HERO'S WORLD : Тагнуулч Суворов 1 бүлэг 5,6-р хэсэг

Тагнуулч Суворов 1 бүлэг 5,6-р хэсэг

5. Хянагчийн суусан хуягт тээвэрлэгч тэртээ хол хоцорчээ. Түүнийг ротыг гүйцэж ирэх гэж ядах зуур би их буунуудаа шалгаж, машинуудынхаа нөхцөл байдлын тухай болон шатахуун, галт хэрэгслийн зарцуулалтын талаар илтгэл авч амжаад ротоо жагсаан түүнд илтгэхэд бэлдэн талбайн голд хөдөлгөөнгүй зогсон хүлээлээ. Зогсоод сайшаал, шийтгэлийн аль нь ирж болохыг дотроо тунгаан бодов. Хугацаанаас нь найман минутын өмнө ротоо паркаас гаргасны төлөө сайшааж магадгүй л юм, үүний төлөө ротын захирагчдыг заримдаа алтан цагаар шагнадаг юм. Дайн эхэлж буй үед хором бүр үнэтэй. Бүх танкууд, бүх онгоцнууд, бүх штабууд агшин зуурын дотор дайсны цохилтоос зайлах хэрэгтэй. Тэгж чадвал дайсны хамгийн эхний бөгөөд хамгийн аймшигтай цохилт цэргийн хоосон хотхонууд дээр буух болно. Найман минут! Энд би зөв ажилласан нь эргэлзээгүй. Миний бүх танкууд бүрэн бүтэн байгаа, өдрийн туршид бүгд хэвийн ажилласан. Энэ нь миний техникийн орлогчид л сайн хэрэг болж байна. Гэхдээ офицер дутагдсаны улмаас манай ротод техникийн орлогч дарга байхгүй л дээ. Би өөрөө түүний өмнөөс тэр ажлыг хийдэг. Дайсны тулгуур цэгүүдийг хурдан тойрон гарч тухай бүрд нь тун тодорхой мэдээлж байсан. Энэ ч нэгдүгээр салааны захирагчид хамаарна л даа. Гэхдээ манай ротод нэгдүгээр салааны захирагч офицер байхгүй нь харамсалтай. Дахиад л нөгөө дутагдал. Пуужингийн батарейг нүдээ аниад өнгөрөөгөөгүй, илрүүлээд газартай тэгшлээд хаясан гэж байгаа. Харин хамгийн муу пуужингийн батарей ч хоёр Хиросимаг юу ч үгүй болгож дөнгөнө. Тагнах ажиллагааг зогсоож, өөрийн салбараа пуужингийн эсрэг хаяснаараа би тэдгээр Хиросимуудыг аварсан хэрэг. Ийм хэргийн төлөө дайны үед бол энгэрт нь одон зүүж өгдөг юм, харин хээрийн сургуульд бол удаан хугацаанд сайшаан магтах нь гарцаагүй… За нөгөө хянагч хурандаа ирлээ. Гар нь цэвэрхэн цагаан, гутал нь гялалзана. Сарвуугаа норгохыг хүсээгүй муур шиг шалбаагийг цэмцэгнэн тойрч байна тэр. Хороон захирагч, манай эцэг бас л хурандаа цолтой ч гар нь яргачны гар шиг эвэршиж гүйцсэн бөгөөд хүнд хөдөлмөр түүний гарыг тийм болгосон юм. Харин манай эцгийн нүүр нь миний л мэдэх бүх л хээрийн сургуулийн талбар, буудлагын талбайн нар, салхи, жаварт онгож гандсан бөгөөд энэ хянагч хурандаагийн цонхигор царайтай огт адилгүй билээ. — Зэрэгц! Номхон! Зэрэгц баруун тийш! Гэвч хянагч миний илтгэлийг сонссонгүй шууд таслаад: — Дайнд хүүхэд шиг хөөрөөд байна уу, ахлах дэслэгчээ! Би дуугарсангүй. Тэр намайг загнаагүй харин миний энгэрт медаль зүүж өгч байгаа юм шиг би инээмсэглэв. Харин миний инээмсэглэл түүний уурыг бүр шатаав бололтой. Түүний бараа бологчид дуугүй дүнсийцгээнэ. Зэвсэгт хүчний сахилгын дүрмийн 97 дугаар зүйлийн дагуу миний цэргүүдийн дэргэд намайг загнах хориотой гэдгийг дагалдагсад нь мэддэг юм байна. Тэр хурандаа миний цэргүүдийн дэргэд намайг загнаснаар зөвхөн миний захирагчийн нэр хүндэд төдийгүй баатарлаг Зөвлөлтийн армийн бүх офицерын бүрэлдэхүүний нэр хүнд, тэр дотроо өөрийн хурандаа цолны нэр хүндэд ч халдаж байгааг тэр дэд хурандаа, хошууч цолтнууд мэдэж байна. Харин би огт юу ч болоогүй юм шиг инээмсэглэсээр. — Тушаалыг эс хайхарч, биелүүлэхгүй байх нь гутамшигтай хэрэг, нөхөр ахлах дэслэгч ээ. Ээ хурандаа минь, тулаанд хөөрч, цусны үнэрт мансуурдаггүй хэнийг ч болов би их бууныхаа гол төмрөөс дүүжлэх байсан даа. Энэ ч яах вэ, хээрийн сургууль. Харин жинхэнэ тулаан болсон бол дуураймал, хиймэл биш харин жинхэнэ цусан дундуур миний танкууд гинжээрээ туучиж, ази гаралтай цэргүүд минь үүнээс ч илүү үзүүлээд өгөх байсан даа. Энэ бол сул тал биш. Энэ бол тэдний сүр хүч. Тэднийг ертөнцөд хэн ч зогсоож чадахгүй байх байсан. — Бас тэр паркийн ханыг яаж байгаа чинь тэр вэ? Чи тэр ханыг бүр эвдээд хаясан байна! Энэ чинь гэмт хэрэг! Харин тэр хананы тухай би бүр бодохоо ч мартчихжээ. Их юм болж дээ. Өдийд аль хэдийн янзалчихсан байгаа байлгүй. Тийм ч их цаг орохгүй. Хорооны сахилгын хорих байрнаас арван хоригдол цэрэг аваачаад тавихад л хоёр цагийн дотор засчихна. Тэгээд ч хурандаа минь, хээрийн сургууль уу эсвэл дайн уу гэдгийг би яаж мэдэх билээ? Түгшүүрийн үед ер нь хэн үүнийг мэдэж чадах юм бэ? Хэрэв дайн байгаад тэр хана бүтнээрээ үлдсэн бол 2000 гаруй хүн, хэдэн зуун байлдааны техник нэг дор юу ч үлдэхгүй шатах байсан. Хурандаа гуай юу гэнэ ээ? 13-р армийн тагнуулын дарга гэдэг том сэтэр зүүчхээд миний хэдэн узбек цэрэг юу хийж байгааг өдөржин бүртгэж явах ч гэж! Тэд хэдий оросоор ярьдаггүй ч байгаа мадаггүй сөнөөж чаддаг юм. Тэднийг минь магт хурандаа минь! Надад биш ч ядаж тэдэнд инээмсэглээч. Тэгээд л би түүн рүү инээмсэглэн зогсоно. Би хурандаагийн өмнө нуруугаа рот уруугаа харуулан зогсож байгаа тул эргэж харж огт болохгүй байв. Зөвхөн миний ротынхон бүгд инээмсэглэж байгааг л би мэдэж байлаа. Зүгээр л ямар ч шалтгаангүйгээр. Тэд угаасаа ямар ч үед инээмсэглэж байдаг юм. Харин хурандаад энэ таалагдсангүй. Бид өөрийг нь шоолоод байна гэж тэр бодож байх шиг. Хурандаа бүр галзуурах шахлаа. Миний чиглүүлэгч тулаанд орохоороо хэрхдэг шиг шүдээ хяхтнуулна. Бидний инээмсэглэлийг ойлгож, үнэлэх чадвар түүнд алгаа. Тиймдээ ч тэр миний нүүр уруу хашгичиж: — Жаал аа, чи рот захирах эрхгүй. Би чамайг зайлууллаа. Ротоо орлогчдоо хүлээлгэж өг, тэр ротыг цэргийн байранд нь буцааж аваачиг! — Надад орлогч байхгүй, — гээд би инээмсэглэв. — Тэгвэл нэгдүгээр салаан захирагчид! — Тэр ч бас байхгүй гэвэл тэрээр надаас дооших бүх албан тушаалтныг тоочиж гарав. — Би ротдоо ганцаараа офицер. Хурандаа дуугүй болов. Огт уурлаж загнаагүй юм шиг нам болчхов. Ротод ганц офицер байдаг ийм үзэгдэл манай армид, тэр тусмаа Зөвлөлт улсын нутаг дэвсгэр дээрх анги салбаруудын хувьд бараг хэвийн үзэгдэл болсон зүйл байлаа. Офицер болохыг хүсэгчид олон ч бүгд л хурандаа байхыг хүснэ. Харин дэслэгчийн гараа сонирхол багатай ажээ. Ийм учраас хамгийн доод шатанд офицерууд дутагдана. Маш их дутагдана. Харин тэр дээгүүр, штабт үүнийг мартаж орхино. Тийм ч учраас би ротдоо ганц офицер нь байх юм гэж хурандаа бодсонгүй. Намайг ротын захирагчаас авч хаялаа, тэгэх эрх нь ч түүнд бий. Гэвч ротыг цэргийн байранд нь буцааж аваачих хэрэгтэй. Харин ротыг, тэр тусмаа танкийн ротыг хэдэн арван километр хол газар зөнд нь орхиж огт болохгүй. Энэ бол гэмт хэрэг. Ингэвэл шууд төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гэж үзэх болно. Тэгвэл ч хурандаа чи өнгөрөх нь тэр. Хэрэв чи тухайн нөхцөл байдалд орлох ямар ч хүн байхгүй үед захирагчийг нь зайлуулбал бүх хариуцлагыг өөртөө хүлээх бөгөөд хөндлөнгийн хэн нэгэнд ротыг итгэн өгөх эрхгүй. Хэрэв тийм эрх байдагсан бол дивизийн захирагч бүр цэргээ хээр гаргаж доод захирагч нараа өөрийн дураар өөрчлөөд цэргийн эргэлт хийж болохсон. Харин манайд төрийн эргэлт гардаггүйн учир нь командлах боловсон хүчнийг сонгож, томилох энэ нарийн ажилд хүссэн хэн бүхэн оролцоод байдаггүйд л байгаа юм. Зайлуулах нь чиний эрх. Зайлуулах бол тун амархан. Зайлуулж хэн ч чадна. Энэ бол хүн алах шиг л хялбархан. Харин захирагчдыг албан тушаалд нь эргүүлэн тавих бол үхсэн хүнийг босгохтой адил тун хэцүү. За хурандаа минь яав? Намайг буцаагаад ротын захирагчаар томилох гэж байна уу? Тэгж болохгүй ээ. Би тэнцэхгүй. Бүгд үүнийг сонссон. Таарч тэнцэхгүй хүнийг ротын захирагчаар тавих эрх чамд байхгүй. Хэрэв улсын хилийн ойролцоо танкийн ротын хууль ёсны захирагчийг нь албан тушаалаас нь зайлуулаад оронд нь тэнцэж тохирохгүй этгээдийг тавилаа гэж дээд газар мэдвэл чамайг яах бол? Алив? Аан? Манай батальон захирагчтай, эсвэл хорооны захирагчтай холбоо бариад энэ эзэнгүй ротоо аваарай гэж хэлж болно л доо. Гэвч хээрийн сургууль дууссан. Гэнэт эхэлсэн шигээ гэнэт дуусчихлаа. Харин сургууль дуусчхаад байхад байлдааны холбоог ашиглахыг хэн зөвшөөрөх билээ? 37 он байсан бол тэгж зүрхэлсэн хүнийг буудах байсан. Иймэрхүү зүйлээр эрхлэхийг хэнд ч зөвшөөрөхгүй. За яасан, хурандаа? Алив наад ротоо аваад явж үз. Харин магадгүй чи рот яаж удирдаж авч явахыг аль хэдийн мартсан уу? Эсвэл бүр хэзээ ч ротын жагсаал удирдаж байгаагүй юу? Штабт өссөн байх нь. Тийм хурандаа олон бий. Штабаас гадуурх ямар ч ажил аар саар зүйл шиг санагддаг байх л даа. Танкийн ротыг удирдан паркт нь аваачих ч хэцүү биш. Зөвхөн шинэ дүрэмд заасны дагуу тушаалуудаа өгөх хэрэгтэй. Ротын цэргүүд орос биш болохоор хэлээд ойлгохгүй. Харин ойлговол бүр ч муу юм болж мэднэ. Тэгвэл тэднийг ой намаг дундаас нисдэг тэргээр хайгаад ч олохгүй. Хүнд танкууд хүн дайрчхаж ч мэднэ, гүүрэн доогуур ороод гацаж ч магад, намагт живж ч болно. Харин үүний шийтгэл нь мөн л адилхан байх юм. Би инээхээ болилоо. Нөхцөл байдал ноцтой болж байна, юун инээхтэй манатай. Гараа саравчиндаа хүргэж ёслоод: Нөхөр хурандаа, явахыг зөвшөөрнө үү?" гэж хэлэх цаг нь мөн дөө. Тэртэй тэргүй би тэнд хөндлөнгийн хүн, дарга нь ч биш, цэрэг нь ч биш. Та өөрийнхөө зуурсан жонхууны учрыг өөрөө олж үз. Захирахыг хүсээд байсан, одоо захираач нөхөр хурандаа. Гэвч миний хор шар, бах тав дорхноо алга боллоо. Миний төрөлх рот, миний хүмүүс, миний машинууд шүү дээ. Хэдийгээр ротыг би цаашид хариуцахгүй болсон ч зүгээр ингээд салж чадахгүй нь. — Нөхөр хурандаад, гэж хэлээд би гараа саравчиндаа хүргэн ёслоод — Ротоо сүүлийн удаа удирдаж явахыг зөвшөөрнө үү? Салах ёс хийх маягаар гэв. — Тэг ээ, — гэж тэр товчхон хэлэв. Тэрээр сурснаараа сургаал айлдаж, битгий хамаагүй давхи, битгий хөөр, цувааг тарааж болохгүй гэж хэлэх гээд байх шиг санагдлаа. Гэвч тэгсэнгүй. Тэгэхийг тэр хүсээ ч үгүй, зүгээр л надад тэгж санагдсан байж ч болох юм. — Тийм, тийм, ротоо аваад яв. Ротоо одоохондоо захирч бай. Миний тушаалыг одоогоор хүчингүй гээд тооцчих. Ротоо байранд нь аваачаад тэнд хүлээлгэж өгөөрэй. — Гүйцэтгэе! — гэж ёслоод огцом эргэхдээ хурандааг дагалдагсад жуумалзахыг би анзаарав. «Одоохондоо захирч бай» гэж юу гэсэн үг вэ? Бараа бологсод нь «Одоохондоо захирч бай» гэдэг ойлголт байхгүй гэдгийг мэдэж байна аа. Захирагч нь эсвэл өөрийн анги салбараа аваад явж чадах тэр хүн нь түүнийгээ бүрэн хариуцах ёстой бөгөөд тэнцэж тохирохгүй хүнийг бол дор нь зайлуулах ёстой. «Одоохондоо захирч бай» гэдэг бол шийдвэр биш. Хурандаа энэ асуудалд ингэж хандсаныхаа хариуд их үнэ төлж болно. Надад болон хурандаагийн дагалдагсдад энэ нь тодорхой байлаа. Гэхдээ одоо юун тэрийг бодохтой манатай. Надад чухал ажил байна. Би рот захирч байна. Хэн юу бодсон, юунд яаж хандсан, хэрхэн шийтгүүлэх нь надад ямар хамаа байх вэ. Эхний команд өгөхийн өмнө захирагч өөрийн салбарыг хүсэл зоригоороо бүрэн захирсан байх ёстой. Жагсаал тэр чигээрээ анхаарлаа хандуулж, захирагч одоо команд өгөх гэж байгааг цэргүүддээ харцаараа мэдрүүлэх хэрэгтэй. Харин танкийн цэрэгт командууд нь чимээгүй байдаг. Миний гарт хоёр дарцаг байна. Би түүгээр командална. Цагаан дарцгийг огцом өргөв. Энэ миний эхний команд. Энэхүү товч бөгөөд тодорхой дохиогоор «Ротыг би удирдаж байна! Дайсантай тулгарах хүртэл радио станцыг ашиглахыг хориглож байна! Анхаар!» гэсэн утгатай урт мэдээллийг өөрийн ротдоо өглөө. Анхааруулах ба гүйцэтгэх команд гэж бий. Анхааруулах командаар захирагч өөрийн хүсэл зоригийн төмөр мэт хазаараар удирдлагадаа байгаа хүмүүсийг хазаарлан авна. Тэгээд гол командаа өгөхийн өмнө жолоогоо татан таван секунд хүлээх учиртай. Бүгд тэр хазаарын төмөр амгайвчийг мэдэрч, булчин шөрмөс нь өвдтөл ороолгохын өмнө татвалзах мэт хөвчирч, сайн морь ташуурдуулахаа хүлээх мэт жагсаал тэр чигээрээ амьсгаа даран гүйцэтгэх командыг хүлээх ёстой. Улаан дарцгийг огцом өргөөд хоёр дарцгаа баруун зүүн тийш алдлан буулгав. Рот агшин зуур тарж танкийн хуяг дээгүүр гутлын тах тачигнав. Роттойгоо салах ёс хийж байгаа болоод тэр үү, эсвэл шалгагч нарт өөрийн чадвараа харуулах гээд байгаа юм болов уу, бүр эсвэл хор шар хөдлөөд байгаа юм болов уу? Ямартаа ч энэхүү сэтгэлийн хөдөлгөөнөө өөрөөр илэрхийлэх боломжгүй байлаа. Ээ хөөрхий, хэн нэг нь секунд хэмжигч гартаа бариад харж байсан ч болоосой! Гэхдээ миний рот дивизийн дээд амжилтыг, бүр цаашлаад түүнээс ч илүү амжилтыг тогтоож чадна гэдгийг би тэр хоромд мэдэж байв. Хурандааг дагалдагсад дунд миний ази цэргүүдээр бахархан буй жинхэнэ танкчид олон байгаа гэдгийг ч би мэдэж байлаа. Танкийн цэргийн олон дээд амжилтыг би биеэрээ харсан бөгөөд тэдгээрийн үнэ цэнийг ч мэддэг байсан юм. Дээд амжилт тогтоох гэж гараа хугалж, шүдээ цөмлөхийг ч харсан. Харин тэр мөчид миний хүүхдүүд одтой байлаа. Гэхдээ би тэр үед яагаад ч юм бэ миний цэргүүд танкийн цамхаг уруу санаанд багтамгүй хурдан үсрэн орохдоо нэг нь ч хоцрохгүй, нэг нь ч халтирахгүй гэдгийг би урдаас мэдэж байсан юм. Хэн нь ч нээлхийн тагт хөл гараа хавчуулахгүй гэдгийг ч мэдэж байсан. Тэр агшинд л лав биш. Арван хөдөлгүүр нэгэн зэрэг нүргэлэн асав. Би ч захирагчийн танкийн нээлхийд байна. Одоо миний дээш өргөсөн цагаан дарцаг «Би бэлэн!» гэж хэлж байна. Хариуд нь есөн цагаан дарцаг «Бэлэн! Бэлэн! Бэлэн!» гэх нь харагдана. Дарцгаа толгой дээгүүрээ огцом эргүүлээд зүүн тийш тодорхой заасан нь «Намайг дага!» гэсэн дохио. Энэ бүгд тун амархан. Хялбархан. Хэтэрхий энгийн байна уу? Тийм ээ. Гэвч танкийн дөрвөн арми нэгэн зэрэг хөдөлсөн ч ямар ч радио тагнуул түүнийг илрүүлж чадахгүй. Дарцгаар дохих нь бусад төрлийн тагнуулчдын хувьд болхи мэт санагдах ч тун сайн арга билээ. Ийм ч учраас бид үргэлж гэнэт гарч ирдэг юм. Сайн ч бай муу ч бай гэв гэнэт. Чехословакт ч тэр, нэгэн зэрэг долоон арми байсан ч тэр. Хянагч хурандаа өөрийн хуягт тээвэрлэгч рүү авирч байгаа нь харагдана. Бараа бологсод нь түүнийг дагав. Хуягт тээвэрлэгч уухилсаар эргэж цэргийн хотхон уруу өөр замаар явж одлоо. Хурандаагийн дагалдагсад нь түүнийг үзэн яддаг нь тодорхой байна. Хэрэв тийм биш байсан бол тэр миний танкуудыг дагаад явах ёстой гэдгийг хэн нэг нь түүнд хэлэх л байсан. Би одоо хэн ч биш шүү дээ. Нэр зээлдэгч. Ротыг надад итгэж хариуцуулна гэдэг ажлаасаа хөөгдсөн цагдаад хэн нэгнийг баривчлаад ир гэж тушаахтай адилхан. Хэрэв чиний толгойд тийм бодол орж ирсэн бол ядаж түүнтэй хамт явах ёстой. Ротыг хэн нэгэнд өгсөн бол өөрөө удирдаж чадахгүй ч бай цагийг нь олж тоормосны гишгүүр дээр гишгэхийн тулд дэргэд нь байх хэрэгтэй. Харин чи өөрийн амьдралаа залуухан ахлах дэслэгчийн гарт атгуулчихлаа гэж хурандаад хэн ч сануулсангүй. Албан тушаалаасаа зайлуулагдсан ахлах дэслэгч юу ч хийж мэднэ, тэр чинь хөндлөнгийн хүн шүү дээ. Харин түүнийг нь хурандаа чи хариуцах болно. Эсвэл хамт явагсад нь тэр ахлах дэслэгч ямар нэг адал явдалгүйгээр ротыг аваад явчихна гэж мэдээд байгаа юм уу? Хурандаагийн хувь заяаг ахлах дэслэгч баллаад хаячихгүй гэдгийг ч бас мэдээд байна уу? Харин юу ч тохиолдож магадгүй дээ…

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

тэнэг, мангар, новш, хуц,
mazaalai

Сайхан уншууштай зохиол байна.

skylet (зочин)

улам сонирхолтой болж байна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)