HERO'S WORLD : Тагнуулч Суворов 2 бүлэг 4-р хэсэг

Тагнуулч Суворов 2 бүлэг 4-р хэсэг

4.

Ширээн дээрх цааснуудыг салхи хуу хаман хийсгэв. Дэд хурандаа нар биеэрээ халхлахыг хичээцгээнэ. Хийсгэчихгүйн тулд. Цаас нэг бүрийн төлөө арван таван жилийн ял сонсож болно. Хаалгыг тогшилгүйгээр байдгаар нь дэлгэн онгойлгов. Хаалган дээр нэг дэслэгч зогсоно. — Сайн байна уу, Константин Николаевич, — гэж дэд хурандаа нар дэслэгч рүү инээмсэглэцгээв. Өндөр, ханхар, сайхан эр ажээ тэр дэслэгч. Өнгөлсөн ягаан хумстай юм. Тэр дэслэгчийг штабт зөвхөн овог нэрээр нь гуайлан дуудна. Армийн штабын даргын туслах хэмээх атаархмаар албан тушаалтай. Хэрэв түүнийг зүгээр «нөхөр дэслэгч ээ» гэж дуудвал гомдоочихно. Тийм учраас Константин Николаевич гэж авгайлах ажээ. — Шилжилт хөдөлгөөн, — гэдэг үгийг Константин Николаевич амнаасаа тоомжиргүй унагав. Мэдээж тэрээр «Штабын дарга шилжилт хөдөлгөөн хариуцсан офицерыг өнгөрсөн шөнө дайсны бүлэглэлүүдэд гарсан өөрчлөлтийн талаар ирж илтгэхийг шаардаж байна» гэж хэлж болох л байсан. Гэвч хялбархан хийж болох ийм зүйлийг Константин Николаевич товч бөгөөд бага зэрэг үл тоосон маягтай хийх ажээ. Би нууц түлхүүрт мэдээнүүдийг хавтсанд түргэхэн зуур нэгтгэж хийлээ. Генералын туслахын ааш зан нь бага зэрэг засарч, бүр инээмсэглээд «Битгий сандар, битгий сандар, үйлчлүүлэгч хүлээж л байг» гэв. Туслахын тоглоом тохууны хариуд дэд хурандаа нар шүдээ ярзайлган инээмсэглэцгээх аж. Штабын гөлөгнүүд. Дулаахан өрөөнийхөө төлөө тэвчиж байна. Харин би тэсэж чадахгүй. Надад гинжнээсээ өөр алдах юм юу ч алга: — Битгий ичгүүргүй аашил, дэслэгч ээ. Дэслэгчийн царай татвалзаад явчхав. Дэд хурандаа нар дуугаа хурааж хилэнт харцаараа намайг төөнөх нь «Тэнэг, шургалан орогч, бүдүүлэг амьтан. Туслахтай яаж харьцаж байгаа чинь тэр вэ? Константин Николаевичтай шүү? Энэ чинь чиний батальон биш. Энэ чинь штаб! Энд нөхцөл байдлыг нарийн мэдрэх хэрэгтэй. Тосгоны мангуу чамаас болж одоо бидэнд уурлана даа» гэх ажээ. Өрөөнөөсөө гараад явахдаа генералын туслахыг урдаа гаргасангүй. Гаргах ч үгүй. Бодсоны ч хэрэггүй, туслах гуай! Генералын бөгсийг долоогч. Чи галын зурвас дээр байгаа цэргүүдийг хэзээ нэгэн цагт харсан уу? Бас буудлагын талбай дээр? Тэдний гарт сумтай автомат, харин чамд жижигхэн улаан дарцгаас өөр юу ч байхгүй тийм үе тохиолдож байсан уу? Зэвсэгтэй гэдгээ мэдэрсэн цэрэг байгаа буудахын оронд өөрийн дургүй захирагч уруугаа урт ээлжээр гал нээвэл яах вэ? Амьдралдаа би өөрийнхөө цэрэг нэг бүрийг хэдэн арван удаа галын шугамд хөтлөн аваачиж байсан. Гэхдээ нэг ч удаа би цэргүүдийнхээ нүдэнд байгаа буудах уу эсвэл жинхэнэ үхэл харж бахаа хангах уу гэсэн эргэлзээг олж хараагүй юм. Ээ хөөрхий дөө, туслахын оронцог чи хэрэв цэргүүдийг галын шугамд аваачвал яах бол? Чи тэдэнтэй хээр талд, ойд, уулын мухарт, голын жаварт улаан нүүрээрээ тулж үзсэн үү? Цэргийн уур хилэнг харсан уу? Тэр чигээрээ согтуу ротыг байлдааны зэвсгийг нь авахуулан жагсааж үзсэн үү? Чи, туслах гуай минь, зөөлөн хивсэн дээгүүрээ албан тушаалаа хөөцөлдөөд л гүйж бай, харин Витя Суворовыг бүү оролд. Чи ахмад цолтой, эсвэл надаас дор хаяж нэг насаар ах байсан бол би тэсэх л байсан. Харин чи муу нус, доод тал нь нэг насаар дүү жулдрай байж... Коридорт генералын туслах санамсаргүй байдлаар миний өсгий дээр өвдтөл гишгэж орхив. Би түүнийг яаж ч мэднэ гээд бэлэн байсан юм. Би туслахын зүүн талд нь яльгүй түрүүлж явсан билээ. Ийм учраас баруун гараа арагш нь огцом явуулж орхив. Нэг зөөлөн юм цохих нь мэдрэгдлээ. Түүний ямар нэг юм шал хийн дуугарав. Огцом дуу алдан бөгтийж, агаар дутсан мэт амаа ангайж, хана түшин ёоллоо. Тэр удаан гэгч нь өндийв. Тэр надаас өндөр бадриун ажээ. Гарын сарвуу нь аварга том юм. Сагсны бөмбөгийг нэг гараараа төвөггүйхэн барьж чадахаар. Гэвч сулхан хөөс ажээ тэр. Эсвэл ердөө л цохиод авна гэж бодоогүй байх. Туслах минь чи тэнэг ч байна даа. Цохилт хэзээ ч ирж магадгүй гэж анаж байх хэрэгтэй шүү дээ. Эгшин бүрд. Хэрэв тэгсэн бол ингэтлээ цохиулахгүй л байсан. Туслах аажим эгцэрч миний гараас хараагаа үл салгана. Харин би хоёр хуруугаа гозойлгов. Бусад бүх оронд энэ нь ялалт гэсэн санааг илэрхийлдэг дохио билээ. Харин манайд бол хоёр нүдийг чинь сохлоод хаяна шүү гэсэн утгатай. Хана түшин аажим өндийх зуураа тэр миний хоёр хуруунаас нүд үл салгана. Түүний өндөр дээд өмөг түшиг нь энд хамгаалж чадахгүй гэдгийг тэр ойлгожээ. Бид эртний гладиаторууд тулааны дэвжээнд учирдаг шиг, эвлэршгүй хоёр арми дайны талбарт таардаг шиг хоосон коридорт хоёулхнаа халз тулсан байлаа. Тэр хэдий надаас өндөр, том биетэй ч энэ мөчид амьдралын хоосон чанар намайг хэдийн орхин одож, надад ялалтаас өөр юу ч чухал биш бөгөөд ялахын төлөө яахаас ч буцахгүй, бүр үхэхээс ч буцахгүй болсныг тэр ойлгожээ. Түүнийг ямар нэг үйлдэл хийвэл, тэр ч байтугай ямар нэг үг хэлбэл би түүний хоёр нүдийг хуруугаараа аймшигтай хатгаж, хэзээ ч тавихгүйгээр багалзуурдаад авахыг тэр мэдэж байлаа. Нүдээ цавчилгүйгээр хоёр гараа аажим өргөн хүзүүндээ хүргэж зангиагаа тэмтэрч заслаа тэр. — Штабын дарга хүлээж байна... — Таныг... гэж би нэмж хэлэв. — Штабын дарга ТАНЫГ хүлээж байна. Энэ ертөнцдөө буцаж ирэх надад хэцүү байлаа. Үхэх сэхэхээ үзэхээр түүнтэй барилцаж авахын өмнө би аль хэдийн энэ ертөнцөд байхаа больсон билээ. Гэвч тэр тулаанаас зайлсхийв. Би урт амьсгаа авч зангидсанаас болж хөшсөн гараа хооронд нь үрэв. Тэр миний нүүрнээс нүд салгахгүй ширтэнэ. Харваас миний царай өөрчлөгдөж, одоогоор арай түүнийг цааш нь харуулах санаагүй байгаа бололтой. Би эргээд коридороор алхлаа. Тэр миний ард явна. Би ахлах дэслэгч, харин чи дэслэгч учраас араас дагаад яв. Хүлээх өрөөнд хоёр ширээ өөд өөдөөс нь харуулан тавьжээ. Тэд яг л тулааны талбар дахь бэхлэлт аятай өөр өөрийн хаалгыг хамгаална. Нэг хаалгаар нь армийн захирагчийн өрөөнд, нөгөө хаалгаар нь штабын даргын өрөөнд орох аж. Армийн захирагчийн өрөөний үүдэнд байх зүлгэмэл ширээний ард түүний туслах сууна. Тэр мөн л дэслэгч цолтой, мөн л түүнийг цолоор нь болон овгоор нь үл дуудах бөгөөд Арнольд Николаевич хэмээн авгайлна. Бас л өндөр, бас л гоолиг. Өмссөн дүрэмт хувцасных нь материал офицерынх ч биш, генералынх ч бас биш ажээ. Тэр ч мөн намайг огт үл тоосон байдалтай харна. Миний дарга дэд хурандаа Кравцовыг Армийн захирагч ба штабын даргатай зөвшөлгүйгээр тэдний өөрийн хүнийг энэ чухал албан тушаалаас зайлуулан байж өндөр албанд тавьсанд л гол учир нь байгаа юм. Ийм учраас захирагч манай даргыг үл тоомсорлож, штабын дарга түүнээс өө сэв эрэн гоочилно. Тиймээс бид бүгдийг, Кравцов араасаа дагуулан ирсэн бүгдийг, ялангуяа Олимп буюу хоёрдугаар давхарт ажилладаг над мэтийг штабын офицерууд нийтээрээ үзэн ядах бөлгөө. Бид гаднын хүмүүс. Бид халуун дулаан хамт олон дундах урилгагүй зочид. Штабын дарга хошууч генерал Шевченко оновчтой хэдэн асуулт асууж, таслалгүй сонсоно. Би түүний өө сэв хайж эхлэхийг нь хүлээж байсан ч тэр зүгээр л миний нүүр уруу анхааралтай ширтэх аж. Штабт шинэ офицерууд ирсээр... Хэний ч юм үл үзэгдэх хүчирхэг гар тэднийг шууд хоёрдугаар давхрын зөөлөн хивсэн дээр тавих мэт. Штабын даргын санал бодлыг яагаад ч юм үл асуух бөгөөд энэ нь түүнд таалагдахгүй байж болох юм даа. Ус шиг гарын салаагаар урсаад явчхаж байгаа эрх мэдлээ хэрхэн авч үлдэх вэ? Ийм асуулт түүний толгойд эргэлдээд байх шиг. Тэр цонх уруу эргэж гараа шилэн дээрээ зөрүүлээд цэцэрлэг рүү хараад суучхав. Түүний хацар, шанааны арьс ов тов ягаарч, судаснууд нь бага зэрэг тодорчээ. Би хаалганы дэргэд яах ёстойгоо мэдэхгүй зогсоно. — Нөхөр генерал, явахыг зөвшөөрнө үү? Хариулсангүй. Үл дуугарна. Асуултыг сонсоогүй юм болов уу? Үгүй ээ, сонссон. Хэсэг зуур чимээгүй байснаа над уруу эргэж харалгүйгээр «яв» гэж товчхон хэлэв. Хүлээх өрөөний хоёр туслах намайг ёозгүй харцаар угтав. Штабын даргын туслах өөрийн хамтрагчдаа бүгдийг ярьсан нь тодорхой. Мэдээж тэр болсон явдлыг өөрийн ивээгчдээ илтгэж амжаагүй байгаа хэдий ч даруй хэлэх нь дамжиггүй. Боссынхоо тухайн үеийн ааш авирт тааруулж эвийг нь олоод хэлэхээ тэр мэднэ. Тэдний үзэн ядсан харцыг дагзандаа гар буу тулгуулсан хүн шиг мэдэрсээр би хаалга уруу явлаа. Гармагц миний бүх бие хөнгөрөхийн хажуугаар харамсах сэтгэл төрнө. Миний штабын ажил төгсгөл болж, Хойд туйлын чанад дахь эцэс хязгааргүй мөсөн цөл, улайсмал халуун элсэн манхан, эсвэл бүр офицерын нэр төрийн шүүх ч намайг хүлээж байж мэдэх юм даа. Дэд хурандаа нар намайг огт дуу шуугүй угтав. Тэд мэдээж коридорт юу болсныг мэдэхгүй ч энэ өрөөнд болсон явдал тэд намайг огт анзаарахгүй байхад бүрэн хангалттай юм. Би бол татаасны хүн. Би огцом дээш хөөрсөн ч үүнийгээ үл ойлгож, зохих ёсоор нь үнэлж чадаагүйгээс энэ байрандаа тэсэж чадалгүй баларлаа. Би бол хэн ч биш. Миний хувь тавилан ч тэдний сэтгэлийг огт эс зовооно. Тэдний хувьд илүү чухал асуудал болох надад болон тэдний тэгтлээ их үзэн яддаг миний даргад ямар цохилт ирэх бол гэдэг л тэдэнд сонин. Би бичиг баримтуудаа цуглуулан сейфэнд хамж хийгээд түүнд заналхийлж буй таагүй явдлын талаар илтгэхээр Кравцов уруу яарлаа. — Туслахуудтай муудалцах хэрэггүй гэж тэр намайг сургамжилсан ч болсон явдалд түүний сэтгэл чилээрхсэн байдал харагдсангүйгээр барахгүй миний ярьсныг тэр дор нь мартсан бололтой. — Чи өнөө орой юу хийх гэж байна вэ? — Ажлаа өгөхөд бэлтгэнэ. — Чамайг одоогоор хэн ч штабаас хөөхгүй. — Тэгвэл удахгүй хөөх биз. — Тэдний мэдэл хүрэхгүй. Суворов минь, би чамайг энд авчирсан, би л чамайг зайлуулах тушаалыг өгч чадна. Тэгэхлээр өнөө орой юу хийх гэж байна вэ? — Америкийн тэнгисийн цэргийн 6-р флотын 69-р бүлэглэлийг судлана. — Сайн байна. Гэхдээ чамд оюун ухааны бэлтгэлээс гадна бие бялдрын ачаалал хэрэгтэй. Чи тагнуулч хүн, манай бэлтгэлийн курсийг туулах ёстой. Манай хэлтсийн хоёрдугаар хэсэг юу эрхэлдгийг мэдэх үү? — Мэднэ. — Чи үүнийг яаж мэдээ вэ? — Таамагласан юм. — Чинийхээр бол хоёрдугаар хэсэг ямар ажил эрхэлдэг юм бэ дээ? — Дайсны ард талд ажилладаг тагнуулуудыг удирддаг байх. — Зөв. Харин гуравдугаар хэлтэс юу хийдгийг чи бас мэддэг байж магадгүй л юм даа? Тэр над уруу итгэлгүйхэн харна. — Мэднэ. Тэр миний хэлснийг сайтар ухаарахыг хичээн нааш цааш алхана. Дараа нь сандал дээр хөнгөхөн суув. — Суу. Би суулаа. — За тэгэхлээр Суворов оо, чи хоёрдугаар хэсгээс хэсэг бусаг мэдээлэл боловсруулах гэж авдаг учраас тэдгээр мэдээллийн гарал үүслийг гадарласан байх. Харин гуравдугаар хэсэгтэй огт харьцаж байгаагүй шүү дээ… — Ийм болохоор гуравдугаарт хэсэгт харьяалагддаг хүчнийхэн зөвхөн дайны цагт үйл ажиллагаа явуулдаг юм байна гэсэн дүгнэлт би хийсэн, харин цаашхийг нь тааварласан юм. — Чиний таамаглал буруу байж ч болох байсан… — Гэхдээ гуравдугаар хэсгийн офицерууд маш өндөр нуруутай, яг л нэг ... — Тэгээд чинийхээр бол тэд юу хийдэг юм бэ? — Тэд дайны үед мэдээллийг хүчээр олж авдаг... — …Бас заль мэхээр, — гэж тэр нэмж хэлэв. — Тэд хорлон сүйтгэгчид, террористууд. — Тэднийг юу гэж нэрлэдгийг чи мэдэх үү? — Энийг би мэдэж чадахгүй. — Тэднийг Спецназ гэдэг юм. Тусгай томилолтын тагнуул. Хорлон сүйтгэх, хүчний тагнуулууд. Гуравдугаар хэсэгт хэчнээн хорлон сүйтгэгч байдгийг таамаглаж чадсан уу? — Батальон. Тэр сандлаасаа огло үсрэн босов: — Хэн чамд үүнийг хэлэв? — Таамагласан юм. — Яаж? — Харьцуулан жиших маягаар. Дивиз бүрд гүний тагнуулын нэг рот байдаг. Тэр нь мэдээж Спецназ биш ч гэсэн түүнтэй маш төстэй. Арми нь дивизээс нэг шат дээгүүр учраас таны мэдэлд рот биш харин нэг шат дээгүүр, батальон байх ёстой. — Оройн цагаар, долоо хоногт дөрвөн удаа бэлтгэлийн хувцсаа аваад энэ хаягаар очоорой. Гүйцээ. Яв. — Гүйцэтгэе! — Хэрэв Армийн шинэ захирагч, шинэ штабын дарга, тэдний шинэ туслахууд ирвэл тэр бүгдтэй сайн харьцаатай байхыг хичээгээрэй. — Та манай Армийн удирдлага удахгүй солигдоно гэж бодож байна уу? — Харин энийг би чамд хэлээгүй шүү.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)