HERO'S WORLD : Тагнуулч Суворов 7 бүлэг 10-р хэсэг

Тагнуулч Суворов 7 бүлэг 10-р хэсэг

10

Тагнуулчдад нэг ер бусын дүрэм бий. Мөрдөлтөөс бүү зугт! Хэрэв чиний араас мөрдөж байна гэдгийг мэдэх юм бол түүнийг анзаарсан гэдгээ гадаад байдлаараа мэдэгдэж болохгүй, чи дипломат ажилтан шүү дээ, чөтгөр ав. Юу ч болоогүй юм шиг хотоор тэнэж, цаг нөхцөө. Харин өнөөдөр ажиллагаанд явахгүй. Тэд чамайг орхисон дүр үзүүлээд хэрэг дээрээ бол хүмүүсээ сольж, яг чиний дэргэд, бүр олуулаа болчихсон байж ч мэднэ. Мөрдөлт илрүүлсэн тэр өдөр ажиллагаа явуулахыг хориглоно. Энэ бол хөдөлшгүй хууль. Харин ажиллагаа бүр олон хувилбартайгаар бэлтгэгддэг юм. Хэрэв өнөөдөр араас дагаад байгаа бол ажиллагаагаа маргааш явуулж болно, эсвэл долоо хоног, сарын дараа. Харин тэднээс сална гэж санасны ч хэрэггүй! Маш үнэмшилтэй шалтаг гарган саллаа ч чи өөрийгөө жирийн нэг дипломат ажилтан биш харин нууц мөрдөлтийг илрүүлж чаддаг, тэднээс зугтах ямар нэг шалтгаантай тагнуулч гэдгээ батлах болно. Хэрэв чи тэдэнд ингэж харагдвал чамаас тэд салахгүй. Чи тагнуул гэдгээ харуулсан, энэ хангалттай. Тэгвэл чамайг өдөр бүр мөрдөж, чамд ажиллах ч боломж өгөхгүй. Мэдээж, тэднээс нэг удаа салж болох ч тэд чамайг аюултай хүмүүсийн жагсаалтад оруулж, тэднээс хэзээ ч салж чадахгүй болох бөгөөд чиний араас гучин хүн өдөр бүр өсгий даран мөрдөх болно. Тийм учраас тасарч салахыг хориглодог юм. Гэхдээ өнөөдөр бол үгүй… Өнөөдөр бидэнд мөрдөгчдөөс салахыг зөвшөөрсөн юм. «Та нарын дипломат ажил албыг чөтгөр аваг, заримдаа Аквариум тухайн ажиллагааг ямар ч үнээр хамаагүй биелүүлэхийг шаардах нөхцөл байдал ч үүсдэг. Салцгаа!» гэж Заан хэлэв. Бид хоёулаа, Генка бид хоёр. Салаад өгөөч гэм, арилаад өг, новшнууд аа. Москвад хэзээний харанхуй болжээ. Хүйтэн байна. Москва эл хуль оргино. Москвагийнхан гурав хоногийн дараа архидаж, зугаалцгаах болно. Баярлацгааж, найрал хөгжимтэй жагсаал болно. Харин одоо хөлчүү найрын өмнөх нам гүмд Москва умбажээ. Бидний араас хар сүүдрүүд дагана. Бидний сүүдэр, бас өөр хэний ч юм бэ сүүдэр. Сүүдрүүд огт нуугдахгүйгээр хурдан дөхнө. Хэрэв бид ганц ганцаараа ажиллаж байсан бол аль хэдийн мөрдөгчдөөс салчих байсан. Мөрдөгчдөөс салах хориотой, харин бид одоо үүнийг сурч байна эхний оролдлогоо бид Петровын худалдааны төв дотор хийв. Тохиромжтой газар. Хүн ч их байлаа. Бид хүмүүсийн дундуур, урт урт дарааллын дундуур сүлжин, том шатаар уруудаж дахиад хүмүүсийн дунд орж арын хаалгаар гаран метроны өртөө рүү орлоо! Гэвч биднийг мөрдөж буй сүүдрүүд ч мөн хоцорсонгүй. Лениний ууланд бид хоёр дохь оролдлогоо хийлээ. Бас л тохиромжтой газар. Галт тэрэг хөдөлж хаалга юу юугүй хаагдах гэж байна! Хаалга хаагдахаас хормын өмнө амжиж галт тэрэгнээс үсрэн буух хэрэгтэй. Гэвч бидний сүүдрүүд ч мөн дутуугүй зальтай аж. Москва хот эл хуль, гадаа хүйтэн, харанхуй байна. Гэвч Генка өөр нэг газар мэднэ гэнэ. Марина Расковагын талбайд. Тийшээ явцгаах уу, Генка? Явъя! Явцгаая… Генка, өнөөдөр бидний араас хэдэн хүн мөрдөж байна вэ? Зөндөө, чөтгөр ав, зөндөө. Бид нэг нэгнээсээ салж болохгүй нь харамсалтай. Хоёр хүний ажиллагаа. Салчих уу яадаг юм бэ, Генка? Эрхээ хэтрүүлж болохгүй. Ажиллагаагаа нурааснаас ингэсэн нь дээр биш үү? Генка намайг хоосон гудамжуудаар дагуулан явна. Тэр газрыг тэрээр эртнээс ашиглахаар зэхжээ. Харин одоо бид тийшээ гүйж байна. Үгүй ээ, чөтгөр ав. Том биетэй гурван залуу бидний араас ойрхон ирж явна. Нуугдахыг ч хүсэхгүй байна. Энэ бол албаар ил мөрдөж сэтгэл зүйд нөлөөлөхийг оролдож байгаа хэрэг. Бүр олон хүн нууцаар дагаж байгаа. Гудамжны булан тохой бүрд тэд нуугдаж байгаа. Тэр гурав биднийг одоо шууд ил мөшгөнө. Яг бидний ард инээлдэх нь сонсогдоно. «Хэрэв тэд зугтчихвал яах вэ» гэж чанга дуугаар нэг нь асуув. «Гүйцнэ ээ» гэж нөгөөдөх нь тайвшруулна. Тэд бидний ард маш ойрхон хөхрөлдөнө. Генка миний хажуугаас нударч байна. Бэлтгээрэй гэж байгаа хэрэг. Би ч бэлэн, харин бяцхан цасан ширхгүүд тэнгэрээс унаж эхлэв. Энэ жилийн анхны цас. Цэвэр тунгалаг агаараар амьсгалж гудамжаар зугаалан алхмаар байлаа. Гэвч юун цэвэр агаар амьсгалахтай манатай. Мөрдөгсдөөс салах цаг болжээ. Генка миний гараас татаж, бид ямар нэг хаалга уруу нисэх мэт орж бохир заваан шатаар уруудан гүйснээ дахин дээш өгсөж харанхуй хонгилд гарч ирлээ. Золиг гэж, хөлөө хугалчихгүй юмсан. Дахиад л шатаар уруудан гүйнэ. Гэнэт өмхий ханхлан дор хувин тээглэх аж. Дахиад л хаалга, дахиад л шат, хонгилууд. Хүү-хүү-хүү гэж Генка амьсгаадна. Амьсгаадах боловч сайн гүйж байна. Тэр том биетэй тул түүнд хэцүү байгаа. Гэхдээ тэр харанхуйд муур шиг л харах аж. Дахиад л ямар нэгэн хаалганууд, хөл дор алчуур тээглэж хагархай шил харжигнана. Бид гудамжинд нисэн гарч ирцгээв. Би хаана байгаа үл мэднэ. Бүхий л Москвагаар хөндлөн гулд явж үзсэн боловч энэ газарт өмнө нь ирж байгаагүй юм байна. Бидний өмнө гурван нарийн гудамж байна. Генка намайг зүүн тийш чангаана. Чи ч сайн залуу юм аа, Генка. Энэ тохиромжтой газрыг чи олоогүй бол бид балрах байлаа. Чи энэ газрыг олох гэж хэдэн сар Москвагаар хайсан бэ? Ийм газрыг алтан жаазанд хийгээд ямар сайхан газар болохыг нь залуу тагнуулчдад үзүүлэх хэрэгтэй. Энэ бүр үлгэр жишээ болно. Лондон, Нью-Йорк, Токиод ажиллах хүмүүс хүссэн цагтаа цагдаа нараас найдвартай салдаг байхын тулд бүгд ийм газартай байх хэрэгтэй! Гэвч өнөөдөр бид нуугдаж чадахгүй бололтой. Энэ газар ч тус болохгүй нь. Москвад зөөлөн цас бударна. Анхны цас. Гутлын өсгийд цас наалдаж Генка бид хоёрын мөр Саран дээр буусан анхны сансрын нисгэгчдийн мөр шиг л дурайн үлджээ. Үүнийг л өөдгүй тохиолдлын хууль гэж хэлдэг байх. Хөдөлшгүй энэ хуулийн дагуу л зүсэм талх газар унахдаа тостой талаараа доош харж унадаг байх. Салж чадахгүй нь, Генка! Сална аа! Генка миний гараас татна. Москва хоосон, нам гүм, шударга иргэд аль хэдийн нүхэндээ шургацгаажээ. Бүх Москва даяар зөвхөн Генка бид хоёр бас КГБ-ын том банди нар л байх шиг. Хүү-хүү-хүү, — Генка амьсгаадна, — Витька чи галт тэрэгнээс үсрэхээс айхгүй биз дээ? Үгүй, Генка, айхгүй. Тэгвэл, Витька, оролдоод үзье. Надад нэг санаа байна. Чи даалгавраа биелүүлэхээр яв, харин би чамайг халхалж үлдье. Бид жижиг гудамж дамжин, хашаа даган гүйсээр байлаа. Хэрэв том гудамжинд гарвал мөр үлдэхгүй ч тэнд дан тэдний машинууд байгаа. Машинаас харин зугтааж дөнгөхгүй. Бид хашаа дамжин гүйсээр өртөөн дээр ирэхэд галт тэрэг ч хурдаа саан ирж явав. Хүү-хүү-хүү, — Генка амьсгаадна. Бидний араас хөөж яваа гурван том ч мөн амьсгаадна. Хүү-хүү-хүү. Сүүлийн галт тэрэгний хаалга нээгдэж бид ч гүйн орлоо. Биднийг ормогц хаалга хаагдчихдаг ч болоосой! Гэвч тэр хаагдсангүй. Бидний араас хөөх хөлийн чимээ морин төвөргөөн шиг сонсогдсоор тэр гурав галт тэргэнд орж ирэв. Тэгээд вагон дамжин бидний араас айсуй. Бид хамтдаа вагон дамжин нисэх мэт гүйж, Генка намайг түлхээд өөрөө арагш эргэв. Тэр яг л сөнөөгч онгоц дайсны онгоцыг сэнсээрээ хяргах гэж байгаа мэт дайрав. Харин би хаалга уруу ухасхийлээ. Харин одоо битгий хаагдчихаасай билээ! Би бүх жингээрээ хаалганы нэг хавтсыг түлхэж, нөгөөх нь хэдийн миний нурууг хавчин галт тэрэг ч аажим хөдлөв. Галт тэрэгнээс ар талаараа, арагш үсрэх хэрэгтэй. Гэвч үүнийг би бүр сүүлд санасан юм. Харин би урагшаа чигээрээ үсэрч орхив. Шүдээ чанга зуусан байх ёстойг ч мартсан учир шүд яг хавх мэт тасхийн бууж золтой л хэлээ тас хазсангүй. Намайг үсрэх үед хурд багатай, галт тэрэг тавцангийн дэргэдүүр явж байсан тул өндөр нь ч шальтай байсангүй. Хөл газарт хүрмэгц нугарч, суун тусахдаа гараа шалбалж орхилоо. Түүнийг эс хайхран үсрэн босоход сүүлийн вагон миний хажуугаар түржигнэн өнгөрч байв. Чахрах чимээ сонсогдоно. Москвагийн цахилгаан гарт тэрэгнүүд хурдаа түргэн авдаг. Гэтэл харин тоормос чахрах аж. Нөгөө том залуус тоормосны татуургыг татсан аж. Би ч хичээлээ хийж байна, тэд ч мөн хичээллэж байгаа. Би яг жинхэнэ нөхцөл байдалд ажиллаж байгаа шиг ажиллах болно, тэд ч мөн адил. Тэд ч мөн шалгалт өгч дүнгээ тавиулна. Одоо тэд ямар үнээр ч болов намайг барих ёстой. Залуус аа, та нар ч бүтэлгүйтлээ дээ! Би хашаа уруу ухасхийн дээгүүр нь давав. Яваад байгаарай. Хүү-хүү-хүү. Яваад байгаарай. Баярлалаа, Генка!

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)