирдагчийн орлогч нарын хувьд Удирдагчтай зөвлөлдөх гэж гүйгээд дэмий болсон тул алдаа гаргаж байснаас Николай Тарасовичид загнуулж байсан нь дээр байлаа. Алдаа гаргах юм бол эх болсон Сибирь рүү марш.
Хангалтын ажил дахиад л дийлдэхээ болив. Өдөр шөнөгүй. Амралтын өдрөөр ч тэр. Баярын өдрөөр ч тэр.
— Николай Тарасович, хангалтад тавих хүн огт алга!
— Харин л дээ, Александр Александрович, та сайн бод л доо.
Александр Александрович хоромхон зуур бодолхийлснээ:
— Витя Суворовыг авч болох уу?
— Үгүй. Түүнийг явуулж болохгүй.
— Тэгээд хэнийг гэж? 
Удирдагчийн орлогч Александр Александровичид зөвхөн ганц олборлогч офицер нөөцөд үлдсэн бөгөөд тэр нь Николай Тарасович Мороз байжээ. Александр Александрович асуусан маягтай Николай Тарасович уруу харна. Магадгүй, өөрөө ойлгоод хангалтад явъя ч гэх юм билүү? Өөр явуулах хүн байхгүй. Бүгдийг нь явуулчихсан. Гэвч Николай Тарасович дуугарсангүй.
— Тэгээд би өөрөө хангалтад явах гэж үү? Би ямар ч байсан орлогч шүү дээ.
— Александр Александрович, та яагаад ганц удаа яваад ирж болдоггүй юм бэ? Өөр явуулах хэн ч байхгүй л юм бол?
Александр Александрович бодсоор байна. Эцэст нь нэг шийдвэр гаргажээ:
— Би Аэрофлотын Виталийг шөнө хоёр удаа явуулчихъя.
— За тэр, харав уу, явуулах хүн алга гээд байсан.
Чи биднийг хааш нь туугаад байна вэ Удирдагч аа? Тогоо нь хэтэрхий халахгүй юу? Дэлбэрчихгүй биз? Үгүй, дэлбэрэхгүй! Бэлтгэл сургууль хийчихсэн. Спецназаас ирсэн. Хангалтад явцгаа! Бүгд! Александр Александрович, хангалтад яв! Харин чиний хангалтад цэргийн шинэ атташе ногоон «мерседесээрээ» явна.
Улам бүр ээдрээтэй болж байна. Алдаа гаргах л юм бол шорон. Ажиллагаа бүрдээ төлөвлөгөө бичнэ. Ажиллагаа бүрийн тайлан гаргана. Хожим ГРУ-гийн 9-р газрын мөрдөн байцаагчдад буруутныг тогтооход амар байлгахын тулд тэр.
Ажлын том танхимын гэрэл үл унтарна. Мөргөцөгт ахлах жижүүр гэж томилогдохоо больсон бөгөөд тэртэй тэргүй олборлогч офицерууд хоногийн аль ч цагт дүүрэн байна.
Ажлын ширээний ард миний зүүн талд худалдааны байгууллагууд хариуцсан Слава сууж байна. Залуухан ахмад. Тайлан бичиж байна. Бичиж байгаа зүйлээ надаас гараараа халхлан нууна. Зөв, хэн ч бусдын нууцыг мэдэх ёсгүй. Энэ бүх ажиллагааг би бодож олсон гэдгийг тэр яаж мэдэх вэ. Ажиллагааны бүх нарийн ширийнийг Удирдагч, Николай Тарасович бид гурав долоо хоногийн өмнө шөнөжин хэлэлцсэн гэдгийг ч чи мэдэхгүй. Чи миний сүүлийг халхалсан гэдгээ ч мөн мэдэхгүй. Чамайг ойн чөлөө рүү орж явахыг би харсан. Сайн харсан. Харин чи намайг хараагүй. Харж ч чадахгүй байсан. Харах эрх ч чамд байхгүй! За, бич, бич.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)