HERO'S WORLD : Тагнуулч Суворов 3 бүлэг 1-р хэсэг

Тагнуулч Суворов 3 бүлэг 1-р хэсэг

* III БҮЛЭГ *

1.

Хорлон сүйтгэгчийн тоног хэрэгслээс хамгийн чухал нь гутал юм. Гэхдээ мэдээж шүхрийн удаах нь л даа.
Хацар дээрээ сорвитой тусгай тагнуулын биерхүү ажилтны агуулахаас надад авчирсан хос гутлыг би ихэд сонирхон харлаа. Тэр гутал нь богино түрийтэй ч биш, урт түрийтэй гутал ч бас биш. Харин тэр хоёрын завсрын эд байлаа. Богино түрийтэй гутал ба урт түрийт хоёрын бүх л сайн талуудыг өөртөө агуулсан эрлийз ажээ. Эд аж ахуйн бүртгэлд ҮГ буюу үсрэлтийн гутал гэж тэмдэглэгджээ. Бид ч энэ нэрээр нь явъя.
Энэ гутал нь үхрийн зузаан зөөлөн ширээр хийгдсэн бөгөөд харагдаж байгаагаасаа хамаагүй хөнгөхөн. Үсрэлтийн гутал нь олон оосор, оломтой юм. Өсгий тойрсон хоёр, шилбэ тойрсон хоёр, өлмий дарсан нэг өргөн оосортой бөгөөд оосрууд нь ч маш зөөлхөн аж. Гутал нэг бүр нь олон мянган жилийн туршлага дээр үндэслэгдэн бүтээгджээ. Манай өвөг дээдсүүд ч гэсэн зөөлөн арьс хөлдөө ороож оосроор баглаад л явдаг байсан шүү дээ. Миний гутал ч мөн яг тэгж хийгдсэн бөгөөд зөөлөн арьс ба түүнийг ороож бүсэлсэн оосруудтай юм.
Гэхдээ манай элэнц үеийнхэн маань гутлын ийм улыг мэддэггүй байсан нь лав. Ул нь зузаан, өргөн, зөөлхөн аж. Мэдээж зөөлөн гэдэг нь хэврэг гэсэн үг биш. Ул дотор нь гурван нимгэн титан хуудсыг загасны хайрс мэт бага зэрэг зөрүүлэн зэрэгцүүлж хийсэн тул маш бат бөх бөгөөд уян хатан чанарыг хангажээ. Ийм титан ялтсуудыг сум үл нэвтрэх хантаазанд ч мөн хэрэглэдэг. Гэхдээ мэдээж гутлын уланд сумнаас хамгаалах зорилгоор хэрэглээгүй юм. Эдгээр нимгэн титан хуудсууд нь онцгой чухал обьектуудын ойр тойронд элбэг тохиолддог өргөст тор, хадаас гэх мэтээс хөлийг хамгаална. Хэрэв хэрэгцээ тохиолдвол ийм ултай хүн гал дундуур ч гүйж болно. Мөн эдгээр хуудсууд нь гутлын улнаас тал тал тийш бага зэрэг цухуйж байх тул цана бэхлэх тулгуур болдог.
Эдгээр гутлуудын ул нь манай дайснуудын өмсдөг гутлын хээг дууриалгасан хээтэй. Хаана ямар газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаагаас хамаарч америк, франц, испани гээд ер нь аль ч орны цэргүүдийн өмсдөг гутлын мөрийг бид ардаа үлдээж чадна.
Гэхдээ хамгийн чухал ов заль нь ганц энэ ч биш. Хорлон сүйтгэгчийн буюу эдгээр үсрэлтийн гутлууд нь өсгий нь урдаа, өлмий нь ардаа байхаар хийгдсэн байдаг. Ийм учраас хорлон сүйтгэгч маань урагшаа явахад эсрэг тийш явсан мэт мөр үлдэнэ. Явахад хүндрэлтэй байхгүйн тулд өсгий нь арай нимгэн, харин өлмий нь зузаан байх нь ойлгомжтой шүү дээ. Мэдээж туршлагатай мөрчийг бол хуурч чадахгүй. Тэр чинь хурдан, эрчимтэй алхахад гутлын өлмий хэсэг нь өсгийгөө бодвол илүү гүн мөр үлдээдгийг мэднэ. Гэхдээ цэргүүдийн үлдээсэн мөрийг сайтар анзаарч хараад зогсож байх хүн тийм олон гэж үү? Олон байлаа гэхэд өлмийн мөр илүү тод байдгийг тэр болгон мэднэ гэж үү? Өсгий, өлмий нь солигдчихсон гутал өмсөөд явж гэдгийг мэдэх хүн тийм олон байх уу? Харсан мөрөө зохих ёсоор нь ялгаж таних хүн олон байдаг билүү? Гутлынх нь өсгий нь өлмий дээрээ, өлмий нь өсгий дээрээ байна гэж хэний санаанд орох вэ дээ? Хүн зүүн тийшээ явсан мөр үлдээгээд баруун тийшээ явчихна гэж хэн бодох билээ?
Бид ч бас тэнэг биш. Хорлон сүйтгэгчид яг л чоно мэт ганцаараа явдаггүй юм. Мөн яг л чонон сүрэг шиг мөр мөр дээрээ гишгэж явдаг юм. Манай бүлэгт гурван хүн байна уу, зуун хүн байна уу гэдгийг ойлгох гээд үз л дээ. Харин мөр мөр дээрээ гишгэсэн олон хүний мөрнөөс өлмий нь гүн шигдэж үү, өсгий нь илүү гүн шигдэж үү гэдгийг ялгах бараг боломжгүй.
Хорлон сүйтгэгчид гутал дотроо маш зузаан, цэвэр ноосоор хийсэн нэг л төрлийн оймс өмсөнө. Тайгад явсан ч, аагим цөлд явсан ч нөгөө л саарал өнгөтэй, маш зузаан ноосон оймсоо өмсдөг. Ийм оймс илч сайтай, норж хөлрөхөөс сэргийлдэг. Хорлон сүйтгэгчид хоёр хос оймс байна. Нэг өдөр явах ч бай, сар явах ч бай адилхан. Хоёр хос. Харин яаж өмсөх нь чиний хэрэг.

Нимгэн, хөвөн даавуун дотуур өмд, цамц өмсөнө. Тэр нь шинэ байх ёстой боловч бага зэрэг өмссөн, ядаж нэг удаа угаасан байвал илүү дээр байдаг. Нимгэн дотуур өмд цамцны гадуур хуруу хэрийн бүдүүнтэй зөөлөн олсоор хийсэн «тор» хэмээх бас нэгэн дотуур хувцас өмсөнө. Иймд гадуур хувцас ба нимгэн дотуур хувцасны хооронд үргэлж нэг сантиметр хэрийн зузаантай агаарын давхарга байх болно. Ухаантай толгой үүнийг бодож олжээ. Хэрэв халуун байгаа бол, хэрэв хөлс асгарч байвал, хэрэв бүх бие шатаж байгаа мэт халууцаж байгаа ийм тор л аврал болно. Хувцас биетэй наалдахгүй тул агаарын сэлгээ сайн байх болно. Хүйтэн үед агаарын давхарга нь дулааныг өд мэт хадгалах бөгөөд бас дээр нь нэмж хэлэхэд маш хөнгөхөн билээ. Торон хувцас нь мөн өөр нэг үүрэгтэй. Хувцас нэвт хатгасан шумуулын хошуу биед хүрэхгүйгээр хоосон орон зайд л нэвтрэх болно. Хорлон сүйтгэгч ой, намагтай газар үүргээ гүйцэтгэдэг. Тэр өлөн өвс, түлдэг халгайтай, шумуул битүү бүрхсэн хөвдөн дунд хэдэн цагаар хэвтдэг. Харин зөвхөн торон дотуур хувцас нь л түүнийг аварна.

Харин түүний гадуур хөвөн цасан даавуугаар хийсэн ногоон өмд, хүрэм өмсөнө. Бүх оёдол нь гурван давхар. Хүрэм, өмд нь зөөлөн боловч эдэлгээ сайтай. Илүү бат бөх болгохын тулд нугалаа ихтэй хэсгүүд ба өвдөг, тохой, мөрийг нь гурван давхар материалаар хийнэ.
Хорлон сүйтгэгч толгойдоо тусгай малгай өмсөнө. Өвөл цагт торгон дотортой арьсан нэхий малгай, харин зун бол хөвөн даавуун малгай өмсөнө. Тэрхүү малгай нь мөн нүүрний хаалтыг өөртөө агуулна. Малгай нь ямар ч үед, тэр бүү хэл шүхрээр бууж байх үед ч толгойноос хийсээд явчхааргүй байх ёстой бөгөөд гаднаа ямар нэг оосор бүч, овойж товойх зүйлгүй байх учиртай. Яагаад гэвэл шүхрийн их бие ба оосор дэлгэгдэхэд юу ч тээглэж саад болох ёсгүй. Тийм учраас десантын малгай нь яг толгойн хэлбэрийг хадгалсан байх бөгөөд зөвхөн нүд, ам, хамрын нүхтэй ба толгой, хүзүү, эрүүг нягт халхалсан байдаг. Тэсгэм жавартай үед, эсвэл өнгөлөн далдлахын тулд нүд, хамар, амаа нүүрний хаалтаар хааж болно.
Хорлон сүйтгэгчид үүнээс гадна зузаан хүрэм бий. Тэр нь зузаан, дулаан, хөнгөн, усанд үл норно. Түүнийг өмсөөд намаг дунд хэвтсэн ч норохгүй, цасан дунд хэвтсэн ч осгохгүй. Хүрэмний урт нь өвдөгнөөс арай дээгүүр байх бөгөөд явдалд саад болохгүй, хэрэгцээ тохиолдвол мөсөн дээр хонон өнжин суух суудал ч болно. Хүрэм нь доогуураа өргөн. Түргэн гүйх, явахад энэ нь маш чухал бөгөөд салхи савир сайн нэвтрүүлнэ. Гэхдээ хэрэгтэй бол дулаанаа хадгалж, хөлөө ороохын тулд доод хэсгийг нь хумьж болно. Өмнө нь хорлон сүйтгэгчид мөн ийм зузаан, дулаан өмд бас өмсдөг байсан юм. Гэвч энэ нь тийм ч зөв байсангүй. Зогсолгүй хэдэн өдөр явахад тийм өмд тээр болно. Агаарын солилцоог тэр чигээр нь хааж орхидог. Арьсан өмд хэзээ ч өмсдөггүй байсан манай эцэг өвгөд мэргэн ухаантай хүмүүс байж дээ. Түүний оронд тэд шагайгаа хүрсэн урт дээл өмсдөг байсан юм. Тэдний зөв байжээ. Арьсан өмд дотор норж ялзрах шахна, харин урт дээлтэй бол тэгэхгүй. Энэ эртний туршлагыг үндэслэн хорлон сүйтгэгч зөвхөн хүрэм өмсөх ба шаардлагатай үед түүндээ бараг шагай хүрмээр урт салдаг хормой залгаж үргэлж хэт халуун биш харин тохирсон дулаан хувцастай байх болно. Тэрхүү хормой нь хялбархан салах ба эвхэж хуйлаад нэг их зай эзлэхгүйгээр түүний ачаанд орчихно.
Урд нь хүрмийг хоёр талаар нь өмсдөгөөр хийдэг байсан юм. Нэг тал нь цагаан, нөгөө тал нь судалтай, цайвар ногоон. Гэвч энэ нь буруу байлаа. Хүрэмний дотор тал нь яг л эмэгтэй хүний арьс шиг зөөлөн, хорлон сүйтгэгчийн биеийг илбэн таалж байх ёстой. Харин гадна тал нь хатуу, ширүүн яг л хирсийн арьс шиг байх учиртай. Ийм учраас өнөө үед хүрмийг хоёр талаар нь эргүүлж өмсдөггүй бөгөөд дотор нь зөөлөн гадар нь ширүүн байдаг юм. Харин өнгө нь жил өнжсөн өвс шиг, эсвэл хуучин цас шиг цайвар саарал. Өнгийг нь маш зөв сонгосон юм. Хэрэв зайлшгүй шаардлагатай бол гадуур нь өнгөлөн далдлалтын хөнгөн халаад өмсөж болно.

Хорлон сүйтгэгчийн бүх тоног хэрэгсэл түүний үүргэвчинд багтана. Үүргэвч нь түүний бусад хувцас, тоног хэрэгсэл шиг цайвар саарал өнгөтэй. Үүргэвч нь том биш, тэгш өнцөгт хэлбэртэй. Нягт материалаар хийгдсэн байна. Мөрнөөс арагш татаад байхгүйн тулд хавтгай, өргөн урт үүргэвч хийдэг. Десантчны үүргэвчний бэхэлгээ нь биеийн янз бүрийн хэсгээс зүүж болохоор хийгдсэн байдаг. Цээжиндээ зүүж болно, нурууныхаа бүр дээрээс ч бэхэлж болно, бас ядарсан мөрөө амраан бүсэлхийгээрээ ардаа унжуулан зүүж ч болно.
Хорлон сүйтгэгч хаашаа ч явсан түүнд 810 граммын багтаамжтай усны ганцхан сав байдаг. Түүнээс гадна хүрэн өнгөтэй, халдваргүйтгэх жижиг үрлүүд агуулсан бяцхан бортого түүнд бий. Тийм үрлийг нефть, цусан суулгын бактери, савангийн хөөсөөр бохирдсон усанд хийж болно. Нэг минутын дараа бүх бохир нь доош тунах ба өнгөн хэсгийг нь хамж асгаад шууд ууж болно. Ийм аргаар гаргаж авсан цэвэр ус нь муухай амттай, хлорын хурц үнэртэй байдаг. Гэхдээ л хорлон сүйтгэгч түүнийг ууна. Жинхэнэ цангах гэж ямар байдгийг мэдэрсэн хэн ч болов тийм усыг дуртайяа ууна.
Хэрэв хорлон сүйтгэгч долоо хоног, сараар (хугацаа огт хамаагүй) даалгавар гүйцэтгэхээр явах болбол үргэлж 2 765 грамм хүнс биедээ авч явна. Ихэвчлэн даалгавар гүйцэтгэх явц дунд хоол хүнс, ус, байлдааны хэрэгслийг онгоцоор хаяж өгнө. Харин тэгээгүй тохиолдолд яаж өлсөж үхэхгүй амьд гарахаа өөрөө л мэдэх хэрэг. Тусгайлан боловсруулж, бэлтгэсэн маш өндөр илчлэгтэй бараг гурван килограмм хүнс гэдэг бол маш их юм. Харин энэ нь хүрэлцэхгүй бол хоол хүнсээ өөрсдөө бие даан олж болно. Гахай, буга алж болно, загас барьж болно, жимс, мөөг, зараа, мэлхий, могой, эмгэн хумс, чийгийн улаан идэж болно, хусны үйс, дурс гэх мэт өлссөн хүн идэж болох бүхнийг идэж болно. Ялангуяа хэдэн мянган жилээр хуримтлуулсан энэ талын дадлага туршлагыг эзэмшсэн бол тэр шүү дээ.
Хоол хүнснээс гадна нордоггүй бөгөөд ямар ч салхитай үед, усан дор ч асдаг саперын шүдэнз дөрвөн хайрцгийг авч явна. Мөн түүнд зуун ширхэг хуурай спиртэн үрэл бий. Тэр түүдэг гал асаах эрхгүй. Тийм учраас тэр үрлийн галд дулаацаж, хоол ундаа бэлтгэнэ. Тэрхүү гал нь жирийн шүдэнзний дөл шиг бөгөөд салхинд тэсвэртэй.
Түүний үүргэвчинд хорин ширхэг үрлэн эм бас бий. Төрөл бүрийн өвчин, хордлогын үед хэрэглэнэ.
Десантчны үүргэвчинд дээрхээс гадна нүүр гарын алчуур, шүдний оо, сойз, сахлын хутга, шахдаг савтай шингэн саван, загасны дэгээ оосрын хамт, утас зүү, зэрэг зүйлс байдаг. Хорлон сүйтгэгч үсний сам хэрэглэдэггүй. Түүнийг шүхрээр хаяхын өмнө үсийг нь хусдаг бөгөөд ингэснээр толгой бага хөлөрнө, нойтон үс нүд рүү ороод байхгүй. Сарын дотор үс эргээд ургах боловч үнэт цагаа үрж үсээ самнахаар урт ургаж арай амжихгүй. Тэртэй тэргүй маш олон зүйл авч явж байна шүү дээ тэр.

Хорлон сүйтгэгчийн зэвсэглэл нь бүтэн иж бүрдэл, хөнгөрүүлсэн иж бүрдэл гэсэн хоёр хувилбартай.
Бүтэн иж бүрдэл гэдэг нь Калашниковын АКМС автомат, 300 сумны хамт юм. Зарим автоматууд нь дуу, дөл намсгах хэрэгсэл ПБС, шөнийн харааны хэрэгсэл НБП-3 зэргээр нэмж тоноглогдсон байдаг. Шүхрээр буух үед автомат буу нь тусгай гэрэнд байх бөгөөд ингэвэл шүхэр задрахад саад болохгүй. Газардсан эхний хормуудад гар хоосон байхгүйн тулд хорлон сүйтгэгч бүр П-8 гэдэг чимээгүй гар бууг 32 сумын хамт биедээ авч явдаг. Түүнээс гадна хорлон сүйтгэгчийн баруун хөлийн шилбэнд шүхрийн оосор огтлогч асар том хутга, зүүн шилбэнд нь тэрхүү хутганы дөрвөн ширхэг нөөц ир байдаг.
Энэ хутга бол ер бусын эд. Түүний ишинд хүчирхэг пүрш бий. Түгжээг нь мултлаад товчин дээр дарахад хутганы ир нь хүчтэй исгэрэх чимээ гарган, хоосон бариултай гарыг хойш түлхэн урагш хол үсэрнэ. Хутганы хүнд ир урагш 25 метр зайд хүчтэй шидэгддэг юм. Хэрэв тэрхүү ир нь модонд зоогдвол сугалж авахад тун хэцүү бөгөөд хорлон сүйтгэгч шинэ ирийг ишинд нь хийхийн тулд хүчирхэг пүршийг буцааж сойх гэж бариулыг нь бүх биеийнхээ хүчээр дарах хэрэг гарна. Түүний дараа түгжээг нь буцааж хийгээд хутгыг хүн ба талх зүсэх, төмрийн хуурай маягаар хэрэглэх, өргөст тор тасалдаг саперын хайч болгох зэргээр ердийн байдлаар нь ашиглаж болно. Хэрэв хорлон сүйтгэгч зэвсгийн бүтэн иж бүрдэл авч яваа бол түүний цүнхэнд үүн дээр нэмэгдээд зургаан ширхэг гранат, тэсрэх бодис, мина болон бусад хүнд зэвсэг байх болно.
Зэвсэглэлийн хөнгөрүүлсэн иж бүрдлийг офицерууд, нуруундаа холбооны станц үүрч явдаг холбоочин цэргүүд хэрэглэнэ.
Хөнгөрүүлсэн иж бүрдэлд 120 сумтай автомат, чимээгүй гар буу, хутга орно.

Хал үзсэн хорлон сүйтгэгч энэ бүхнийг агуулахаас авч надад өглөө. Миний гар буу жинхэнэ аж. Би хорлон сүйтгэгчдийн бүлэгт ажиглагчаар явах болно. Гэхдээ би ч мөн тагнуулын офицер учраас автомат буу хийгээд сумны хүндийг мэдрэх ёстой. Ийм учраас сургуулийн буу авч явна. Тэр нь байлдааны автомат буу хэдий мөн ч хуучирч, бүртгэлээс хасагдсан эд. Гол төмрийн ард хүхээг дээр нь нүх гаргаж, «сургуулийн» гэсэн бичиг цохижээ. Би автоматаа мөрлөн үүрлээ. Хүхээг дээрээ нүхтэй сургуулийн автомат үүрсэнгүй олон жил болжээ. Шинэхэн цэргүүд, цэргийн сургуулийн сонсогчид л ийм буу үүрч хичээл, сургуулилтын гараагаа эхэлцгээдэг юм. Армид ийм нүхтэй автомат үүрсэн хүн хөнгөн, цайлган наргианы бай болох нь элбэг. Би мэдээж өөрийгөө шар завьжтай ангаахай гэж бодоогүй ч хорлон сүйтгэгчдийн дунд бол цоо шинэ хүн. Тийм болоод ч тэр үү, эд нар намайг шар завьжтай ангаахай гэж үзээд армийн аль нэг хуучны шоглоомуудын нэгийг үүргэвчинд хийсэн эсэхийг шалгая гэсэн бодол тэр нүхтэй автоматыг авмагц хар аяндаа харван орж ирлээ. Би үүргэвчээ мөрнөөсөө түргэхэн мулталж амыг нь онгойлгоод жижиг халааснаас нь халбагаа гаргаж ирэв. Харин тэр халбагыг нөгөө автоматын хүхээг шиг цоолсон байх бөгөөд ишин дээр нь яг тийм «сургуулийн» гэсэн бичиг дурайж байх нь тэр.
— Уучлаарай, нөхөр ахлах дэслэгч ээ, сайн анзаарсангүй гэж нөгөө биерхүү хорлон сүйтгэгч сандарсан царай гарган хэлэв. Би армид анх ирж байгаа биш бөгөөд энэ бүх эртний шоглоомуудыг мэдэж, болгоомжтой байсан нь түүнд бага зэрэг харамсалтай байлаа. Тэр өөрийн туслах, бараг хүүхдээрээ цэргийг дуудаж анхааралгүй байсныг нь зэмлэн миний дэргэд загнаж гарав. Тэрхүү залуухан цэрэг сургуулийн халбаганд ямар ч хамаагүй бөгөөд түрүүч өөрөө миний үүргэвчинд шургуулж орхисон гэдгийг би ч тэр , түрүүч ч тэр хоёулаа ойлгож байлаа. Дахиад ийм тэнэг тоглоом тохуу ахин хэзээ ч давтагдахгүйн тулд наад халбагаа даруй гаргаж хая гэж түрүүч тушааж байна. Мэдээж, түүнийг гаргаж хаяхгүй гэдгийг би ойлгож байлаа. Тэр халбагыг хорлон сүйтгэгчдийн олон үе дахин, дахин хэрэглэх болно. Гэхдээ дэг журам бол дэг журам. Түрүүч зайлшгүй шаардлагатай тушаал заавруудыг өгч, залуу цэрэг гэмийг хүлээх ёстой. Түрүүч өөр халбага түргэн олоод над уруу сарвайж байна. Тоглоом нь нэг л болж өгсөнгүй ч би армийн хошигнолыг ойлгож, түүнийг үнэлж чаддаг бөгөөд хуучны заншлыг чангаар зандран эвдэх нэгэн биш гэдгээ харууллаа. Армид тоглоом наргианд гомддоггүй юм. Тэр дахин ажил хэрэгч байдалдаа орж:
— Танд амжилт хүсье, нөхөр ахлах дэслэгч ээ гэв.
— Баярлалаа, түрүүч ээ.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

тэнэг, мангар, новш, хуц,
skylet (зочин)

уншив.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)