HERO'S WORLD : Тагнуулч Суворов 9 бүлэг 5 -р хэсэг

Тагнуулч Суворов 9 бүлэг 5 -р хэсэг

5

«Аскот», «Энсом», «Амат», «Дэрби» энэ бол Женев хотын зочид буудлуудын нэрс. Энэ бол ГРУ-гийн бат цайзууд. Ер нь бол Монрепо цэцэрлэгт хүрээлэн, Рю де Лозанн гудамж, нуурын эрэг ба Рю де Монблан гудамжны хооронд орших дөрвөлжинд байрлах бүх зочид буудлууд аль эрт ГРУ ба КГБ-гийн байрлах газар болсон юм. Энэ зочид буудлуудаас гарсан мэдээлэл цуглуулах бүлгийнхэн өглөө эрт зүүн эргийг зүглэв. Бид Palais des Expositions орохоор явж байна. Үзэсгэлэнгийн асар том танхимыг олон жижиг хэсгүүд болгон таславчаар хуваасан байх бөгөөд компани, фирм бүр өөр өөрийн талбайд өөрсдийн ололт амжилтыг үзүүлэх бөлгөө.
Одоо энэ байгууламж уруу бүх л талаас нь ГРУ-гийн мэдээлэл цуглуулах бүлгүүд ойртож байгаа. Мөн мэдээлэл боловсруулах, ажиллагаа хангах бүлгүүд ч ирж яваа. Хэрэв асар том газрын зураг дээр манай варягууд, тайга ноход бүрийг, манай машин бүрийг хөдөлгөөнтэй гэрлээр төлөөлүүлэх юм бол идүүлэх үйлтэй арсланд тал талаас нь бүчин ойртож буй сүрэг хархууд шиг харагдах байсан. Зөвлөлтийн тоо томшгүй олон дивизүүд бүслэгдсэн Рейхстагийг дайран эзлэхээр ингэж урагшилж байсан байх.
Дипломат дугаартай хэчнээн олон машин энд цуглаа вэ! Хэчнээн олон үл анзаарагдам, дипломат дугааргүй саарал «фордууд» байна вэ. Мөн өчнөөн олон автобус, микробусууд байна. Бернд байдаг ерөнхий консул, Женевийн консул нар өөрсдийн хар «мерседесүүдийг» Plaine de Plainpalais-ын өөр өөр талд тавьжээ. Тэд мэдээлэл цуглуулахад оролцохгүй. Тэд дэмжих ажил, тэгэхдээ зөвхөн ажиллагааг дэмжих биш ерөнхийд нь дэмжих ажил хийж байгаа юм. Хэрэв бидний хэн нэгийг баривчилбал тэд хөндлөнгөөс оролцон дипломат эсэргүүцэл илэрхийлж, хариу арга хэмжээ авч сайн хөршийн харьцаагаа тасална хэмээн сүрдүүлж цагдаа нараас салгахад бэлэн байлаа. Швейцар улс дахь Зөвлөлтийн элчин сайд Герасимов ба НҮБ-ын Женевийн салбарт суугаа Зөвлөлтийн элчин сайд Миронов нар ч хэзээний бэлэн зогсоно. Тэд ч мөн ерөнхий дэмжих ажлаа хийх болно. Тэд юу болоод байгааг мэдэхгүй ч ийм үед ажиллах Төв Хорооны нууц түлхүүрт заавар бэлэн бий. Дипломат элч нар ч бэлэн байдалд зогсоно. Москва уруу ачаа яаралтай явуулах хэрэг гарч ч мэднэ. Аэрофлот ч мөн бэлэн байна. Хэрэв бидний нэгийг баривчлах юм бол суллагдсаных нь дараа гэр уруу нь яаралтай буцаах болно. Шуугиан бага гарч, сэтгүүлчдэд олзлогдохгүйн тулд, хэрүүл шуугиан үүсгэхгүйн тулд, бүгд нам гүм чимээгүй байхын тулд тэр.
Орох хаалга олон байна. Хаалга бүр дээр дараалал. Энэ бол сайн хэрэг. Олны дунд бид чимээгүйхэн шингэнэ. Билет нь долоон франк. Гурван билет өгнө үү. Хорин нэгэн франк. Маш сайн. Сайхан ч тоо байна. Мэдээлэл цуглуулах албанд ажиллаж байгаа хүн бүр хөгшин эмгэн шиг л мухар бишрэлтэй байдаг юм. Манай бүлэгт нэг бичгийн цүнх бий. Үзүүлэнгийн. Шалгаж болно. Цаас. Өөр юу ч үгүй. Рентгенеер харж, соронзтой хаалгаар биднийг гаргаж болно. Цаас л байгаа.
Миний дагуулууд шууд л өөр өөрийн сонирхсон үзмэрийн самбар уруу яарав. Золиг гэж, тэгж болохгүй. Энд би эзэн. Би хүнийг элсүүлэн урвуулна, би тэдэнтэй ажиллана, тэгэхлээр та нар яарах хэрэггүй. Тэнд байгаа ах уруу очицгооё. Тэр та нарт сонирхолгүй байна уу? Зүгээр ээ. Түүнтэй жаахан ярилцаж, аяга кофе хамт ууцгаая. Харин одоо үүгээр яваад тэнд очъё. Дахиад жаахан сууж фирмийн төлөөлөгчидтэй ярилцан толгой дохиж, тэднийг жаал магтацгаая. Одоо харин, тийшээ очиж радиостанцууд сонирхъё. Энэ та нарт сонирхолгүй байна уу? Мэдэж байна аа, би мэдэж байна. Алив орцгооё, ярилцацгаая.
За, тэнд манай нөгөө сонирхоод байгаа салбар байна. Том фирмүүд, их ололт амжилт. Бид үүгээр ч бас ороод гаръя. Том фирмүүдийн үзмэрийн самбаруудын дэргэд тун олон хүн цуглажээ. Фирмийн мэргэжилтнүүд бүтээлүүдээ тайлбарлаж, тэдний аюулгүй байдлын албаныхан ч харагдана. Цаашаа, цаашаа явцгаая. Одоо энд түр зогсоцгооё. Саарал хайрцгуудын дэргэд нэг намхан эр уйдсан янзтай ганцаар зогсож байна. Ганцаараа. Жижиг фирм. Тэр хэн юм бол? Тэр өөрөө өөртөө фирмийн эзэн эсвэл захирал, бас аюулгүй байдлын алба.
— Өглөөний мэнд.
— Сайн байцгаана уу.
— Таны хайрцгууд бидэнд их сонирхолтой байна. Огт үзэгдээгүй зүйл байна.  — Миний дагуулууд хэл мэддэггүй царай гаргаж буй учраас би хэлмэрчийн дүрд тоглох боллоо. Энэ бол сайхан арга, тэдэнд хариулт хэлэхээсээ өмнө бодох хугацаа гарна. Түүнээс гадна тэд ингэснээрээ намайг өмнөө тавив.
Ямар нэг техникийн зүйлс, тоонуудын тухай ярилцаж, түүнээс нь болж миний толгой өвдчихөв. Харин миний дагуулууд сандчин суудал дээрээ тогтохгүй өндөлзөнө.
— Та тэгээд нэг хайрцгаа хэдээр зарж байгаа юм бэ?
— 5 500 доллар.
Бид бүгд инээлдэнэ. Би тэр даруй (ард хэн ч байгаагүй юм) үзүүлэнгийн цүнхээ онгойлгон, түүнийг номин ногоон өнгөөр нь татахын тулд давхар ёроолыг нь нээж үзүүлэв. Би тэр даруй цүнхийг хаалаа. Харин тэр цүнхнээс нүд үл салгана.
— Бид ийм нэг хайрцгийн төлөө 120000 доллар одоо танд хаяхад бэлэн байна. Бид Зөвлөлт Холбоот Улсаас ирсэн. Танай Барууны засгийн газрууд худалдааны эрх чөлөөг улайран боох юм, тийм болохоор бид таны хайрцгийг худалдан авч чадахгүй нь тун харамсалтай!
Бид босоод явцгаалаа. Гучин алхам холдов. Булан тойрлоо. Олны дунд орон уусав.
— За яав? Жинхэнэ хайрцаг уу эсвэл загвар байна уу?
— Жинхэнэ байна! Явж элсүүл!
Техникийн мэргэжилтнүүд барааг худалдан авахын өмнө тэдэнтэй ярьж тандахаар надтай хамт яваа юм. Намайг бол хуурчхаж дөнгөнө, харин тэднийг бол үгүй. Би нөгөө цүнхээ гартаа бариад үзмэрийн самбар уруу буцаад очиж явна. Тэр намайг таниад инээмсэглэв. Би ч инээмсэглээд хажуугаар нь өнгөрөв. Гэнэт ямар нэг юм шийдсэн маягтай гэнэт эргэж түүн дээр очоод, Орой надтай хамт ганц хоёр хундага юм уухгүй биз гэж асуулаа.
Түүний инээмсэглэл царцаж орхилоо. Намайг удаан бөгөөд хүйтэн харцаар харав. Дараа нь миний цүнх рүү харснаа дахин нүд рүү харж толгой дохив. Би Мотре дэх Hotel du Lac-ын хаяг, зураг бүхий хуудас гаргаж ирээд «21.00» гэж дээр нь бичээд түүнд өглөө. Тайлбарлах гэж цаг үрэхгүйн тулд тэр л дээ.
Үзмэрийн самбараас би нисэх нь холгүй холдлоо. Элсүүлчихлээ! Тэр зөвшөөрсөн! Тэр одоо миний нууц төлөөлөгч! Чөтгөр ав! Баярлаж хөөрснөөсөө болоод адарт тултал үсэрчихгүй юмсан. Баярлаж хөөрсөн инээмсэглэлээ нүүрнээсээ арчих юмсан. Зүрх догдлон булгилж байгаагаа нуух юмсан. Би дагуулуудаа гүйцэж очоод түүнийг элсүүлснээ хэлэв.
Бид дахиад нэлээд хэдэн үзмэрийн самбар тойрч үзэв. Ярилцана. Гайхан шагширна. Толгой сэгсэрцгээнэ. Кофе ууна. Нөгөө цүнхээ дахиад нэг онгойлгодог юм билүү? Миний нүд очтон гэрэлтэж байлаа. Хоёр хүн элсүүлье! Гэвч би хөгшин сайн сэтгэлт жүүд Миша ахыг саналаа. Үгүй ээ. Хоёрдохыг элсүүлэхгүй. Шунал ихэдвэл шулам болно.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)