HERO'S WORLD : Тагнуулч Суворов 8 бүлэг 7-р хэсэг

Тагнуулч Суворов 8 бүлэг 7-р хэсэг

7.

— Дайны үед манай нисэх хүчинд үндсэн хоёр төрлийн нисгэгчид байсан юм гэдэгт анхаарлаа хандуулна уу. Нэг хэсэг нь (цөөнх) хэдэн арван онгоц сөнөөсөн, бусад нь (олонх) бараг юу ч үгүй байдаг. Мөн эхний хэсэг нь энгэр дүүрэн одонтой, нөгөө хэсэг нь ганц хоёрхон медальтай байдаг. Эхний хэсгийн олонх нь бүх л дайныг туулж гарсан, харин бусад нь мянга, хэдэн арван мянгаараа үрэгдсэн байна. Дайны тухай статистик мэдээлэл тун хатуу. Ихэнх нь агаарт нийтдээ арван цаг нисээд л амь үрэгджээ. Сөнөөгч нисгэгчид дунджаар тав дахь нислэгтээ амь үрэгдсэн байна. Харин эхний хэсгийн нисгэгч нэг бүр хэдэн зуун удаагийн байлдааны нислэг, хэдэн мянган цагийн нислэг үйлджээ… Надтай ярилцаад сууж байгаа Зөвлөлт Холбоот Улсын баатар, нисэх хүчний хошууч генерал Кучумов дайны үед шилдэг нисгэгчдийн нэг байсан бөгөөд дайнаас хойш зөвлөлтийн цэргийн тагнуулын хамгийн хашир туршлагатай тагнуулчдын нэг болсон юм. Харин одоо тэр ГРУ-гын даргын тушаалын дагуу ГРУ-гын хилийн чанад дахь, албан ёсны халхавч дор нуугдсан салбаруудын үйл ажиллагааг шалгаж яваа юм. Зарим нэг оронд нь зэвсэглэл олон улсын хурлын төлөөлөгч, өөр зарим нэг оронд дайны ахмад зүтгэлтнүүдийн зөвлөлийн гишүүн нэрээр яваа ажээ. Гэхдээ тэрээр өөрийгөө ахмад дайчдын эгнээнд огт хамааруулаагүй бөгөөд нууц фронтын идэвхтэй дайчин юм. Тэр биднийг зааварлаж, цахилгаан мэт хурдан, толгой эргүүлмээр нууц ажиллагаа явуулж буй нь энэ бөгөөд би хүлцэнгүй номхноор толгойгоо бөхийлгөнө. Одоо бид «ахмадын өрөөнд» хоёулаа байгаа ба тэр биднийг нэг нэгээр нь дуудан уулзаж байгаа юм. Бидэнтэй ярилцаж манай захирагчийг тандахын хажуугаар түүнд тусалж байгаа юм. — Дайны үед энэ хоёр төрлийн нисгэгчдийн хооронд асар их ялгаа байсан юм. Харин дундаж гэж байгаагүй. Шилдэг нисгэгч, баатар, генерал эсвэл анхны тулалдаанд алагдсан бага дэслэгч. Бүх нисгэгч нар адилхан бэлтгэл сургуулилт хийж, байлдааны анги салбаруудад хуваарилагдаж очих үедээ ур чадварын хувьд бараг нэг төвшинд байна. Эхний тулалдаанд дарга нь тэднийг идэвхтэй ба идэвхгүйгээр нь ялгана. Хэн тулаанд тэмүүлж байгааг нь, хэн дайснаас зугтааж үүлэн дунд нуугдахгүй байгааг нь, хэн дайны онгоцыг өөрийн онгоцоор мөргөж унагахаас ч айхгүй байгааг нь дагуулагчаар томилж харин бусдад нь түүнийг халхлах үүрэг өгдөг юм. Идэвхтэй дайчид дандаа эхний тулаанд л тодрон гардаг юм. Бүх салаа, эскадриль, хороо, дивиз, корпусын захирагч нар хамгийн ширүүн тулааны үеэр ч идэвхтэй нисгэгчдэд туслах, тэднийг халхлахын тулд бүх хүчээ хаядаг байсан юм. Идэвхтэй нисгэгч хэчнээн амжилт гаргах тусам түүнийг тулаанд тэр хирээр хамгаалж, түүнд тусална. Би германы 60 гаруй онгоц сөнөөсөн Покрышкиныг тулаанд орж байхыг нь харсан. Сталины өөрийн тушаалаар түүнийг тулаанд ороход нь хоёр эскадриль хамгаалдаг байсан юм. Түүнийг анд гарахад араас нь нэг хэсэг нь дагаж, харин түүний өмнө арай дээгүүр нэг эскадриль, арай доогуур нөгөө эскадриль нь хамт нисдэг байсан. Харин одоо түүний энгэр дээр Зөвлөлт Холбоот Улсын баатрын алтан таван хошуу гурав, хүзүүнд нь маршалын алмазан таван хошуу нэг гялалзаж байгаа, тэр нисэх хүчний маршал, гэхдээ тэр бүхэн түүнд өөрөө хүрээд ирж битгий бодоорой. Огт үгүй. Тэр ердөө л эхний тулаанд идэвхтэй оролцож, түүнээс хойш түүнийг халхлах болсон юм. Тэр бусдаас илүү ур чадвар, хор шартай гэдгээ харуулсан учраас л бүгд түүнд улам ихээр тусалж, түүнийг хүндлэх болжээ. Харин хамгийн эхний тулаанд түүнийг идэвхгүйчүүдийн бүлэгт оруулан хэн нэгний сүүлийг халхлах таагүй ажилд томилсон бол энэ бүхэн хэзээ ч биелэхгүй байсан. Тэр хэн нэгний сүүлийг халхлан араас нь дагаж ниссэн бага дэслэгчээрээ л үлдэх байсан. Тэгээд статистикаар бол түүнийг тав дахь нислэгийнх нь үед сөнөөх байсан, магадгүй арай өмнө ч байж мэднэ. Статистик гэдэг хэн нэгэн рүү нь инээмсэглэж, хэн нэгнээс нь нүүрээ буруулдаг юм. Энэ бүгдийг би яагаад яриад байна вэ гэвэл манай тагнуулын ажил ч тэр агаарын тулалдаанаас бараг огт ялгаагүй юм. Зөвлөлтийн цэргийн тагнуулын газар мянга мянган офицеруудыг бэлтгэн тулаанд оруулсаар байна. Амьдрал тэднийг идэвхтэй ба идэвхгүй хэсэгт дор нь хуваачихдаг юм. Нэг хэсэг нь маш өндөрт гарна, бусад нь хилийн чанад дахь эхний томилолтоо биелүүлж байхдаа зүйл дуусдаг юм. Би чиний хувийн хэрэгтэй танилцсан, чи надад таалагдаж байна. Гэхдээ чи бусдын сүүлийг л хамгаалж байна. Ажиллагааны нөхцөлийг хангах бол аюултай, хүнд бөгөөд новшийн ажил. Хэн нэг нь одон авч байхад чи өөрийн албан тушаалаар дэнчин тавин байж хамгийн хэцүү, хамгийн хүнд ажлыг нь гүйцэтгэнэ. Хэн ч чамайг энэ ажлаас чөлөөлөхгүй гэдгийг санаж ав. Хилийн цаана ажилладаг манай байгууллагуудын ямар ч дарга шинээр ирсэн офицеруудыг бүгдийг нь ажиллагааны хангалтын ажилд ашигладаг бөгөөд нөгөөдүүл нь ч хурдан жагсаалаас гарцгаадаг юм. Тэднийг баривчилж, тухайн улс орноос хөөх бөгөөд дараа нь тэд ГРУ-гын мэдээллийн албанд эсвэл манай «ах дүүгийн найрамдалт» орнуудад бүх насаараа амиа зогоох болдог. Гэвч хэрэв чи өөрөө идэвхтэй байж өөрөө хэн нэгнийг элсүүлээд эхэлбэл дарга чинь чамайг хангалтын ажлаас нэн даруй чөлөөлөх бөгөөд хэн нэг нь чиний сүүлийг хамгаалж чиний амжилтын төлөө өөрсдийгөө золиослох болно. Манай арга ухаан ийм л юм. Хэдхэн жилийн өмнө Парис дахь манай захирагч цэргийн атташегийн нэг идэвхгүй туслахад бусад хэд хэдэн офицерын амжилтын төлөө өөрийгөө золиослохыг тушааж л байсан. Тэр дарга өөрийн идэвхгүй офицероо золигт гаргасан гэдэгт итгэ. Идэвхтэй, амжилттай ажиллаж буй хүнд тэр хэзээ ч тийм тушаал өгөхгүй, энийг нь ч бид дэмждэг юм. ГРУ-гын удирдлага аль болох олон идэвхтэй, хор шартай, амжилттай шилдгүүдтэй болохыг хичээж байна. Тийм хүмүүсийг халхлах идэвх санаачилгагүй, үлбэгэр, хулчгар хүмүүс олдохгүй байхын зовлонгүй. Чамайг хүндэтгэж үзээд би чамд энэ бүхнийг ярьж байна гэж бодох хэрэггүй. Огт үгүй. Би залуучууд та нарт бүгдэд нь үүнийг хэлдэг. Тулааны идэвх, тулааны үр өгөөжийг дээшлүүлэх нь миний ажил. Энэ ажил маань тэр болгон хүн бүрд хүрдэггүй нь харамсалтай. Манай олон сайн залуус бусдын сүүлийг хамгаалсаар, хэзээ ч араасаа дагуулж үзэлгүй ямар ч алдар нэргүйгээр газар мөргөн унаж шатаж байна. Чамд амжилт хийгээд аясын салхийг хүсье. Бүгд чиний гарт байна, хэрэв чи хичээх юм бол чамайг хоёр эскадриль тулалдаанд хамгаалах болно.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)