HERO'S WORLD : Тагнуулч Суворов 10 бүлэг 8-р хэсэг

Тагнуулч Суворов 10 бүлэг 8-р хэсэг

8

Би цаг зүгээр өнгөрөөхгүй. Би Германд хэн нэгний арын ажлыг хийж явахдаа германы нууцад өөрөө хэрхэн нэвтрэх вэ гэдгийг бодож явна. Харин Италид байхдаа италийн нууцуудад яаж хүрэхээ бодно. Гэхдээ Италид америкчууд, хятадууд, австричуудыг ч мөн элсүүлж болно. Улсын нууцыг мэддэг тийм хүмүүс надад хэрэгтэй.
Одоо би Базелиас эргэж ирээд Удирдагчид ажиллагааны үр дүнг илтгэж байна. Уг нь илтгэлийг Бага эзэн сонсдог боловч өнөөдөр Удирдагч өөрийн биеэр сонсож байна. Маш чухал ажиллагаа байсан бололтой.
Аятай тохиолдлыг ашиглан «Флорида» ситемийн талаар нууц бичиг баримтыг хэрхэн гартаа оруулах тухай өөрийн саналыг илтгэлээ. «Флорида» бол Швейцарийн агаараас эсэргүүцэн хамгаалах систем юм. Швейцарийн «Флорида» бол нэг тоосго. Гэвч АНУ-ийн агаараас эсэргүүцэн хамгаалах систем ч мөн ийм л тоосгуудаар баригдсан юм. Хэрэв швейцар түрүүчтэй танилцвал америкийн системийн тухай олон зүйл тодорхой болно…
Удирдагч над уруу ширүүн харна. Түүний тугалган харц маш ширүүн. Түүний харц бол хүчирхэг эврээрээ сүлбэхийн өмнө залуухан бухтай тулалдагчийг хардаг бухын харц. Энэ бухын харцаас болж бодол санаа үймнэ. Надад Швейцарын агаараас эсэргүүцэн хамгаалах системийн командын цэгт ажилладаг албан хаагчдын нэрс, хаяг байгаа. Би тэр түрүүчтэй хэрхэн танилцахаа мэднэ. Гэвч тэр намайг харцаараа дарамтална. Би өөрийн тодорхой бодож төлөвлөсөн хэлэх үгийн дарааллыг алдаж орхив.
— Би үүнийг хийх гээд үзье…
Тэр дуугүй харсаар.
— Би бүх нарийн ширийнийг нь одоо илтгэе…
Тэр дуугарсангүй.
Тэр хамрынхаа нүхээр бүтэн шоо дөрвөлжин метр агаар халим шиг шуугичуулан сорж аваад:
— Ажиллагааны хангалтад яв хэмээн гаргав!
Ажиллагааны хангалт гэдэг бол ялаанд зориулсан чихрийн өтгөрүүлсэн шүүс гэсэн үг. Бэлэн, амттай боловч түүнээс гарч үл чадна. Далавчнууд нь хөөж орхино. Тэгээд энэ өтгөрүүлсэн шүүсэндээ живж үхнэ. Зөвхөн жинхэнэ тагнуул болж чадах хүн л түүнээс мултарч чадна. Жишээ нь консул Генка байна. Тэр бид хоёр Венад хамт ирсэн. Хотыг судлахад зориулж бидэнд гурван сарын хугацаа өгсөн юм. Биднийг энэ хотыг Венийн цагдаа нараас илүү мэддэг болгох гэж. Гурван сарын дараа бид хоёроос шалгалт авлаа. Люгерплац талбай дээр юу оршдог вэ? Бодох хугацаа арван секунд гэх мэтээр шалгав. Бүх дэлгүүр, зочид буудал, зоогийн газрын нэр, тэнд зогсдог автобуснуудын дугаар бүгдийг нэрлэ. Хурдал! Тэнд эсвэл нэг ч зочид буудал байхгүй юм уу? Хурдал, хурдал! Хотыг орон нутгийн цагдаагаас илүү мэдэх ёстой! Таборштрассе гудамжтай хөндлөн огтлолцдог бүх гудамжуудыг нэрлэ! Түргэл! Хэдэн зогсоол байдаг вэ? Хэдэн шуудангийн хайрцаг байдаг вэ? Хэрэв … чиглэлд явбал зүүн талд юу байх вэ? Юу? Юу? Яаж? Яаж? Яаж?
Бид хоёр шалгалтыг хоёрдохоо өгч байж давсан юм. Гурав дахь дээрээ чадахгүй бол Зөвлөлт рүүгээ буцна. Шалгалтын дараа намайг шууд хангалтын ажилд хуваарилсан юм. Харин түүнийг бол үгүй. Тэр хотыг судалж явахдаа хажуугаараа өнгөрч явсан, паспорт зардаг хүнтэй танилцаж амжжээ. Хагас хуурамч эсвэл юу ч бичээгүй хоосон бүр эсвэл зүгээр л жуулчдаас хулгайлсан паспортууд болон диплом, жолооны үнэмлэх, цэргийн батлах зэрэг хувийн бичиг баримтуудыг ГРУ-гийн 17-р хэлтэс асар ихээр нь цуглуулдаг юм. Ашиглах гэж биш л дээ. Шинэ бичиг баримт үйлдвэрлэх загвар болгох гэж тэр. Мэдээж, энэ бүх бичиг баримтууд тийм ч чухалд тооцогдохгүй бөгөөд тэдгээрийг олж авах нь тагнуулын дээд зэрэглэлийн ажиллагаа огт биш юм. Гэхдээ л намайг хангалтад томилсон бөгөөд Генкаг бол үгүй. Түүнийг тэр чөтгөрийн паспортуудаа цуглуулаад бай гэсэн юм. Паспортуудтайгаа ажиллаж байхад түүнд цаг зав хангалттай байсан. Тэр ч цаг алдсангүй. Тэр өөр хэн нэгэнтэй танилцсан юм.
Тэр үед намайг Генкагийн арыг халхлах, ажиллагааны хангалтад тавьсан юм. Түүнийг хэн нэгэнтэй уулзсаны дараа би түүнээс ямар нэг хавтсуудыг авч элчин сайдын яаманд аваачиж өгдөг байлаа. Намайг элчин сайдын яамны үүдэн дээр баривчилж, харин Геннадий Михайлович цэвэрхээн орж явчихна. Харин дараа нь түүнд илүү чухал даалгавар өгөх болсон юм. Тэр ажиллагаанд явж харин түүний арыг таваас долоон тайга ноход хамгаална. Дараа жил нь түүнийг хугацаанаас нь өмнө дэд хурандаа болгосон юм. Тэр ердөө хоёр жил хошууч цолтой явсан.
Би атаархуу жөтөөч хүн биш л дээ. Генка минь аз хийморьтой яв. Амжилт хүсье. Би ч бас энэ хангалтын ажлаас удахгүй мултарна.
Оройн найман цаг болж байна. Би гэр рүүгээ яарна. Дөрвөн цаг унтаад, шөнө хангалтын ажилд явна.
…Удирдагч над уруу инээмсэглэнэ. Сүүлийн хэдэн сард анх удаа.
— Ашгүй дээ! Би чамайг бие даан ажиллаж чадна гэдгийг үргэлж мэдэж байсан. Чи түүнтэй хэрхэн танилцав?
— Тохиолдлоор. Хангалтын ажлаар Инсбрук ороод буцаж явлаа. Нэмэлт нууц газар хайхаар шийдээд зам дээр түр зогссон юм. Тэр хавийн газрыг үзээд буцахаар шийдэв. Гэтэл хойд дугуй шавар суужээ. Хий эргэж байлаа. Бөөн шавар арагш үсчинэ. Өөрөө хөдөлж чадахгүй байв. Замын хажууд зогсоод явж өнгөрөх машины жолооч нараас тусламж гуйлаа. Бүгд хажуугаар давхин өнгөрнө. Гэтэл нэг «Фиат-132» зогслоо. Жолооч нь машиндаа ганцаараа явна. Тусаллаа надад. Тэр миний машиныг бага зэрэг түрлээ. Би ч шавраас гарав. Гэвч хэтэрхий хүчтэй хаазлаад түүнийг шавраар будаж орхижээ. Уучлал эрсний тэмдэг болгож түүнд шил виски өгөх гэснээ болив. Гэнэт өөр санаа орж ирлээ. Уучлаарай гэж хэлээд, зоогийн газар очъё, та хувцсаа цэвэрлэчих. Харин би таныг оройн зоогонд урьж байна гэж би түүнд хэлэв.
— Тэр зөвшөөрөв үү?
— Тийм…
— Тэр чиний хэн болохыг асуусан уу?
— Үгүй, тэр зөвхөн миний хаана амьдардгийг л асуусан. Би түүнд Венад амьдардаг гэж хэлсэн. Би үнэхээр одоо Венад амьдарч байгаа юм чинь.
— Машины чинь дугаар дипломат дугаар байсан уу?
— Үгүй. Би ажиллагааны хангалтад явж байсан. Хүний машинаар.
Удирдагч нэрийн хуудсыг гартаа эргүүлнэ. Харж ханашгүй эд. «Ото Велара» компанийн инженер. ГРУ-гийн генерал өдөр бүр ийм нэрийн хуудас гартаа барьдаг гэж үү? «Ото Велара»! Ширгэшгүй ундарга. Хэн нэг нь агуу их сэтгэгчдийн эх орон Италийг дутуу үнэлдэг байж ч мэднэ, гэхдээ ГРУ лав биш. Италичуудын толгой тун сайн ажилладгийг ГРУ мэднэ. Агуу зохион бүтээгчид. Итали орон дайны өмнө технологийн урд хожид үзэгдээгүй өндөр төвшинд хүрсэн байсныг цөөхөн хүн мэднэ. Италичууд дайнд гоц гойд шалгарч чадаагүй нь тэрхүү цэргийн техникийн тал дээрх италийн ололт амжилтын сүрийг дарчихсан юм. Харин тэр ололтууд, ялангуяа нисэх хүчин, шумбагч завь, хурдан хөлөг онгоц зэрэг салбарт гаргасан амжилтууд нь үнэхээр гайхамшигтай. ГРУ-гийн хурандаа Лев Маневич дайны өмнө асар чухал ач холбогдолтой техникийн бичиг баримтуудыг Италиас зөвлөлт рүү тонн тонноор нь явуулсан юм. Итали орон! Итали бол нийтэд үнэлэгдээгүй ч далайн цэргийн технологийн хүлээн агуу гүрэн. Итгэхгүй хүн байж болох ч ГРУ үүнд итгэдэг юм. «Ото Велара!» Инженер!
— Түүнийг зориуд явуулсан юм биш биз? — Ийм байх боломжтой гэдэгт тэр итгэл муутай байгаа хэдий ч Удирдагч үүнийг заавал асуух ёстой.
— Үгүй! — гэж би түргэхэн хариулав. — Шалгаж үзсэн. Радио хяналтаар ч тэрэнд сэжигтэй юм илрээгүй.
— Битгий түргэд. Ийм хэрэгт түргэдэж болохгүй. Хэрэв түүнийг зориуд явуулаагүй бол ч чамд том аз дайрчээ.
Үүнийг би өөрөө ч ойлгож байлаа.
— За тэгэхлээр, — гэ Удирдагч эхлээд, — бидэнд алдах юм байхгүй. «Шалгах нэрсийн жагсаалт» яаралтай гарга. Маргааш гэхэд амжих уу?
— Шөнө би хангалтад явна.
Тэр бага зэрэг тонгойв. Тэгээд утасны харилцуурыг авч ямар ч дугаар эргүүлэлгүй шууд ярилаа.
— Ороод ир.
Бага эзэн орж ирэв.
— Виктора Андреевичийн оронд маргааш өөр хэн нэгнийг тавь.
— Өөр хэн ч байхгүй, нөхөр генерал.
— Бод.
— Хэрэв Геннадий Михайловичийг л тавьдаггүй юм бол?
— Консулыг уу?
— Тийм.
— Түүнийг ажиллагааны хангалтад тавь. Тэр сүүлийн үед биеэ тоогоод байгаа юм, хангалтад ажиллаж л байг. Виктор Андреевичийг бусад бүх ажлаас чөлөөл. Тэр маш сонирхолтой хувилбар сэдээд байгаа юм.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)