HERO'S WORLD : Тагнуулч Суворов 8 бүлэг 6-р хэсэг

Тагнуулч Суворов 8 бүлэг 6-р хэсэг

6.

Дипломатч, сэтгүүлч, худалдааны ажилтны дүрд тоглож буй залуу тагнуулч өөрийн ажлын эхний саруудад идэвхтэй байж болохгүй гэж үздэг. Тэрээр дүрдээ шингэж, өөрийн ажиллаж буй тухайн улс, хотынхоо хууль дүрэм, ёс заншил, дүрэм журамтай танилцах хэрэгтэй. Олон орны тагнуулын албадын залуу тагнуулчид мөн ингэж эхний хэдэн сард хариуцлагатай ажиллагаанд бэлдэцгээдэг юм. Энэ үед нь орон нутгийн цагдаагийн газар ч тэдэнд анхаарлаа бага хандуулах бөгөөд цагдаа нар туршлагатай тагнуулчидтай хөөцөлдөөд тэртэй тэргүй завгүй байдаг юм. Гэвч ГРУ бол тагнуулын онцгой алба. Тэр бусад албадтай огт адилгүй. Эхний саруудад чиний араас мөрддөггүй л юм бол түүнийг ашигла!
Эхний сард би ямар нэг дугтуй нууц газарт хүргэх, хэн нэгний өгөх ёстой дохиог хүлээн нэг газрыг долоо хоног харуулдах, шөнө ойгоос ямар нэг хайрцгуудыг элчин сайдын яаманд аваачих, радио хяналтын бүлэг манай ажиллагаа явуулах бүсэд цагдаа нарын радио станцууд маш идэвхтэй ажиллаж байгааг тогтоох үед манай офицеруудын үйл ажиллагааг болиулах ажлуудыг хийж байлаа. Миний хийж байгаа энэ бүх ажлууд нь хэн нэгний ажиллагааг хангах, хэн нэгэнд туслах, ажиллагааны зорилгыг ч мэдэхгүйгээр оролцох ажлууд юм. Манай ГРУ-гын төлөөлөгчдийн газрын мэдээлэл цуглуулагч дөчин офицерын тэн хагасаас олон нь энэ ажлыг хийдэг юм. Энэ ажлыг «сүүл хамхих» гэж нэрлэнэ. Харин үүнийг хийдэг хүмүүсийг тоомсоргүйгээр «тайга ноход» гэж нэрлэцгээх бөлгөө. Тайга ноход бол их хооллох шаардлагагүй боловч хээр талаар үнэг туулай хөөлгөж болдог ноход. Том араатны өөдөөс тавьж болох боловч ганц нэгээр нь биш харин сүргээр нь турхирвал зохино. Тайга ноход бол урт хөл, жижигхэн толгой.
Ертөнцөд бүх зүйлс харьцангуй. Би Жанжин штабын офицер. Зөвлөлтийн армийн бусад сая сая офицеруудтай харьцуулбал би дээд элит давхаргын офицер. Жанжин штаб дотроо ч би ГРУ-гын офицер, өөрөөр хэлбэл Жанжин штабын хэдэн арван мянган офицеруудтай харьцуулбал би дээд зэрэглэлийнх. ГРУ дотроо би гадаад ажиллагааны офицер буюу хилийн чанадад ажиллуулж болох офицер. Тэр нь ГРУ-гын хилийн цаана явуулдаггүй жирийн офицеруудтай харьцуулбал илүү өндөр зэрэглэлтэй. Гадаад ажиллагааны офицерууд дотроо ч би өндөр ангилалд багтана. Би манай харуул, механикч, техникч, радио холбоо ба радио хяналтын офицеруудын дэргэд хамаагүй өндөр зэрэглэлийн, мэдээлэл цуглуулах ажил хариуцсан офицер. Гэхдээ энэ дээд элит дотроо бол би борчуудын нэг. ГРУ-гын мэдээлэл цуглуулах ажлын офицеруудыг тайга ноход ба варягууд гэж хоёр анги болгон хуваана.
Тайга ноход бол мэдээлэл цуглуулах ажил эрхэлдэг офицеруудын ямар ч эрхгүй, дарлагдсан олонх нь. Бидний ихэнх нь бие төлөөлөгчийн аль нэг орлогчийн бүрэн хяналтад ажиллах бөгөөд бие төлөөлөгчтэй өөртэй нь бараг хэзээ ч уулздаггүй юм. Бид нууцыг, яг үнэндээ бол тэдгээр нууцыг хадгалж байгаа хүмүүсийг ангуучилдаг юм. Энэ бол бидний үндсэн ажил. Гэхдээ бидний өөрсдөө ч жинхэнэ учрыг нь дөнгөж таамаглах төдий нууц ажиллагааны нөхцөлийг хангах тийм ажилд биднийг хайр найргүй ашиглана.
Тайга нохдын давхаргын дээр варягууд байна. Варяг гэдгийг эртний славян хэлнээс орчуулах юм бол далайн цаанаас ирсэн урилгагүй зочин гэсэн үг. Муу санаатай, хэрцгий, хор шартай, хөгжилтэй бас шазруун. Варягууд бие төлөөлөгчийн хувийн хяналтад түүний орлогчдыг хүндлэн ажиллана, гэхдээ ихэнх тохиолдолд бие даан ажилладаг. Хамгийн их амжилт гаргасан варягууд бие төлөөлөгчийн орлогч болдог. Орлогч нар ганцаар ажиллахгүй бөгөөд тэдний бүрэн мэдэлд тайга нохдийн бүлэг байна.

Бие төлөөлөгчийн нэгдүгээр орлогч — Бага эзэн — бүгдийг хянана. Тэр өөрөө маш идэвхтэй, амжилттай ажиллаж буй мэдээлэл цуглуулагч офицер бөгөөд өөрийн мэдээлэл цуглуулах ажлыг хийх, тайга нохдын өөрийн бүлгийг удирдахаас гадна тэрээр радио хяналтын бүлгийн ажлыг хянаж, төлөөлөгчдийн газрын хамгаалалт, аюулгүй байдал, бүх офицеруудын тэр дотроо техникийн ба оператив-техникийн ажилтан офицеруудын ажлыг ч хариуцна... Нууц түлхүүрт мэдээллийнхэн л түүнд захирагдахгүй. Тэднийг бие төлөөлөгч өөрийн биеэр удирдана. Бие төлөөлөгч бол захирагч, эцэг, удирдагч бөгөөд бүгдийг хариуцна. Тэр хэрэг дээрээ хэмжээгүй эрхтэй. Төлөөлөгчдийн газрыг аюултай байдалд оруулсан, мөн тэрхүү аюултай байдлыг үүсгэж буй офицерыг нутаг буцаах боломжгүй үед тэр нэгдүгээр орлогоосоо авахуулаад өөрийн захирагдагчдын хэнийг ч алах эрхтэй. ГРУ-гын офицерыг бие төлөөлөгчөөс гадна зөвхөн Дээд Шүүх л Төв Хорооны хүсэл таалалд нийцүүлэн алах эрхтэй байдаг юм. Иймд манай эцэг зарим асуудал дээр Дээд Шүүхээс ч илүү эрх мэдэлтэй бөгөөд тэр хэний ч заавар, зөвлөгөөгөөр ер дутахгүй бөгөөд түүнд олон нийтийн сонгууль, хэвлэл мэдээллийн байгууллагуудын дэмжлэг огт хэрэггүй билээ. Тэр өөрөө бие даан шийдвэр гаргах бөгөөд өөрийн шийдвэрийг амьдралд хэрэгжүүлэх, яг үнэндээ бол үхэл тарих хангалттай хүч, эрх мэдэлтэй. Манай Удирдагч ГРУ-гын 1-р газрын 5-р хэлтэст захирагдана. Гэхдээ зарим асуудлаар зөвхөн ГРУ-гын даргад захирагддаг юм. Түүнээс гадна тэрээр онцгой нөхцөл байдал үүссэн үед ГРУ-гын удирдлагатай санал нийлэхгүй бол шууд Төв Хороотой холбогдох эрхтэй. Түүний хязгааргүй эрх мэдэл нь зөвхөн мөн тийм хүчирхэг бөгөөд тусдаа бие даасан, дайсагнагч КГБ-ын төлөөлөгчдийн газрын оршин буйгаар хязгаарлагдан саармагжиж байдаг юм. Хоёр бие төлөөлөгчийн хэн хэн нь элчин сайдад үл захирагдана.
Элчин сайд бол зөвлөлтийн эзэмшил газар дээр байгаа цохилтын хоёр бүлгийг өнгөлөн далдлахын тулд л тэнд байдаг юм. Мэдээж, олны нүдэн дээр элчин сайдтай хүндэтгэлтэй харьцана. Учир нь хоёр төлөөлөгч хоёулаа өндөр зэрэглэлийн дипломатчид тул түүнд тоомжиргүй ханддагаа тийм үед гаргахгүй байхаа сайн мэднэ. Элчингээс хамаарах хамаарал дээрх ёс төдий хүндэтгэлээр л дуусгавар болдог юм. Төлөөлөгчдийн газар бүр элчин сайдын яаманд өөр өөрийн нутаг дэвсгэртэй.
Төлөөлөгчдийн газрын гадна хаалга нь яг л сайн сейфны хаалга гэсэн үг. Хэн нэг шооч нь дээр үед Зөвлөлтөөс ирэхдээ өндөр хүчдэлийн шонгийн зурагтай «Амь насанд аюултай! Өндөр хүчдэл!» гэсэн бичигтэй, шар өнгөтэй анхааруулах самбар авчирсан юм. Анхааруулгын дор хохимой толгойн зураг байсан нь мэдээж хэрэг. Тэр самбарыг манай ногоон хаалганд гагнаж орхисон бөгөөд тэр нь манай цайзыг гаднын хүмүүсээс олон жилийн турш хамгаалж байгаа юм.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)