HERO'S WORLD : Тагнуулч Суворов 5 бүлэг 9-р хэсэг

Тагнуулч Суворов 5 бүлэг 9-р хэсэг

9.

Хээрийн сургуулийг жилээс жилд нэг л талбар дээр, нэг л буудлагын талбай дээрээ хийдэг. Сургуулийн тулалдаан болох газрыг штабын офицерууд сайн мэднэ. Гэлээ ч гэсэн хянагч, шалгагчаар явах офицерууд том хээрийн сургууль эхлэхийн өмнө дахин нэг хээр гарч газраа үзэж, сургууль хийхэд бүгд бэлэн болсон эсэхийг шалгах ёстой. Тухайн газар орныг тусгаарласан эсэх, дайсныг төлөөлж буй хиймэл загварууд зөв тавигдсан эсэх, аюултай бүс нутгийг тусгай тэмдгээр хүрээлсэн эсэх зэргийг шалгана. Шалгагч бүр хариуцсан газар дээрээ болох тулалдааныг урьдчилан төсөөлж, шалгуулж буй ангиудаас асуух, тухайн газар орны онцлог, үүсэн бий болж болох нөхцөл байдалд тохирсон асуултуудаа бэлтгэх хэрэгтэй. Шалгагч нар (ихэнх нь энд өөрийн дэслэгчийн гараагаа эхэлж, тухайн үедээ олон шалгагч нарт шалгуулж явсан) сургууль болох газар нутгийг арван хуруу шигээ сайн мэдэх учир сургуулийн талбайг шалгах шалгалт ихэнхдээ штабын хөл үймээнээс холдож салхинд гарч амрах зугаалга болон хувирдаг юм. — Бүгд ойлгомжтой юу? — Ойлгомжтой, — штабынхан нөхөрсгөөр нэгэн зэрэг дуугарав. — Тэгвэл өдрийн хоол идэх цаг болжээ. Бүгдийг ширээнд урьж байна. Өнөөдөр Витя Суворов биднийг дайлж байна. Үнэндээ бол жинхэнэ ширээ байхгүй. Зүгээр л арван ширхэг цэрэг орны бүтээлэг зэрэгцүүлэн хоржигнох горхины дэргэдэх тэгшхэн талбайд гацуур моддын дунд засжээ. Ширээн дээр загасны ба махны лаазтай нөөш өрснөөс гадна хэрчсэн гахайн давсалсан өөх, сонгино, өргөст хэмх, улаан манжин бүгд байх аж. Жолооч цэргүүд төмс чанахын хажуугаар шөл бэлдсэн байна. Би гараараа дохин хурандаа Кравцовыг хүндтэй суудалд суухыг урилаа. Ийм заншилтай юм. Тэр татгалзаад намайг суухыг урив. Энэ ч бас заншил. Би татгалзах ёстой. Хоёр ч удаа. Харин гурав дахь удаагаа урилгыг хүлээн авч суугаад Кравцовыг баруун талдаа урьж суулгах ёстой. Бусад нь эрэмбэ дараагаараа өөрсдөө сууцгаав. Кравцовын орлогчид, хэлтсийн дарга нар, тэдний орлогчид, хэсгийн дарга нар, тэгээд бусад нь сууцгаалаа. Энд байгаа хүмүүсийн хамгийн залуу нь шилтэй архийг ширээнд авчрах ёстой. Тэр нь «эрүүдэн байцаах газар» буюу орчуулагчдын бүлгийн дэслэгч Толя Батурлин. Сайн залуу. Гэхдээ тэр өөрийн ажлыг төв царайлан буурьтай хийх аж. Ёс заншил түүний инээмсэглэхийг хориглож байна. Үлдсэн бусад нь ч мөн буурьтай царайлжээ. Одоо инээж, хоорондоо ярих ёсгүй. Ширээний эхэнд суугаа ахлах дэслэгчээс элдвийг асуух ч ёсгүй. Яагаад лонхтой хүйтэн архинууд өрөөд байгаа нь бүгдэд тодорхой ч тэр тухай ярих ёсгүй бөгөөд яагаад тэгэх болсныг нь асуух ч ёсгүй. Бүгд намбатай сууж байх ёстой билээ. Толик горхиноос лонхтой юмнуудыг зөөнө. Тэнд тэдгээрийг мөс шиг хүйтэн усанд нямбай өрж хураасан байгаа. Тунгалаг лонхон дотор архи цэлэлзэн хөөсөрнө. — Чиний аяга хаана байна вэ? — ингэж асуух ёстой юм. — Энэ байна. — Би Кравцовт том шилэн аягаа өгөв. Кравцов шилэн аягыг бараг амсарт нь тултал мэлтэлзүүлэн дүүргэв. Миний өмнө тавилаа. Болгоомжтой тавьж байна. Нэг дусал ч шингэн асгарах ёсгүй. Гэхдээ аяга дүүрэн байх ёстой. Хэчнээн дүүрэн байна төчнөөн сайн. Бүгд нам гүм болжээ. Болж буй үйл явдал тэдний сонирхлыг татахгүй байх аятай. Харин Кравцов офицер цүнхнээсээ жижигхэн мөнгөлөг таван хошуунуудыг гаргаж ирээд миний аяга уруу болгоомжтой хийв. Бага зэрэг жингэнэх нь сонсогдон бяцхан таван хошуунууд аяганы ёроолд буун гялтганав. Би аягатайг аваад цалгиулахгүйн тулд шууд уруулдаа дөхүүлэв. Байгаль эх хэдийгээр дуслыг ч асгахгүйн тулд тэгэх хэрэгтэй гэж хэлээд байвч аягаа тосон уруулаа цорвойлгох учиргүй. Аягаа бүр дээш өргөв. Нарны цацраг мөс шиг хүйтэн шингэнд тусан олон өнгөөр солонгорлоо. Харин одоо аягаа бага зэрэг доошлуулан уруулдаа хүргэлээ. Хүйтэн байна. Галт ундааг би залгилав. Аяганы ёроол дээшилсээр. Ёроолд нь байсан таван хошуунууд гулсан уруул шүргэлээ. Одоо бүр уруулд наалдлаа. Офицер өөрийн шинэхэн таван хошуунуудыг үнсэн угтах мэт. Галт ундаа миний хоолой уруу гулган орж дуусах хүртэл таван хошуунуудыг уруулаараа тогтоон байлаа. Ингээд гүйцээ. Таван хошуунуудыг би зүүн гартаа болгоомжтой авч, бүгдийг тойруулан харав. Одоо шилэн аягыг хагалах ёстой. Энэ тохиолдолд зориулан хэн нэгний санаа тавьсан гар зөөлөн өвстэй газар том чулуу авчран тавьжээ. Шилэн аяга чулуу мөргөн жингэнэн бутарч, би нойтон таван хошуунуудыг Кравцовт өглөө. Кравцов жижиг офицер шугам барин миний баруун мөрдэс дээр цоолох газраа хэмжив. Дөрөв дэх таван хошуу улаан зураасны голд, өмнөх таван хошуунаас 25 миллиметр дээш байх ёстой. Нөгөө нойтон таван хошуу өөрийн байранд хадагдав. Харин одоо миний идэж ууж, өргөст хэмхээр сархадыг доош оруулах цаг болжээ. — Чиний аяга хаана байна вэ? гэж дахин асуулаа. Хоёр мөр. Хоёр мөрдэс. Тэгэхлээр бас хоёр таван хошуу… ёслол дахин эхлэв. Би хоёр дохь аягаа өгөв. Дахиад л мөс шиг хүйтэн галт ундаа мэлтэлзэв. Дахиад л амсарт нь хүртэл дүүргэжээ. Би босож зогсов. Зогсоогоороо уух нь арай хялбар. Босохыг зөвшөөрнө. Хэн ч дургүйцэхгүй. Эхний аягыг ч мөн зогсож байгаад ууж болох байсан. Ёс заншил үүнд саад болохгүй. Гол нь аяга нь дүүрэн л байх ёстой. Үнэт алмааз шиг дуслуудаас нэгийг ч газарт унагаах ёсгүй. Хоёр дохь бяцхан таван хошуу аяган дотор гялалзав. Шилэн аяга дахин хоосорч, жингэнэн бутрах сонсогдлоо. Хоёр дохь мөрдэс дээр ч бас нэг нойтон жижиг таван хошуу нэмэгдлээ. Одоо Кравцов өөртөө аягалж байна. Амсар дүүрэн аягалж байна. Чимээ аниргүйн дунд хүн бүр өөртөө аягална. Хэр их аягалахаа өөрөө мэднэ. Хүссэнээрээ л аягал. Хэрэв Витя Суворовыг хүндэлдэг бол аягаа дүүртэл аягал. Хэрэв бага хүндэлдэг бол бага аягална л биз. Зөвхөн ёроолд нь хүртэл ууцгаана. — Ууцгаая… — гэж хурандаа чимээгүйхэн санал болгов. Уухаасаа өмнө ярих ёсгүй. Бүгд зэрэг ууна. Бүгд аажим ууж ёроолыг нь гаргах ёстой. Зөвхөн би л уухгүй. Одоо би бүгдийг нь харах ёстой. Хэн хэр зэрэг ихийг аягалав гэдгийг харна. Хэн нэг нь тал аяга, өөр нэг нь гуравны нэгээр аягалсан байж ч болно. Гэвч бүгдийнх аяга дүүрэн байлаа. Харин одоо бүгд аягаа хоосолсон байна. Одоо би инээмсэглэж болно. Гэхдээ бага зэрэг. Ёс заншлын дагуу бол хэдий өчигдөр тушаал нь гарч, миний мөрөн дээр шинэ таван хошуунууд гялалзан байгаа ч би ахлах дэслэгч хэвээрээ байгаа. Кравцов ч аягаа хоосолчихлоо. Жаахан усаар дарууллаа. Харин одоо ёслол төгөлдөр нэг үг хэлэх ёстой. — Манай хороо бүл нэмлээ! Яг энэ мөчөөс эхлэн би цол нэмснээр тооцогдоно. Яг энэ мөчөөс эхлэн би ахмад боллоо. Бүгд хашгиралдан шуугицгаав. Бүгд инээмсэглэнэ. Баяр хүргэж, ерөөцгөөнө. Одоо бүгд ярьцгаана. Одоо бүгд инээнэ. Ингээд ёслол дууслаа. Ёс заншил хойш тавигдав. Офицеруудын архидаан эхэллээ. Гүйгээрэй, Толик, горхи уруу гүй. Чи хамгийн залуу нь. Удахгүй чиний цаг ирнэ, Толик. Танай гудамжинд очиж баярлаж хөгжилдөцгөөх болно. Заавал тэгнэ.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

тэнэг, мангар, новш, хуц,
batak (зочин)

хэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)