HERO'S WORLD : Тагнуулч Суворов 6 бүлэг 5,6-р хэсэг

Тагнуулч Суворов 6 бүлэг 5,6-р хэсэг

5.

Асуултуудын 90-ээс дээш хувьд зөв хариулсан хүмүүсийг авдаггүй болохыг би бүр хожим мэдсэн юм. Хэтэрхий ухаантнууд хэрэггүй. Тэгээд ч шалгалтаар мэдлэгийн төвшинг голчлон тогтоох гээгүй юм. Огт үгүй. Сэтгэлийн хүчтэй цочролын үед, хөндлөнгийн саадтай нөхцөлд их хэмжээний мэдээллийг богино хугацаанд өөрийн болгож авах чадварыг шалгах нь гол зорилго. Мөн түүнээс гадна хошин шогийн мэдрэмж, өөдрөг сэтгэлгээний төвшин, сэтгэлийн тэнцвэр, идэвхтэй ажиллах чадвар, зан чанарын тогтвортой байдал гэх мэт олон зүйлийг шалгадаг юм.
— За, залуу минь, чи бидэнд тохирч байна гэж шалгалтын зургаа дахь өдрийн сүүлээр буурал толгойтой шалгагч хэлэв.
 — Манай байгууллага тун буурь суурьтай газар. Ойлгохыг хүсээгүй хүн ч хялбар ойлгохоор товч бөгөөд тодорхой журамтай. Манай дүрэм тун энгийн: ороход нэг, гарахад хоёр рубль. Энэ нь манай байгууллагад элсэхэд хэцүү ч гарахад бүр хэцүү гэсэн үг. Онолын хувьд байгууллагын бүх гишүүдэд түүнээс яндангаар дамжин гарах нэг л зам бий. Тэрхүү гарц нь зарим нэгнийх нь хувьд хүндтэй, зарим нэгнийх нь хувьд гутамшигтай зам байх боловч бид бүгдэд зориулсан нэг л яндан байдаг. Зөвхөн түүгээр дамжиж л бид байгууллагаас гарна. Энэ яндан тэр байна...

6.

Хурандаагийн царай миний бүхий л амьдралын турш шөнийн хар дарсан зүүдэнд орж ирэх байх гэж би бодож байлаа. Гэвч тэр надад хэзээ ч зүүдлэгдээгүй юм. Би түүний тухай ихийг бодож байлаа. Харин одоо юу болоод байгаа нь надад ойлгогдохгүй байна. Тэр мөнгөнд дуртай, уух дуртай, хүүхнүүдэд дуртай байсан гэж надад тайлбарлав. Тэгээд гадаадын тагнуулуудад мөнгөөр худалдагджээ. Тийм байж гэж бодъё. Түүнд Баруун уруу зугтах сайхан боломжууд байсан. Гэхдээ тэр зугтсангүй. Баруунд түүнд мөнгө, дарс, хүүхэн ханатал олдох байсан. Харин Москвад тэртэй тэргүй мөнгөө үрж чадахгүй. Үрвэл дороо баригдана. Хүүхний хэнээт хүүхнүүд рүү, мөнгө рүү зугтах ёстой байсан ч тэр зугтсангүй. Тэр хүүр шатаах зуухнаас эмээсэн гэнэ. Яагаад тэр вэ, чөтгөр ав? Би халуун дэрэн дээр хөрвөөн, унтаж үл чадна. Шалгалтгүй анхны шөнө. Харин намайг шөнийн цагт телекамераар ажиглаж байж болох л юм даа. Тэднийг ч чөтгөр аваг! Би босоод бүх л булан уруу салаавч харуулав. Хэрэв намайг одоо мөрдөж байгаа бол маргааш өглөө Төв Хороонд аваачихгүй. Дараа нь би тэдэнд зөвхөн салаавч харуулах нь хангалтгүй гэж үзээд хэрэв камер үнэхээр байгаа бол үзүүлж болох бүхнийг харуулав.
Чадах бүхнээ харуулаад сэтгэл хангалуун орондоо орж, маргааш намайг Сибирь уруу танкийн рот командлуулахаар хөөнө, хэрэв тэгэхгүй бол энд амьдарч болно, хяналтыг ч аргалж болно гэсэн хатуу итгэлтэйгээр унтаад өгөв.
Би орон дээр тун ч таатайхан унтана. Би бөх унтана. Хэрэв намайг Аквариумд авах юм бол зөвлөлтийн тагнуулын байгууллагын хувьд том алдаа болно гэдгийг би мэдэж байна. Надад гарц байгаа бол зөвхөн яндангаар дамжиж гарах л зам үлдэж байна, харин тэр зам миний хувьд хүндтэй зам яав ч байхгүй гэдгийг ч би мэднэ. Би хөнжил дотроо үхэхгүй гэдгээ бас мэднэ. Үгүй ээ, ийм хүмүүс орон дотроо үхдэггүй юм. Ээ дээ, зөвлөлтийн тагнуулынхан минь, та нар намайг шууд л тэр яндангаараа гаргасан бол дээр байсан юм даа!

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)