HERO'S WORLD : Тагнуулч Суворов 11 бүлэг 4-р хэсэг

Тагнуулч Суворов 11 бүлэг 4-р хэсэг

4

Цаг тун удаан өнгөрнө. Чаг, чаг, чаг. Шөнө. Харин манай мөргөцөгт үргэлж цэнхэр гэрэлтэй. Тодруулж бүдэгрүүлж болох боловч өнгийг нь өөрчилж болохгүй. 2 цаг 43 минут. Гарч нойроо сэргээх хэрэгтэй. Ер нь төлөөлөгчдийн газрын байранд ямар ч цонх байдаггүй юм. Манай Венийн төлөөлөгчдийн газрын асар том барилга ердөө гуравхан цонхтой. Нийтийн ажлын танхимаас коридорт гарч шатаар өгсөн гэрэл зургийн лабораторийн дэргэдүүр гарч дахин коридороор яван шатаар өгсөнө. Дөчин найман гишгүүр. Тэнд антенны төвийн хаалга хүрсэн бас нэг жижиг коридор бий. Энэ жижиг коридорт өнөөх гурван цонх байдаг юм. Бид тэр газрыг Невийн өргөн чөлөө гэж нэрлэнэ. Бодвол манай битүү нүхнээс гарч ирсэн хэн бүхэн тэнд нарлахыг хүсдэгээс тэр байх.
Энэ коридор манай ажлын өрөөнөөс арваад хаалга, бетон халхавч, хананы цаана байдаг юм. Тэнд цонхны дэргэд нууц асуудлыг авч хэлэлцэхийг хориглодог. Тэр гурван цонх ГРУ-гийн байрны цонхнууд хэрхэн хамгаалагдсан байдаг шиг хамгаалагдсан хирнээ тэр шүү. Гаднаас нь харахад бусад цонхнуудаас огт ялгарахгүй. Хаа сайгүй байдаг тийм л тортой. Гэхдээ манай цонх арай бүдэг. Тийм учраас дотор юу болж байгааг гаднаас харах хэцүү. Цонхны шилнүүд нь маш зузаан. Хагарахгүй. Зузаан шил агаарын чичиргээг муу дамжуулах учир цахилгаан соронзон цацрагийн хүчтэй үүсгүүрээр тандахад хэнгэргийн үүрэг гүйцэтгэж чадахгүй. Шилийг харахад жигд бус болхи хийцтэй юм шиг санагдана. Зарим хэсэгтээ арай зузаан, зарим хэсэгтээ арай нимгэн. Гэхдээ энэ бол зориуд хийсэн ов мэх байгаа юм. Шилний жигд биш гадаргууг электрон машинаар тооцоолон хийсэн юм. Жигд бус шил хийсний төлөө хэн нэг нь шагнал хүртсэн байх. Хэрэв манай цонхны шилийг хэнгэрэг болгон ашиглалаа гэхэд жигд бус гадаргуу нь туссан цахилгаан соронзон цацрагийг эмх замбараагүй ойлгож, тусгай төхөөрөмж нь тайлж унших боломжгүй байх юм. Манай цонхнууд салхивчгүй нь ойлгомжтой. Агааржуулах систем нь ч онцгой хамгаалалттай байдаг. Гэхдээ би тэр талаар сайн мэдэхгүй. Ямартаа ч цонхыг агаар солих зориулалтаар энд хийгээгүй нь л тодорхой.
Цонх бүр гурван давхар шилтэй, металл хүрээтэй. Металл хийцүүдийн завсраар тусгаарлагч зөөлөвчүүд бий. Агаарыг чичиргээ дамжуулалтыг багасгах гэж ингэж хийсэн юм. Гадна болон дотор талаас нь харахад жирийн л цонх мэт боловч хүрээний хоорондохыг сайн харвал шилнүүд нь өөр өөр өнцгөөр байрласныг харж болно. Гурван давхар шил бүр бусдаасаа арай өөр өөр өнцгөөр гадагш харж бага зэрэг хазгай байрласан юм. Шил бүрийн хазайх өнцөг өөр. Өнцгийн хазайлтыг нь бас л электрон машинаар тооцсон юм. Цонхны шилийг ашиглан гаднаас чагнах төхөөрөмжөөр сонсох боломжгүй болгох гэж тэр. Хананууд бүр ч илүү хамгаалалттай. Ялангуяа газар доорх бидний мөргөцгийн хананууд.
Цонхны цаана харанхуй хэвээрээ л байна. Би ч үүнийг мэдэж байгаа. Би зөвхөн коридор, шатаар явж нойроо сэргээхийн тулд л энд, цонхны дэргэд ирсэн юм. Би жижүүрийн офицер, унтаж огт болохгүй.
Шөнийн ээлжийнхэн бараг миний оролцоогүйгээр ажлаа хийж байна. «ТС» бүлгийнхэн байнга, хорин дөрвөн цагаар цэргийн болон засгийн газрын радио мэдээллийг замаас нь хүлээн авч, тайлж унших ажлыг хийдэг юм. Радио хяналтын бүлэг ч мөн радио мэдээллийг амдах ажлыг эрхэлдэг. Гэхдээ тэд огт өөр төрлийн ажил хариуцдаг юм.
«ТС» бүлэг ГРУ-гийн мэдээллийн албаны ашиг сонирхлын дагуу ажилладаг бөгөөд мэдээллийн албаныхан цуглуулсан жижиг мэдээллүүдээ төвийн том компьютерт нэгтгэн боловсруулж ертөнцийн дүр төрхийг байнга шинэчлэн гаргаж байдаг юм. Харин радио хяналтын хэсэг түүнээс багагүй чухал хирнээ өөр ажил эрхэлдэг. Радио хяналтын бүлэг зөвхөн манай төлөөлөгчдийн газрын ашиг сонирхлын дагуу ажиллана. Энэ бүлгийнхэн цагдаагийн газрын үйл ажиллагааны идэвхийг ажиглана. Венийн цагдаагийн газар юу хийж байна, хүчээ хаагуур тараан байрлуулсан байна вэ, энгийн хувцас өмссөн цагдаа нар хэнийг мөрдөж байна вэ гэдгийг тэд үргэлж мэдэж байдаг юм. Радио хяналтын бүлэг цагдаа нар өнөөдөр вокзалын тэнд сэжигтэй арабыг мөрдсөн, харин өчигдөр хар тамхины наймаачдын эсрэг бүх хүчээ хаясан гэх зэргээр үргэлж бүхнийг бидэнд хэлж байдаг юм.
Радио амдалтын бүлгээс гадна холбоочид, нууц түлхүүрт мэдээнийхэн шөнөөр ажилладаг бөгөөд би тэдний ажилд оролцох эрхгүй. Тэгээд би яагаад шөнөөр энд сууж байгаа билээ? Бие биедээ захирагдахгүй олон хэсгүүд ажиллаж байна. Гэхдээ хэн нэг нь ахлах ёстой. Тийм учраас л бид шөнө ээлжээр жижүүрлэдэг юм.
Би ямар ч онцгой гавьяа байгуулаагүй, мэдээлэл олборлох ажлын офицер, харин тэдний хувьд бол би эрх мэдлийн биелэл. Тэдний хувьд би варяг эсвэл тайга нохой байх нь чухал биш. Би дээд ангийн хүн. Би мэдээлэл олборлогч офицер. Тэгэхлээр гадаадын хүмүүстэй харьцдаггүй тэдний хэнээс нь ч дээгүүр. Тэд хэний ч хувьд цэргийн цол хэргэмээс үл хамааран олборлогч офицер болно гэдэг сайхан боловч бүтэшгүй мөрөөдөл юм.
— Виктор Андреевич, кофе уух уу?
Энэ бол Боря, гуравдугаар нууц түлхүүрч. Түүнд хийх юм алга. Гол хүлээн авах станц нь чимээгүй, гүний тагнуулын радио дохиоллын хүлээн авах станц ч мөн чимээгүй байна.
— Тэгье, Боря. ууя.
Би гвардийн 6-р танкийн Армийн Спецназынхан десантаар буух өөрийн сонгосон талбайг тодорхойлон бичих ажлаа түр хойш тавив. ГРУ-гийн тушаал ёсоор би тийм гурван талбай сонгосон юм. Хэрэв дайн болбол ашиглах юм. Гэвч Боря нэгэнт өөрийн өрөөнөөс гараад ирсэн бол тэртэй тэргүй энэ ажлаа дуусгаж чадахгүй.
— Ёотон хийх үү?
— Үгүй, Боря. Би үргэлж чихэргүй уудаг.
Боря Венера дагиныг шүтнэ. Бүх дэлхийн ГРУ болон КГБ-гийн нууц түлхүүрчид энэ хатагтайг шүтдэг юм. Боря миний их ажилтай байгааг мэдэж буй боловч намайг тойрон тал талд гаран холхиж миний анхаарлыг ирээдүйн дайнаас хэрхэн хөндийрүүлж түүний өөрийн шашин шүтлэг уруу хандуулахаа эргэцүүлж байна.
— Виктор Андреевич!
— Юу гээв? — би дэвтрээсээ хөндийрсөнгүй хариу асуув.
— Дипломат элч нар шинэ шүлэг авчирсан байна билээ.
— Мэдээж, шалиг шүлэг л байгаа биз?
— Дипломат элч нар үргэлж л тийм шүлэг авч ирдэг юм.
— Чөтгөр чамайг аваг, Боря. Тэр шүлгээ унш л даа.
Боря үл ялиг ханиан хоолойгоо засав. Боря агуу их найрагчийн дүрээр ийн уншиж эхлэв:

Өвсний шүүдэрт хөлөө норгон байж
Өөрийг чинь би тэврэхээр ирлээ
Өвөрт чинь орохыг тэсгэлгүй хүсэхдээ
Өрөөл бусдаас өрсөн өрсөн ирлээ!

— Боря, энийг би чамаас өмнө мэднэ.
Боря урам нь хугарсан байртай хэсэгхэн сууснаа:
— Ленинградад нэг зовлонтой хүн байсан юм. Сайхан шүлэг бичнэ:

Өө, Ленинград!
Өө, миний хот оо!
Хүн бүхэн үүнийг хүснэ
Харин би гэгээн ламтан...

Түүнээс салах хэцүү. Борятай харьцаагаа муутгаж болохгүй. Нууц түлхүүрийн мэргэжилтэн хэдий доод тушаалынх боловч үргэлж Удирдагчийн дэргэд үнэнч нохой шиг л байж байдаг юм. Түүний яруу найргийн сэдвийг гүнзгийрүүлэхийг би үл хүсэвч бас яриаг нь таслах утгагүй хэрэг. Ярианыхаа сэдвийг өөр тийш нь эргүүлсэн нь дээр:
— Чи Ленинградын цэргийн тойргийн штабт алба хааж байсан юм уу?
— Үгүй, 7-р Армийн штабын наймдугаар хэлтэст.
— Харин дараа нь?
— Дараа нь шууд Ватутинки.
— Хөөх!
Ватутинки бол Москвагийн дэргэд орших маш нууц хот. ГРУ-гийн нэвтрүүлэг хүлээн авах гол радио төв тэнд байдаг юм. Тэндхийн бүх юм нууц. Оршуулгын газар нь хүртэл нууц. Ватутинки бол диваажин. Гэхдээ бусад бүх диваажингийн нэгэн адил дутагдал түүнд бий. Юу гэвэл тэндээс гарах гарц байхгүй. Ватутинкид нэгэнт очсон хүн өөрийг нь өөр хаана ч биш зөвхөн тэндхийн оршуулгын газар оршуулна гэдэгт эргэлзэхгүй байж болно.
Энэхүү диваажинд очигсдын зарим нь хилийн чанадад ажиллахаар явдаг юм. Гэхдээ үүнээс болоод түүний амьдрал өөрчлөгдөхгүй. Бүх нууц түлхүүрчдийн хувьд элчин сайдын яамны дотор ажиллаж, амьдрах хатуу тогтоосон бүс бий. Хүн бүр янз бүр. Борягийн хувьд өөрийнх нь амьдардаг өрөө, нийтийн ажлын танхим, Удирдагчийн болон Бага эзний өрөө орсон арван зургаан өрөөнд л байж болно. Тэр энэ бүсээс гарах эрхгүй. Хэрэв тэгвэл эрүүгийн гэмт хэрэг болно. Элчин сайдын яамнаас гадагш гарвал бүр тэр байтугай юм болно. Боря энэ бүсдээ хоёр жил амьдрах бөгөөд дараа нь түүнийг буцаагаад Ватутинкид аваачина. Боря өөрөө ч явахгүй. Түүнийг харгалзан хүргэнэ.
Боря жаргалтай байна. Ватутинкид очигсдын ихэнхийг хаа нэг тийш нь аваачдаггүй юм. Гэхдээ тэд тойргийн болон арми, флот, флотилийн штабт ажиллаж буй мянга мянган нууц түлхүүрчдийн дэргэд азтайд тооцогдоно. Тэдний хувьд Ватутинки бол сайхан боловч биелэгдэшгүй мөрөөдөл.
— Виктор Андреевич, биеэ үнэлэгчдийн талаар ярьж өгөөч. Намайг удахгүй Ватутинки уруу буцаана. Венад байсан мөртөө хүнд ярьчих нэг ч түүхгүй ирлээ гэж манай залуус намайг шоолох болно.
— Боря, би биеэ үнэлэгчдийн тухай юу ч мэдэхгүй. Боря дээрээс зааварласны дагуу намайг хатгаагүй, харин миний энэ тухай ярихыг сонсохыг үнэхээр хүсэж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Ватутинкид эргэж очсон ямар ч нууц түлхүүрч хормойн явдлынхаа түүхийг хэр зэрэг ярьж байна вэ гэдгээр л үнэлэгддэг юм.
Түүнийг элчин сайдын яамны хэдхэн өрөөнөөс гаралгүй хязгаарлагдмал бүсэд, заримдаа тавхан өрөөний хооронд амьдарч байгаад ирснийг бүгд мэднэ. Нэг ч мэдээлэл олборлогч офицер нууц түлхүүрчинд өөрийн үзсэн харснаа ярьж зүрхлэхгүй бөгөөд ярьж байгаа зүйлсээ тэр өөрөө л бодож олсон гэдгийг ч бүгд ойлгож байгаа. Гэхдээ л чадварлаг яригч бичиг үсэггүй ард түмний дунд үлгэрч хүн ямар хүндтэй байдаг шиг л Ватутинкид үнэлэгдэнэ. Гэхдээ соёлжиж иргэншсэн ард түмний дунд ч мөн ийм үзэгдэл байдаг шүү дээ. Вена хотын номын дэлгүүрүүд огт байхгүй гариг дээр болсон явдлын тухай өгүүлсэн зөгнөлт романаар дүүрэн байна. Соёлт хүмүүс бүгд энэ романууд зохиомол гэдгийг мэддэг ч Ватутинкид хормойн явдлын түүхийг шимтэн сонсдог шиг л тэд эдгээр романуудыг шохоорхон уншдаг юм.
— Виктор Андреевич, биеэ үнэлэгчдийн тухай ярьж өгөөч дээ. Тэд шууд л гудамжинд зогсож байдаг юм уу? Тэд ямар хувцастай байдаг вэ? Виктор Андреевич, та тэд нарт ойртдоггүй гэдгийг би мэднэ л дээ, гэхдээ тэд нар холоос ямар харагддаг вэ?

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)