HERO'S WORLD : Тагнуулч Суворов 6 бүлэг 7-р хэсэг

Тагнуулч Суворов 6 бүлэг 7-р хэсэг

7. Намайг дахиад л бүүдгэр цайвар цонхтой битүү машинаар хаашаа ч юм бэ авч явна. Би юу ч харахгүй, намаг ч хэн ч харахгүй аж. Эд намайг хааш нь авч яваа юм бол? Сибирь рүү юү эсвэл Төв Хороо уруу юу? Ямартаа ч Төв Хороо уруу авч яваа юм шиг байна. Хэрэв Сибирь рүү авч явсан бол миний чемоданыг хамт явуулах байсан, тэгэхлээр намайг бүр биш, харин хаа нэгтээ, хэн нэгэнтэй түр уулзуулаад буцаагаад хүргэх бололтой. Цонхны цаана их хотын шуугиан сонсогдохыг бодвол бид хотын төвд явж байгаа байх нь. Лубянкад ирж байгаа юм болов уу? Лубянкийн ойролцоо Зержинскийн өргөн чөлөөнд үргэлж Ниагара хүрхрээ шиг шуугиан ихтэй байдаг юм. Надад яагаад ч юм бэ, яг Лубянкийн дэргэд ирж байх шиг санагдаад байлаа. Гэхдээ энд гайхах зүйл байхгүй л дээ. Учир нь Төв Хороо Лубянкийн хажууханд байдаг юм. Манай машин хаа нэгтээ удаан зогсоод дараа нь нэг тийш болгоомжтой явж орлоо. Ард төмөр хаалга чахрах сонсогдлоо. Хаалга онгойж, буугаарай гэв. Бид нэг давчуухан, бүүдгэр бяцхан хашаанд байх аж. Дөрвөн талд хуучны өндөр хана харагдана. Ард хаалга байна. КГБ-ын түрүүч нар хаалганы дэргэд зогсоно. Бүүдгэр хашаа уруу орсон хэд хэдэн жижиг хаалга байна. Нэг хаалган дээр нь мөн л КГБ-ын харуул зогсож байна. Бусад хаалганы дэргэд харуул харагдсангүй. Дээр байшингийн цонхны доорх хөвөөн дээгүүр тагтаанууд харагдана. Наашаа явна уу. Седой ямар нэг бичиг баримт үзүүлэв. КГБ-ын түрүүч ёсолж байна. Орогтун. Седой замаа мэдэх аж. Тэр намайг эцэс төгсгөлгүй үргэлжлэх коридороор дагуулж явлаа. Улаан хивснүүд. Хүнхгэр тааз. Арьсан бүрээстэй хаалганууд. Дахиад л бидний үнэмлэхийг шалгав. Орогтун. Цахилгаан шат биднийг гуравдугаар давхарт чимээгүйхэн өргөж гаргав. Дахиад л коридорууд. Том хүлээн авах танхим. Ширээний ард хижээл насны эмэгтэй сууна. Түр хүлээнэ үү. Седой миний араас үл мэдэг түлхэж ард хаалга хаан өөрөө хүлээх өрөөнд үлдэв. Уудам танхим. Цонхнууд нь адраас шууд доош үргэлжилнэ. Цонхоор зөвхөн дүлий хана, дээврийн хөвөөн дээр суух тагтаанууд л харагдана. Царс модон ширээ. Алтан нүдний шилтэй туранхай хүн ширээний ард зогсоно. Хүрэн өнгийн хослол өмсжээ. Ямар ч ялгах тэмдэг, одон, медаль зүүсэнгүй тэр. Армид бол сайхан. Шууд мөрдэсийг нь хараад л нөхөр хошууч, нөхөр дэд хурандаа гээд л ярьж эхэлнэ… Харин энд юунаас эхлэх вэ? Би юу ч хэлж чадсангүй. Би зүгээр л өөрийгөө танилцуулав: — Ахмад Суворов. — Сайн байна уу, ахмад аа. — Амрыг эрье. — Бид таныг анхааралтай судалж үзээд Аквариумд авахаар шийдлээ. Мэдээж зохих бэлтгэл хийлгэсний дараа. — Танд их баярлалаа. — Өнөөдөр наймдугаар сарын хорин гурван. Энэ өдрийг бүх амьдралынхаа турш санаж яв, ахмад аа. Энэ өдрөөс эхлэн бид таныг маш өндөр шатны, Төв Хорооны нэрсийн бүртгэлд орууллаа. Бусад ердийн онцгой эрхүүдээс гадна та бас нэг эрх эдэлнэ. Энэ өдрөөс эхлэн КГБ таныг хянахгүй. Энэ өдрөөс эхлэн КГБ танаас асуулт асуух, түүндээ хариулахыг шаардах, таны эсрэг ямар нэг үйл ажиллагаа явуулах эрхгүй. Хэрэв та алдаа гаргавал өөрийн удирдлагадаа илтгэ, тэд бидэнд илтгэх болно. Хэрэв та илтгэхгүй ч байсан бид таны хийсэн алдааг тэртэй тэргүй мэдэж байх болно. Гэхдээ ямар ч тохиолдолд, ямар ч мөрдөн байцаалтыг зөвхөн ГРУ-ын удирдлагууд эсвэл Төв Хорооны захиргааны хэлтэс хийх болно. КГБ-тэй холбогдсон ямар ч асуудлыг та өөрийн даргадаа шууд илтгэх үүрэгтэй. Төв Хорооны аюулгүй байдал нь Төв Хорооны нэрсийн бүртгэлд орсон байгууллага, хүмүүс өөрийн тусгаар тогтносон байдлыг бусад аль нэг байгууллагуудаас хэрхэн хамгаалж чадаж байгаагаас хамаарна. Төв Хорооны аюулгүй байдал гэдэг бол таны хувийн аюулгүй байдал гэсэн үг, ахмад аа. Төв Хороо таныг цэргийн тагнуулчаар сонгож авсан тэр итгэлээр бахархаж яв. Амжилт хүсье. Би тодхон ёслоод гарлаа.
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

тэнэг, мангар, новш, хуц,
Д.Дэвхрэг (зочин)

Энэ нуу ийн эээ??? зохиолиймуу??

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)