HERO'S WORLD : Тагнуулч Суворов 1 бүлэг 7-р хэсэг

Тагнуулч Суворов 1 бүлэг 7-р хэсэг

7.

Байлдааны машинууд парктаа буцаж ирэхэд хамгийн түрүүнд юу хийх ёстой байх вэ? Зөв. Шатахуунаар цэнэглэх ёстой. Бүтэн ч бай, эвдэрсэн ч бай цэнэгтэй л байх ёстой. Түгшүүрийн дохио хэзээ дахин хангинахыг хэн мэдэх билээ? Байлдааны машин бүр сая туулж өнгөрүүлсэн бүхнээ давтахад хэзээ ч бэлэн байх хэрэгтэй. Тийм ч учраас парк дахиад л нүргэлж эхлэв. Хэдэн зуун машиныг нэгэн зэрэг цэнэглэж байна. Танк бүрд хамгийн багадаа л нэг тонн шатахуун хэрэгтэй. Хуягт тээвэрлэгчид ч мөн үүнээс дутуугүй ховдог. Их буу чирэгчид ч мөн адил. Бас тээврийн машинуудыг бүгдийг нь цэнэглэх шаардлагатай. Мөн бүх л байлдааны хэрэгслийг нөхөн дүүргэх ёстой. Танкийн их бууны сум нэг бүр нь 30 килограмм жинтэй. Зуу зуун сум авч иржээ. Сумыг хос хосоор нь хайрцаглажээ. Хайрцагтай сумнуудыг эхлээд тээврийн машинаас буулгах хэрэгтэй. Сумнуудаа гаргаж, боодлыг нь авна. Тэгээд бүх сумны үйлдвэрийн тосыг нь арчиж цэвэрлээд танк уруугаа зөөнө. Пулеметын сум ч бас хайрцагтай ирнэ. Хайрцаг бүрдээ 880 ширхэг байна. Сумнуудыг туузанд нь суулгах хэрэгтэй. Пулеметын нэг туузанд 250 ширхэг сум орно. Дараа нь тэр туузаа хамбуурт эвхэж хийнэ. Танк бүрд 13 хамбуур бий. Харин дараа нь бүх буудсан сумны хонгиог цуглуулж хайрцагт хийн агуулахад тушаах ёстой. Гол төмрөө сүүлд нь цэвэрлэмз. Үүнийг дараа нь танкийн салаа бүр, өдөр бүхэн олон цагаар давтаж хийх болно. Одоо бол гол төмрийг зөвхөн тослох хэрэгтэй. Дараа нь танкаа угаана даа. Энэ бол тойм төдий угаалга. Үндсэн угаалга, цэвэрлэгээг дараа хийх болно. Харин одоо цэргүүдээ хооллох хэрэгтэй. Өнөөдөр үдийн хоол идээгүй тул оройн хоол нь өдрийн хоолтойгоо хамт байгаа. Дараа нь хөдөлгүүр, хурдны хайрцаг, явах анги, гинж гээд бүгдийг нь шалгах хэрэгтэй. Дөрөвдүгээр танкийн зүүн гинжний нэг хөтлөгч араа нь эвдэрчээ. Наймдугаар танкийн нэг жижиг эргэлт дамжуулах гол суларсан байна. Харин танкийн нэгдүгээр рот хоёр ч танкийн хөдөлгүүрийг шууд солих болжээ. Маргааш өглөөнөөс бүгд гол төмрөө өнгөлж эхэлнэ. Бүх зүйлд бэлэн байх хэрэгтэй. Үзүүлээд өгнө дөө. Гэнэт зүрхэн дор хоосон оргихыг мэдрэв. Маргааш өглөө гэхэд ротынхоо техникийн үйлчилгээний чанарыг шалгаад байж байхгүй гэдгээ гэнэт саналаа. Маргааш намайг бүр танкийн парк уруу оруулахгүй байж ч магад? Миний тухай бүх бичиг баримт аль хэдийн бэлэн болсон бөгөөд маргааш өглөө биш харин бүр өнөө орой намайг албан ёсоор ротын захирагчаас авч хаяна гэдгийг мэдэж байна. Офицер хүн албан тушаалаасаа авахуулахаар очихдоо одон авах гэж байгаагаас дутахгүй цог жавхлан төгөлдөр байх учиртай. Миний ротынхон ч үүнийг мэднэ. Тийм ч учраас намайг шатахуун цэнэглэгчтэй муудалцаж, зарцуулсан байлдааны хэрэгслийн бүртгэл гаргаж, гуравдугаар танк доогуур шургаж байх зуур хэн нэг нь аль хэдийн миний гутлыг толь шиг өнгөлж, өмд индүүдэж, захны цагаан даавууг сольжээ. Тос, шороо болсон комбинезоноо тайлж хаяад шүршүүрт түргэхэн орлоо. Удаан бөгөөд хичээнгүйлэн байж сахлаа хусав. За тэр, хорооны штабын зарлага ирж явна. Парк тэр чигээрээ доргилно. Эвдэрсэн хуягт тээвэрлэгч чирэгч машинаар чирүүлэн хаалгаар орж байна. Хоосон хонгио энд тэндгүй жингэнэнэ. Тэвшээ давтал сумны хоосон хайрцаг ачсан асар том «Урал» машинууд хүнгэнэлдэнэ. Цахилгаан гагнуурын оч ёслолын буудлага мэт цацарна. Өглөө гэхэд бүх зүйл гялалзаж байх ёстой. Харин одоохондоо эргэн тойрон бүх зүйл тос, шавар болж, чимээ шуугиан чих дөжрөөх нь их барилгын талбай дээр байх мэт. Офицерууд нь цэргээсээ эс ялгарна. Бүгд комбинезонтой, бүгд халтар, бүгд чанга чанга дуугарцгаана. Энэ бүх эх адаггүй нүргээн дундуур ахлах дэслэгч Суворов алхана. Харсан бүгд дуугаа хураах ажээ. Халтайсан танкчид миний араас харцгаана. Ахлах дэслэгч албан тушаалаасаа авахуулахаар явж буй нь бүгдэд тодорхой. Чухам яасан гэж ротоосоо авахуулж байгааг хэн ч үл мэднэ. Гэхдээ л огт дэмий зүйлээс болж авахуулж байгааг бүгд мэдэрч байлаа. Өөр цагт бол харь ротын ахлах дэслэгчийг анзаарах ч үгүй, анзаарсан ч мэдээгүй царай гаргах байсан. Хөдөлгүүрээ тойрч суугаад тостой бөгсөө өндийлгөх ч үгүй байсан. Гэвч хүн албан тушаалаа өгөх гээд явж байна. Тийм болохоор л үл таних танкчид тос болсон малгайдаа гараа хүргэн мэндчилцгээж байна. Би ч хариу мэндчилнэ. Би инээмсэглэнэ. Тэд ч над уруу инээмсэглэж, үүнээс ч муу зүйл тохиолдож болно, тэснэ шүү гэсэн харцаар харна. Паркийн хашаанаас цаашлаад цэргийн хотхон үргэлжилнэ. Асар том туулайн бөөр модод харагдана. Шинэ цэргүүд жагсаалын дууг чанга боловч эв дүйгүй дуулах нь сонсогдоно. Хичээцгээж л байна, гэхдээ болоогүй ээ. Идэрхэг бага дарга чанга дуугаар командална. Нөгөө шинэ цэргүүд надад ёсолж байна. Тэд одоохондоо ногооноороо байна. Тэд одоогоор юу ч ойлгохгүй. Тэдний хувьд ахлах дэслэгч бол бага даргаас хамаагүй том дарга. Харин тэдний гутал нь онцгой гялалзаж байхыг бодвол тэдний хувьд ямар нэг баяр болж буй бололтой... Штаб ч энэ байна. Тэнд бүгд цэвэрхэн. Бүгд нам гүм. Шат нь гантиг. Дайнаас өмнө румынчүүд барьсан юм. Бүх коридор нь тэр чигээрээ хивс. Харин энд гэрэл гийсэн хагас зууван танхим байна. Сүлдэт тамгаар лацадсан сум нэвтэрдэггүй тунгалаг конус дотор хорооны туг байх аж. Дэргэд нь тугийн харуул хөшөө мэт зогсоно. Түүний бууны богино хавтгай жадны үзүүрт нарны сүүлчийн туяа ойж гантиг дээр цацран харагдана. Намайг хорооны туганд ёслоход харуул нь хөдөлсөн ч үгүй. Тэр чинь автомат буутай хүн. Харин зэвсэгтэй хүн бол мэндчилгээний бусад хэлбэрүүдийг үл ашиглана. Түүний зэвсэг нь бусад бүх хүмүүст хандсан мэндчилгээ юм. Зарлага намайг хороон захирагчийн өрөө рүү дагуулав. Сонин л юм. Яагаад штабын даргын өрөөнд аваачихгүй байгаа юм бол? Зарлага хаалга тогшоод захирагчийн өрөөнд орж явчхав. Ороод хаалгаа сайтар хаалаа. Тэгснээ тэр дороо гарч ирээд ор гэж дохив. Захирагчийн царс модон ширээний ард намхан нуруутай үл таних дэд хурандаа сууж байна. Энэ дэд хурандааг би өнөөдөр нөгөө хурандаагийн дагалдагсад дунд явахыг харсан. Чөтгөр ав, энэ чинь юу болоод байна вэ? Манай эцэг, манай штабын дарга хаана байна вэ? Тэгээд яагаад энэ дэд хурандаа захирагчийн түшлэгтэй сандал дээр сууж байдаг билээ? Тэр өөрийн албан тушаалаараа манай эцгээс дээгүүр гэж үү? Мэдээж дээгүүр байх нь. Хэрэв тийм биш бол тэр түүний ширээний сууж байхгүй байсан. — Суу ахлах дэслэгч ээ, — гэж миний ирсэн тухайгаа илтгэхийг үл сонсон хэллээ тэр. Суулаа. Сандлын ирмэг дээр. Одоо намайг загнаж гарах учраас босон харайх хэрэгтэй болно гэдгийг би мэдэж байлаа. Тиймээс ч нуруугаа цэхлэн суулаа. Оттого спина у меня прямая. Яг л баярын жагсаалд зогсож байгаа юм шиг. — Хурандаа Ермолов таныг ротын захирагчаас авч хаяж байхад яагаад инээмсэглээд байсан тухайгаа илтгээд бай ахлах дэслэгч ээ. Би хурандааг харсаар сууна. Шинэхэн биш ч цэвэрхэн цагаан зах нь индүүдлэг сайтай гимнастеркны дороос цухуйна. Харин юу гэж хариулдаг билээ? — Мэдэхгүй, нөхөр дэд хурандаа. — Ротоосоо салах харамсалтай байна уу? — Харамсалтай байна. — Чиний рот тун чадварлаг ажилласан. Ялангуяа сүүл рүүгээ. Ханын хувьд бол хороогоо дайсны галын дор тавьж өгснөөс тэрийг эвдэх нь хамаагүй дээр гэдэгтэй бүгд санал нийлж байгаа. Ханыг дахин босгох хэцүү биш… — Аль хэдийн босгосон. — За тэгэхлээр, ахлах дэслэгч ээ, намайг дэд хурандаа Кравцов гэдэг. Би 13-р армийн тагнуулын албаны дарга. Чамайг тушаалаас чинь авч хаясан хурандаа Ермолов өөрийгөө тагнуулын албаны дарга гэж бодсоор байгаа. Гэхдээ тэр өөрөө огт мэдээгүй байгаа боловч түүнийг өөрчилсөн. Түүний албан тушаалд би аль хэдийн томилогдсон. Одоо бид дивизүүдээрээ явж байна. Тэр та нарыг шалгаж байна гэж бодож байгаа ч үнэндээ бол би ажлаа хүлээн авч, дивизийн тагнуулын албаны байдалтай танилцаж байгаа юм. Түүний гаргаж буй бүх шийдвэрүүд нь огт хамаагүй. Тэр өдөр бүр шийдвэр гаргаж байгаа ч орой нь би өөрийн бичиг баримтыг хороо, дивизийн захирагч нарт үзүүлснээр түүний бүх тушаал хүчингүй болж байгаа. Тэр энэ тухай мэдэх ч үгүй. Түүний хашгирах нь ой мод шуугихаас ч хэтрэхгүй гэдгийг тэр мэдэхгүй. Зөвлөлтийн арми ба манай бүх засаг захиргааны хувьд тэр одоо хэн ч биш, армиас тэтгэвэргүй хөөгдөж байгаа азгүй амьтан, зүгээр л нэг хувь хүн. Энэ тухай тушаалыг удахгүй түүнд сонсгоно. Тийм болохоор чамайг ротоос зайлуулсан түүний тушаал ямар ч хүчингүй гэв. — Баярлалаа, нөхөр дэд хурандаа! — Баярлаж талархахаа бүү яар. Тэр чамайг ротоос авч хаях эрхгүй. Тийм учраас би чамайг ротоос авч хаяж байна. Тэгээд тэр дууныхаа өнгийг өөрчилж захирангуйгаар: Ротоо өгөхийг тушааж байна гэв! Би хувь заяаны цохилтыг инээмсэглэн угтаж эртнээс сурсан билээ. Гэвч энэ цохилт маш гэнэтийн байсан тул инээж чадсангүй. Би босож гараа саравчиндаа хүргэн ёслоод тов тодхоноор: — Мэдлээ, ротоо өгье гэж хариулав! — Суу. Суулаа. — Энд ялгаа бий. Хурандаа Ермолов чамайг ротод балчирдаж байна гэж үзээд ротоос зайлуулсан. Би харин рот чамд багадаж байна гэж үзээд ротоос авч байна. Надад чамд зориулсан дивизийн тагнуулын батальоны штабын даргын албан тушаал байна. — Би ердөө л ахлах дэслэгч. — Би ч гэсэн ердөө л дэд хурандаа. Тэгсэн хир нь намайг дуудаад бүхэл бүтэн армийн тагнуулын албыг хариуцуулсан. Одоо би зөвхөн ажлаа хүлээж авч буй төдийгүй өөрийн багийг бүрдүүлж байна. Өмнөх ажлаасаа зарим нэг офицеруудыг дагуулж ирсэн. Би өмнө нь 87-р дивизийн тагнуулын дарга байсан юм. Харин одоо миний ажил өмнөхөөс олон дахин өргөжиж байгаа тул надад итгэж болох, чадварлаг гүйцэтгэх ажилтан маш олноороо хэрэгтэй байна. Тагнуулын батальоны штабын дарга гэдэг чиний хувьд хамгийн бага албан тушаал. Би чамайг бүр өндөр албан тушаалд ч сорьж үзнэ. Хэрвээ чи чадаж байвал… — Тэр цагаа харлаа. — Юм хумаа бэлдэхэд чинь хорин минут өгье. 21.30-д 13-р армийн штаб байрлаж буй Ровно хот уруу манай автобус хөдөлнө. Тэнд чамд суудал авсан байгаа. Хэрэв чи маргааш шалгалтуудаа амжилттай өгч чадвал би би чамайг 13-р армийн штабын тагнуулын хэлтэст авна гэх нь тэр. Харин тэр шалгалтуудыг нь би амжилттай давсан билээ.

1 дүгээр бүлэг төгсөв.  үргэлжлэл бий 

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

тэнэг, мангар, новш, хуц,
bat (зочин)

za ingeed tomordgiim baijee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)