HERO'S WORLD : Тагнуулч Суворов 5 бүлэг 8-р хэсэг

Тагнуулч Суворов 5 бүлэг 8-р хэсэг

8.

— Нөхөр ахлах дэслэгч, таныг жагсаал хэлтсийн дарга дуудаж байна. — Очлоо. Штабын бүх хэлтсүүдээс жагсаал хэлтэс хамгийн жижиг нь. Тойргийн штабт хэлтсүүдийг хурандаа нар, харин газруудыг хошууч генерал захирдаг бол зөвхөн жагсаал хэлтсийн дарга нь хошууч цолтой байдаг. Гэхдээ офицерыг жагсаал хэлтэст дуудсан л бол тэрээр бүхий л ухаан бодлоо хөвчилнө. Чөтгөр ав, тэнд намайг юу хүлээж байгаа бол? Жагсаал хэлтэс гэдэг нь хөгшин буурал хошууч ба гурван бичээч ахлах байлдагч нар буюу конторын хархууд суудаг жижиг танхим юм. Чи ахлах дэслэгч, эсвэл хошууч генерал байх нь огт хамаагүй. Жагсаал хэлтэст дуудагдсан хэн бүхний хамаг бие дээгүүр нь шоргоолж гүйх шиг болно. Жагсаал хэлтэс гэдэг нь тойргийн захирагчийн хүсэл таалал бичгээр гарсан тушаал болон хувирдаг газар. Харин тэд өөрсдийн үзгээрээ юу бичсэн бол… Жагсаал хэлтэс бол Дээд Ерөнхий Командлагч, Батлан Хамгаалах Яамны сайд, Жанжин Штабын дарга нар өөрсдийн тушаалыг захирагдагсдадаа хүргэх суваг. Жагсаал хэлтэс бол гарсан тушаалыг хүрэх ёстой эзэнд нь хүргэдэг газар. — Нөхөр хошууч! Ахлах дэслэгч Суворов таны тушаалаар ирлээ! — Үнэмлэхээ гаргаад ширээн дээр тавь. Би гүн санаа алдаад алтан таван хошуутай бяцхан ногоон дэвтрээ хошуучийн өмнө тавив. «Офицерын хувийн үнэмлэхийг» хошууч тайван авч миний хувийн зэвсгийн дугаар, цусны бүлэг тэмдэглэгдсэн хуудсыг яагаад ч юм бэ анхааралтай харлаа. Түүний үрчгэр нүүрэн дээрх нэг ч булчин үл татвалзана. Тэр өөрийн ажлыг машин шиг яв цав, яргачин шиг тэвчээртэй хийж байна. Хошууч ахлах байлдагчид үнэмлэхийг өгөв. Ахлах байлдагчийн ширээн дээр бичгийн хэрэгсэл нь бэлэн байх аж. Тэр урт алтан үзгийг хар бэхэнд дүрээд үнэмлэх дээр нэгэн зүйлийг нямбайлан бичив. Би ахлах байлдагчийн бичиж буйг мөрөн дээгүүр нь харах гэж хүзүүгээ сунгалгүй цэх зогсоно. Тэвчээртэй байя. Хошууч ганцхан минутын дараа хэн нэгний шийдвэрийг сонсгох болно. Ахлах байлдагч хар бэхээр бичсэнээ хатаагаад үнэмлэхийг хошуучид буцаан өгөв. Хошууч намайг тэнсэх мэт хараад жижигхэн нууц халааснаасаа гинжтэй түлхүүр гарган сейфнийхээ аварга том хаалгыг онгойлгон том тамга гаргаж ирээд үнэмлэхийг нээн дөнгөж сая бичлэг хийсэн хэсгийг харж харж байгаад огцом тамгалав. — Тушаал сонс! Би эгцрэн зогсов. — Тушаал Э0257. Нууц. Карпатийн цэргийн тойргийн нийт бие бүрэлдэхүүнд тушаах нь: 17-р зүйл. Хоёрдугаар газрын дарга хурандаа Кравцов хийгээд тойргийн штабын дарга дэслэгч генерал Володин нарын саналыг харгалзан үзэж тойргийн штабын хоёрдугаар газрын ахлах дэслэгч В. А. Суворовт ахмад цолыг хугацаанаас нь өмнө олгосугай. Гарын үсэг: «Танкийн цэргийн дэслэгч генерал Обатуров». — Зөвлөлт Холбоот Улсын төлөө зүтгэе! — Баяр хүргэе, ахмад аа. — Баярлалаа, нөхөр хошууч. Цолоо угаахад хүрэлцэн ирэхийг урья. — Урьсанд баярлалаа, Витя. Гэхдээ би хүлээж авч чадахгүй нь. Хэрэв урих бүрд очоод байсан бол өдийд би байхгүй байхсан. Битгий гомдоорой. Өнөөдөр гэхэд л 116 хүн жагсаалтад байна. Тэдний 18 нь хугацаанаасаа өмнө. Битгий гомдоорой, Витя. Хошууч миний үнэмлэхийг буцааж өгөөд гар барив. — Дахин баярлалаа, нөхөр хошууч. Шат, коридороор би жигүүртэй мэт нислээ. — Хөөе чи яасан жаргалтай байх юм бэ? — Дорго чамайг яах гэж нүхэндээ дуудаа вэ? Хэнд ч хариу хэлсэнгүй. Одоо хариулж болохгүй. Муу ёр болно. Цол нэмсэн тухайгаа захирагчдаа эхэлж дуулгах ёстой. — Витя, чи яагаад гийчхээ вэ? Чамд хугацаанаас чинь өмнө цол нэмээ юү? — Үгүй, үгүй. Ахмад цол авахад дахиад жил хагас дутуу байна. Хэлтэс дээрээ түргэхэн л очих юмсан. Гэтэл энэ хуягласан хаалганууд, харуул, нэвтрэх үнэмлэх. — Нөхөр хурандаа, орохыг зөвшөөрнө үү. — Ороорой. — Кравцов газрын зургаас үл хөндийрнө. — Нөхөр хурандаа, ахлах дэслэгч Суворов хугацаанаасаа өмнө ахмад цолоор шагнуулснаа илтгэе. Кравцов над уруу харлаа. Яагаад ч юм бэ тэр хөл рүүгээ хяламхийв. — Баяр хүргэе, ахмад аа. — Зөвлөлт Холбоот Улсын төлөө зүтгэе! — Зөвлөлтийн армид хамгийн олон, бүр дөрвөн таван хошуутай цол нь ахмад. Энэ утгаараа, Витя, чи хамгийн дээд цэгтээ нэгэнт хүрчээ. Ийм учраас би чамд олон таван хошуу хүсэхгүй, харин үүнээс цөөхөн, том таван хошуутай болоорой гэж ерөөе. — Баярлалаа, нөхөр хурандаа. Цолоо угаахад таныг урихыг зөвшөөрнө үү. — Хэзээ? — Өнөөдөр. Өөр хэзээ гэж? — Үүнийг маргааш болгоё гэвэл чи юу бодож байна вэ? Шөнө бид хээрийн сургуульд гарна. Залуучууд хэтрүүлж уугаад цуглуулж чадахгүй болчихно. Харин хөдөө гараад маргааш учраа олцгооё. — Маш сайн. — Өнөөдөртөө чи чөлөөтэй. Шөнө гурван цагт хөдлөнө гэдгийг битгий мартаарай. — Би мартахгүй. — Тэгвэл явж болно. — Гүйцэтгэе.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)