HERO'S WORLD : Тагнуулч Суворов 2 бүлэг 11,12-р хэсэг

Тагнуулч Суворов 2 бүлэг 11,12-р хэсэг

11.

13-р Армийн удирдах бүрэлдэхүүнд дахиад л өөрчлөлт гарав. Арми бүрд их бууны хоёр хошууч генерал байдаг. Нэг нь пуужингийн ба их бууны салбаруудыг, нөгөө нь Агаараас Эсэргүүцэн Хамгаалахын ангиудыг захирдаг юм. Харин 13-р армид хоёулаа солигдлоо.

12.

Карпатын цэргийн тойрогт маш том өөрчлөлт гарлаа. Карпатын цэргийн тойргийн захирагч хурандаа генерал Бисярин зуурдаар нас барав. Тэрээр Чехословакт Карпатын фронтыг захирч байсан тэр үеэс хойш нэг жил ч өнгөрөөгүй байсан билээ. Тэр эрүүл, чийрэг хүн байсан бөгөөд фронтынхоо дөрвөн армийг чөлөөтэй, хялбархан удирдаж байсан юм. Түүнийг хэзээ ч өвдөж байгаагүй гэж ярьцгаадаг. Харин одоо тэр байхгүй. Карпатын Цэргийн Тойргийн удирдлагыг танкийн цэргийн дэслэгч генерал Обатуров хүлээн авлаа. Мөн тэр даруй тойргийн штабт өргөн халаа сэлгээ явагдаж Бисярины хүмүүс Обатуровын хүмүүсээр солигдов. Халаа сэлгээний давлагаа доош хурдан тархаж армийн штабуудыг ч хамрав. Карпатын цэргийн тойрог дөрвөн армитай. Үүнд: Агаарын цэргийн 57-р арми, гвардийн танкийн 8-р арми, 13, 8-р армиуд багтдаг. Манай штабын зөөлөн хивсэн дээгүүр 13-р армийн шинэ захирагч, штабын шинэ дарга гэсэн шинэ генерал алхах боллоо. Тэр өдөр ирсэн хүн бүхэнд тагнуулын хэлтсийн хуягласан хаалгыг би онгойлгож өгч байв. Хонх дуугарч байна. Хуягласан хаалганы шагайвраар үл таних дэслэгч харагдана. Аа, би хэн болохыг нь мэдлээ. — Нууц үг? — Омск. — Түлхүүр? — 10-б. — Орогтун. — Хүнд хаалга аажим нээгдэж дэслэгчийг оруулав. — Өглөөний мэнд. Нөхөр ахлах дэслэгч ээ, би тагнуул хэлтсийн даргатай уулзах хэрэгтэй байна. — Би түүнд одоохон илтгээдхэе. Нэг минут хүлээнэ үү. — Би даргынхаа хаалгыг тогшоод орлоо. — Нөхөр дэд хурандаа, армийн шинэ захирагчийн туслах тан дээр ирлээ. — Ор гэж урь. Дэслэгч ороод: — Нөхөр дэд хурандаа, захирагч тантай уулзахыг хүсэж байна гэв. Өчнөөн олон хээрийн сургууль болно, нууц түлхүүртэй мэдээллүүд цас шиг хунгарлан дарж, бид генералын залуу туслахуудтай хамт том газрын зураг дээр шөнөжин ажиллаж, тэд үхтэл ядарсандаа час улаан нүдлэн явах болно гэдгийг би урдаас мэдэж байв. Эхний хэдэн хээрийн сургуулийн дараа хоёр шинэ туслах бид гурав ногоон чөтгөр болтлоо хамт архидаж, найзууд болцгооно гэдгийг ч би мэдэж байлаа. Би тэдэнд элдэв заваан онигоо ярьж хариуд нь тэд өөрсдийн ивээн тэтгэгчдийн хормойн явдлуудаас хөгтэй түүх ярьж өгөх болно. Харин одоо бол хамгийн эхний уулзалтын дараа, туслах надтай мэндлээд миний даргын өрөөнд орох зуур л бид шатраар бол нэг өнгийн хүүнүүд гэдгээ би ойлгов. Штабт шинээр ирсэн генералууд бол Обатуровын хүмүүс. Хэлтсийн шинэ дарга нар, тэр дотроо Кравцовыг оролцуулаад бүгд Обатуровын хүмүүс. Шинэ туслахууд, штабт шинээр ирсэн офицерууд бүгд Обатуровынх. Би энэ хэсгийн нэг гишүүн гэдгээ анх ухаарав. Карпатын цэргийн тойргийн шинэ захирагч дэслэгч генерал Обатуров ч өөрөө засгийн эрхийн төлөө хорьж дийлдэшгүй хүчтэй, эрчимтэй явж буй ямар нэгэн хүчирхэг бүлэглэлийн гишүүн байж таарах нь. Энэ штабт өмнө ирсэн бүх хүмүүс, мөн манай цэргийн тойргийн бусад штабт өмнө нь ирсэн бусад хүмүүс бүгд шатрын өөр өнгийн хүүнүүд. Тэдний үе дуусжээ. Нас ахисан нэгнийг нь тэтгэвэрт хөөж гаргаад бусдыг нь халуун цөл рүү цөлөх болно. Хуучин бүлэглэл нүдэнд үл үзэгдэх хүчирхэг цохилтод өртөн бут үсрэн нурж унасан бөгөөд түүний хэлтэрхийнүүд хэзээ ч энэхүү шинэ байгууллагын үнэнч ноход болж хүч чадалд нь дулдуйдан эрхлэхгүй билээ… Нууцын хэлтэст би нөгөө хуучин туслахтай тааралдлаа. Тэр бичиг баримтаа хураалгаж байна. Тэр хаашаа ч юм маш хол газар салаан захирагчаар томилогджээ. Тэр офицер болоод хоёр жил гаруй болж байгаа хэдий ч сахилга батгүй, хагас согтуу, огт дуулгаваргүй цэргүүдтэй байж хэзээ ч үзээгүй. Хэрэв түүний алба тэндээс эхэлсэн бол бүх юм хэвийн л байх байсан. Гэвч түүний алба зөөлөн хивсэн дээр эхэлжээ. Ямар ч нөхцөл байдалд тэрээр цадтал идэж, дулаан байранд тарвалзаж байсан. Одоо бүх юм өнгөрчээ. Хүн ангалын ёроолд байсаар дасдаг. Хэрэв тэр үргэлж тэндээ байсан бол түүнд үүнээс өөр амьдрал байдаг гэдгийг төсөөлөхөд бэрх. Гэвч тэр дэслэгч оргилд өргөмжлөгдөн гарч ирснээ одоо ангал уруугаа дахиад уналаа. Бүр ёроолд нь. Харин энэ уналт удаан бөгөөд зовлонт уналт байх болно. Тэр над уруу инээмсэглэв. Харин тэр инээмсэглэл нь нохойн инээмсэглэл шиг санагдлаа. Хэзээ ч юм бүр олон жилийн өмнө Алс Дорнодод сүрэг нохдын дэргэд ирсэн хоёр нохойг би харсан юм. Гэвч нохойн сүрэг тэр чигээрээ архиралдаж харь этгээдийг сүрэгтээ авахыг хүссэнгүй. Тэгтэл хоёр нохойн нэг нь нөгөөгөө хэмлэхээр ухасхийлээ. Тэдний тэмцэл удаан үргэлжилж нохдын сүрэг тулалдааны төгсгөлийг тэвчээртэй хүлээнэ. Нэг нь архиран хуцаж, нөгөөдөх арай ядруу нь амьдралаас салахыг үл хүсэн аймшигтай гасална. Найз нөхрөө, магадгүй дүүгээ алж, тасар татан хаяад тэр нохой үнэнч байдлаа харуулахыг оролдон сүүлээ хөдөлгөн сүрэгт ойртов. Харин сүрэг ноход түүн рүү зэрэг дайрч тасчин хаясан билээ. Яагаад ч юм тэр халагдсан туслах ялагчдын сүрэгт орохын тулд хэнийг ч бол тас татан хаяхад бэлэн, сүүлээ шарвалзуулсан өнөөх нохойг санагдууллаа. Тэнэг. Бардам бай. Тэр цөлдөө очоод хэн нэг нь чамайг хэмлэх хүртэл сүүлээ бүү шарвалзуул.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

тэнэг, мангар, новш, хуц,
skylet (зочин)

"Хүн ангалын ёроолд байсаар дасдаг" үнэн үг шүү!

skylet (зочин)

уншиж дууслаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)