HERO'S WORLD : Тагнуулч Суворов 4 бүлэг 6-р хэсэг

Тагнуулч Суворов 4 бүлэг 6-р хэсэг

6.

Хүний хөлөөр чулуу шаржигнаж доош өнхөрнө. Асар том сүүдэр могой мэт чимээгүй гулсан жалганд орж ирлээ. Шөнийн түүдгийн гэрэл биерхүү хорлон сүйтгэгчийн нүүрэнд тусаж гялбуулав. Тэр бидний нүүр рүү харж Кравцовыг таниад: «Нөхөр хурандаа, Спезназын 2-р ротын 29-р бүлэг. Бүлгийн захирагч түрүүч Полищук» гэж илтгэлээ.
— Тавтай морил, түрүүч ээ.
Түрүүч бүлэг рүүгээ эргэж зурам дуугарах мэт чимээгүй исгэрэв. Хэвгий газраар уруудах хорлон сүйтгэгчдийн гутлын ул шаржигнах нь сонсогдлоо. Хоёр нь дээш хяр дээр гаран эргэн тойрноо ажиглан, хамгаалахаар байраа эзлэв. Холбоочин антеннаа түргэхэн дэлгэлээ. Хоёр нь брезент дэлгэн зогсох бөгөөд түүний ард бүлгийн нууц түлхүүрийн мэргэжилтэн ид шидээ үзүүлэх болно. Түүний мэдээгээ хэрхэн бэлтгэхийг ердийн үхэх үйлтэн харж болохгүй тул ажиллах үед нь үргэлж брезентээр халхалдаг юм. Байлдааны цагт нууц түлхүүр ба нууц түлхүүрчнийг бүлгийн захирагч толгойгоороо хариуцна. Бүлэгт аюул тулгарсан үед захирагч өөрөө нууц түлхүүрчнийг буудаж, нууц түлхүүр ба түлхүүрийн аппаратыг устгах ёстой. Хэрэв тэр үүнийг хийгээгүй бол зөвхөн захирагч ч биш бүлэг тэр чигээрээ амиараа хариуцна.
За, мэдээ бэлэн боллоо. Дээр нь цэгцтэй хэдэн нүх шивж гаргасан ердийн кино хальс байхыг одоо бид бүгдээрээ харж байна. Мэдээллийг радио станц уруу хийнэ. Станцыг одоогоор асааж тохиргоог нь хийгээгүй байна. Холбоочин хором хэмжигчээ харна. Одоо нэг товчлуур дарлаа. Радио станц асаж, автомат тохиргоо нь өөрөө хийгдэн хальсыг өөр дундуураа нэвт гарган шидэв. Радио станц дээрх хэдэн өнгөт гэрлүүд тэр дороо унтрав. Холбоо барих бүх хугацаа нь нэг секунд ч хүрсэнгүй. Радио станц мэдээллээ бараг л буудаж орхив.
Нууц түлхүүрчин шүдэнз асаан хальсанд хүргэхэд эгшин зуурт шаржигнан хальс шатаж алга болов. Жирийн ч нэг кино хальс биш шиг байна. Нууц түлхүүрт мэдээллийг радио станц хэрхэн нэвтрүүлсэн шиг түргэн шатдаг эд ажээ.
— Бэлэн үү? Дороо үсрээд. Цаг болжээ. Явцгаая.
Түрүүч Полищук хатуу чанга захирагч юм. Бүлгээ чангалж, зогсолтгүйгээр элдэх нь. Гэхдээ дэгдээхэйнүүдийг бариан дээр л тоолох болно. Одоогоор хэвийн явж байна. Харин бүлэг нь эхний хоёр зуун километрт бахардаад унавал яах билээ? Энэ тэмцээнд бүлгийн захирагч нарт нэлээд өргөн эрх мэдэл өгсөн юм. Хүсвэл бүлгээ зогсоогоод амарч, унтаж ч болно. Хэрэв хүсвэл 10 минут алхаад амраад байсан ч болно. Гэхдээ сүүлийн арван бүлгийн нэг багтвал түрүүч цолыг нь хурааж байлдагч болгох болно. Харин чиний түрүүч цолонд дурлах цэрэг олон бий шүү.
— Нөхөр хурандаа, нэгдүгээр ротын арван нэгдүгээр бүлэг. Бүлгийн захирагч түрүүч Столяр.
— Тавтай морил, түрүүч ээ. Бидний байгаад анхаарлаа хандуулалгүй үргэлжлүүл.
— Гүйцэтгэе! Хирс, Зэвүүн Нугас хоёр харуулд гар!
— Гүйцэтгэе!
— Блевантин!
— Би!
— Холбоо барь.
— Мэдлээ, холбоо барья.
— Бэлэн үү? Дороо үсрээд. Цаг болжээ. Явцгаая.
Харин одоо бүлгүүд бөөн бөөнөөрөө орж ирцгээнэ. Тэмцээн үргэлж ийм байдаг юм. Цөөн бүлэг урагш хол тасарч, дараа нь үндсэн хэсэг нь маш богино завсартайгаар, эсвэл бүр завсаргүй цувцгаах бөгөөд сүүлд нь хоцорсон, төөрсөн бүлгүүд орж ирнэ. Зарим нь манай түүдгийн дэргэд цаг амраад явна. Зарим нь бүр хоёр цаг ч болно. Зарим нь зөвхөн холбоо барьж, мэдээллээ дамжуулах гэж түр зогсоод урагшилна. Бидний дэргэд шууд л хэд хэдэн бүлэг бор бааздуухан оройн хоолоо бэлтгэж байна. Хээрийн сургуулийн явцад гал гаргахыг хориглодог тул хорлон сүйтгэгчид үрлэн спиртийн дөлөн дээр хоолоо бэлддэг. Харин тэмцээн дээр бол гал хэрэглэж болно. Тэмцээний гол зорилго нь газрын баримжаагаа сайн олох, хурд, байнуудын байршлын солбицлыг зөв тодорхойлох, холбоо барих явдал юм. Бусад нь тийм ч чухал биш.

Түүдэг галын зүгээс хорхой хүргэм үнэр ханхална. Хорлон сүйтгэгчид тахиа шарж байна. Тэд тун онцгой аргаар шарах аж. Гэдэс дотрыг нь авч хаяад, толгой, хөлийг нь тастсан ч өдийг нь зумласангүй. Тахиаг нойтон шавраар тал талаас нь зузаан шаваад шууд гал руу хийжээ. Одоо харин үнэртэж буй нь тэр. Удалгүй тахиа ч болов. Хорлон сүйтгэгчдэд хоолны сав байхгүй тул шавраар орлуулах хэрэгтэй болжээ. Шарж болмогц шаврыг нь хага цохин унагах бөгөөд өд нь шавартай хамт хууран унаж тахианы мах тос шүүстэйгээ хамт идэхэд бэлэн болжээ.
— Нөхөр хурандаа, амсаад үзээч.
— Баярлалаа. Харин та нар тахиа хаанаас авав?
— Зэрлэг юм аа, нөхөр хурандаа. Гэр оронгүй тэнэж явсан юм.
Тэмцээний явцад спецназынхан зэрлэг гахай, зэрлэг тахиа, зэрлэг азарган тахиаг ч үргэлж олцгооно. Заримдаа бас зэрлэг төмс, зэрлэг улаан лооль, зэрлэг өргөст хэмх, зэрлэг эрдэнэ шиш олцгоох ажээ. Эрдэнэ шишээ аварга данханд чанаж байна.
— Харин данх хаанаас гараад ирэв?
— Юу ч гэх юм бэ дээ. Зам дээр хэвтэж байсан юм. Авахгүй орхивол алдас болно. Эрдэнэ шишээс амсаач, сайхан болсон байна.
Кравцов цэргүүдийн урилгыг тойргийн штабын дарга эсвэл тойргийн захирагчийн урилгаас дутахгүй талархан хүлээн авдаг зарчимтай. Ялгаагүй адилхан хандана. Түүдгийн дэргэд хөгжилтэй байлаа.
— Ойр дотнын хүмүүсээ хуурахгүй бол хөндлөнгийн хүмүүс ойртож ирээд чамайг хуурна шүү.
Хурандаа шогч хүн. Түүний төлөө ямар ч хорлон сүйтгэгч хоолойгоо мэрүүлэхээс ч буцахгүй. Тэдний хүндэтгэлийг зүгээр ч нэг олоод авчихдаг юм биш. Тэд бидний томилсон ямар ч даргад захирагдах боловч тохиолдсон бүхнийг хүндлээд байдаггүй бөгөөд зальхай хорлон сүйтгэгч өөрийн захирагчийг хүндэлж, эс хүндэлж байгаагаа харуулах мянган арга мэднэ.

Харин тэд Кравцовыг яалаа гэж хүндэлдэг юм бол? Өөрийн араатан төрхийг нуудаггүй, нуухыг ч оролддоггүй тэр чанарыг нь хүндэлдэг юм. Хорлон сүйтгэгчид хүний мөн чанар маш бат бэх бөгөөд өөрчлөгдөшгүй гэдэгт итгэлтэй байдаг юм. Тэд мэдэж байгаа. Тэд өдөр бүр амьдралаараа дэнчин тавьдаг бөгөөд өдөр бүр амьдрал үхлийн зааг дээр байгаа хүнийг харах боломжтой байдаг. Ийм учраас тэд бүх хүмүүсийг сайн ба муу гэж хоёр ангилдаг юм. Тэдний ойлголтоор бол сайн хүн гэдэг нь өөрийн араатан төрхөө нуудаггүй тийм хүнийг хэлдэг.
Харин сайн хүн болж харагдахыг хүсэж байгаа хүмүүс л аюултай. Зөвхөн өөрийн сайн талуудыг харуулдгаас гадна өөрийгөө сайн хүн гэж итгэдэг тийм хүмүүс л хамгийн аюултай. Бузар булай, жигшүүрт гэмт хэрэгтэн нэг, арав, ихээр бодоход зуун хүн л алж чадна. Харин гэмт хэрэгтэн хэзээ ч хүмүүсийг сая саяар нь алдаггүй юм. Өөрсдийгөө сайн хүмүүс гэж тооцдог тэр хүмүүс л сая саяар нь алдаг юм. Гэмт хэрэгтнүүдийн дундаас биш харин хамгийн сайн, хамгийн хүнлэг хүмүүсийн дотроос л Робеспьерүүд төрдөг. Гильотиныг ч гэмт хэрэгтнүүд биш харин хүнлэг үзэлтнүүд бодож олжээ. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт гэмт хэргүүдийг архи уудаггүй, тамхи татдаггүй, эхнэрээ араар нь тавьдаггүй, алган дээрээсээ хэрэм хооллодог хүмүүс үйлдсэн юм.
Бидний хамтдаа эрдэнэ шиш идэж байгаа энэ залуус хүн тодорхой нэг зааг хүртэл л сайн байдаг гэдэгт итгэдэг. Хэрэв амьдрал шаардах юм бол сайн хүмүүс муу болж хувирах ба тэр нь хамгийн тохиромжгүй үед ч таарч мэднэ. Гэнэтхэн ийм хувирлын золиос болохгүйн тулд сайн хүмүүстэй харьцахгүй байсан нь дээр. Харин одоо ч муу байгаа тийм хүмүүстэй холбогдсон нь илүү дээр. Ядаж л хувь заяа нүүрээ буруулах цагт тэр юу хийж болохыг мэднэ шүү дээ. Хурандаа Кравцов энэ утгаараа тэдний хүн. Жишээ нь сайхан хөхтэй хүүхэн гудамжаар алхаж явна гэж бодъё. Тарвас шиг хоёр өгзгөө хаялан үзээд алдаач гэх шиг даллана. Хорлон сүйтгэгч энэ тохиолдолд яах вэ? Хэрэв өөрөөр огт болохгүй бол ядаж л нүдээрээ хүчиндээд хаяна. Харин хурандаа Кравцов тэгэхгүй, огт санаа зовохгүй гүйцэлдүүлнэ. Үүнийх нь төлөө түүнийг хүндэлдэг юм. .
Харин тэр хүүхний араас харахгүй байгаа тэр хүмүүс л аюултай. Түүнийг огт сонирхохгүй байна гэдгээ харуулах гэж оролдоод байгаа тийм хүмүүс аюултай. Чухам яг хүмүүс дундаас л нуугдаж буй тамлан зовоогч, алуурчдыг олж болно.
Кравцов энэ ангилалд хамаарахгүй. Эм хүйстнийг сонирхож, түүнийгээ ч эс нууна. Эрх мэдэлд дуртай бол түүнийгээ яагаад нуух ёстой гэж? Харин тэр маш их дуртай. Ямар ч эрх мэдэлд.
Тэр хүүхэлдэйг хэрхэн зодож байхыг анх харахдаа би үүнийг мэдэрсэн юм. Энэ бол хүч чадал, өршөөлгүй эрх мэдлийн үзүүлэх тоглолт байлаа. Хүүхэлдэй бол хүн. Бэлтгэл сургуулилтад зориулсан хүн.
Өөрийн найзтайгаа сургуулийн тулаан хийх үед тэр чамайг алахгүй гэдийг чи урдаас мэдэж байна. Тэр ч чи түүнийг алахгүй гэдгийг мэднэ. Ийм учраас сургуулийн тулаан хийх сонирхол байхгүй болчхож байгаа юм.
Харин хүүхэлдэй бол чамайг алж ч болно, хэрэв чи хүүхэлдэйн хавирга, хүзүүг хугалчихлаа гэхэд нэг их загнаад байхгүй.
Бидний ажил тун хариуцлагатай. Хэрэгтэй үед бидний гар чичрэх ёсгүй. Чичрэх ч үгүй. Үүнд бүрэн итгэлтэй байхын тулд манай захирагч нар биднийг бэлтгэл сургуулилтаа хий гэж хүүхэлдэй хаяж өгдөг юм. Хүүхэлдэйг анх бид бодож олоогүй юм. Тэднийг биднээс өмнө ч мөн ашиглаж л байсан юм. Илүү өргөн хүрээтэйгээр, өөр өөр нэрийн дор ашиглаж байсан юм. Тэднийг Онцгой комиссынхон гладиатор, НКВД-ынхан сайн дурынхан, СМЕРШ-ийнхэн робинзон, харин манайд хүүхэлдэй гэж нэрлэдэг.
Хүүхэлдэй бол алах ял заагдсан гэмт хэрэгтэн. Хөгшин, өвчтэй, сул дорой, дэндүү ихийг мэддэг нэгнийг нь ялын тогтоол уншингуут шууд устгана. Харин хүч чадалтай, эрүүл чийрэг нэгнийг үхэхээс нь өмнө манай улсын хүч чадлыг бэхжүүлэхэд ашигладаг юм. Үхэх ялтай хүмүүсийг ураны уурхайд явуулдаг гэж ярьцгаадаг. Дэмий үг. Ураны уурхайд жирийн хоригдлууд ажиллана. Харин алах ял заагдагчдыг илүү үр бүтээлтэй ашиглана. Тэгж ашиглах нэг хэлбэр нь Спецназын хүүхэлдэй юм. Бидэнд ч хэрэгтэй, түүнд өөрт нь ч хэрэгтэй. Бид өрсөлдөгчөө гэмтээчихнэ гэж айхгүйгээр тулааны арга барилаа сайжруулж, харин түүний үхэл хойшилно.
Өмнө нь хүүхэлдэй, гладиаторууд бүгдэд хүрэлцэхүйц хангалттай олноороо байдаг байсан юм. Харин одоо хүрэлцэхгүй байна. Бүх юм хүрэлцэхгүй байна. Талх ч хүрэлцэхгүй, мах ч хүрэлцэхгүй, харин одоо бүр хүүхэлдэй ч хүрэлцэхгүй болж. Харин хүүхэлдэй хэрэглэхийг хүсэгчдийн тоо буурсангүй. Харин тэднийг хаанаас авах билээ? Ийм учраас л хүүхэлдэйг болгоомжтой, удаан эдлэхийг тушааж байгаа нь тэр. Гэхдээ энэ нь бэлтгэл сургуулилтын чанарт нэг их нөлөөлөхгүй л дээ. Чи түүнийг хүнд бэртээж болохгүй, харин түүнд элдэв хязгаарлалт байхгүй. Тэр хэзээ ч үхэж болох учраас түүнд алдах юм байхгүй. Зүгээр л хүзүүг нь хуга мушгиж ч болно. Ийм учраас л хүүхэлдэйтэй тулалдах нь дасгалжуулагч хийгээд хамтрагчидтайгаа тулалдахаас зуу дахин ашигтай. Хүүхэлдэйтэй хийх тулаан бол жинхэнэ тулаан, жинхэнэ эрсдэл.
Спезназын бүхэл бүтэн батальоноос зөвхөн мэргэжлийнхнээс бүрдсэн онцгой салаа л хүүхэлдэйгээр бэлтгэл хийх эрхтэй. Жирийн хорлон сүйтгэх гурван ротынхон хүүхэлдэй гэж байдгийг ч мэдэхгүй. Тусгай салаа нь батальоноос тусдаа хол байрлаж, сайтар хамгаалагдсан тул хүүхэлдэйг ч мөн тэндээ хадгална.
Кравцов дэмий аз сорих дургүй ч эрх мэдэлд дуртай хүн. Тийм учраас Дубровицад очих бүрдээ тэрээр хувцсаа солин өөрийн биеэр хүүхэлдэйтэй бэлтгэл хийдэг юм. Тэр удаан бөгөөд шаргуу бэлтгэл хийнэ. Тэр маш шаргуу хүн.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)