HERO'S WORLD : Тагнуулч Суворов 5 бүлэг 15-р хэсэг

Тагнуулч Суворов 5 бүлэг 15-р хэсэг

15

 — Ахмад аа, чамайг дайсны ар талд хаяж, онцгой даалгавар гүйцэтгүүлэх Жажин штабын урьдчилсан шийдвэр гарсан гэж үл таних генерал намайг сүртэй харцаараа тэнсэн байж өгүүлэв. — Бэлдэхэд чамд хэдий хир хугацаа хэрэгтэй вэ? — Гурван минут, нөхөр генерал. — Яагаад тав биш гэж — Тэр анх инээмсэглэв. — Би зөвхөн бие засах газар түргэхэн ороод ирэхэд гурван минут хангалттай. — Миний тоглоомыг тэр дутуу ойлгож магад гэдгийг би ойлгоод нэмж: —Намайг шөнөжингөө нааш нь автобусаар авчирсан, тэнд бие засах боломжгүй байлаа. — Николай Герасимович, — гэж генерал хэнд ч юм бэ хандаад, — ахмадыг хүргээд өг. Хоёр минут хагасын дараа би дахиад генералын өмнө зогсож байлаа. — Одоо бэлэн үү? — Бэлэн, нөхөр генерал. — Хаашаа ч хамаагүй юу? — Гал, ус уруу ороход ч бэлэн, нөхөр генерал. — Хаашаа гэдгийг нь сонирхохгүй байна уу? — Сонирхож байна, нөхөр генерал. — Хэрэв бид чамайг даалгавар гүйцэтгүүлэхийн тулд маш удаан бэлдэхээр шийдсэн бол яах вэ? Жишээ нь таван жил. Чи үүнд яаж хандах вэ? — Зөвшөөрнө. — Яагаад? — Энэ бол үнэхээр чухал даалгавар гүйцэтгэнэ гэсэн үг. Энэ надад тохирно. — Ахмад аа, чи Жанжин штабын аравдугаар газрын тухай юу мэдэх вэ? — Эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж буй хэн бүхэнд зэвсэг хүргэх, үндэсний чөлөөлөх хөдөлгөөний удирдагчдыг бэлтгэх, Ази, Африк, Куба уруу цэргийн зөвлөхүүд илгээх ажлыг хариуцдаг юм. — Аравдугаар газрын офицер бол гэвэл чи яах вэ? — Энэ бол миний хувьд тун их нэр төрийн хэрэг. — Аравдугаар газар хуурай, халуун орнууд болон чийглэг халуун орнууд уруу цэргийн зөвлөхүүдээ илгээдэг. Чамд аль нь дээр вэ? — Чийглэг, халуун нь. — Яагаад? — Энэ бол Вьетнам, Камбодж, Лаос. Тэнд байлдаж байгаа. Харин хуурай, халуун орнуудад одоо гал зогссон… — Чи алдаж байна, ахмад аа. Хэзээ ч, хаана ч байлдсаар л байна. Хэзээ ч, хаана ч эвлэрэхгүй. Дайн үргэлж явагдаж байна. Заримдаа ил дайтаж, заримдаа нууцаар байлдаж байна. Бид чамайг дайнд явуулах асуудлыг авч үзэж байна. Нууц дайнд. — КГБ рүү юу? — Үгүй. — КГБ-ын оролцоогүй нууц дайн байдаг гэж үү? — Байна аа. — Энэ дайныг Аравдугаар газар явуулж байгаа юм уу? — Үгүй дээ, Жанжин штабын Хоёрдугаар газар буюу ГРУ явуулж байгаа юм. Өөрийн байдаг гэдгийг халхлахын тулд ГРУ янз бүрийн байгууллагуудыг ашигладаг, Аравдугаар газрыг ч тэр. Ахмад аа, чамайг бид ГРУ-ын нууц академид шалгалт өгүүлэхээр явуулж байна. Гэхдээ бүх зүйл чамайг цэргийн зөвлөхөөр явуулж байгаа юм шиг зохион байгуулагдах болно. Аравдугаар газар бол чиний халхавч. Бүх бичиг баримт чамайг Аравдугаар газрын мэдэлд очиж байгаагаар хийгдэх болно. Энэ газар чамайг Москва уруу дуудсан, гэхдээ бид чамайг сэмхэн өөртөө авч шалгалт өгүүлэх болно… — Харин би шалгалт өгч чадахгүй бол яах вэ? Тэр ой нь гутсан байдалтай тургиж: — Тэгвэл бид чамайг үнэхээр Аравдугаар газарт өгч орхино, тэгээд чи жинхэнээсээ цэргийн зөвлөх болно биз. Тэд чамайг авна, чи тэдэнд таалагдана. Гэхдээ бидэнд ч бас таалагдаж байгаа. Манай шалгалтуудыг чи давна гэдэгт бид итгэлтэй байна, тийм биш байсан бол бид чамтай одоо ингээд ярилцаад байж байхгүйсэн. — Бүгд ойлгомжтой, нөхөр генерал. — Хэрэв тийм бол зарим нэг ёс төдий зүйлийг гүйцээх хэрэгтэй байна. Тэр сейфнээсээ аравтын шинэхэн дэвсгэрт шиг шажигнасан, «Маш нууц» гэсэн бичигтэй, сүлдтэй хуудас цаас гаргаж ирэв. — Уншаад гарын үсгээ зур. Хуудас цаасан дээр арван хоёр товчхон зүйл заалт байна. Бүгд «...-ийг хориглоно» гэж эхлээд «хатуу цээрлэл хүлээнэ» гэсэн аймшигт сануулгаар дуусжээ. Төгсгөлд нь «Энэ бичиг баримтыг болон аль нэг хэсгийг нь задруулахыг оролдох аваас хатуу цээрлэл хүлээнэ» гэсэн байх ажээ. — Бэлэн үү? Хариу хэлэхийн оронд би толгой дохив. Тэр надад үзэг өглөө. Би гарын үсгээ зурмагц өнөө хуудас сейф рүү орон алга болов. — Москвад уулзатлаа баяртай, ахмад аа.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)