HERO'S WORLD : Тагнуулч Суворов 7 бүлэг 11-р хэсэг

Тагнуулч Суворов 7 бүлэг 11-р хэсэг

11

Хэдийн шөнө дунд болжээ. Цахилгаан галт тэрэг хов хоосон байх аж. Харанхуй булан тохой дамжсаар би метроны буудалд хүрэв. Тэнд миний араас машинаар хөөж чадахгүй тул надад тун тохиромжтой. Метронд КГБ-ын залуус миний дэргэд гарч ирэх ёстой. Гэвч вагонд хэн ч алга. Аль хэдийн шөнө орой болж, би ч тэднээс цэвэрхэн салав бололтой. Одоо хамгийн гол нь теле камеруудаас бултах хэрэгтэй. Метроны өртөө бүрд өчнөөн олноороо байгаа. Хэрэв КГБ намайг Москвагийн гудамжинд алдсан бол төв удирдлагын цэг рүүгээ хэдийн миний гадаад төрх байдлыг дамжуулсан байгаа. Москвагийн метроны бүх камеруудаар хэдийн намайг хайж байгаа. Гэвч би хэдийн туршлагатай болсон. Би «Измайловский парк» өртөөн дээр буух болно. Тэнд би ердөө дөрвөн телекамер байхыг харсан бөгөөд тэдгээрийн байрлалуудыг ч тодхон санаж байна. Хэрэв хамгийн сүүлийн вагонд суувал камерын дэргэдүүр түргэн өнгөрч болно, харин тэнд бетон хашааны нарийхан хаалгаар гарч өтгөн ой уруу орсон арваад зөрөг зам бий. Олох гээд үз л дээ намайг! Цас хөл дор чахарна. Гэвч тэнд, зөрөг замуудаар хэдийн хүмүүс явж өнгөрцгөөжээ. Орой нь тэнд тэтгэврийнхэн бөөнөөрөө зугаалж, арай цаахна нарсан дунд үргэлж архичид цугладаг юм. Харин одоо хэн ч алга. Би ойгоор асар том тойрог үүсгэн алхлаа мөрөө буруулан алхав. Түр зогсоод удаан чагнаж үзнэ. Миний араас цас чахрах чимээ үл сонсогдоно. Тэнд би хэдийн тайвширч эргэн тойрноо харлаа. Романуудад ихэнхдээ үүнийг «бод идсэн боохой шиг» гэдэг нэр томьёогоор илэрхийлдэг юм. Тийм ээ, яг тэгж. Санаа зовох зүйлгүй болжээ. Би цэвэрхэн саллаа. Миний араас мөрдөх хүн алга. Харин нууц газрыг зөвхөн би мэднэ. Тэр байна. Бетон хашааны бөглүү мухарт хориод гарааш эгнүүлэн тулгаж тавьжээ. Харин гарааш хана хоёрын хооронд үл ялиг завсар байна. Эргэн тойрноос шээс ханхална. Энэ ч сайн хэрэг. Мөнөөх завсар уруу сонирхож шагайх хүн олдохгүй гэсэн үг. Тэд хажууханд нь сарьж хэргээ бүтээж аваад цааш яаран одоцгооно. Миний ажил иймээс хойш яалтай билээ. Эргэн тойрноо дахин нэг хараад нарийн завсраар зүтгэлээ. Тэнд хуурай бөгөөд цэвэрхэн байсан боловч давчуухан аж. Эхний хоёр гараашийн дунд хүрэхийн тулд би гурван метр газар зүтгэх хэрэгтэй байлаа. Тийш нь хуруугаа сунгаж чадвал хэн нэгний орхисон дугтуйг тэмтэрч болно. Гэвч энэ хэдхэн метрийг туулах хэцүү ажээ. Генка бол яагаад ч энэ завсраар багтахгүй байж. Амьсгаагаа гаргаад бага багаар зүтгэн ахив. Арйа ядан аьсгалж байна. Дахиад л амьсгаагаа бүр гаргаад урагш зүтгэнэ. Өө, би ямар тэнэг юм бэ! Шургахаасаа өмнө пальтогоо тайлах байж. Энэ завсрыг би бүр эрт олсон юм. Тэр үед би төвөггүйхэн орж болж байсан. Гэхдээ тэгэхэд зун болж байсан л даа. Дахиад амьсгаагаа гаргаад дахиад урагшаа. Одоо баруун гараа урагш нь. Дахиад жаахан урагшаа. Булангаас нь зуураад ав. Одоо хуруунуудаа тэнийлгэ. Дээш доош тэмтэр. Ө-ө-ө! Ямар нэг төмөр сарвуу миний бугуйг хавчин авч, сохлом хурц гэрэл нүдэнд тусав. Эргэн тойрон хэдэн арван хүн аяархан ярилцах сонсогдон гар хавханд орсон мэт болов. Өвдөж байна, чөтгөр ав. Хэн нэгний хүчтэй гар миний хөлөөс зууран чирч эхлэв. Намайг тэндээс төвөггүй гаргалаа. Хөлөөс татсан хэвээрээ. Харин би өчигдрийн шээс, өнөөдрийн цасан дээр хамраараа хатган унав. Измайловийн хүрээлэнд машин орох зам байхгүй ч тэр даруй хаанаас ч юм бэ гарч ирсэн хөнгөн тэрэгний тоормос чахран дуугарах сонсогдов. Миний гарыг ард зөрүүлэн мушгиж би ёоллоо. Хүйтэн гав миний гарт тасхийлээ. — Консулыг дууд! — гэж би иймэрхүү үед орилох ёстой. Машины арын хаалга дэлгэгдлээ. Би эсэргүүцмээр санагдаж машинд суухгүй гэлээ! Гэвч хэн нэг нь яг л дүүжлүүр доорх мухар сандлыг өшиглөдөг шиг миний хөл рүү өгчилгөж орхив. Чадалтай, хүчтэй залуу гэж жигтэйхэн залуус аж! Миний шүд тачигнан, аль хэдийн арын суудалд хоёр Геркулесын дунд сууж байлаа. — Консулыг дууд! — Новш минь, чи энд юу хийж байгаа юм бэ? — Консулыг дууд! — Чиний бүх үйлдэл хальсанд бичигдсэн байгаа! — Эрээ цээргүй өдөөн хатгалга байна! Би та нарыг Брижит Бардотай унтаж байгаагаар ч бичээд авч чадна! Консулыг дууд! — Чиний гарт нууц бичиг баримтууд байсан! — Та нар хүчээр миний гарт бариулсан! Миний бичиг баримт биш! — Чамайг нууц газраасаа юм авч байхад чинь барьсан! — Ичгүүргүй гүтгэлэг! Та нар намайг хотын төвөөс барьж ирээд энэ өмхий нүх рүү хүчээр чихсэн! Консулыг дууд! Машин эргэлт дээр чих янгинам чахран эргэсээр хаа нэг тийш харанхуй уруу хурдална. — Консулыг дууд! — гэж би орилсоор тэднийг залхааж орхив. — Хөөе залуу минь, чи хангалттай дадлага хийлээ. Одоо орилохоо боль! Харин энэ тоглоом тохууг би мэднэ. Хэрэв намайг тавьж явуулах юм бол дадлагын ажил дууссан гэсэн үг. Харин намайг суллахгүй бол үргэлжилсээр байгаа хэрэг. Би цээжээ түхийлгэн амьсгаа аваад бүр чангаар : — Консулыг дууд, новшнууд аа! Би ямар ч гэмгүй дипломат ажилтан байна. Консулыг дууд!!! гэж орилов. — Консулыг дууд! Нүүр рүү хоёр тольдуур хайр найргүй тусгана. Нүд нулимс гартал өвдөж байна. Тэд намайг суулгаж, биерхэг, дүнсгэр хүн миний ард зогсов. Үгүй, би тэнд суухгүй. Консулыг дууд! Би бослоо. Гэвч нөгөө бадриун залуу том гараараа миний мөрөн дээр дарж түшлэгтэй хүнхэр модон сандалд хүчээр суулгахыг оролдоно. Тэр улам хүчтэйгээр сандал уруу дарж хүнд гуталтай хөлөөрөө араас жийв. Миний хөлийг өвдгөөр нь хялбархан нугалж би түшлэгтэй сандал дээр унаад өгөх нь тэр. Гутлаараа хөнгөхөн өшиглөсөн нь хөлийн шагай дээр таарч өвдөж эхлэв. Тольдуурын гэрлийн цаанаас хэн нэгний дуу хоолой: — Чи тагнуул! — Консулыг дууд. Би Зөвлөл Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын дипломатч байна! — Нууц байрны дэргэд хийсэн таны бүх үйлдэл хальсан дээр бичигдсэн байгаа! — Зохиомол бичлэг! Увайгүй өдөөн хатгалга! Консулыг дууд! Би босох гэж оролдлоо. Гэвч нөгөө том хөл миний зүүн хөлийн хонго уруу хөнгөхөн жийхэд би тэнцвэр алдлаа. Дахиад л өвдөж байна. Тэр хөнгөхөн өшиглөх боловч өвдөг шагайн ясанд таарвал их өвдөх аж. Энэ ийм их өвдөж болно гэж би хэзээ ч бодож байгаагүй юм байна. — Та хүрээлэнд шөнө юу хийж байсан бэ? — Консулыг дууд! Би дахиад бослоо. Тэр ч хөнгөхөн бөгөөд оновчтой өшиглөв. Хавдаж хөхрөхгүй тул хэнд ч баталж хэлж болохгүй бөгөөд тэр золиг намайг зовоож, тарчилгаж байна. Намайг дахин босоход тэр дахиад л хөнгөн өшиглөн суулгав. Хөөе, мангар минь, бид сургууль хийж байна. Энэ чинь сургууль. Чи яагаад намайг өвдтөл өшиглөөд байна вэ? Дахиад босоход тэр намайг дахиад суулгав. Би толгойгоо эргүүлж түүний царайг мөрөн дээгүүрээ харахыг оролдов. Гэвч юу ч харагдсангүй. Тольдуурын гэрэлд гялбасан нүдэнд юу ч үл харагдана. Өрөөн дотор хоёр тольдуураас бусад нь харанхуйлж харагдах аж. Өрөөний том багийг ч мэдэх арга алга. Тольдуурын гэрлээр тэсэх аргагүй халуун цоргих авч хааяа хааяа үл мэдэг салхи сэвэлзэж буйгаар нь бодоход том өрөө байх. Жижиг өрөөнд бол тэгэхгүй. — Та хууль зөрчсөн байна… — Наадахаа миний консулд ярьж өг. Өвдөж байсан тул дахиад өшиглүүлэхийг би огт хүсэхгүй байлаа. Ийм учраас дахиад гурван удаа л босох гээд үзэхээр шийдлээ. Харин дараа босолгүй сууж байя. Модон сандлаасаа өндийж босохыг би огт хүсэхгүй байна. Алив, Витя, эхэлье. Би хоёр хөлөө өвдгөөр нь нугалан өлмийгөө арагш болгож биеийн жингээ хөлийн булчингууд дээрээ аажим шилжүүлж, гүнзгий амьсгаа аваад ухасхийн өндийв. Түүний өшиглөлт миний ухасхийхтэй яг таарчээ. Миний зүүн хөл бага зэрэг дээш шидэгдэж би үл ялиг дуу алдаад түшлэгтэй сандал дээр уналаа. Түшлэгтэй сандал нь зөөлөн бөгөөд тухлаг байгаагүй нь харамсалтай. — Та хэнээс нууц байраар дамжуулан материал авсан бэ? — Консулыг дууд! Тэр өшиглөөд байгаа нөхөр ч мөн одоо сургууль хийж байгааг би мэдэж байлаа. Ирээдүйд тэр түшлэгтэй сандлын ард зогсоод байцаагдаж буй хүмүүсийг босгохгүй суулгаж байх ажлаа хийх болно. Энэ ч нарийн шинжлэх ухаан юм аа. Тэр ч хичээнгүй сурагч юм. Шаргуу. Урам зоригтой. Түүний сүүлийн өшиглөлт өмнөхүүдээсээ хүчтэй байлаа. Надад тэгж санагдсан ч байж магадгүй, тэгэхдээ тэр нэг л газраа өшиглөөд байх шиг. Ер нь би яагаад босох гэж оролдоод байгаа юм бэ? Би зүгээр л консулыг ирүүлэхийг шаардаад сууж байж болох шүү дээ. Харин консулыг дуудтал би тэдэнтэй юу ч ярихгүй. Тэгэхлээр би өндөлзөөд байхаа болихоор шийдэв. Дахиад гурван удаа оролдоод л болоо. Дараагийн өшиглөлт өөрийн ажил мэргэжилдээ үнэхээр дуртай хүний чадмаг өшиглөлт байлаа. Тийм учраас дараагийн асуултыг нь би ойлгосонгүй. Ямар нэг юм асуусныг мэдэж байвч юу асуусныг нь ойлгосонгүй. Юу гэж хариулахаа хэдэн хором бодоод зүгээр л: — Консулыг дууд гэж дахин орилохоор шийдэв! Ийм байцаалт намайг залхааж эхлэв, тэднийг ч мөн адил. Тэгтэл том гар миний мөрөн дээр дахин дарж хэн нэг нь миний хуруунуудын завсраар харандаанууд хавчуулж эхлэв. Энэхүү тоглоомыг би мэднэ. Энэ бол маш энгийн бөгөөд үр дүнтэй арга ба дээр нь бас ямар ч ул мөр үлдээдэггүй юм. Миний сарвууг атгахаас өмнө би энэ талаарх бүх шинжлэх ухааныг дотроо санахыг хичээв. Нэгд хашгирч болохгүй, хоёрт өөрийн өвдөлтөөс таашаал бүр ч илүү өвтгөхийг хүсэх. Энэ л ганц аврал болно. Хэн нэгний хөлстэй гар миний сарвуунаас барьж хуруунуудын хоорондох харандаануудыг тэгшилж засаад бахь шиг гараараа атгав. Хоёр тольдуур доргиж салганан галзуурсан мэт эргэлдэж эхлэв. Би тоосгон шалтай харанхуй том өрөөнөөс ангижран хаа нэг тийш хөвж эхлэв. Би өөрийгөө улам их өвтгөхийг хүсэхийн хажуугаар хэн нэгнийг шоолон инээсээр байлаа.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)