HERO'S WORLD : Тагнуулч Суворов 5 бүлэг 3-р хэсэг

Тагнуулч Суворов 5 бүлэг 3-р хэсэг

3.

Намайг шалгаж байна. Бүхий л амьдралын минь турш намайг шалгах болно. Миний ажил тийм юм. Миний тэнцвэртэй байдал, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, үнэнч эсэхийг шалгана. Ганц намайг ч шалгахгүй. Бүгдийг нь шалгана. Хэн рүү инээмсэглэж байна, хэн рүү инээмсэглэхгүй байна, хэнтэй ууж байна, хэнтэй унтаж байна гээд бүхнийг шалгана. Хэрэв хэнтэй ч биш бол бас л шалгана: Яагаад? — Ор. — Нөхөр хурандаа, ахлах дэс… — Суу — гэж тэр тушааж байна. Тэр бол Кравцовын шинэ орлогч хурандаа Марчук. Зөвлөлтийн цэргийн тагнуулчдад тусгай дүрэмт хувцас байхгүй. Тагнуулд ирэхдээ ямар төрөл мэргэжлийн цэргээс ирсэн байна, тэр хувцсаа бүгд өмсөцгөөнө. Би, жишээ нь танкчин. Кравцов их буучин. Манай тагнуулын удирдах газарт явган цэрэг, нисгэгчид, саперчид, химичид бий. Харин хурандаа Марчук эмч. Түүний хөх ягаан петлиц дээр хундага ороосон могойг дүрсэлсэн алтлаг тэмдэг байна. Эмч нар ч гоё эмблемтэй юм аа. Мэдээж манай танкчдынхыг гүйцэхгүй ч гоё л юм. Армид эмнэлгийн эмблемийг могой шиг зальтай эсвэл ухаанаа алдтал уудаггүй гэж өөрсдийнхөөрөө тайлж уншдаг юм. Марчук нэг л ойлгомжгүй, сүрдүүлсэн харцаар намайг ширтэнэ. Ховсчин юм биш биз? Гэхдээ би тэр харцыг огт ажирсангүй. Энэ тал дээр бол би маш сайн бэлтгэлтэй. Спецназд хүн бүр нохойн дээр дасгал хийдэг юм. Хэрэв нохойн нүд рүү эгц ширтэх аваас тэр хүний харцыг тэсдэггүй юм. Архирч буй нохойг хүн харцаараа зогсоож чадна. Үнэндээ бол сүрэг нохдыг биш нэг л нохойг тэгж зогсоож чадна. Харин нохдын сүргийн эсрэг бол харцнаасаа гадна хутга хэрэглэх болно. Нүд рүү нь харж байгаад хавирга уруу нь дүрнэ. Тэгээд л өөр нохойн нүд рүү харж эхэлнэ. — За, Суворов, бид чамайг анхааралтай ажиглаж байгаа. Чи сайн ажиллаж байгаа, бидэнд таалагдаж ч байгаа. Чиний тархи электрон машин л гэсэн үг... тохиргоог нь хийгээгүй, гэхдээ чамайг тохируулж болно. Би үүнд итгэлтэй байна. Тийм биш байсан бол чамайг ингээд байлгаад байхгүй байсан юм. Чиний ой тогтоолт гаргууд сайн. Дүн шинжилгээ хийх чадвар хангалттай хөгжсөн. Мэдрэмж сайтай. Хяналтын хэсгийн тэр охиныг чи өөртөө сайхан татсан байна билээ. Сэргэлэн охин. Бид түүнийг мэднэ. Урд нь хэнийг ч өөртөө ойртуулаагүй. Хөөх, чи ер нь ямар хүн бэ? Чамд хэцүү юм гэж алга… Би улайхгүй ээ. Би ямар оюутан охин биш, Би чинь дайчин офицер. Миний арьс ч улайдаг арьс биш. Арьс минь ч ази, цус минь ч ази гаралтай. Тиймээс би улайхгүй. Бие махбодын үүднээс ч тэр. Гэхдээ чөтгөр ав, тэд миний хүүхнийг яаж мэддэг байна аа? — Суворов, хэдий харамсалтай ч бид иймэрхүү зүйлийг ч бас мэдэж байх ёстой. Бид чиний тухай бүхнийг мэдэж байх ёстой. Бидний ажил ийм юм. Чамайг судлаад бид сайн тал нь дийлсэн дүгнэлт гаргаад байгаа. Чиний өөрийн дутагдлуудаасаа хэрхэн салж байгаа чинь бидэнд юунаас ч илүү таалагдаж байгаа. Чи өндрөөс болон хязгаарлагдмал орон зайнаас айдаггүй. Төрөлх мах цус чинь угийн аймхай биш, харин энэ бол бидний ажилд маш чухал. Гарцаагүй үхэл ч чамайг айлгахгүй. Нохойтой амархан учраа олдог. Мэдээж, энэ тал дээр жаахан сургах хэрэгтэй л байх. Харин мэлхий, могойнуудтай учраа олохдоо муу гэж байгаа. Айдаг уу? — Айдаг, — гэж би хүлээв. — Харин та яаж мэдээв? — Энэ бол чиний асуудал биш ээ. Чиний асуудал бол могойноос айхгүй байж сурах явдал. Юунаас нь айдаг байна аа? Миний петлиц дээр хүртэл могой байхыг харж байна уу? Харин зарим хүмүүс мэлхийг бүр иддэг юм. — Хятадууд уу? — Зөвхөн тэд ч биш. Францууд ч мөн иддэг. — Он жилээр өлсгөлөн болбол би хүмүүсийг идэхийг илүүд үзэх байсан… — Тэд чинь өлссөнөөсөө болж иддэггүй юм. Энэ чинь тансаг амттан байхгүй юу. Итгэхгүй байна уу? Мэдээж, би үүнд итгэхгүй л дээ. Суртал ухуулга. Францад амьдрал хэцүү байна гэсэн үг үү? Хэрэв тэр Францын пролетариуд тааруухан амьдардаг гэж зүтгээд байвал би мэдээж, зөвшөөрч л таарна. Амыг нь дагуулж л тэгж хэлнэ л дээ. Харин дотроо бол тэр тухай өмнөх бодлоо хадгалсаар л үлдэнэ. Францчууд сайхан амьдардаг, пролетариуд нь ч мэлхий иддэггүй юм. Гэхдээ Марчукийг хуурч чадахгүй ажээ. Миний эргэлзэж байгааг тэр миний нүднээс хялбархан олж харлаа. — Нааш ир дээ. — Бидний дайсны тухай нууц кинонуудыг бидэнд үзүүлдэг кино танхим уруу тэр намайг оруулав. Марчук нэгэн товчлуур дармагц дэлгэц дээр ямар нэг гал зуух, тогооч нар, хоолны сав суулга, мэлхийнүүд, улаан танхим, үйлчлэг нар, рестораны үйлчлүүлэгчид хөвөрч гарав. Үйлчлүүлэгчид нь илбэчидтэй огтхон ч төсгүй байсан хэдий ч мэлхийн хөл идэж байлаа. — За, юу гэмээр байна? Юу хэлэх вэ дээ. Хэлэх юм алга. Гэхдээ энэ киног саяхан үзүүлж байсан, «Чөлөөлөлт» гэдэг юм, Гитлер ч тэнд гардаг. Харин жинхэнэ Гитлер ерөөсөө биш, БНАГУ-ын жүжигчин. Диц гэдэг юм түүнийг. Хэрэв хурандаа минь, чи өөрөө мэлхий идсэн бол би үнэмших л байсан, кинонд юу ч үзүүлж болно, Гитлерийг ч тэр, мэлхийг ч тэр. — За, юу гэмээр байна? — гэж тэр дахин асуув. Түүнд юу гэж хэлдэг юм билээ? Итгэлээ гээд хэлчихвэл тэр шууд өлгөж аваад чи тагнуул хүн, ийм дэмий юманд итгэлээ гэж үү гэвэл яах вэ? Би чамд зүгээр л хог новш үзүүлж байхад чи итгэж л байдаг. Мэдээлэл хариуцсан офицер байж зохиомол зүйлийг үнэ цэнэтэй баримтаас ялгаж чадахгүй гэж үү гэвэл би яах вэ? — Үгүй, — энэ кинонд итгэж чадахгүй нь. Хиймэл эд байна. Хуурамч. Хэрэв хүмүүс бүр огт идэх зүйлгүй болсон бол ядаж л муур, нохойгоо иднэ. Яагаад мэлхий идэх гэж? Энэ бол сургалтын кино гэдэг нь надад тов тодорхой байлаа. Миний авхаалж самбааг шалгаж байна. Тэнд гарч байгаа хатагтай сагсгар хав тэвэрсэн байсан. Тэр хавыг анзаарч уу үгүй юу гэж намайг шалгаж байгаа хэрэг. Мэдээж би анзаарсан. Тэгээд харваас таны надаас шаардаад байгаа, гарт нь хав байхад жирийн хүн мэлхий идэхгүй гэсэн тэр дүгнэлтийг чинь би хийгээд өгье л дөө. Утгагүй хэрэг. Харин Марчук бүр уурлаж эхлэв: — Энэ мэлхийнүүд чинь багагүй үнэтэй юм шүү. Би дуугарсангүй. Мэтгэлцээн үүсгэх хэрэггүй. Мэлхий тийм үнэтэй байхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ хурандаатай эв зүйгээр зохицож, эвтэйхэн хэл амаа ололцох хэрэгтэй байлаа. — Өөхөлсөндөө галзуурах шахаад л тэр. Хөрөнгөтний ялзрал. — За тэр. Ямартаа ч итгэлээ. Хүмүүс иддэг юмыг чи барихаасаа ч айдаг болохоор чинь л энэ киног чамд үзүүлсэн юм. Шуудхан хэлэхэд могой, мэлхийг би өөрөө ч барьж чадахгүй, надад тэгэх ч хэрэг байхгүй. Харин чи, Виктор, дөнгөж эхэлж буй, ирээдүйтэй тагнуулын офицер, чамд бол тэгэх хэрэг гарна. Гэнэт дотор хүйт дагаад явчхав. Арай намайг мэлхий идүүлэх гэж байгаа юм биш биз дээ? Марчук сэтгэл зүйч хүн. Тэр миний бодлыг ном шиг л уншив: — Бүү ай, би чамайг хүчээр мэлхий идүүлэхгүй. Могойг бол магадгүй, мэлхийг бол үгүй шүү.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)