HERO'S WORLD : Тагнуулч Суворов 8 бүлэг 9-р хэсэг

Тагнуулч Суворов 8 бүлэг 9-р хэсэг

9

«ЗСБНХ Улс Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Гадаад Явдлын Сайдын нэрээр найрамдалт орнуудын засгийн газар ба түүний харьяа цэргийн болон иргэний байгууллагуудын захиргаанаас ЗСБНХУ-ын дипломат шууданг 1815 оны Венийн конвенцийн дагуу хяналт шалгалт болон гаалийн үзлэгээр оруулалгүй нэвтрүүлэхийг хүсэж байна. ЗСБНХУ-ын Гадаад Явдлын Сайд А.Громыко». Төрийн сүлд, хээ угалз болсон шажигнасан үнэт цаасан дээр хэвлэсэн баримтыг цагдаагийн ажилтан уншина. Хэрэв түүнд ойлгомжгүй байгаа бол тэрхүү текстийг мөн англи ба франц хэл дээр уншиж болно. Баримт бичиг дээр энэ бүхэн хэвлээстэй байгаа. Товч бөгөөд тодорхойгоор ЗСБНХУ-ын дипломат шуудан гэж бичсэн байгаа. Цагдаа шүдээ хяхтнуулан асар том чингэлэгт гараа хүргэв. Тэр үүнд дасаагүй аж. Зөвлөлтийн дипломат шуудан Вена хотоор дайран гол мөрөн шиг урсдаг юм. Бүр усан хүрхрээ шиг, Ниагара шиг урсана. Түүний чиглэл нь Вена хотоор дайрч гардаг юм. Энэ бол зөвлөлтийн зэвсэглэсэн элч нар долоо хоногт нэг удаа Венад түр буух бөгөөд цаашаа Берн, Женев, Ром уруу явна. Дараа нь энэ чиглэлийнхээ дагуу буцна. Тэд энд зам зуураа зөвлөлтийн элчин дээр чингэлэг орхидог юм. Буцах замдаа тэр чингэлгээ зөвлөлтийн элчин сайдын яаман дээр хүлээж аваад Москва уруу зөөнө. Москвагаас ирэх бүрдээ тэд нэг бүр нь 50 кг жинтэй тавин ширхэг жижиг чингэлэг авч ирдэг юм. Харин буцахдаа 30-40 чингэлэг аваад явна. Заримдаа 100 чингэлэг зөөх нь ч бий. Чингэлэгтэй ачааг алдвал элч амиараа төлөх болно. Мөн чингэлэг нэг бүрийг зөвлөлтийн элчин толгойгоороо хариуцна. Тэр дипломат шууданг илгээх, угтаж авах ажлыг зохион байгуулах үүрэгтэй. Ийм учраас бид дипломат ачааг тосон авч, явуулдаг юм. Харин биднийг энэ ажилд ээлжээр хөөж явуулдаг юм. Элч нар чингэлгүүдээ даган улс орноор явах үед тэдний дэргэд үргэлж зөвлөлтийн дипломат хамт явах ёстой бөгөөд шаардлагатай тохиолдолд хэрэв Зөвлөлт Холбоот Улсын чингэлгүүдийг булаан авахыг оролдвол хатуу арга хэмжээ, тэр дотроо зэвсэг хэрэглэсэн арга хэмжээ авч болохыг булаан эзлэх оролдлого хийхийг завдсан этгээдүүдэд сануулах учиртай юм. Харин чингэлгүүдийн дотор юу байгааг сонирхсон цөөн бүлэг этгээдэд бол элч нар өөрийн үзэмжээр арга хэмжээ авах эрхтэй. Энэ бол тэдний эрх. Чингэлгүүдийг зэвсэг хэрэглэн хамгаалах тухай Венийн конвенцод заасан бөгөөд элч нар ч хүчтэй, тэдний зэвсэг ч хангалттай байдаг юм. Дипломат элч нар маш олон төрлийн зүйл зөөнө. Тун олон. Бидний цуглуулсан бүхнийг тэд чингэлгээр зөөх бөгөөд сум, галт хэрэгсэл, оптик болон электроник бүтээгдэхүүн, хуягны хэлтэрхий, пуужингийн эд ангиуд, бичиг баримтууд, бичиг баримтууд,бичиг баримтууд. Байлдааны төлөвлөгөө, техникийн баримт, хэзээ нэгэн цагт үйлдвэрлэгдэх эсвэл хэзээ ч үйлдвэрлэгдэхгүй шинэ зэвсгийн зураг төсөл гэх мэт төрөл бүрийн бичиг баримтууд. Элч нар Барууныхны өөрсдөө хэрэглэхийг зөвшөөрсөн, бас хэрэглэхээс татгалзсан зүйлсийг ч зөөнө. Бид бүгдийг нь үзэж харна, бодож тунгаана. Баруун хэрэглэхээс татгалзсан зүйлийг бид хэрэглэж ч болно, Барууны хэрэглэж буй зүйлийг эсэргүүцэх зүйлийг ч бид хийж болно. Ногоон хайрцгуудаар дүүрэн мэдээлэл зөөгдөнө. Цагдаагийнхан шүдээ зууна. Олон олон хайрцгууд. Маш нууц! Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын нэрээр! 1815 оны Венийн конвенцын дагуу! Элч нар явна. Чингэлгүүд зөөнө. Цагдаагийнхан шүдээ зууцгаана. Гэхдээ өнөөдөр тэд онцгой ихээр зууж байна. Онцгой тохиолдол. Өнөөдөр манай элч нар 50 килограммын чингэлэг биш харин 5 тоннын бүр том чингэлэг авч явна. Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын нэрээр! Цагдаагийн бүх удирдлага цуглажээ. Чимээгүйхэн хараацгаах нь сонсогдоно. Манай чингэлэг дээр тэдний харц тусна. Чингэлгийг би дагалдаж яваа юм. Би тэдэнд холбогдох бүх бичиг баримтыг нь хэдийн үзүүлсэн. «Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын дипломат шууданг саатуулбал түүнийг булаан авах, хянан шалгах гэж оролдсонд тооцогдох ба…» гэх мэт хэллэгүүдийг ашиглан ярьж эхлэхэд би хэдийн бэлэн байлаа. Чингэлгийг Венад авч ирэхдээ тусгай тавцан дээр гарган хоосон гэдгийг нь гаалийнханд үзүүлсэн бөгөөд одоо харин дүүрэн ачаатай байгаа. Одоо чингэлэг дээр «ЗСБНХУ-ын дипломат шуудан. Илгээгч: Зөвлөлтийн Элчин Сайдын Яам. Вена хот» гэсэн бичигтэй том улаан тамга дурайж, манай зэвсэглэсэн элч нар дэргэд нь зогсоно. Мөн зөвлөлтийн дипломатч ч хамт байна. Тэр дипломатч тийм ч өндөр тушаалын хүн биш. Гэхдээ ийм үед үргэлж л дунд шатны хүн дагалдаж явдаг. Ямартаа ч тэр ЗСБНХУ-ын бүрэн эрхт төлөөлөгч. Түүнд хуруугаа хүргэх гээд үз л дээ. Дипломатчид халдана гэдэг түүний төлөөлж байгаа улсыг доромжилно гэсэн үг. Дипломатчийг доромжилбол тухайн улсад халдсанд тооцогдоно. Цагдаагийн түшмэдүүд шүдээ зууцгаана. — Чингэлэг тусгай тавцанд зөв бэхлэгдсэн эсэхийг шалгаж болох уу? — Энэ бол таны эрх хэмээн би зөвшөөрөв. Гэвч тэр чингэлэгт гараараа хүрэх эрхгүй. Яах вэ оролдоод үз л дээ. Би Вена дахь ЗСБНХУ-ын ерөнхий консултай шууд холбоотой бөгөөд харин тэр ЗСБНХУ-ын Гадаад Хэргийн Яамтай шууд холбоотой. Шалга, шалга. Цагдаагийн түшмэдүүд чингэлгийг тойрон явж үзэцгээнэ. Тэд дотор нь юу байгааг мэдэхийг ямар их хүсэж байгаа бол! Гэхдээ та нар чадахгүй ноёд оо. Үзгээр бичсэнийг сүхээр цавчих биш дээ ямар. Чингэлгийг элчингийн хашаагаар авч гарах үед манай хөрш КГБ-гийнхэн, зальхай амьтад, биднээс илүү гарчихлаа гэсэн байдалтай атаархангуй харж байсан юм. ГРУ цөмийн реакторын хэсгийг гартаа оруулснаас зайлахгүй. Орон нутгийн цагдаа нар ч мөн тийм бодолтой байлаа. Тэнд нэг нь бүр чингэлгийн дэргэдүүр эргэлдэнэ. Халаасанд нь цацраг идэвх хэмжигч байгаа нь эргэлзээгүй. Бид цөмийн бөмбөг зөөгөөд байгаа эсэхийг мэдэхээр шийдэж л дээ. Тэр цагдааг би зогсоож чадахгүй. Тэр чингэлэгт гараараа хүрэхгүй бөгөөд зүгээр л дэргэд нь очиж болно. Чөтгөр чамайг аваг. Хажууд нь оч л доо. Чиний эрх. Чиний цацраг хэмжигч ажиллахгүй, тэнд цөмийн реакторын хэсэг ч байхгүй. Бас нэг цагдаа чингэлгийн хажууд очлоо. Халуун өдөр цув өмсжээ тэр. Түүний цуван дотор дүүрэн электрон багаж байгаа нь тодорхой. Дотор нь металл байна уу үгүй юу гэдгийг тэр тодорхойлох гэж байх шиг байна. Эсвэл тэнд нууц танкийн хөдөлгүүр нуусан ч байгаа юм билүү? Дүү минь чи юу ч олохгүй дээ. Чиний электрон багаж юу ч мэдэж чадахгүй. Хажууд нь нохой ч гараад ирлээ. Бидний аюулгүй байдалд санаа тавьж байгаа мэт аяглах ажээ тэд. Нохой хамраараа шиншилнэ. Саарал золигнууд та нар ч юу ч олж долоохгүй. Манай элч нар намайг хүндэтгэнгүй харцгаана. Би энэ хэрэгт шууд хамаатай гэдэг нь тэдэнд тодорхой. Гэхдээ чингэлэг дотор юу байгааг элч нар мэдэх ёсгүй. Тэд үүнийг хэзээ ч мэдэхгүй. Чингэлгийг КГБ биш ГРУ дүүргэсэн гэдэг нь харин тэдэнд тодорхой байгаа. Дипломат элч нар энэ талаар онцгой мэдрэмжтэй хүмүүс. Тэд энэ ажлыг хэдэн жил хийж байгаа тул хэнд хаягласныг нь хараад л хэн явуулсныг нь ойлгоно. Харин энэ тохиолдолд бол тэд чингэлгийг зөвхөн хилээр гартал дагах бөгөөд ачааг Братиславт зөвлөлтийн цэргийн хамгаалалттай цуваа тосож аваад цааш нь зохих эзэнд нь хамгаалан хүргэх болно. Чингэлгийг Братиславаас хамгийн ойрын зөвлөлтийн цэргийн нисэх буудалд аваачин дотор нь буй зүйлийг бүгдийг зууханд шатаахаар авч явааг мэдсэн бол элч нар ямар их гайхах бол? Манай Удирдагч элчин сайдын яамны дээврийн хөндийг авах гэж эртнээс гуйсан юм. Харин элчин сайд татгалзсаар ирсэн. Үгүй, энэ асуудлыг ингээд цэглэе гэж тэр хэлсэн юм. Гэвч манай эд аж ахуй нэмэгдсээр байлаа. Ямар нэг багаж, антен чихсэн саарал хайрцгууд жилээс жилд нэмэгдсээр байжээ. Удирдагчид дээврийн хөндий хэрэгтэй. Тэр элчин сайдыг залхтал нь гуйжээ. Надад чагнах төхөөрөмжүүдээ хийх ч газар алга гэж л дээ. Элчин газар нулимаад, чөтгөр ав, тэр дээврийн хөндийгөө ав. Гэхдээ гахайн хороо шиг байгаа. Цэвэрлэх хэрэгтэй, тэгж чадвал дээврийн хөндий чинийх гэж. Гэхдээ тэнд юу байгааг гадагш задруулж надад битгий төвөг уд, дээврийн хөндийгөө өөрсдийн хүчээр цэвэрлээрэй хэмээн нэмж хэлжээ. Их хог новш байгаа юу гэж Удирдагч сонирхов. Тэнд байгаа бүхэн чинийх. Харин яаж цэвэрлэхээ би мэдэхгүй байгаа юм. Мэддэг байсан бол аль эрт цэвэрлүүлээд авчих байсан юм гэж хариулжээ. Өмнөх элчингээс өвлөж авсан юм… Тэд гар барилцан тохирчээ. Элчин сайд дээврийн хөндийн түлхүүрийг Удирдагчид өгч, дээр юу байгааг хэнд ч хэлэхгүй байхыг ахин сануулжээ. Удирдагч элчин сайдын хувийн лацыг эвдэн дээврийн хөндийг нээж гар чийдэн тусгаж хараад хөшиж орхижээ. Дээврийн хөндийд ном пиг дүүрэн хураажээ. Гоё сайхан гялгар хавтастай, шохойтой цаасан дээр хэвлэсэн номууд. Нэр нь өөр өөр байсан ч нэг л хүн, Никита Сергеевич Хрущевын бичсэн номууд. Удирдагч нөхцөл байдлыг ойлгож байлаа. Олон жилийн өмнө нам түүний дуу хоолойг бүх дэлхий сонсоосой гэж хүсжээ. Тийм учраас намын хамгийн ухаантай хүний тавьсан илтгэлүүдийг хамгийн сайн цаасан дээр хэвлэн дэлхий даяар тараасан аж. Элчин сайдын яам тэр номуудыг хүссэн хүн бүхэнд бэлэглэн, бүх номын сангуудад тараажээ. Харин нам ямар элчин сайд номыг сайн тарааж байна, ямар нь тийм ч сайн тараахгүй байна вэ гэдгийг анхааралтай ажиглаж байлаа. Элчингүүдийн дунд хэн нь олон ном тараах вэ гэдэг тэмцээн үүсэж дээ хөөрхий. Элчингүүд би зуун мянган ном тараалаа! Би хоёр зуун мянгыг! Харин би гурван зуун мянгыг!! гэх мэтээр илтгэцгээнэ. Харин Москва за, сайн байна, түүнийг тараахад тийм амархан байгаа юм бол дэлхийн улс түмэн манай хүндэт удирдагчийн номыг унших дуртай байна гэсэн үг, май дахиад зуун мянган ном гэх нь тэр! Наадахаа тараа, Парист байгаа манай элчин чамаас сайн ажиллаж байгаа гэдгийг санаарай. Харин Стокгольмд хэмжээлшгүй ихээр сонирхож байна! Канадад номыг олж авах гэж өнжин хонон дугаарлаж байна… Парис, Оттавад номнуудыг яасныг бүү мэд, харин Венад олон жилийн дараа дээврийн хөндийгөөс оллоо. Удирдагч элчин сайд дээр очоод: — Тэр номнуудыг хог дээр гаргаад хаячих уу гэжээ. — Элчин дургүйцэж, Чи юу гэнэ ээ? — Хөрөнгөтний сонинууд мэдчихээд тэд нөгөө энхрий хайрт намынхаа хуучин удирдагчийг хуурцгааж байсан байна, одоогийн удирдагчаа ч бас хуурч байгаа байх гээд бичээд эхэлнэ. Хэрэв тийм өгүүллэг гарвал юу болох вэ? — Тэгвэл шатаачихъя гэж удирдагчийг санал болгов. Гэвч тэр даруй дуугүй болжээ. Тийм их номыг шатааж болохгүй гэдгийг өөрөө ойлгож байлаа. Хэрэв элчин сайдын яаманд хэдэн тонн цаас шатаагаад эхэлбэл дайн болно гэдгийг хэн ч мэднэ. Үймээн сандраан үүснэ. Харин хэн түүнийг хариуцах вэ? Бага багаар нь шатаавал жил шатаагаад ч барахгүй. Удирдагч бухимдан уурлаж Аквариум уруу нууц түлхүүрт цахилгаан явуулан хэрэв элчин сайдыг чимээ шуугиан гаргалгүй авч гарч чадвал электрон төхөөрөмжүүдээ хураахад зориулж дээврийн хөндийг авмаар байна гэж л дээ. Аквариум үүнийг зөвшөөрөн чингэлэг ирүүлж зохих бичиг баримтыг нь ч явуулжээ. Тайга ноход бид номнуудыг дээврийн хөндийгөөс чингэлэг рүү хоёр шөнийн турш зөөв. Тэр номнуудад хүрэх л юм бол дараа нь бүтэн хоёр цагийн турш найтаах болно. Дээврийн хөндийд халуун бөгөөд шороо тоос ихтэй. Элчин сайдын яамны шат нь өндөр. Шатны гишгүүр тоолон дээш доош гүйсээр зүрх дэлсэн багтрах шахна. Хөлс ч урсана. Никита Сергеевич чамайг чөтгөр аваг гэж бид хараацгаана! Чингэлгийг яг хаалганд тулган тавих хэрэгтэй болсон бөгөөд хаалга чингэлэг хоёрын хоорондох завсрыг брезентээр хучин битүүлж харуул тавих гаргасан юм. КГБ-гийн хөршүүд маань харуулыг нэг харж, асар том чингэлгийг нэг харан атаархсан маягаар исгэрцгээнэ. Цагдаагийн түшмэлүүд чингэлгийг дахин харж, бичиг баримтыг нь дахин шалгаад гараараа дохин, та нарыг чөтгөр аваг, өнгөрүүл гэв. Яаж ч чадахгүй юм чинь тэд. Зөвлөлтийн цэргийн тагнуулууд тэнд ямар нэг чухал зүйлийг нуусан гэдэг нь цагдаа нарт тодорхой байсан боловч харин энэ зүйлийг хэрхэн элчин сайдын яаманд зөөж оруулсан нь л тэдэнд ойлгомжгүй байлаа. Харин үүнийг мэдэж чадаагүйгээс хойш өөр хийх зүйл байхгүй. Өнгөрүүл!

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

тэнэг, мангар, новш, хуц,
nika (зочин)

kkk socialist niigmiin ued hetsuu baijee Mao ze dun bas l baahan nom taraasan gedeg bizdee mao giin ulaan nom gedeg

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)