HERO'S WORLD : Тагнуулч Суворов 2 бүлэг 1-р хэсэг

Тагнуулч Суворов 2 бүлэг 1-р хэсэг

* II БҮЛЭГ *

1.

Офицеруудын зочид буудлаас 13-р армийн штаб хүртэл яг 240 алхам. Би өглөө бүр өндөр тоосгон хананд тулган тавьсан түшлэгтэй вандан сандлуудын хажуугаар хөгшин агч моддын эгнээг даган яаралгүй алхана. Тэр хананы цаана өтгөн цэцэрлэг дунд хуучны нэгэн харш байх бөлгөө. Хэзээ ч юм маш олон жилийн өмнө энд нэгэн маш баян хүн амьдарч байжээ. Түүнийг алчихсан юм. Бусад хүмүүс жижигхэн байшинтай байхад тэр ганцаараа том байшинд амьдарч байсан тул энэ нь ч шударга хэрэг. Дайны өмнө энэ харшид Дотоодыг Хамгаалахын салбар байрлаж байсан бөгөөд мөн цагтаа бас Гестапо ч энд байжээ. Маш тохилог газар юм. Дайны дараа манай олон армиудын нэгний штаб энд байрлажээ. Харин одоо би тэр штабт алба хашиж байна. Штаб бол үл нугарах, хэнийг ч үл өршөөх, хатуу ширүүн эрх мэдлийн төвлөрөл юм. Манай аль ч болзошгүй дайснуудтай харьцуулахад манай штабууд маш бага хэмжээтэй бөгөөд туйлын хөдөлгөөнтэй юм. Армийн штаб бол далан генерал, офицер, бас хамгаалалтын нэг рот. Ингээд л болоо. Ямар ч хүнд суртал байхгүй. Армийн штаб дуртай үедээ арван хуягт тээвэрлэгч машинд багтаж ороод захирах удирдлагаа огт алдахгүйгээр удирдлагадаа байгаа үй олон саарал-ногоон цэргийн ангиуд дунд уусан алга болж чадна. Энэхүү үл анзаарагдах бөгөөд хөдөлгөөнт байдалд л түүний амь бөхтэй чанар оршин байгаа юм. Гэхдээ энх цагт бол бүхий л санамсаргүй тохиолдлоос хамгаалагдсан байдаг. Бүр эхний эзэн нь өөрийн байшин, том цэцэрлэгээ өндөр тоосгон ханаар тусгаарласан юм. Харин дараа дараачийн эзэд нь бүгдээрээ энэхүү ханыг сайжруулан тордож, хана даван нэвтрэх гэсэн бүхий л оролдлогоос сэргийлэх төрөл бүрийн аргыг сэджээ. Ногоон хаалганы дэргэд харуул зогсоно. Түүнд нэвтрэх үнэмлэхээ шалгуулцгаана. Тэр анхааралтай шалгаад гараа саравчиндаа хүргэн ёслоод: Та орно уу гэж хэлнэ. Харуулын цэгээс харш үл харагдана. Өтгөн мод бутаар бүрдсэн ногоон хананы дундуур зурайх зам харшид хүргэнэ. Замаасаа буцах аргагүй. Учир нь мод бутсын дунд нэвтрэх аргагүй өргөст тор бий. Битүү хонгилоор явж байгаа мэт тэр замаар явна. Харин тэр зам нь туулайн бөөр моддын дунд нуугдсан харш уруу алгуур эргэн хөтөлнө. Нэгдүгээр давхрын цонхнуудыг олон жилийн тэртээ шавж битүүлжээ. Хоёрдугаар давхрын цонхнууд нь гадна талдаа бат бөх тортой, дотроо нягт зузаан хөшигтэй аж. Гол хаалганы өмнөх талбай нь цэвэрхэн цагаан гялгар хавтангуудаар хучигдаж, эргэн тойрон бутаар хүрээлэгджээ. Хэрэв сайн харвал бутан дунд өргөст торноос гадна барзгар саарал бетон харагдана. Энэ нь харуулууд байрладаг штабын доорх хонгилтой газар доогуур холбогдсон пулемётын галын цэгүүд юм. Мөн энэ төв хаалганы эндээс гол барилгад тулган шинээр барьсан гурван давхар байшин уруу харшийг тойрч очдог зам бий. Эндээс мөн манай тэрхүү Цагаан ордонг хүрээлэн буй цэцэрлэг рүү орж болно. Цэцэрлэг доторх зам дээр өдөр бол зөвхөн штабын офицеруудыг харж болох бөгөөд шөнө нохойтой харуулууд явна. Тэр цэцэрлэгт газар дор гүнд орших, мянга мянган тонн ган, бетоноор хамгаалагдсан удирдах төв рүү ордог хөндлөнгөөс огт үл анзаарагдах орц бий. Тэнд газар дор ажилчдын сууц, холбооны зангилаа, цайны газар, эмнэлэг, агуулах гэх мэт бүрэн тусгаарлагдсан үед амьдрах бүх нөхцөлийг хангах бүхий л зүйлс бий. Мөн үүнээс гадна бас нэг газар доорх удирдлагын байр бий. Тэр байр зөвхөн бетон, ган, нохойгоор хамгаалуулснаас гадна маш нууц. Тэр удирдлагын байр бол зүгээр л зэрэглээ гэсэн үг. Түүний хаана байдгийг тун цөөхөн хүн мэднэ. Ажлын өдөр эхлэхээс өмнө алтлаг шаргал навчис сэржгэнэх замаар би хорин минут хэртэй алхана. Тэнгэрт холын холд, эндээс үл харагдах талбайг тойрон эргэлдэх тогоруунуудыг айлган цагаан зам татуулан сөнөөгч онгоц ниснэ. Офицерууд Цагаан ордон уруу яарч байна. Цаг. Бид ч алхаагаа нэмнэ. Зам даган, өргөн модот гудамжаар, хоржигнох горхины дэргэдүүр, харин одоо харшийн зүүн жигүүрийг тойроод, за ингээд харагдах төдий намхан бетон халхавч дахь пулемётын буудах нүхний ёозгүй харцан дор орших өтгөн бутаар хүрээлүүлсэн төв хаалган дээр дахин ирлээ. Саравчиндаа гар хүргэн ёслох харуулд нэвтрэх үнэмлэхээ дахин шалгуулаад хэзээ нэгэн цагт морин цэргийн давируул хангинан, тэмээн хяруулын өдөн дэвүүрийн ард гунигтай харцаа нуусан ордны хатагтай нарын торгон банзлын хормой сэржигнэн байсан цагаан гантиг танхимд орж ирлээ. Одоо энд банзал үл харагдана. Холбооны зангилаанд ажиллах телеграфч бүсгүй л хааяа нэг үзэгдэнэ. Тэрээр дүрэмт хувцасны шаргал ногоон бариу цэмбэн банзал өмсөнө. Хурандаа нар аа, яасан? Араас нь хараад байна уу? Тэр таалагдаа юу? Тэгээд цагаан гантиг шатаар дээш гарна. Тэнд ч мөн харуул миний араас харсаар үлдэнэ. Дээр бас харуул бий. Дахиад л үнэмлэх шалгана. Энд дээд давхарт штабын хурандаа нарыг ч тэр бүр орохыг зөвшөөрдөггүй. Харин би хэдийгээр зөвхөн ахлах дэслэгч боловч харуулууд намайг нааш нь оруулна. Доод давхрын хүмүүс зогтусан алмайрч, энэ юун шувуухай гараад ирэв? Яагаад тэр гантиг шатаар дээш гарна вэ хэмээн гайхалцана. Нэвтрэх үнэмлэхээ дахин шалгуулаад бүрэнхий коридорт орно. Коридорын хивс нь бидний хөлийн чимээг бүрэн шингээнэ. Коридорын мухарт дөрвөн өрөө, эхэнд дөрвөн өрөө байна. Коридорын мухарт Армийн захирагч, түүний нэгдүгээр орлогч, штабын дарга нарын ба Цэргийн Зөвлөлийн Гишүүн хэмээн нэрлэгдэх 13-р армийн улс төрийн зайрангийн өрөө бий. Харин коридорын эхэнд байх дөрвөн өрөө бол штабын хамгийн чухал хэлтсүүд болох нэгдүгээр, хоёрдугаар, наймдугаар хэлтэс ба Онцгой хэлтсийн өрөө юм. Нэгдүгээр буюу оператив хэлтэст байлдааны төлөвлөгөө боловсруулна. Хоёрдугаар буюу тагнуулын хэлтэс нь дайсны тухай бүхий л мэдээллийг нэгдүгээр хэлтэст гаргаж өгнө. Наймдугаар хэлтэс нь нэргүй бөгөөд зөвхөн дугаартай. Энэ хэлтэс юу эрхэлдгийг цөөхөн хүн мэднэ. Харин Онцгой хэлтэс нь үүний эсрэгээр дугаар байхгүй зөвхөн нэртэй. Юу эрхэлдгийг нь ч бүгд мэднэ. Манай коридор бол штабын хамгийн сайн харуул хамгаалалттай хэсэг бөгөөд ийшээ нэвтрэхийг маш цөөн тооны офицеруудад л зөвшөөрдөг. Мэдээж манай коридороор генералуудын туслахууд, онцгойгынхон зэрэг хэдэн дэслэгч хааяа явах л даа. Ийм болохоор л энэ одоо юун галуу вэ гэж хурандаа нар миний араас хардаг юм. Би чинь онцгойнх ч биш, генералын туслах ч биш шүү дээ. Би зүгээр л хоёрдугаар хэлтсийн офицер. Тэр зүүн талын эхний хар савхин бүрээстэй хаалга бол манайх. Хажуугийн жижиг хянах самбарт кодоо хийнгүүт хаалга аажим нээгдэнэ. Харин түүний ард яг л танканд байдаг шиг хуягласан хаалга бий. Хонхны товчийг дарахад сум үл нэвтрэх шагайвчаар биднийг сэрэмжлэн харж цоож тачигнаад бид гэртээ орж явчих нь тэр дээ. Энд өмнө нь нэг маш том танхим байсныг хожим нь зургаан жижиг өрөө болгон хуваасан нь бололтой. Давчуухан ч гэсэн гомдохооргүй л юм. Нэг тасалгаанд нь 13-р Армийн тагнуулын дарга, миний өмөг түшиг болсон, одоохондоо дэд хурандаа байгаа Кравцов сууна. Бусад таван тасалгаанд таван ажлын хэсэг ажиллана. Нэгдүгээр хэсэг нь дивизийн тагнуулын батальонууд, хорооны тагнуулын ротууд, химийн болон артиллерын ба инженерийн орон тооны бус тагнуулын ротуудыг удирдана. Тавдугаар хэсэг электрон тагнуулаар дагнана. Тэдний мэдэлд пеленгацийн ба радио тагнуулын хоёр батальон байхаас гадна манай 13-р армийн бүрэлдэхүүнд багтдаг бүх дивизүүдийн электрон тагнуулын ажлыг хянана. Хоёр ба гуравдугаар хэлтсүүд нь миний хувьд terra incognita юм. Би дөрөвдүгээр хэсэгт сар хэртэй ажилласны эцэст эдгээр хэсгүүд нь маш нууц үйл ажиллагааг хариуцдаг болохыг л дөнгөж гадарлаж эхэлж байна. Учир нь манай дөрөвдүгээр хэсэг нь бусад хэсгүүдээс ирсэн мэдээллүүдэд эцсийн боловсруулалт хийдэг юм. Түүнээс гадна манайд дороос дивизийн штабуудаас, дээрээс тойргийн штабаас, хажуугаас КГБ-ийн харьяа хөрш хилийн цэргийн ангиудаас мэдээлэл орж ирнэ. Манай хэсэгт энхийн цагт гурван хүн ажиллах бөгөөд дайны үед арван хүн ажиллах ёстой. Өрөөнд гурван ажлын ширээ байна. Тэнд задлан шинжээч, урьдчилсан дүгнэлт гаргагч хоёр хурандаа ба нэг ахлах дэслэгч миний бие ажиллана. Би хамгийн энгийн ажил болох шилжилт хөдөлгөөний хяналт дээр сууна. Задлан шинжээч нь манай хэсгийн дарга гэдэг нь ойлгомжтой. Өмнө нь шилжилт хөдөлгөөн дээр бас хурандаа ажиллаж байсан юм. Гэвч тагнуул албаны шинэ дарга миний ажлын байрыг чөлөөлж түүнийг хэсгээс хөөж орхисон юм. Энэхүү ажил нь орон тоогоороо бол дэд хурандаагийн албан тушаал бөгөөд хэрэв би энд тогтож чадвал тун удалгүй ахмад цолтой болж, дөрвөн жилийн дараа автоматаар хошууч, дахиад таван жилийн дараа дэд хурандаа болно гэсэн үг юм. Хэрэв би энэ хугацаанд бүр дээшээ гарч чадвал дараа дараагийн цолнууд нь хугацаанаасаа өмнө ирнэ. Харин би доошоо гулсвал надад ирэх байсан шинэ таван хошуу нэг бүр нь өөр хэн нэгний хоолойг мэрэх болно. Тагнуулын албаны шинэ дарга ахлах дэслэгчийг дэд хурандаагийн түшлэгтэй сандалд суулгасан нь дэд хурандаа нарт огт таалагдсангүй. Энэ нь тэдний нэр хүнд, дадлага туршлагыг дорд үзсэн хэрэг билээ. Гэхдээ гол учир нь хараахан үүнд биш. Гол нь шинэ дарга нь тэдний өөрсдийн түшлэгтэй сандалд ч бас шижигнэсэн залуу офицер суулгаж болох шүү дээ. Тэр хоёр миний мэндийн хариуд над уруу хальт хараад үл ялиг толгой дохино. Тагнуулын хэлтсийн мэдээллийн хэсгийн ажлын тасалгаанд гурван ширээ, гурван том сейф, бүх ханыг тэр чигээр нь эзэлсэн номын тавиур бас нөгөө ханыг тэр чигээр нь эзэлсэн Европ тивийн газрын зураг байна. Овор багатай залуувтар хурандаа генералын том биш зургийг өрөөний хаалганы эсрэг талд өлгөжээ. Мөрдэс дээр нь гурван том таван хошуу харагдана. Заримдаа хэн ч хараагүй үед би хурандаа генерал уруу инээмсэглэж, нүдээ ирмэнэ. Гэвч хурандаа генерал над уруу хэзээ ч үл инээнэ. Түүний харц нь хүйтэн, ширүүн бөгөөд ноцтой. Сэтгэлийн толь болсон нүд нь хатуу чанга бөгөөд ихэмсэг. Уруулынх нь булан дээр үзэн ядалтын хөнгөн сүүдэр тусжээ. Зургийн дор ямар ч гарын үсэг байхгүй. Ар талд нь ч бас үгүй. Өрөөндөө ганцаараа байхдаа би үүнийг шалгаж үзсэн юм. Тэнд гарын үсгийн оронд «44388-р цэргийн анги» гэсэн бичигтэй тамга, «Зөвхөн Аквариумын ба түүний харьяа салбаруудын хамгаалалттай байранд хадгална» гэсэн сүртэй сануулга байх ажээ. Зөвлөлтийн Армийн удирдах бүрэлдэхүүнийг би сайн мэднэ. Офицер хүн үүнийг мэдэж байх ёстой. Гэвч зураг дээрх хурандаа генералыг цэргийн ямар ч сэтгүүлд, тэр дотроо нууц сэтгүүлүүдийн хуудсан дээр байхыг би олж хараагүй гэдэгтээ итгэлтэй байлаа. За яах вэ, нөхөр хурандаа генерал, ажилд минь бүү саад бол. Миний өмнөх ширээн дээр нууц түлхүүрээр бичсэн өнгөрсөн шөнө ирсэн багц мэдээлэл байна. Дайсны цэргийн бүрэлдэхүүн хийгээд байрлалд гарсан өөрчлөлтийг «Өөрчлөн бүлэглэлийн бүртгэл»-д тэмдэглэж Армийн штабын нэгдүгээр хэлтэст хадгалагддаг том газрын зурагт тусгах нь миний ажил билээ. Эхний нууц түлхүүрт мэдээ намайг шууд мухардалд оруулчхав. Кельн хотын ойролцоох төмөр замын гүүрэн дээр британийн хорин «Чифтен» танкаас бүрдсэн цуваа бүртгэгдэв. Тэнэгүүд! Цуваа аль зүгт өнгөрсөн юм бол? Энэ чинь хүчээ зузаалж байгаа хэрэг үү? Эсвэл хүчээ буцаан татаж буй хэрэг үү? Хорин танк бол юу ч биш, гэхдээ ийм жижиг зүйлүүд нийлээд болж буй үйл явдлын ерөнхий зургийг бий болгодог. Задлан шинжээч, урьдчилсан дүгнэлт гаргагч хоёрын ширээн дээр яг энэ багц мэдээллийн адилхан хуулбар байгаа. Болж буй үйл явдлын дүр зургийг маш тодорхой төсөөлж, тархин дотроо мянга мянган тоо, огноо, нэр зэргийг тогтоосон тул энэ зэргийн жижиг асуудлын учрыг олох гэж өмнөх өдрүүдийн мэдээллийг сөхөж харах шаардлага тэр хоёрт байхгүй. Тэд намайг тэнссэн маягаар харж хэрэгтэй хариултыг хэлэх гэж огт үл яарна. Би суудлаасаа босоод сейф рүүгээ явлаа. Хэрэв өмнөх өдрүүдийн мэдээг уншвал хариу нь тодорхой болох биз. Харин хорссон дөрвөн нүдний харц миний араас: наад толгойгоо сайн ажиллуул, дэд хурандаа нар талхаа яаж олж иддэгийг мэдэж ав гэх ажээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

тэнэг, мангар, новш, хуц,

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)