HERO'S WORLD : Тагнуулч Суворов 4 бүлэг 5-р хэсэг

Тагнуулч Суворов 4 бүлэг 5-р хэсэг

5.

Зөвхөн намрын шөнийн тэнгэрт л ийм олон од түгдэг билээ. Зөвхөн есдүгээр сарын хүйтэн шөнөөр л одод хар хилэн дээр асгарсан мөсөн дуслууд шиг гялалзан харагддаг юм
Огторгуйн мандлын түнэр харанхуй, там шиг хүйтэн элчилгүй хоосноос хэчнээн од биднийг тольдож байдаг бол! Хэрэв Их Долоон Бурхан оддын зүг харах юм бол тэрхүү тод оддын дэргэд нэг бяцхан бүдэг од харагдана. Тэр од огт жижиг биш зүгээр л маш хол оршдог ч байж мэднэ. Хэдэн арван аварга том гариг тойрч эргэдэг асар том од ч байж магадгүй. Бүр хэдэн тэрбум одтой аварга галактик ч юм билүү…
Орчлон ертөнцөд бид мэдээж ганцаараа биш. Сансар огторгуйд манай гаригтай тун төстэй тэрбум тэрбум гариг бий. Ямар учраас бид өөрсдийгөө онцгой тохиолдол гэж үзэх учиртай гэж? Бид онцгой биш. Бид бусадтай л адил. Бид зөвхөн хэлбэр дүрс, нүдний өнгөөрөө ялгагддаг гэж үү? Зарим гаригийн оршин суугчдын нүд нь яг хурандаа Кравцовынх шиг цэнхэр, бас зарим гаригийнх нь ногоон, заримынх нь гурвалжин, номин ногоон туяатай байгаа. Гэхдээ хараажаар ингээд л бидний бүх ялгаа дуусчхаж байгаа юм. Бусад бүх талаараа бид адилхан, бид бол араатнууд. Гэхдээ мэдээж араатнууд ч бас дотроо ялгаатай. Сэтгэдэг, соёлжиж иргэншсэн ба сэтгэдэггүй гэж бий. Эхний хэсэг нь өөрийн араатан төрхийг нуух гэж оролддогоороо нөгөө хэсгээсээ ялгаатай. Бид хоол ундаар элбэг, дулаан, олон эмэгчинтэй байхдаа сайхан сэтгэлтэй, бусдыг ойлгодог байхыг өөрсдөдөө зөвшөөрч болох юм. Гэвч байгаль эх, эсвэл хувь тавилан «Нэг нь үлдэж, бусад нь үрэгдэнэ» гэдэг асуудлыг дөнгөж цухуйлгаж эхэлмэгц бид өөрсдийн шар соёог хөршийнхөө, дүүгийнхээ, эхийнхээ хоолойд зоож орхидог юм.
Бид бүгд араатнууд. Би үүнийгээ нуух гэж оролддоггүй. Нэргүй галактикийн гүнд хаягдсан улбар шар одны арван хоёр дохь гаригийн оршин суугч ч бас араатан, зөвхөн сайхан сэтгэлтэй болж харагдахыг л илүү хичээдэг байх. 13-р армийн тагнуулын дарга хурандаа Кравцов ч мөн араатан. Тэр цөөхөн тохиолддог араатнуудын нэг. Тийм ч өндөр биш, гуалиг, цэвэрхэн царайтай, бага зэрэг ихэмсэг. Дур татам сайхан инээмсэглэдэг ч хоёр завьж нь үргэлж бага зэрэг унжиж байдаг нь биеэ цэнэж, нарийн тооцоотой байдгийн шинж. Харц нь сүрдэм бөгөөд чанга хатуу. Түүний харц ярилцаж буй хүнээ нүд буруулж, нүдээ цавчихад хүргэдэг юм. Савхан хуруутай цагаан гартай. Хурандаагийн мөрдэс түүнд тун ч зохидог. Ийм төрлийн хүмүүс тун хачин зүйлс сонирхдог байх нь ч бий. Тэдний зарим нь зэвтэй зоос цуглуулах дуртай гэж би сонссон. Манай хурандаа юунд дурладаг нь сонирхолтой л юм. Миний хувьд, бид бүгдийн хувьд тэрээр оньсого л гэсэн үг. Бид түүний тухай тун ч бага зүйл мэддэг бол тэр бид бүгдийн тухай бүр нэг бүрчлэн сайн мэднэ. Тэр бол араатан. Жижигхэн, цусанд шуналтай, үхлийн аюултай араатан. Тэр өөрийн зорилгыг мэдэж, түүн рүүгээ эргэлт буцалтгүй явж байгаа хүн. Би түүний замыг заагч одыг мэднэ. Тэр одыг эрх мэдэл гэдэг юм. Тэрээр түүдгийн дэргэд сууж, зориг төгөлдөр өргөн нүүрэн дээр нь улаан сүүдэр хэсүүчилнэ. Зөв хэлбэртэй бараан дүрс, улаан сүүдэр. Өөр юу ч үл харагдана. Ямар ч нүүдэл, ямар ч тохиролцоо байхгүй. Хэрэв би ямар нэг алдаа гаргавал тэр надад итгэхээ байж намайг бяц дэвсэнэ. Хэрэв би түүнийг хуурвал түүний хүчирхэг оюун ухаан миний харцнаас л үүнийг мэдчихнэ.
— Суворов, чи ямар нэг зүйл асуумаар байна уу?
Бид зах хязгааргүй талын нэгэн бяцхан жалганд хоёулхнаа сууна. Бидний машин тээр тэнд байгаа төгөлд нуугдаж байгаа бөгөөд жолоочид унтаж амрахыг нь зөвшөөрсөн юм. Бидний өмнө намрын урт шөнө байна.
— Тийм ээ, нөхөр хурандаа, аль эртнээс танаас асуухыг хүссэн юм… Таны мэдэлд залуухан, мэдлэг чадвартай, сайн бэлтгэгдсэн, сайхан хүмүүжилтэй, ирээдүйтэй офицерууд хэдэн зуугаараа байна… Харин би тосгоны тариачин, таны ярьдаг олон номыг уншаагүй, надад таны хүрээнийхэнтэй хамт байхад хэцүү… Таны эрхэмлэн шүтдэг зохиолчид, зураачид надад сонин биш… Та яагаад намайг сонгосон юм бэ?
Тэрээр хажуудаа байгаа данхыг удаан оролдож, зүгээр л миний ажилсаг, авхаалжтай байдлын тухай ердийн нэг зүйлсийг ярих уу эсвэл үнэнийг хэлэх үү гэж шийдэж ядан байх нь харагдана. Тэрээр данханд кофег коньяктай холин чанаж, хэрэв уувал хэд хоногоор ч унтахгүй галзуу ундаа бэлтгэж буй нь тэр.
— Виктор, чамайг хуурах тун хэцүү, чи өөрөө ч ойлгож байгаа болохоор би чамд үнэнийг хэлье. Манай ертөнц тун хатуу. Зөвхөн дээш авирч байж л амьд үлдэж болно. Хэрэв зогсох л юм бол доош өнхөрч, чиний ясан дээгүүр гишгэчин өгсөх хүмүүс чамайг дэвслээд хаяна. Манай ертөнц эвлэршгүй хоёр системийн цуст тулааны талбар, нөгөө талаасаа бол хувь хүмүүсийн хоорондын тэмцлийн дэвжээ. Энэ тэмцэлд хүн бүрд тусламж дэмжлэг хэрэгтэй болно. Надад юу ч хийхэд бэлэн, ялалтын төлөө үхлээс ч айхгүй зүтгэх туслагчид хэрэгтэй. Гэхдээ миний туслагчид хамгийн хүнд үед ч надаас урвах ёсгүй. Үүний тулд туслагчдаа бүр хамгийн доороос сонгох ганцхан зам бий. Чи надад бүх талаараа өртэй, хэрэв намайг хөөх юм бол чамайг ч хамт хөөнө. Хэрэв би байгаа бүхнээ алдвал чи ч бүхнээ алдана. Би чамайг авьяастай болохоор чинь хүн сүрэг дундаас сонгоогүй, хүн сүргийн хүн болохоор чинь л сонгосон. Чи хэнд ч хэрэггүй. Надад ямар нэг зүйл тохиолдвол чи эрх ямбаа алдаж дахиад л хүн сүрэгтээ очно. Туслагчид, бие хамгаалагчдаа сонгох энэ арга бол энэ ертөнцөөс ч эртний юм шүү. Бүх л эрх мэдэлтнүүд ингэж хийсээр ирсэн. Надаас урвавал бүхнийг алдана. Намайг ч мөн яг л ингэж тоос шороон дундаас сонгосон юм. Миний ивээн тэтгэгч ямар ч үед миний дэмжлэгт найдаж болно гэдгийг мэддэг учраас л дээшлэх бүрдээ намайг өөрийнхөө хойноос татаж явдаг юм. Хэрэв тэр өнгөрчихвөл би хэнд хэрэгтэй юм бэ?
— Таны ивээн тэтгэгч тань дэслэгч генерал Обатуров уу?
— Тийм. Тэр хошууч цолтой байхдаа дэслэгч цолтой, тийм ч бүтэлтэй биш намайг өөрийн бүлэгтээ авсан юм.
— Гэхдээ тэр ч бас хэн нэгэнд зүтгэдэг байх. Түүнийг ч бас хэн нэг нь дээш татдаг уу?
— Мэдээж хэрэг. Гэхдээ энэнд чиний ухаан хүрэхгүй. Жанжин штабт дэслэгч генерал Обатуровын хүчирхэг ивээн тэтгэгчид бий, чи зөв замаар явж байна гэдэгтээ л итгэлтэй бай. Гэхдээ Суворов, би чамайг аль хэдийн сайн мэддэг болсон. Энэ асуулт чамайг зовоогоогүй гэдгийг би мэдрээд байна. Чи юу асуух гэсэн юм бэ?
— Надад Аквариумын тухай ярьж өгөөч.
— Чи энийг ч бас мэддэг юм уу? Чи энэ тухай үг сонсож чадахгүй. Тэгэхлээр чи энэ үгийг хаа нэгтээ харсан байх. Жаахан бодох хугацаа өгвөл би чиний хаана харсныг хэлж өгье.
— Хөрөг зургийн ар талаас.
— Аа, тийм байх нь! Сонс, Суворов, үүний тухай хэнээс ч бүү асуу. Аквариум өөрийн нууцуудад хэтэрхий ноцтой ханддаг юм. Чи асуух л юм бол чамайг дэгээнд өлгөж орхино. Үгүй, би тоглоогүй. Эрүүнээс чинь, эсвэл хавирганаас чинь өлгөөд дүүжилчихнэ. Зүгээр л Аквариумын тухай би чамд ярьж чадахгүй. Чи хэн нэгэнд, тэр нь бас цаашаа дамжуулан ярьж болоход л хамаг учир нь байгаа юм. Гэвч үйл явдал өөр чиглэлд өрнөж эхлэх тэр мөч ирнэ. Нэгнийг нь баривчлаад энэ үгийг хэнээс сонссоныг нь хэлүүлнэ, тэр нь чамайг зааж өгнө, чи намайг зааж өгнө.
— Намайг тамлаж эхлэнгүүт би таныг хэлж өгнө гэж та бодоод байгаа юм уу?
— Би үүнд эргэлзэхгүй байна, чи ч бүү эргэлз. Эрүүдэж тамлахыг даваад гардаг чанга хүмүүс, давж гардаггүй сулхан хүмүүс гэж байдаг хэмээж тэнэгүүд л ярьдаг юм. Энэ бол дэмий үг. Сайн ба муу мөрдөн байцаагчид л гэж байдаг юм. Харин Аквариумын мөрдөн байцаагчид тун сайн… Хэрэв тэдний дамжлага уруу орох л юм бол чи хэзээ ч хийгээгүй хэргээ ч хүлээнэ. Гэхдээ чи бид хоёр тэр дамжлаг уруу хэзээ ч орохгүй гэж би итгэж байгаа учраас чамд Аквариумын талаар хэдэн үг хэлье…
— Тэнд ямар загаснууд байдаг юм бэ?
— Тэнд зөвхөн пираньи загас л бий.
— Та Аквариумд ажиллаж байсан уу?
— Үгүй, надад тэгэх хувь дутсан юм. Магадгүй ирээдүйд болох л юм… Миний шүдийг хангалттай хурц биш гэж тэнд боддог байх л даа. За, тэгэхлээр сонсож бай. Аквариум гэдэг бол Жанжин штабын хоёрдугаар ерөнхий удирдах газар буюу Тагнуулын ерөнхий удирдах газар оршдог төв байр оршдог барилгыг хэлдэг юм. Цэргийн тагнуул нь 1918 оны 10 сарын 21-ээс хойш олон янзын нэрийн дор оршин тогтносоор ирсэн юм. Тэр үед Улаан арми аль хэдийн асар том, хүчирхэг бие махбод болсон байлаа. Армийн тархи болсон Жанжин штаб түүнийг удирдана. Гэхдээ тэрхүү бие махбод сохор, дүлий байснаас Штабын хариу үйлдэл удаан, яв цав бус байсан юм. Дайсны тухай мэдээлэл Онцгой Комиссоос ирнэ. Энэ чинь тархи өөрийн нүд чихээр ирсэн биш харин өөр хүний амнаас гарсан мэдээллийг хүлээж авна гэсэн үг. Чекистүүд буюу онцгойгынхон армийн хүсэлтийг үргэлж хоёрдугаарт тавьдаг байсан юм. Үүнээс өөрөөр байж ч болохгүй. Нууц цагдаагийн газарт өөрийн гэсэн зорилго бий, Жанжин штабт ч мөн адил. Тэгэхлээр Жанжин штабт хөндлөнгөөс хэчнээн мэдээлэл өгөөд ч түүнд хэзээ ч хангалттай байхгүй. Бүтэлгүйтвэл хэнээс асуухыг төсөөлөөд үз дээ. Дайсны талаарх мэдээлэл хангалтгүй байсан учраас л бүтэлгүйтлээ гэж жанжин штаб дуртай үедээ хэлж болно. Хэчнээн ч мэдээлэл цуглууллаа гээд цаана нь хариулт авч чадаагүй сая сая асуудал байсаар байх тул үргэлж Жанжин штабын зөв байх болно. Ийм учраас л цэргийн тагнуулыг жанжин штабын гарт өгөхөөр шийдсэн бөгөөд Жанжин штабын дарга өөрөө тэрнийгээ удирдаж, хэрэв дайсны тухай хангалттай мэдээ байхгүй бол Жанжин штабын өөрийнх нь буруу болно.
— КГБ хэзээ ч ГРУ-г гартаа авахыг оролдож байгаагүй юу?
— Үргэлж оролдсоор ирсэн. Одоо ч оролдож байна. Ежовын үед нэг удаа тэгж чадсан юм. Тэр нэгэн зэрэг НКВД ба цэргийн тагнуулын дарга байсан. Үүнийх нь төлөө түүнийг даруй устгах хэрэгтэй болсон юм. Түүний гарт дэндүү их эрх мэдэл төвлөрсөн. Тэр бүхий л нууц үйл ажиллагааг ганцаараа хянах болсон юм. Дээд удирдлагуудын хувьд энэ бол аюултай. Бие биетэйгээ нууцаар тэмцэлдсэн хоёр нууц байгууллага байгаа цагт тэд хоорондоо хуйвалдана гэж айхгүй байж болно. Хоёр байгууллага байгаа цагт өрсөлдөөн бий болж ажлын чанар ч сайжирна. Нэг байгууллага нь нөгөөгөө залгих тэр өдөр Төв Хорооны хувьд сүүлчийн өдөр нь байх болно. Гэхдээ Төв Хороо үүнийг зөвшөөрөхгүй. КГБ-ын үйл ажиллагаа дайсагнагч байгууллагуудын үйл ажиллагаагаар хязгаарлагддаг юм. МВД улс орны дотор КГБ-тэй маш төстэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд МВД ба КГБ хоёр бие биенээ хэмлэхэд ч бэлэн байдаг. Түүнээс гадна улс орны хэмжээнд Ардын Хянан Шалгах гэж бас нэг нууц цагдаагийн газар бий. Сталин чухам энэ нууц байгууллага, Ардын Хянан Шалгахын удирдагчийн суудлаас л дарангуйлагч болж гарч ирсэн юм. Харин хилийн чанадад КГБ-гийн үйл ажиллагааг Аквариумын үйл ажиллагаа тэнцвэржүүлдэг. ГРУ ба КГБ мэдээллийн эх сурвалжийн төлөө үргэлж өрсөлдөн тэмцэж байдаг учраас л тэдний ажил ийм бүтэмжтэй байдаг юм.
Би хэлсэн үгнийх нь утгыг дотроо тунгаан чимээгүй суулаа. Өмнө маань урт удаан шөнө байна. Биднээс гучин метрийн зайд удын төгөл дунд америкийн «Першинг» пуужинг яг дуурайлган хийсэн хийлдэг резинэн пуужинг нуусан байгаа. Өнгөрсөн шөнө бүх Спецназын жижиг бүлгүүдэд хуваагдсан хорлон сүйтгэх батальон эндээс алсад хаягдсан. Тэмцээн явагдаж байгаа юм. Маршрут нь 307 километр. Зам дагууд нь пуужингууд, радиолокатор, штаб гэх мэт хяналтын таван цэг бий. Бүх замаа туулж, бүх объектуудыг илрүүлж тэдний байгаа нарийн солбицлыг мэдээлсэн бүлгийн бүх цэргүүд алтан цагаар шагнуулна.
Түрүүлсэн бүлгийн бүх цэргүүд бага түрүүч болж, түрүүч нар нь ахлах түрүүч болон дэвшинэ. Тагнуулын хэлтсийн удирдах бүрэлдэхүүн бүлгүүдийг замд нь хянана. Кравцов үргэлж тэмцээнийг зам дагуу нисдэг тэргээр хянадаг ч өнөөдөр яагаад ч юм бэ хяналтын цэг дээр байхаар шийдсэн бөгөөд туслахаараа намайг сонгосон билээ.
— Ирцгээж байх шиг байна.
— Дараа ярилцъя.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)