HERO'S WORLD : Тагнуулч Суворов 8 бүлэг 3-р хэсэг

Тагнуулч Суворов 8 бүлэг 3-р хэсэг

3.

Би өөрийн хийсэн эхний алхмуудын талаар илтгэж байна. Удирдагч миний яриаг таслалгүйгээр чимээгүй сонсож сууна. Тэр ширээ ширтэн суух нь надад хачирхалтай санагдлаа. Тагнуулын сургуульд эхэлж заахдаа ярилцаж буй хүнийхээ нүд рүү харж, тасралтгүй ширтэх харцыг давж, өөрийн харцыг тулааны зэвсэг болгон ашиглаж сурах ёстой гэдэг. Энэ хашир чоно яагаад хамгийн энгийн шаардлагыг биелүүлэхгүй байна вэ? Энэ нэг л биш байна даа. Би биеэ хураан, түүнээс харц үл салган тааруухан зүйл болохыг дотроо хүлээн зогсоно.
— Сайн байна, — гэж тэр эцэст нь арайхийн дуугараад цаашдаа миний нэгдүгээр орлогчийн хувийн хяналтад ажиллана, гэхдээ сард хоёр удаа чиний илтгэлийг би өөрөө биечлэн сонсож байх болно хэмээн өөрийн бичиг цааснаас харцаа үл салган хэлэв. Эхний долоо хоногуудад чи багагүй зүйл амжуулсан байна, тийм учраас би чамд арай чухал даалгавар өгч байх болно. Амьд хүнтэй уулзах ажилд яв. Түүнийг миний нэгдүгээр орлогч — Бага эзэн элсүүлж авсан юм. Гэхдээ би Бага эзнийг ажиллагаанд явуулж азаа үзмээргүй байна. Ийм учраас чи яв. Тэр элсүүлж авсан хүн бидний хувьд маш чухал хүн. Нөхөр Косыгин өөрийн биеэр энэ ажлыг сонирхож байгаа. Бид ийм хүнийг алдах эрхгүй. Тэр Баруун Германд ажиллаж, америкийн танк эсэргүүцэх «Toy» пуужингийн эд ангиудыг бидэнд өгдөг юм. Бид чамайг Баруун Германд нууцаар аваачих болно. Уулзалт зохион байгуулж, пуужингийн эд ангиудыг аваад хөлсийг нь төл. Ул мөрөө буруулж олон километр явах хэрэгтэй. Чамайг зөвлөлтийн цэргийн атташегийн туслах Бонн хотод угтах болно. Түүнд ачааг өгөхдөө баглаа боодолтой өг. Тэр чамаас яг юу авч байгаагаа мэдэх ёсгүй. Ачаа цаашаа дипломат шуудангаар Аквариум уруу явна. Асуулт байна уу?
— Уулзалт зохион байгуулахыг Баруун Германд байгаа манай офицеруудад яагаад даалгаж болохгүй гэж?
— Яагаад гэвэл, нэгдүгээрт, Баруун Герман маргааш манай бүх дипломатчдыг хөөж гаргалаа ч Баруун Германтай холбоотой мэдээллийн урсгал ямар ч тохиолдолд өчүүхэн ч багасахгүй. Бид нууц мэдээллийг Австри, Шинэ Зеланд, Японоор дамжуулан авсаар л байх болно. Их Британиас зөвлөлтийн бүх тагнуулчдыг хөөчихвөл КГБ-ын хувьд сүйрэл болно, харин бидний хувьд бол үгүй. Бид британийн нууцуудыг Австри, Швейцар, Нигери, Кипр, Гондурас ба Аквариумын офицерууд ажиллаж байгаа бусад бүх орноор дамжуулан авсаар байх болно. Хоёрдугаарт, бидний олсон пуужингийн эд ангиудыг ГРУ-гын дарга хүлээж аваад Баруун Герман дахь ГРУ-гын бүх дипломат ба албан бус төлөөлөгчдийг дуудаж, тэр бүх найман генералаас яагаад Австрид байгаа Голицын Баруун Германаас ийм зүйлүүдийг олж болоод байхад харин та нар... чөтгөр ав, яагаад олж чадахгүй байна вэ гэж асуух болно. Та нар зөвхөн хүний юмаар хүүдэгнэж л чаддаг улс уу? Та нарын хангамж гэхэд л … гээд загнаж гарна. Зөвхөн ингэж л өрсөлдөөн үүсдэг юм. Хатуу ширүүн өрсөлдөөний үр дүнд л бидний бүх амжилт бий болдог юм. Бүгдийг ойлгов уу?
— Бүгдийг, нөхөр генерал.
— Өөр асуумаар зүйл байна уу?
— Үгүй.
— Асуумаар байгаа, би чиний асуултыг мэдэж байна! Бага эзэн пуужингийн эд ангиудын төлөө одон хүртэнэ, харин залуу ахмад түүний төлөө өөрийгөө золиослоод юу ч хүртэхгүй гэдэг асуулт л чамайг зовоож байгаа. Чи энийг л бодож байгаа биз дээ?
Тэр гэнэт над уруу харав. Тэрний сурсан арга энэ юм байна! Тэр өөрийн энэ харцыг сүүлийн мөчийг хүртэл нөөж байжээ. Тэр ямар ч энэрэлгүй, хатуу ширүүн харцаараа хавирга уруу цохиод авах шиг боллоо. Тэр өөрийн харцыг гэнэт бөгөөд чадмаг ашиглах аж. Би үүнд бэлэн биш байлаа. Түүний харцыг тэсэж чадсан ч худлаа хэлж чадахгүйгээ ойлгов.
— Тийм, нөхөр генерал.
— Идэвхтэй ажилла. Элсүүлэх хүмүүсийг хайж ол. Тэгвэл чиний толгойг ч мөн илэх болно. Тэгвэл чи зөвхөн толгойгоо ажиллуулж, хэн нэг нь чиний өмнөөс арьсаа хуулуулах болно.
Тэр инээмсэглэх боловч харц нь хүйтэн хэвээрээ байлаа.
— Ажиллагааныхаа нарийн ширийн зүйлсийг Бага эзэнтэй тохиролцоно биз. Яв.
Би өсгийгөө хавсраад гялсхийтэл эргэн захирагчийн өрөөнөөс гарлаа. Коридорт хэн ч байсангүй. Ажлын том танхимд ч мөн хэн ч алга. Агаар хөргөх төхөөрөмж зөөлөн дуугарч ажлын бүүдгэр танхим уруу хүйтэн агаараар үлээнэ. Өрөөний цэнхэр гэрлийг бага зэрэг тодруулаад зузаан хивсэн дээгүүр шал чахарган явсаар танхимын алсын буланд байдаг сейф рүү явлаа. Би сейфний нүүрэн дээрх нууц түлхүүр оруулдаг дугуй хүрэл бариулыг хэдэн хором харж зогсоод хүндээр санаа алдан нууц түлхүүрийн тоонуудыг оруулав. Хуягласан хүнд хаалга чимээгүй аажим онгойж цаана нь буй арван хоёр жижиг зузаан хаалга гарч ирлээ. Нүүрэн дээр нь 41 гэж нямбайлан бичсэн өөрийн хаалгыг түлхүүрдэж онгойлгов. Дотроос нь бичгийн цүнхээ авч ажлын ширээн дээрээ гаргаж тавиад сейфээ хаалаа. Хоёр торгомсог утаснаас болгоомжтой татаж эхлээд сүлдтэй лацыг, дараа нь өөрийн хувийн лацыг эвдэн цүнхийг онгойлголоо. Цүнхнээс нягт зузаан цагаан цаасан дээр нямбай шугамдсан бүртгэлийн хуудас гаргаж дахин гүнзгий санаа алдаад «Э11. Долдугаар сарын 13. Орон нутгийн цагаар 12 цаг 43 минутад цүнхийг нээв» гэж дээр нь бичээд гарын үсгээ зурав.
Хуудсыг болгоомжтой буцааж хийгээд 173-В-41 дугаартай нимгэн, гялгар ногоон хавтас гаргаж дэлгэлээ. Эхний хуудас нь шигүү бичгээр дүүрсэн бөгөөд үлдсэн хуудсууд нь цэв цэвэрхэн байх аж. Тэндээс нэг цэвэр хуудас авч өмнөө тавив. Зүүн дээд буланд нь би өөрийн хувийн тэмдгээ дараад хуудсыг бичгийн машинд хийлээ. Баруун өнцөгт нь дадмаг хөдөлгөөнөөр «Маш нууц» гэж түргэн бичээд хэдэн мөр алгасаж голд нь «ТӨЛӨВЛӨГӨӨ» хэмээн бичиж гарчиг тавив.
Үүнийг хийчхээд би шанаагаа тулан хана ширтэн хэсэг суув. Миний уур дүрэлзэж байлаа. Би ажлын ширээ, цэнхэр гэрэл, хүрэн хивс, ногоон хавтаснуудыг, өөрийгөө, ер нь л бүх ертөнцийг үзэн ядна.
Тэр бүгдийн дотроос би нэг хүнийг өмнөө байгаа бичгийн машинаас ч илүү үзэн ядаж байна. Энэ бол захирагч, чөтгөр ав гэж! Тушаах амархан! Гэхдээ энэ чинь дивиз захирахтай адилгүй шүү дээ. Тийшээ яваад үүнийг хийгээд ир гэнэ шүү. Би хэзээ ч Баруун германд очиж байгаагүй. Ирээд дөнгөж гуравхан долоо хоног ажиллаж байгаа намайг ийм ажилд явуулж байдаг. Хэрэв би ажиллагааг нурааж орхивол яах вэ? Тэднийг чөтгөр аваг, намайг шоронд суулгаж, та нар өөрийн нэг тагнуулчаа алдана!
Хэрэв энэ үед хэн нэгний царай харагдсан бол би тэвчээргүй зан гаргахгүй байлаа. Гэвч эргэн тойронд хэн ч байсангүй. Би зүлгэмэл ширээний тавцан дээрээс уураа гаргачих ямар нэг юм хайлаа. Үзэг харандаа хийдэг чамин жижиг шилэн аяга гар дор тааралдахаар нь чанга атгаж байгаад байдаг хүчээрээ хана уруу чулуудаж орхив. Аяга ч гомдолтой нь аргагүй хангир жингэр хийн бут үсрэв.
— Чи яагаад солиотой юм аашлаад байна вэ? — Намайг эргэж харахад миний өмнө Бага эзэн зогсож байлаа.
Би хэт улайрсандаа түүний орж ирэхийг анзаарсангүй.
— Өршөөгөөрэй, — гэж хэлээд би түүн рүү эгцэлж харалгүй шал ширтэн зогслоо.
— Юу болоо вэ?
— Удирдагч намайг танай хүнтэй уулзахаар яв гэлээ.
— Үгүй тэгээд яваач дээ. Юу нь хэцүү байна вэ?
— Шулуухан хэлэхэд, би юунаас эхлэх, юу хийхээ мэдэхгүй байна…
— Төлөвлөгөөгөө гарга! — тэр гэнэт дүрс хийгээд ирэв.
— Төлөвлөгөөгөө бич, би урьтаад гарын үсэг зураад…
— Хэрэв үйл явдал миний төлөвлөснөөр болохгүй бол яах вэ?
— Ю-уу гэнэ э-э-э? — тэр намайг үл ойлгосон нүдээр хараад, цаг уруугаа нэг, над уруу нэг хялалзан байснаа санаа алдаж зэмлэсэн өнгөөр: — Бичиг цааснуудаа ав. Явцгаая гэлээ.
Зааварчилгааны өрөө надад үргэлж тансаг хээнцэр усан онгоцны ахмадын өрөөг санагдуулдаг юм. Хамгаалалтын системүүд ажиллаж байх үед хана, шал, тааз нь үл мэдэг чичрэх нь яг л бүх хурдаараа давлагаа зүсэн урагшлах хөлгийн тавцан дээр байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг юм. Түүнээс гадна ханан дотор хэдэн арван давхар тусгаарлагчийн цаана чимээ замхруулагч хүчтэй төхөөрөмжүүд тавьсан байгаа. Тусгаарлагч нь тэгдгээр төхөөрөмжүүдийн хүнгэнэх чимээг мянга дахин бууруулж өрөөнд алсад сонсогдох далайн давлагаа шиг л өчүүхэн нүргээн мэдэгдэнэ.
Зааварчилгааны өрөөнд бүх зүйл цав цагаан өнгөөр гялалзана. Тийм болохоор зарим нь түүнийг «хагалгааны өрөө» хэмээн нэрийднэ. Харин би ингэж нэрлэх дургүй тул энэ өрөөг үргэлж «ахмадын өрөө» гэж нэрлэдэг юм. Ахмадын өрөөнд нэг ширээ, хоёр түшлэгтэй сандал тавьжээ. Гэхдээ ширээ, сандал нь тув тунгалаг учир тансаг бөгөөд ер бусын сэтгэгдэл төрүүлнэ.
Бага эзэн намайг суу гэж дохиод өрөө миний өмнөөс харан суув.
— Заануудын оршуулгын газарт чамд юу ч сайн сургасангүй. Хэрэв амжилтад хүрэхийг хүсэж л байгаа бол юуны өмнө академид Заануудын сургасныг бүгдийг нь март. Өөрсдөө амьдрал дээр ажиллаж чадаагүй хүмүүс л Заан болдог юм. Харин одоо миний шинжлэх ухааныг сонс. Юуны өмнө төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Төлөвлөгөөний нөхцөл байдлын бүхий л хувилбарыг тусгаж тийм үед өөрөө ямар шийдвэр гаргахаа ч мөн бич. Их бичих тусмаа сайн.
Төлөвлөгөө бол хамаг юм баларсан үед чамайг аврах цагираг. Аквариумын мөрдөн байцаалтад өөрийгөө зөвтгөж, би тун нухацтай хандсан гэдгээ харуулах баримт болно. Цаас хэчнээн их байх тусам чиний бөгс цэвэр байна гэдгийг санаж ав. Харин төлөвлөгөөгөө бичсэн бол даруй бэлтгэл ажилдаа ор. Гол нь өөрийгөө сэтгэл зүйн талаар бэлтгэх хэрэгтэй. Аль болох амарч, ууранд орсон ч болно. Бүх сөрөг сэтгэл хөдлөл, эргэлзээ тээнэгэлзээгээ хөсөр хая. Ажиллагаанд явахдаа ялна гэдэгтээ итгэл төгс байх ёстой. Хэрэв чи итгэлгүй байгаа бол одоо татгалзсан нь дээр. Гол нь өөрийгөө омог төгөлдөр ялагчийн түрэмгий долгион дээр тохируулах хэрэгтэй. Хангалттай амарсныхаа дараа Высоцкийн ямар нэг дууг сонс, жишээ нь «Чонын ав»-ыг. Энэ дуу бүх л ажиллагааны турш чиний дотор эгшиглэж байх ёстой. Ялангуяа буцах замдаа. Хамгийн том алдаануудыг бид амжилттай уулзалтын дараа буцах замдаа гаргадаг юм. Бид баярлаж хөөрсөндөө түрэмгий мэдрэмжээ мартаж орхидог. Манай ган хаалгаар орж ирэн иртлээ тэр мэдрэмжээ алдаж болохгүй. Гол нь төлөвлөгөө биш, харин сэтгэл зүйн бэлтгэл гэдгийг давтан хэлье. Чи өөрийгөө ялагчаар мэдэрч байхдаа л ялж чадна. Төлөвлөгөө гаргахаар чинь бүх л боломжит хувилбаруудыг хамтдаа авч үзэцгээе. Энэ маш чухал ч үүнээс ч чухал зүйл бий гэдгийг марталгүй санаж яв. Ялагч бай! Үргэлж өөрийгөө ялагч гэдгийг мэдэр. Амжилт хүсье.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)