HERO'S WORLD : Тагнуулч Суворов 5 бүлэг 10-р хэсэг

Тагнуулч Суворов 5 бүлэг 10-р хэсэг

10.

Бүгчим халуун. Тоос шороо. Элс шүдэнд шаржигнана. Захгүй тал тэнгэрийн хаяа хүртэл үргэлжилнэ. Хурц нар эрүүдэн байцааж буй мөрдөн байцаагчийн чийдэн мэт хайр найргүй төөнөн нүд гялбуулна. Талын нүдгүй шуурганд тахийж хатсан мод хаа нэг харагдаж сэтгэл сэрдхийлгэм нам гүмийг сочооно. Сайн хүн бол нулимж, загалмайлан залбирч орхиод аль хэдийн гэр лүүгээ буцах байсан биз. Чамд тэнд хийх зүйл огт алга. Харин бид, нүгэлтнүүд, шатсан тал цааш үргэлжилсээр булингарт Ингул мөрний эрэгт тулах тэр газар тийш, сүүмэлзэх зэрэглээн дундаас харуулын цамхгууд гэнэт бүртэлзэн харагдах тэр газар тийш, тачирхан бут сөөгийг арван эгнээ өргөст тороор зайгүй хэрсэн тэр газар тийш урагшилна. Модод нь хатангир. Саарал навчис нь зузаан тоосонд дарагджээ. Энэ цамхгууд харуулынх биш юм болов уу? Геологичид ч байж мэднэ. Нефтийн цамхаг ч байж болно. Чөтгөр ав, юуных нь нефть байх билээ. Тольдуур, пулемёт зоосон цамхгууд байна. Зөндөө олон цамхаг, зөндөө олон тольдуур, зөндөө олон пулемёт. Тэгэхлээр бид төөрсөнгүй. Зөв замаар явж байна гэсэн үг. Зөв замаар явж байна, нөхөд өө! Наашаа яваад байгаарай. Шар уст. Энэ нэр Хатынь, Освенцим, Суханове, Бабий Яр, Бухенвальд, Кыштымээс ч илүү аймшигтай сонсогдох тэр өдөр ирнэ. Гэхдээ цаг нь хараахан болоогүй байна. Яагаад гэвэл эгэл хүн энэ аймшигт нэрийг сонсоод чичрэхгүй байна. Энэ нэрийг сонсоход түүний ой гутаж, бие нь арзайхгүй байна. Зөвхөн эгэл жирийн хүнд ч биш төмөр замын өртөөнөөс эдгээр цамхгууд уруу эцэс төгсгөлгүй үргэлжлэх цуваанд туугдан ирэх ялтнуудад ч энэ нэр юу ч үл санагдуулна. «Колыма ч биш, Шинэ газар ч биш, Украин ч биш байна, чөтгөр ав гэж, амьдарцгаана аа хамууд аа!» гэж олонх нь баярлацгаах ажээ. Тэдний ажиллах ёстой болсон «шаврын үйлдвэрийн» захирал нь Төв Хороотой шууд холбоотой байдгийг тэд удалгүй мэдэх болно. Эсвэл бүр хэзээ ч мэдэхгүй байж ч магад. Төв Хорооноос маш том хүмүүс өдөр бүр залган үйлдвэрийн захирлаас ажлын бүтээмж ямархуу байгааг асуудаг гэдгийг тэд мэдэх учиргүй. Энэ үйлдвэр маш чухал, Челябинскийн танкийн үйлдвэрээс ч чухал. Нааш туугдаж ирсэн та нарт тийм ч их аз дайрсангүй дээ, залуус аа. Тостой талх, махтай хоол өгч байгаад нь ч бүү баярла. Үс, шүд нь унаад эхэлсэн нэгнийг нь өөр газар шилжүүлнэ. Шавар дор юу байгааг гадарласан нэгнийг нь дор нь цэвэрлэнэ. Хэрэв бүгд бослого гаргалаа ч Шар Устын хамгаалалт найдвартай бөгөөд хэрэв шаардлага гарвал бид тусална. Та нарын дэргэд Спецназын хамгийн том сургалтын төв байдгийг мэдэх үү? Тийм учраас галаар бүү наад. Шаврын үйлдвэртээ томоотой ажиллаж, хэд гурваараа цувран үхэж байвал та нарт өлзийтэй биз ээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)