HERO'S WORLD : Тагнуулч Суворов 10 бүлэг 7 -р хэсэг

Тагнуулч Суворов 10 бүлэг 7 -р хэсэг

7

Баруун Европыг би хэдийн сайн мэддэг болсон. Яг сайн анч нохой ойролцоох төглөө мэддэг шиг. Би Амстердам болон Гамбург хотуудад аяллын хөтчөөр ажилласан ч чадна. Венаг ч мөн сайн мэдэх боловч Цюрихийг мэддэгийг арай гүйцэхгүй. Энэ бол чоно үүрэндээ өлзийтэй гэдэг шиг л ойлгомжтой зүйл. Миний Ром, Бонн, Парис, Женевт ажилладаг алба нэгт нөхдүүд Вена хотыг надаас илүү мэддэг нь ойлгомжтой. Тэд энд «аялан тоглолт» хийхээр ирдэг юм. Би ч тэдний хотуудаар аялан тоглолт хийдэг юм. Бидний ажиллах зарчим хаа ч адилхан. Хэрэв хаа нэгтээ маш хол ажиллагаа явуулах л юм бол орон нутгийн засаг захиргаатай муудалцах хэрэггүй гэдэг зарчмыг бид барьдаг юм.
Өнөөдөр би Базельд ажиллаж байна. Яг өөрөө ч ажиллаагүй. Хангалтад явж байна. Базель бол Герман, Франц, Швейцар улсуудын хилийн бэлчир. Базель бол маш тохиромжтой газар. Хосгүй газар. Базель бол олон замын уулзвар. Базельд харагдаад л нэг тийшээ алга болсон гэж ярих нь элбэг. Базельд алга болох амархан. Тун амархан.
Би вокзалын өөдөөс харсан нэг жижиг ресторанд сууж байна. Ер нь бол энэ газрыг ресторан эсвэл шар айргийн газар гэж нэрлэхэд хэцүү юм. Танхимыг хоёр хуваажээ. Нэг тал нь бяцхан ресторан. Ширээнүүдийг нь улаан бүтээлгээр бүтээжээ. Харин нөгөө тал нь шар айргийн газар аж. Ямар ч бүтээлэггүй царсан ширээнүүд. Би тэр ширээнүүдийн нэгэн дээр нь сууж байна. Ганцаараа. Ширээний бараан тавцан дээр «1932» гэсэн тоог хээлэн сийлжээ. Тэгэхлээр энэ ширээнүүд Гитлерээс ч өмнө энд байсан байх нь. Швейцар хүн болж төрөх сайхан юм аа. Германы хил тэр харагдаж байна. Ердөө энүүхэн гудамжинд. Харин энд хэзээ ч дайн болж байгаагүй юм.
Намхан биетэй, нүдэнд дулаахан авгай миний өмнөх цэвэрхэн хатуу цаасан дийзэн дээр аягатай шар айраг авчирч тавилаа. Цээжээ түхийлгэсэн тэр авгай миний байлдааны даалгавар гүйцэтгэж явааг хаанаас мэдэх билээ. Би тэнд зориуд вокзалын барилгын ханан дээрх том цагийг харахаар сууж, миний тархинд цагийн цохилт лугшин буйг тэр үл мэднэ. Миний үл таних, бас хэзээ ч уулзахгүй өөр нэг хүн энэ цагаар баримжаалан ирж явааг ч тэр хаанаас мэдэх вэ. Миний хурууны өндөгүүд хэзээний ММП тосоор тослогдсон бөгөөд хурууны хээ үлдэхгүй гэдгийг ч тэр мэдэхгүй. Бие засах өрөөний татуургын гинжний үзүүрт унжиж байдаг жирийн шаазан бариул миний халаасанд байгааг ч тэр яаж мэдэх билээ. Татвал ус эргэлдэн шуугьж урсан алга болно. Энэ бариулыг Ардчилсан Герман дахь ГРУ-гийн өнгөлөн далдлалтын хүрээлэнд хийсэн юм. Дотор нь алт юм уу эсвэл мөнгө нуусан газрыг тодорхойлон бичсэн зураг ч байгаа юм билүү, чөтгөр л мэдэх байх. Энэ бортого дотор юу байгааг би мэдэхгүй. Гэхдээ яг долоон минутын дараа би бие засах газар орж гинжнээс нь бариулыг авч халаасандаа хийгээд оронд нь одоо миний халаасанд байгаа бариулыг хийх ёстой. Харин одоо мөн л вокзалын цагийг харан буй тэр хүн миний дараа тийш ороод нууц савтай бариулыг авч оронд нь энгийн бариул хийнэ. Одоо тэр бариул нь түүний халаасанд байгаа. Магадгүй тэр мөн л ММП тосоор тосолсон гараараа тэр бариулыг халаасан дотроо чанга атгаж байгаа байх. Гурван бариул яг адилхан. Хараад хэн ч ялгахгүй. Өнгөлөн далдлалтын хүрээлэн зүгээр ч нэг ажилладаггүй юм.
Том цагийн зүү бага зэрэг чичрэв. Дахиад зургаан минут. Вокзалын дэргэд их барилгын ажил өрнөж байна. Нэг бол вокзалыг өргөтгөж, эсвэл зочид буудал барьж байгаа биз ээ. Тэрхүү барилга моддын дундаас сүндэрлэсэн цамхгууд тун донжтой харагдах ажээ. Ханыг нь хүрэн өнгийн төмөрлөгөөр босгосон бөгөөд мөн өнгө дагуу бараан хүрэн өнгийн цонхнуудтай юм. Тэртээ өндөрт, улбар шар хамгаалалтын малгай өмссөн ажилчид угсралтын ажил хийх нь ган ширэнгэнд нааш цааш үсчин буй сармагчингууд шиг харагдана. Харин дээврийн хөвөөн дээр тагтаанууд сууж байна. Тэнд нэг тагтаа удаан бөгөөд шийдмэгээр өөрийн нөхрийг алж байна. Хошуугаараа дагз уруу нь тоншино. Жаахан хүлээж байгаад дахиад л тоншино. Тагтаа гэж дургүй хүрмээр шувуу юм. Харцага, чоно, матруудын аль нь ч нэгнийгээ зугаацахын тулд алдаггүй юм. Тагтаанууд зөвхөн зугаацах гэж нэгнээ ална. Өөрийн ах дүү нарыг зүгээр л цэнгэхийн төлөө алах гэж! Маш удаан, бах таваа ханган ална.
Ээ дээ, миний гарт Калашниковын автомат байсан бол шууд гал хамгаалагчийг нь доошлуулан автомат гал дээр тавих байсан. Замгийг нь огцом татаж цэнэглээд нойрмог Базелийн галт тэрэгний буудлын өмнөх талбайг нүргэтэл галлах байсан юм. Алуурчин тагтааг урт ээлжийн галаар шүрших байсан. Түүнийг тугалгаар сийчээд хаях байсан. Гэвч надад автомат алга. Би ч Спезназд биш төлөөлөгчдийн газар ажилладаг. Харамсалтай. Гэхдээ сул дорой тагтааг гарцаагүй үхлээс аврахдаа мөн л алуурчныг аварч байна гэдгээ бодохгүйгээр нөгөө тагтааг алах байсан гэж үү? Тэдний мөн чанар нь тийм юм. Тагтааны мөн чанар. Тайвширч, амьсгаагаа дарж байна. Өөр сул дорой тагтаа ахин тааралдвал дахиад л дагз уруу нь хошуугаараа тонших байх. Хаана нь тоншихоо мэддэг юм байна тэр новш. Яг НКВД-гийн алуурч шиг мэргэжлийн алуурч.
Тагтаа бол дургүй хүрмээр шувуу. Гэтэл энэ нинжин сэтгэлгүй алуурчин шувууг энх тайвны билэг тэмдэг гэж үздэг хүмүүс бас байдаг юм. Матар эсвэл аварга могойг тийм билэг тэмдэг болгочихгүй дээ. Зөвхөн хоол тэжээлээ олж идэх гэж л ална. Идчихээд тайван унтаад өгнө. Тарчлаан цэнгэх гэдгийг үл мэднэ. Ах дүү нараа ч алахгүй.
Нөгөө дорой тагтаа далавчаа бүр сул дэлгэжээ. Толгой нь бүр унжаад ирлээ. Наадах нь гүйцээж байна, тоншлоо, дахиад тоншлоо. Эвэрлэг хошуу нь цус болжээ. За чи ингээд өөрийнхөө ажлыг дуусгана биз, би ч явах боллоо. Бие засах газар уруу. Ажиллагааны нөхцөлийг хангах маш нууц ажилдаа явлаа.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)