HERO'S WORLD : Тагнуулч Суворов 4 бүлэг 7, 8-р хэсэг

Тагнуулч Суворов 4 бүлэг 7, 8-р хэсэг

7.

Бага зэрэг ус, хагас лааз кофе, ахиухан коньяк хийгээд гал дээр буцалгана. Энэхүү зэрлэгүүдийн ундааг удаан чанах ёстой. Уувал ишиг шиг л үсчих болно. Таатай үнэр хамар цоргино.
Үүр манхайн цайж, хүйтэн манан хөшиглөнө. Түүдгийн гашуун утаа савсаж бид дахиад л хоёулхнаа.
— КГБ бидний цусыг их сорсон уу?
— Чи, Витя, бүх армийн талаар асууж байна уу, эсвэл зөвхөн тагнуулыг асууж байна уу?
— Армийг ч тэр, тагнуулыг ч тэр.
— Зөндөө.
— Яагаад тийм хэрэг болов?
— Бид маш гэнэхэн байсан юм. Бид эх орныхоо төлөө зүтгэж байсан, харин чекистүүд өөрсдийнхөө төлөө, намынхаа төлөө зүтгэж байсан юм.
— Энэ дахин давтагдаж болох уу?
— Тийм ээ. Хэрэв бид өмнөх шигээ гэнэн байвал тэгнэ…
Тэр нөгөө коньяктай чанамлаа халбагаар хутгана. Харин надад тэр миний хувь заяаг хутгаж байх шиг санагдана. Санаандгүй тохиолдлоор тэр надтай хамт бөглүү талд байгаа юм биш. Ийм яриа санамсаргүй өрнүүлж байгаа ч хэрэг биш. Аквариумын тухай ярьснаар тэр надад өөрийн хувь заяаг даатгаж буй хэрэг. Би түүнийг хөөдөж болно шүү дээ. Тэр яагаад ингэж азаа үзэх болов? Хариуд нь тэр миний өөрийн хувь заяаг шаардаж байгаагаас зайлахгүй. Би түүний төлөө Кравцовтой хамт азаа үзэхийг зөвшөөрнө. Харин үүнийгээ хэрхэн илэрхийлэх вэ?
— Энэ түүхийг ахин давтахыг бид тэдэнд зөвшөөрөх ёсгүй. Манай эх орны тусын тулд бид хүчтэй байх ёстой. Арми КГБ-ээс дутуугүй хүчирхэг байх ёстой. Түүний надаас хүлээж байсан яг тэр зүйлийг би хэллээ гэдгээ гэнэт мэдэрлээ.
 — Бид тэдэнд үүнийг хийхийг зөвшөөрөх ёсгүй. Чекистүүдийн хэмжээгүй засаглал зөвлөлт засгийг ч унагааж мэднэ…
— Гэхдээ цэргийнхний хэмжээгүй засаглал ч мөн зөвлөлт засгийг устгаж болно шүү дээ. Чи үүнээс айхгүй байна уу, Виктор — Тэр намайг өрөмдөх мэт ширтэнэ.
— Айхгүй байна.
— Хэрэв чи миний оронд байсан бол юу хийх байсан бэ? Зөвлөлтийн генералууд, маршалуудын оронд байсан бол?
— Би санаа нэгтнүүдтэйгээ маш нягт харьцаатай байх байсан.
Хэрэв нэгэнд маань аюул тулгарвал бүх генералууд, бүх маршалууд түүнийг хамгаалдаг байх ёстой. Бидэнд эв санааны нэгдэл хэрэгтэй. — Тийм эв санааны нэгдэл байна гээд төсөөл. Мэдээж, нууц. Нам ба КГБ бидний хэн нэгийг зайлуулахаар шийджээ гэж бод. Бусад нь үүнд яаж хандах ёстой вэ? Бослого гаргах уу? Эсвэл бүгд огцрох өргөдлөө өгөх үү?
— Бид цохилтыг цохилтоор хариулах ёстой гэж би бодож байна. Гэхдээ бүх дайснуудаа биш, харин хамгийн их аюул учруулж буйг нь цохих хэрэгтэй. Хэрэв та орон нутаг дахь намын удирдлага, КГБ-тэй түнжин хагарлаа гэхэд та өөрөө биш, харин бүх Зөвлөлт Улс дахь найз нөхөд тань таны дайснуудад нууцаар цохилт өгнө. Мөн үүнтэй адилаар таны найз нөхдийн нэг зовлонд унавал та түүний дайснуудад цохилт өгөхийн тулд бүхий л чадлаа дайчлах ёстой…
— Сайн байна, Суворов, гэхдээ санаж яв, энэ яриа хэзээ ч болоогүй. Чи зүгээр л коньяк хэтрүүлж уугаад энэ бүхнийг өөрөө зохиосон хэрэг. Гэхдээ энэ бүх тэмцлээс холхон байсан нь дээр гэдгийг тогтоож ав, тэгвэл л чи эсэн мэнд үлдэнэ. Эрх мэдлийн төлөөх тэмцэл бол хатуу тэмцэл. Хэн ялагдсан нь гэмт хэрэгтэн болно. Ялагчдын хувьд чи гэмт хэрэг хийсэн, хийгээгүй нь хамаагүй. Ялгаагүй чи гэмт хэрэгтэн. Гэхдээ ийнхүү тэмцэх нь гэнэн, тэнэг байснаас л дээр. Чонотой хамт амьдарна гэдэг тэдэнд идүүлнэ л гэсэн үг. Гэхдээ хэрэв чи энэ зам дээр баттай зогссон л бол баригдахгүй байх хэрэгтэй. Баригдлаа ч хэргээ хүлээхгүй байсан нь дээр, хүлээлээ ч зохион байгуулалттай хэрэг биш жирийн хэрэг хүлээсэн нь дээр. Эрх мэдлийн төлөө тэмцэж байгаа бүхэн өөрийн бүлэгтэй, зохион байгууллагатай байдаг бөгөөд өөрсдийн өрсөлдөгчдийг өршөөдөггүй юм. Зохион байгуулалттай хэрэг бол чиний хүлээж болох хамгийн аюултай, хүнд хэрэг. Энэ бол чиний хувьд аймшигтай төгсгөл. Хамгийн аймаар эрүү шүүлт тулгалаа ч гэсэн энэ хэргийг ганцаараа хийсэн гэж хүлээсэн нь дээр. Эс тэгвээс бүр ч аймшигтай тамлал чамайг хүлээж байх болно. Харин одоо анхааралтай сонсож бай.
Түүний хоолойны өнгө, нүүрний хувирал огцом өөрчлөгдөв.
— Долоо хоногийн дараа чи Спецназын бүлэгт хянагчаар явна. Та нарыг Стороженецийн орчим хаях болно. Хоёр дохь өдрөөс бүлэг хоёр хуваагдах ба тэр мөчөөс эхлэн чи алга болно. Чи Кишинев орох ёстой. Зөвхөн ачааны галт тэргээр, зөвхөн шөнө явна. Кишиневт багшийн их сургууль бий. «Их сургуульд үндсэрхэх үзлийн төвшинг дундаас дээш гаргая» гэсэн энэ лоозонг чи шөнө ханан дээр нь бичих хэрэгтэй.
Тамхины нимгэн цаасны тасархай дээр бичсэн лоозонг надад өгөв.
— Чи молдав хэл мэдэхгүй, тиймээс энэ текстийг нүдлээд цээжилж ав. Одоо. Алив, бичээд үз. Дахиад нэг. Чи бүгдийг өөрөө хийнэ гэдгээ сана. Хэрэв чамайг хаа нэгтээ зогсоовол чи бүлгээсээ хоцорч, зүг чигээ алдаж төөрсөн хүн шүү. Хөндлөнгийн тусламжгүйгээр бие даан Армийн штаб уруу ирэхийг хичээгээрэй. Тийм учраас чи ачааны вагоноор шөнө явах болно. Унтчихалгүй сайн харж яв. Өдөр ойд унтана биз.
— Үсгийн хэмжээ нь ямар байх ёстой вэ?
— 15-20 сантиметр байхад молдавын КГБ-ын төлөөлөгчийг зайлуулахад хангалттай.
— Ганц лоозонгоор уу?
— Эн бол онцгой тохиолдол. Их сургуульд аль хэдийнээс үндсэрхэх үзэлтэй амжилтгүй тэмцэж ирсэн юм. Хамгийн хатуу арга хэмжээнүүдийг авсан. Одоо бүх зүйл хэвийн гэж Москва уруу мэдээлсэн байгаа. Чиний ажил бол тийм биш гэдгийг харуулах явдал. Мэдээж Одессын цэргийн тойргийг сэжиглэж болох ч, одессын цэргийн удирдлага өөрийн буруугүйг хялбархан нотлох болно. Бид энэ цохилтыг шууд биш харин булангийн цаанаас, зэргэлдээ тойргоос өгч байгаа юм. Чи ганцаараа бие дааж ажиллана гэдгийг би чамд ахин нэг сануулчихъя. Чи энэ лоозонг гудамжинд хийсэж байсан цаасан дээрээс олж хараад ямар утгатайг нь мэдэхгүйгээр ханан дээр бичсэн гэнэ биз. Нууц ажиллагаа явуулагч байснаас тэнэг байсан нь дээр. Лоозонгоо мартаагүй биз?
— Үгүй.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)