HERO'S WORLD : Тагнуулч Суворов 5 бүлэг 4-р хэсэг

Тагнуулч Суворов 5 бүлэг 4-р хэсэг

4.

Жижигхэн цэрэг байна. Царай нь ч хүүхдийнх шиг юм. Охиных шиг урт сормуустай аж. Хорлон сүйтгэгч. Спецназын дайчин. Хорлон сүйтгэх бригадын дөрвөн батальоныг аварга том биетэй цэргүүдээр бүрдүүлжээ. Хотхоноор явж байгаа нь яг л баавгайн сүрэг явж байгаа мэт. Гэхдээ бригадын нэг ротыг бие бялдрын хувьд янз бүрийн цэргүүдээр бүрдүүлсэн бөгөөд зарим нь бүр жижигхэн юм. Энэ бол онцгой, мэргэжлийн рот. Энэ рот бүх дөрвөн батальон баавгайг нийлүүлснээс ч илүү аюултай. Бяцхан цэрэг турьхан хүзүүтэй юм. Түүний овог нь ч орос биш Кипа гэнэ. Гэхдээ тэр онцгой ротод санаандгүй ирээгүй биз. Ямар нэг онцгой төрлийн аллагын мэргэжилтэн байх. Хамгаалалтын өмсгөл өмсөж, урт саваагаар зэвсэглэсэн дөрвөн цэргийн дайралтыг тэр хэрхэн няцааж байхыг би нэг удаа харсан юм. Тэр ердийн саперын хүрзээр саваануудыг зайлуулж байлаа. Түүнээс зэрлэг догшрол биш харин ур чадвар л мэдрэгдэж байв. Ийм тулаан үргэлж анхаарал татдаг. Хорлон сүйтгэгчид хаа нэг тийш яараагүй бол төв талбай дээр тулаан болж байхыг харвал заавал зогсож тулааныг үзнэ. Ямар сайхан тулаан байсан гээч! Харин тэр цэрэг одоо миний өмнө зогсоно. Тэр надад юу заах юм бол? Тэр хувин дотроос жижигхэн ногоон мэлхий гаргаж ирээд мэлхийгээр тоглонгоо дассан нь илүү дээр гэдгийг тайлбарлаж гарав. Мэлхийгээр гайхалтай зүйлс хийж болно. Жишээ нь мэлхийг сүрлээр үлээн хийлж болно. Тэгвэл тэр усны мандал дээр сэлж чадах ч шумбаж чадахгүй маш инээдтэй харагддаг. Мөн мэлхийг нүцгэлж, тайчих үзүүлбэр үзэж болно. Цэрэг халааснаасаа бяцхан хутга гаргаж ирээд үүнийг яаж хийхийг надад үзүүлж байна. Тэр мэлхийний амны хоёр буланд нь бяцхан зүсээд нэг л хөдөлгөөнөөр түүний арьсыг хуулж орхив. Яг л бээлийгээ тайлж байгаа мэт хялбархан хуулах ажээ. Нүцгэрсэн мэлхийг Кипа шал дээр тавив. Түүний бүх судас, булчин шөрмөс нь харагдана. Мэлхий шалаар харайж, вааглана. Түүнийг ч яагаа ч үгүй юм шиг сэтгэгдэл төрөх аж. Цэрэг хувин уруугаа гараа хийн дахин нэг мэлхий гаргаж ирээд гадилын хальс хуулах мэт хялбархнаар арьсыг нь хуулаад шалан дээр тавив. Одоо хоёулаа харайцгааж, харин ч хөгжилтэй байх мэт. — Нөхөр ахлах дэслэгч ээ, хурандаа Марчук намайг танд бүх зүйлээ үзүүлээд энэ бяцхан араатнуудад бага зэрэг ч бол дасахад нь туслаарай гэж тушаасан. — Чи могойнуудтай ч бас ингэж хялбархан харьцдаг хэрэг үү? — Би ер нь бол могойнуудтай л харьцдаг юм. Харин могойг хооллохын тулд л энд мэлхийнүүд байлгадаг юм. — Чи эднүүсийг могойд өгөх гэж байна уу? — Нүцгэлсэн мэлхийнүүдийг үү? Тэгэлгүй яах вэ? Юу гэж могойн хоол дэмий үрэх билээ? Тэр хоёр нүцгэн мэлхийг барьж аваад намайг дагуулан могойн байр уруу явлаа. Тэнд чийгтэй, бүгчим байлаа. Тэрээр нэг буланд нь зэвүүн саарал могой цагираглан буй шилэн хайрцгийн тагийг нээгээд өнөөх хоёр мэлхийгээ хийлээ. — Чи ямар могойнуудтай ажилладаг юм бэ? — Загалмайт могой, хөрөөн хээт могойнуудтай ажилладаг. Туркестаны цэргийн тойрог уруу наж могой захисан ч ирж амжаагүй л байна. Тэр могойг тээвэрлэх их үнэтэй. Түүнийг замд дулаацуулж, хооллож, ундлах хэрэгтэй. Эмзэг амьтан учраас амьдралынх нь дэглэм алдагдвал үхчихнэ. — Харин хэн чамайг үүнд сургасан юм бэ? — Би өөрөө суралцагч. Сонирхогч. Хүүхэд байхаасаа л дурласан юм. — Могойд хайртай юу? — Хайртай. — Тэр огт жүжиглэсэн байдалгүй хэллээ. Би ч түүний худал яриагүйг ойлгов. Муухай амьтдад дурлагч өөрийн бүх могойнуудтайгаа хамт байгаа байх нь! Энэ мөчид хоёр нүцгэн мэлхий байдгаараа чарлав. Нөгөө бүдүүн хойрго могой арай гэж тэдэнд анхаарлаа хандуулсан нь тэр аж — Суугаач, нөхөр ахлах дэслэгч ээ. — Би сандал дээр хүйтэн гөлгөр зэвүүн амьтан байгаа эсэхийг харж магадлаад дээр нь суулаа. Миний бүх бие зарс хийж байна. Кипа инээмсэглэн: — Арван хичээлийн дараа гэхэд та өөрөө ийшээ ирэхийг гуйх болно гэв. Гэвч түүний энэ зөгнөл биелсэнгүй. Могой надад үргэлж ийм зэвүүн санагдсан хэвээр байлаа. Гэхдээ ямартаа ч би могойг гараараа барьж чадна. Түүнийг нүцгэн гараараа хэрхэн барьж авахыг би мэднэ. Могойн гэдэс дотрыг хэрхэн арилгаж, урт савааны үзүүрт, эсвэл төмөр утсанд шорлоод яаж шарахыг ч би мэднэ. Хэрэв амьдрал надад хүн могой хоёрын аль нэгийг идэхээ сонгохыг шаардвал би эхлээд могойг иднэ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)