HERO'S WORLD : Тагнуулч Суворов 12 бүлэг 2-р хэсэг

Тагнуулч Суворов 12 бүлэг 2-р хэсэг

2

— Витя, чи сайхан сэтгэлтэй болохоороо л алдаад байна. Ийм сайхан сэтгэлтэй байж болохгүй. Хүн тодорхой хязгаарын дотор л сайхан сэтгэлтэй байх эрхтэй. Харин тэрнээс цааш бол нэг бол бүгдийг нь хэмлэ, эсвэл шавхай дотроо хэвтэж бай. Дарвин энэ дүрмийг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргасан юм. Хэн хүчтэй нь амьд үлдэнэ. Түүний онол зөвхөн амьтны ертөнцөд л хамаатай гэж ярьцгаадаг л юм. Зөв л ярьж байна. Бид чинь бүгдээрээ амьтан шүү дээ. Бид амьтнаас юугаараа ялгаатай юм бэ? Маш бага ялгаатай. Бусад амьтдад арьс өнгөний өвчин байдаггүй, харин хүн гэдэг амьтанд бол бий. Өөр ямар ялгаа байна вэ? Зөвхөн инээмсэглэл. Хүн инээмсэглэж чаддаг юм. Харин та нар инээмсэглэлээ гээд хорвоо ертөнц илүү сайн сайхан болохгүй. Амьдрал бол амьд үлдэхийн төлөө тэмцэл. Харин амьд үлдэхийн төлөө тэмцэл бол нарны доорх амьдрах орон зайныхаа төлөө тэмцэх тэмцэл. Бүү алмайр, Витя, битгий сайхан сэтгэлтэй бай, дэвсүүлнэ шүү…

Аль хэдийн шөнө дунд болжээ. Дунай мөрний эргээр үдшийн сэрүүн оржээ. Тэртээ алсад онгоц бууж харагдана. Бороо хэдийн зогссон боловч туулайн бөөр моддын навчсаас бүлээхэн, том том дуслууд унасаар байна. Бага Эзэн миний өмнөөс харан гаслантайгаар шанаагаа тулан сууна. Ер нь бол тэр одоо Бага Эзэн биш болсон. Бид зүгээр л сурснаараа түүнийг ингэж дуудаад байгаа юм. Тэр одоо зүгээр л ГРУ-гийн хурандаа Николай Тарасович Мороз. Дипломат халхын дор ажиллаж буй олборлогч офицер. Энэ бол тийм ч их биш. ГРУ-гийн хурандаа ч тийм өндөр цол биш. ГРУ-д зөндөө л хурандаа нар байдаг. Цол биш харин амжилт, эзэлж буй байр суурь нь л чухал. Олборлогч хурандаа хүн ар араасаа нүүлгэн шилжүүлэгдсэн нөгөө хоёр цэргийн атташе шиг тайга нохой ч байж болно. Эсвэл бардам бөгөөд амжилттай варяг ч байж болно. Хурандаа хүн захирагчийн орлогч эсвэл Бага Эзэн ч байж болно. Заримдаа том биш дипломат болон нууц төлөөлөгчдийн газарт Удирдагч ч байж болно.
Харин хурандаа Николай Тарасович Мороз дээрээсээ хоёрдох шатнаас хамгийн доод шатанд буулаа. Сүйрлийн хүрээг хумих ажиллагаа дуусжээ. Бага Эзнийг албан тушаалаас нь буулгав. Үргэлж Түүний ажиллагааны арыг халхалдаг байсан гурван тайга нохойг Москва уруу нүүлгэн шилжүүлэв. Тэгээд л бүх зүйл чимээгүй болжээ. Дэргэдээс харахад юу ч өөрчлөгдөөгүй мэт.
Хурандаа Морозын эрх мэдэл энэ хүрээд өндөрлөв. Түүний оронд одоогоор хэнийг ч тавиагүй байна. Тийм учраас Удирдагч өөрийн биеэр болон орлогчдоороо дамжуулан биднийг удирдана. Нэгдүгээр орлогч нь байхгүй түүнд хэцүү байгаа бөгөөд шууд хэлэхэд тэр одоо нэг их хичээхгүй байх шиг. Бүх ажил ямар нэг байдлаар өөрөө аяндаа л урагшилж байна.
Бага Эзний сүйрлийг хүн бүр өөрийнхөөрөө л хүлээн авлаа. «ТС», радио хяналтын офицерууд, харуулууд, хамгаалалтын системийн операторууд, холбоочид, нууц түлхүүрчид хийгээд мэдээлэл олборлоход оролцдоггүй бусад бүх офицеруудын хувьд тэрээр хагас бурхан хэвээрээ л байгаа. Тэр чинь олборлогч офицер хэвээрээ байгаа шүү дээ! Харин олборлогчид бидний дунд түүнд янз бүрээр л хандаж байна. Мэдээж, ахмад, хошууч, дэд хурандаа нар түүнд зохисгүй ааш гаргахгүй. Тэр албан тушаалын хувьд бидэнтэй адил боловч ямартаа ч хурандаа хүн. Гэхдээ хурандаа нарыг, тэр тусмаа амжилт муутай яваа нэгнийг нь зарим нэг нь гоочилж зүрхлэх нь ч бий. Бид ч сонин бүтэцтэй хүмүүс юм аа. Түүнтэй ойрхон нөхөрлөдөг байсан хүмүүс одоо түүнээс аль болох зайтай байхыг хичээх ажээ. Зовох цагт нөхрийн чанар танигддаг. Николай Тарасович тоглоом тохуу хийхийг тоосонгүй. Николай Тарасович уугаад л байж байна. Сайн ч ууна. Удирдагч түүнийг нь эс мэдсэн царай гаргана. Ууж л байг. Тэр зовлонд унажээ. Би түүний зовлонг ойлгож байна, Удирдагч өөрөө ч түүний зовлонг хуваалцаж байна.
Удирдагч албан тасалгаандаа түгжиж аваад тольтой тулган ууж байгаа гэж гуравдугаар нууц түлхүүрч Боря ярьж байна. Тольгүй бол уухыг хүсэхгүй, учир нь ганцаараа ууна гэдэг архисах өвчний хүнд хэлбэр. Боря тоглоом хийгээд байна уу эсвэл үнэн ярьж байна уу гэдгийг мэдэхгүй ч гурван сарын өмнө бол тэр өөрийн захирагчийн хувийн нууцыг ингэж дэлгэж зүрхлэхгүй л байсан даа. Манай Удирдагч, манай эцэг, манай захирагчийн хатуу чанга гар нь суларчээ. Удирдагч хуучин Бага Эзэнтэй хааяа хамт ууж байж ч магадгүй. Гэхдээ Удирдагч үүнийгээ нуухаа мэдэх бөгөөд харин Николай Тарасович хэнээс ч үл нууна.
Өнөө орой ажил тараад усан бороон дундуур намайг өөрийн машин уруугаа гүйж очиход тэр бүр шалба норчихсон, өөрийн урт «ситроены» хаалгыг онгойлгох гэж түлхүүрийнхээ нүхийг ч олж чадахгүй зогсож байсан юм.
— Николай Тарасович, миний машинд суучих, би таныг гэрт чинь хүргээд өгье!
— Витя, би тэгээд өглөө элчин сайдын яаманд яаж буцаж ирэх юм бэ?
— Өглөө би таныг очоод авчихъя.
Явцгаалаа.
— Витя, алив ууцгаая тэгэх үү?
Яаж уухгүй байх вэ дээ? Би түүнийг Дунайн хөвөөнд аваачив. Тэнд би нэг газар мэднэ. Үнийн хувьд ч дажгүй. Ууцгаалаа.
— Витя, чи их сайхан сэтгэлтэй байна. Ийм байж болохгүй. Чи хүнийг зовлонгоос аварч байхад тэр хүн чамайг залгиж орхино. Хүмүүс бол араатнууд гэж ярьдаг. Харин би бол үүнтэй санал нийлж хэрхэвч чадахгүй. Хүн бол араатнаас ч дор. Хүмүүс яг л тагтаа шиг харгис хатуу.
— Николай Тарасович, битгий сэтгэлээр уна, бүгд эргээд хэвдээ орно. Удирдагч таныг дүү шигээ үзэж, дэмждэг. Аквариумд танд хүчирхэг холбоо, хэлхээ бий, бас манай удирдах газарт, командын төвд, мэдээллийн...
— Витя, энэ бүгд үнэн... Гэхдээ… чш-ш-ш, энэ нууц шүү… Миний асуудал бол… Маш хэцүү… Төв Хороо шийдсэн юм… Энд Аквариум дахь холбоо сүлбээ тус болохгүй. Намайг яагаад Зөвлөлт рүү буцаахгүй байна гэж чи бодож байна вэ? Нэг оронд тагнуулын будлиан үүсэж байхад хөрш орноос нь зөвлөлтийн дипломат алга болбол сэтгүүлчид дор нь шиншлээд мэдэж орхино. Бөөн шуугиан үүснэ. Харин улс төрчдийн хувьд энэ бол хоолой дээр нь хадуур тавилаа л гэсэн үг. Энэ бол манайхан гэмээ хүлээж, өөрсдийгөө бариад өгнө гэсэн үг. Би Венад л түр зуур л тогтож байгаа юм. Бага зэрэг мартагдаад, хурцадмал байдал намдаад ирмэгц намайг зайлуулна. Нүүлгэн шилжүүлнэ...
— Хэрэв та маш чухал хүнийг амжиж элсүүлбэл яах бол?
Тэр намайг уйтгарт харцаар ширтэв. Би ч өөрийн хэлсэн үгнээс бага зэрэг санаа зовлоо. Гайхамшиг гэж байдаггүй гэдгийг бид хоёулаа мэднэ. Гэхдээ миний хэлсэн үг яагаад ч юм бэ түүнд таалагдаж тэр гунигтай инээмсэглэв.
— Суворов, надад тэгэх эрх байхгүй ч би өнөөдөр хэтэрхий ихийг чалчиж байна. Би согтсон болохоороо биш харин чамайг миний таньдаг хүмүүс дотроос муугийн халдвар хамгийн бага хүрсэн хүн гэж бодоод энэ бүхнийг ярьж байна. Сонс, Суворов, тэгээд санаж яв. Одоо манай сүргийнхэн яг л бэлгийн харьцааны дараах шиг суларсан хагас зүүрмэглэлийн байдалд байна. Бүхнийг надад даалгаж байсан Удирдагч одоо тэр бүхэнд амжиж хүрч дөнгөхгүй байна, нууц тагнуулууд Австриар дамжихаа түр больсон, олборлосон мэдээллийн урсгал одоо өөр сувгаар Аквариумд хүрэх болсон. Тэгээд ихэнх нь хийх ажил огт алга гэж бодож байх шиг байна. Эцгийн хатуу гар үгүйлэгдэж бүгд дуртай юмаа хийж байна. Энэ байдал удаан үргэлжлэхгүй. Манай бүлэг мэдээллийн маш үнэтэй эх сурвалжаа алдлаа, Төв Хороо удахгүй үүнийг санах болно. Удирдагч бүгдийг нь өрөөндөө дуудаж бүгдийг нь байцаах болно. Удирдагч хэнийг ч золиосонд гаргаж мэднэ. Тэр заавал хэн нэгнээр зөвлөлтийн тагнуулын байгууллагад тахил өргөх болно. Сургамж болгож хашраахын тулд тэгнэ. Виктор минь, болгоомжтой бай. Удахгүй Удирдагчид Кирээс нууц түлхүүрт мэдээ ирнэ. Удирдагч маш хилэгнэж байгаа. Олон хүний ажил алба хэцүүдэж болзошгүй. Тэр нь ч зөв. Сүрэг хонь шиг юугаа хүлээгээд зогсоод байна вэ? Виктор, одоо л ажилла. Маргааш нэгэнт оройтно. Миний үгэнд ор…
— Николай Тарасович, надад нэг муугүй санаа бий боловч аль хэдийнээс Удирдагчтай уулзах гээд ер болж өгөхгүй байна. Маргааш дахиад нэг уулзах гээд оролдоод үздэг юм билүү?
— Хэрэггүй, Витя. Хэрэггүй. Хүлээж бай. Тэр удахгүй бүгдийг нь өөрийн өрөөнд, их шүүхийн өмнө нэг нэгээр нь дуудаж уулзах болно, тэр үеэр өөрийн санааг түүнд илтгэ. Харин надад тэр санаагаа битгий хэл. Би одоо хэн ч биш. Тэгэхлээр чи надад өөрт орж ирсэн санааг ярих эрхгүй. Бас би чиний санааг хулгайлчих ч юм билүү. Надад одоо сайхан шинэ санаа маш их хэрэгтэй байгаа. Чи хулгайлчихна гэж айхгүй байна уу?
— Айхгүй байна.
— Тэр чинь буруу даа, Суворов. Би ч мөн бусадтай адилхан л мал. Бүр дор ч байж мэднэ. Явж хүүх..., хүүхэн сонирхох уу?
— Орой болжээ, Николай Тарасович.
— Харин ч яг цаг нь болж байна. Би чамд үнэхээр сайхан хүүхнүүд үзүүлье! Битгий ай, явцгаая.
Ер нь бол би тэр хүүхнүүдийг нь үзэхээс буцахгүй. Би үүнээс айхгүй байна. Тэрээр хэдий өөрийгөө араатан гэж тооцдог, түүний гар нь хүн алж сурсан ч ба ямартаа ч тэр хүн шүү дээ. Миний замд тохиолдсон бусад мянга мянган хоёр хөлт араатны дунд ховорхон тохиолддог тийм араатан. Би бол түүнээс ч илүү араатан. Бас миний үр удмаа үлдээх зөн билэг ч амиа хоохойлох зөн билгээс минь дутуугүй. Гэхдээ тэр согтуу байна, тэрэнтэй хамт явбал юунд ч орооцолдож мэднэ. Харин элдэв юм болбол намайг ч мөн нүүлгэн шилжүүлэх болно.
— Аль хэдийн орой болжээ.
Тэр хүүхнүүд үзэхээр цуг явж, хамтдаа хөгжилдөхөөс татгалзахгүй ч өнөөдөр хамт явахгүй гэж байгааг минь ойлгов. Тэр ч эсэргүүцсэнгүй.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

тэнэг, мангар, новш, хуц,
Duluu (зочин)

sonirholtoi zohiol bna.dahiad oruulaad bgarai.unshij bga shuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)