HERO'S WORLD : Тагнуулч Суворов 9 бүлэг 8 -р хэсэг

Тагнуулч Суворов 9 бүлэг 8 -р хэсэг

8

Би залуу бөгөөд туршлагагүй. Ийм учраас элсүүлэхэд долоон минут зарцуулсныг одоохондоо өршөөж байна. Ер нь бол элсүүлэлтийг эгшин зуур хийх ёстой. Арван үгээр. Нэг л саналаар. Нэг сайхан инээмсэглэлээр.
Элсүүлэлтийг хурдан бөгөөд найдвартай нууцлан хийх ёстой. Би зуу зуун үзмэрийн самбарыг тойрон явж, нэг л зүйлээ ярьж, нэг л адил инээмсэглэх ёстой. Гэхдээ элсүүлэлт хийхгүйгээр шүү дээ. Хэрэв миний араас мөрдөж байгаа бол эдгээр зуу зуун хүмүүсээс зөвлөлтийн тагнуулд «тийм» гэж хэлсэн ганц хүнийг яаж олох билээ? Үзэсгэлэн дээр бид олуулаа байгаа. Олон элсүүлэгч, олон халхлагч. Хүн бүр өөрийн элсүүлэх ажиллагааг зуу зуун өөр уулзалтаар халхалж байгаа. Үзэсгэлэн дээр мянга мянган хүмүүс байна. Үерийн ус мэт. Хүрхрээ мэт. Новшнууд минь, араас мөрдөөд үз л дээ.
Шинээр элсүүлсэн хүнийг даруй үзэсгэлэн болж буй газраас хол аваачих хэрэгтэй. Бүр өнөө шөнөдөө миний туршлагатай нөхдүүд шинээр элсүүлсэн туршуулуудтайгаа Франц, Итали, Баруун Германд уулзацгаах байх. Би харин Монтред уулзана. Хэн нэг нь Базель, Цюрих, Люцернд нууц уулзалтуудаа хийнэ. Женевээс аль болох хол! Бүр хол!
Энэ бол зөвхөн эхний уулзалтууд. Хоёрдох уулзалтууд Австри, Финлянд, АНУ-д болох болно. Швейцараас аль болох хол! Бүр хол!
Би мөрөө удаан бурууллаа. Намайг сайн халхалж байна. Хэрэв намайг мөрдөж байсан бол одоо аль хэдийн алдсан. Би ууршаад алга болчихсон. Би байхгүй. Би асар том дэлгүүрүүдэд уусчихсан. Би зах хязгааргүй үргэлжлэх газар доорх гараашд алга болчихсон. Би хүн пиг чихсэн цахилгаан шатанд ороод бултчихсан.
Дипломат дугаартай тэрэг намайг Женевээс дагуулан гарч Лозаннад хүргэнэ. Энэ дэмжих ажиллагааны нэг хэсэг. Үүнийг ГРУ-гийн Женев дэх салбарын варягууд хийнэ. Тэд намайг хараагүй, намайг мэдэх ч үгүй. Тэд өөрсдийн машинаа газар доорх гараашд яг тогтоосон цагт тавиад тээшний савыг түгжилгүйгээр орхиод явцгаасан. Ийм заавар авцгаасан юм. Тэд өөрсдийн энэ ажиллагаа нь үзэсгэлэнтэй ямар нэг холбоотой гэдгийг гадарлаж л байгаа байх. Гэхдээ ямар холбоотой гэж? Тэд өөрсдийн машины тээшний савыг нээж үзэх эрхгүй. Тэд хурдны замаар давхина. Тэд миний араас дагаж байгаа эсэхийг дөрвөн цагаас багагүй хугацаанд шалгасан. Тэд одоо ч шалгаж байна.

Лозанна дахь газар доорх гарааш. Олон давхар, шат, орцтой харанхуй газар байна. Хэрэв тэдний араас мөрдөж байгаа бол машиныг нь ч бас хараандаа байлгаж байгаа болов уу? Үгүй юм шиг байна.
Тэдэнд хийх ажил өчнөөн бий. Тэд огт ойлгогдохгүй эргэлтүүд хийсээр хотоор явцгаана. Дараа нь машин дээрээ ирээд цаашаа явцгаана. Дахиад л зогсоолууд. Дахиад л газар доорх гараашууд. Тээшний саванд ямар нэг зүйл байгаа юу, үгүй юү гэдгийг тэд өөрсдөө ч мэдэхгүй. Тэнд мэдээж, юу ч байхгүй. Харин би бүр түрүүнээс галт тэргээр явж байна. Цонхныхоо дээгүүр өргөн шар зураасгүй вагонд. Хоёрдугаар зэрэглэл. Саарал вагон. Саарал тасалбар. Саарал зорчигчид. Би хол явна. Би гэнэт бууна. Би галт тэргээ солино. Би дахиад л явна. Би газар доорх нүхэн зам, шар айргийн газрын хонгил, харанхуй гудамжуудаар орон алга болно. Энэ бол миний хувьд шинэ улс орон. Гэхдээ би цээжээрээ мэднэ. Хэн нэг нь миний өмнөөс бүх орц гарцуудыг судалжээ. Хэн нэг нь хэдэн сараар тэдгээрийг хайж, тодорхойлон бичжээ. Хэн нэг нь миний элсүүлэлтийн ажлын нөхцөлийг хангаж буйгаа өөрөө ч мэдэлгүй ажиллажээ.
Ажиллагаа балрахад хүргэж болох ердөө дөрвөн боломж л байна:
— хэрэв миний араас мөрдөж байгаа бол;
— хэрэв өнөөдөр надтай уулзсан бүх хүмүүсийг хяналтад авсан бол;
— хэрэв миний шинэ найз цагдаагийн өдөөн хатгагч байсан бол, эсвэл айсандаа цагдаа нарт илтгээд одоо өдөөн хатгагч болсон бол;
— хэрэв уулзалт болох газар хэн нэг нь биднийг санамсаргүй мэдээд цагдаа нарт мэдээлбэл.
Эдгээр дөрвөн боломжуудаас би эхний гурвыг нь шууд үгүйсгэв. Нэгдүгээрт миний араас мөрдөөгүй. Хоёрдугаарт өнөөдөр би зуу орчим хүнтэй уулзсан, тэднийг бүгдийг нь хянах боломжгүй. Гуравдугаарт уулзах газрыг ГРУ-гийн Женев дэх салбарын тайга ноход маш сайн сонгосон. Таньдаг хүмүүстэй тааралдах магадлал бараг үгүй. Тэгэхлээр зөвхөн миний шинэ найз үлдэж байна. Гэвч түүнийг шалгах амархан. Өнөө шөнө ГРУ-гийн техникийн мэргэжилтнүүд төхөөрөмжийг шалгах болно. Хэрэв төхөөрөмж жинхэнэ бол миний найз цагдаа нартай холбоогүй гэсэн үг. Цагдаа нар хариуд нь юу ч авахгүйгээр тийм нууц төхөөрөмжийг гарзанд нь гаргана гэж үү?
Минийхээр бол уулзах газрыг ч тун муугүй сонгожээ. Үүнийг ч мөн нэр алдаргүй жирийн л нэг тайга нохой хайж олсон юм. Хайж олоод давуу талуудыг нь нотолж тодорхойлон бичсэн юм. Хэрэв энэ газар надад таалагдахгүй бол би маргааш Бага эзэнд гомдол гаргаж болно. Тэгвэл нэг өдрийн дараа ГРУ-гийн даргад хүрч эргээд женевийн удирдагчийн дор ажилладаг Тузик дээр буух болно. Гэхдээ би гомдол гаргахгүй. Энэ газар надад таалагдаж байна. Буудал нь том байх ёстой. Тэнд хэн ч хэнийг ч анзаарахгүй. Буудал нь сайн байх хэрэгтэй ч шилдэг нь байх учиргүй. Бүгдийг яг ингэж сонгожээ. Гэвч хамгийн гол нь би найдвартай ажиглалтын цэгтэй байж уулзалт болохоос доод тал нь нэг цагийн өмнөөс болж буй бүхнийг ажиглаж байх ёстой. Ийм газар ч байна. Хэрэв шинэ найз маань уулзалтын тухай илтгэж, цагдаа нар шиншлэхээр зэхэж байгаа бол ямар нэг сэжигтэй хөдөлгөөн мэдэгдэж болно.
Би нэг цаг хүлээж байна. Гэвч сэжигтэй зүйл юу ч ажиглагдаагүй. 20.54-д тэр ирлээ. Шар өнгийн «Ауди-100» машинаар ганцаараа иржээ. Машины дугаарыг би тогтоож авлаа. Энэ маш чухал. Түүний араас хэн ч дагаж орсонгүй. Тэр зоогийн газар ороод тал тал тийшээ харж байна.
Энэ бол сайны тэмдэг. Хэрэв тэр цагдаагийн хамгаалалтад байгаа бол ийш тийш харахгүй байсан. Тал тал тийш харах нь маш мэргэжлийн бус хэрэг ч би үүнийг түүнд хэлэхгүй. Ахиад олон уулзана. Түүнийг ч хянах болно. Ийш тийшээ харж л байг. Энэ нь намайг тайвшруулна. Тэр цагдаа нартай найзлаагүй л юм байна.
21.03-т би ажиглах байраа орхиод зоогийн газарт орлоо.
Бид харилцан инээмсэглэцгээв. Хамгийн гол нь одоо нэг бол бүх хөзрөө дэлгэж эсвэл бүх хөзрөө дэлгэж буй байдал үзүүлэн түүнийг тайвшруулах хэрэгтэй.
Хүн зөвхөн тодорхойгүй бүрхэг зүйлсээс л айдаг. Нөхцөл байдал тодорхой үед айх юм огт байхгүй. Харин айхгүй бол тэнэг зүйл хийхгүй.
— Би таныг ямар нэг таагүй зүйлд татан оруулахыг хүсэхгүй байна. — Энэ нөхцөл байдалд «бид» биш харин «би» гэж би ярьж байна. Аль нэг байгууллагын өмнөөс биш харин өөрийгөө төлөөлж ярьж байна. Яагаад гэдгийг мэдэхгүй ч энэ нь элсүүлсэн төлөөлөгчдөд илүү нөлөөлдөг юм. Харваас «бид», «байгууллага» гэдэг үг хүнийг илүү айлгадаг байна. Тэрээр түүний урван тэрсэлснийг бүх дэлхий дээр өөрөөс нь гадна ганцхан хүн мэдэж байгаа гэдэгт итгэхийг хүсэж байдаг юм. Зөвхөн ганц. Гэхдээ энэ бол байж болшгүй зүйл. Миний ард маш хүчирхэг байгууллага бий. Гэвч надад «бид» гэж ярихыг хориглосон юм. Цэргийн дипломатуудын академид үүний төлөө шийтгэдэг байсан юм.
— Би таны төхөөрөмжийг худалдаж авахад бэлэн байна. Тэр надад хэрэгтэй. Гэхдээ би таныг шахаж шаардаагүй.
— Та яагаад намайг таны талд ажиллана гэж бодоод байгаа юм бэ?
— Надад тэгж санагдсан юм. Яагаад үгүй гэж? Бүрэн аюулгүй байдал. Өндөр үнэ.
— Та үнэхээр 120000 доллар төлөхөд бэлэн байна уу?
— Тийм ээ. 60000-ыг одоо. Таныг надаас айхгүй байгаасай гэж тэр. Үлдсэн 60000-ыг нь би төхөөрөмж үнэхээр ажиллаж байна уу үгүй юу гэдгийг шалгасны дараа өгнө.
— Та хэзээ үүнийг шалгасан байх вэ?
— хоёр хоногийн дараа.
— Та эргэж надтай уулзаж үлдсэн мөнгийг өгнө гэсэн баталгаа хаа байна вэ?
— Та бол миний хувьд маш чухал хүн. Би зөвхөн энэ төхөөрөмжөөр дуусна гэж бодохгүй байна. Би яагаад анхны уулзалтаараа таныг хуурах ёстой гэж?
Тэр над уруу бага зэрэг инээмсэглэн харлаа. Миний зөв гэдгийг тэр ойлгож байна. Би ч мөн өөрийн хилийн цанаа элсүүлсэн анхны туршуул уруугаа харав. Тэр өөрийн сайхан эх орны аюулгүй байдлыг нөгөө нүгэлт Иуда өөрийн багшийг гучхан мөнгөн зоосоор зарсан шиг хямдхан зарж байна. Энэ надад огт таалагдахгүй байна. Би өөр зам үгүй болохоороо л мэдээлэл цуглуулах ажилд зүтгэж байна. Ийм л хувь тавилантай байж. Манай систем энд биш гэхэд өөр газар надад мөн л үүнээс дутуугүй хатуу ширүүн ажил үүрүүлэх л байсан. Хэрэв би татгалзвал систем намайг залгиж орхино. Би бүрэн эрх чөлөөтэй хүн биш. Гэтэл чи муу нохой, бидэнд туслах гээд өөрөө гүйгээд ирж байдаг. Хэрэв чи намайг Спецназд байхад надтай таарсан бол муу золиг чиний хамаг шүдийг би гурвалжин хуурайгаар хуурайдаж орхих байсан. Элсүүлсэн хүмүүс рүүгээ инээмсэглэх ёстойг би гэнэт санаад түүн рүү инээмсэглэв.
— Та европ хүн биш юм аа?
— Үгүй.
— Бид танай оронд уулзаж болохгүй гэж би бодож байна, гэхдээ Швейцарт ч бас хэрэггүй. Та Австрид уулзъя гэвэл юу гэж бодож байна вэ?
— Сайхан санаа байна.
— Хоёр хоногийн дараа би таныг Австрид хүлээж байя. Энд, гээд би түүнд зочид буудлын зураг, хаяг бүхий хуудсыг өглөө.  — Таны бүх зардлыг бид төлнө. Тэр дундаа шөнийн клубийнхийг ч бас.
Тэр инээмсэглэж байна. Гэхдээ би түүний инээмсэглэлийн цаад учрыг бүрэн ойлгосонгүй. Сэтгэл хангалуун байна уу эсвэл үгүй юү? Би төрөл бүрийн зуу зуун инээмсэглэлийг мэднэ. Гэвч тэнд бүрэнхий байсан тул би итгэлгүй байлаа.
— Төхөөрөмж танд яваа юу?
— Тийм ээ. Тээшний хайрцагт байгаа.
— Тэр төгөл уруу хамт очоод би төхөөрөмжийг танаас авъя.
— Та намайг алах гээгүй биз?
— Жаахан ухаантай бай л даа. Надад төхөөрөмж хэрэгтэй. Чиний амь надад ямар хэрэгтэй юм бэ? Дараа нь би дотроо  — Чиний новшийн амиар би яах юм бэ? Чи надад амьдаараа хэрэгтэй. Би дөнгөж эхний төхөөрөмж дээрээ больчих санаагүй байна. Чамайг алж яах юм бэ? Би чамд саяыг ч өгч чадна. Зүгээр бараагаа л өгч үз гэж хэлэв.
— Хэрэв та нар ийм ихийг төлөхөд бэлэн байгаа юм бол танай цэргийн үйлдвэрлэл үүнээс хэмнэлт гаргах нь ээ? Тийм үү?
— Маш зөв.
— Эхний төхөөрөмжийг 120000-аар аваад өөрсдөдөө саяыг хэмнэх нь.
— Зөв.
— Цаашдаа та нар саяыг төлөөд зуун саяыг хэмнэх нь, магадгүй хоёр зуу, гурван зуун саяыг.
— Яг тийм.
— Эн чинь намайг ашиглаж байгаа хэрэг! Би ингэж ажиллахыг хүсэхгүй байна. Би та нарт өөрийн төхөөрөмжөө 120000-аар зарахгүй.
— Тэгвэл наад Баруундаа 5500-аар зарахгүй юу. Хэрэв танаас авах юм бол. Хэрэв танд биднээс илүү өндөр үнэ төлөх худалдан авагч олдох юм бол энэ таны хэрэг. Би шахаж шаардахгүй. Тэр зуур би бараг адилхан төхөөрөмжийг Бельги эсвэл АНУ-гаас худалдаад л авчихна.
Энэ бол хэдийн азаа үзэж эхэлж байгаа хэрэг. Том фирмүүд рүү нэвтрэх хэцүү. Хавиргаа ч хугалж мэднэ. Надад ойсон лазерын туяаг хүлээж авах төхөөрөмж олох өөр зам байхгүй. Гэвч би тайван инээмсэглэж байлаа.
Хүсэхгүй бол хэрэггүй. Танайх ганцаараа үүнийг хийдэг ч юм биш. Би өөр газраас л авчихъя.
— За, тооцоогоо хийе!
Тэр миний нүд уруу ширтэв. Удаан ширтлээ. Дараа нь инээмсэглэж байна. Одоо түүний нүүрэнд гэрэл тусаж түүний инээмсэглэл ямар нэг муу юм агуулаагүй гэдэгт би итгэлээ. Тэгээд би түүн рүү дахин инээмсэглэв.
Тэр тээшний савнаасаа боодолтой зүйл гаргаж ирээд над уруу сарвайлаа.
— Үгүй, үгүй, — гэж би гараараа дохив. — Би наадахад чинь хүрэхгүй байсан нь дээр. Миний машинд хийчих. (Ямар нэг зүйл болбол тэр боодолтой зүйлээ миний машинд санамсаргүй мартчихсан юм гэж хэлнэ. Ямар ч тагнуулын ажиллагаа байхгүй. Зүгээр салангаасаа болсон хэрэг.)
Тэр миний машинд суулаа (мэдээж минийх биш, дэмжих бүлгийнхэн прокатаас авсан машин).
Хаалга дотроосоо түгжээтэй. Ийм заавартай. Төхөөрөмж суудал дор. Би хантаазныхаа товчийг тайлав. Энэ бол тусгай хантааз. Мөнгө тээвэрлэхэд зориулсан эд. Би түүний гарт зургаан боодол мөнгө бариулав.
— Тоолж үзээрэй. Хоёр хоногийн дараа техникийн бичиг баримт, зураг төслөө авч ирээрэй. Би үлдсэн 60000-ыг бас бичиг баримтын төлөө 120000-ыг төлөх болно.
Тэр толгой дохив.
Би түүний гарыг атгалаа.
Тэр өөрийн машин уруугаа явав. Би ухасхийн хөдөлж уулзалтын газраас холдон одов.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)