HERO'S WORLD : Тагнуулч Суворов 1 бүлэг 2-р хэсэг

Тагнуулч Суворов 1 бүлэг 2-р хэсэг

2

Парк тэр чигээрээ нүргэлж хэдэн зуун байлдааны машины хөдөлгүүр нижгэнэх ажээ. Саарал униар хөшиглөн, утаа тортог хамар цоргино. Түгшүүрийн дохиогоор ассан танкууд тачигнан шил шилээ даран дөрвөлжлөн жагссан байлдааны техникүүд ээлжээ хүлээн арай ядан урагшилж шавар шороотой бетон замаар мөлхөцгөөнө. Хамгийн урд нь тагнуулын ротын өргөн хоншоортой хөвдөг танкууд, араас нь штабын ба холбоо ротын хуягт тээвэрлэгчид, тэгээд танкийн батальон, мото буудлагын гурван батальон, тэдний хойноос хорооны ба зенитийн болон танк эсэргүүцэх артиллерын батарейнууд, саперууд, химийнхэн, засварынхан уртаас урт цуваа татан зогсоно. Харин арын албаны ангиудын хувьд тэрхүү асар том паркт багтах зай байхгүй. Тэд түрүүчийн ангиуд холоо явсан хойно л өөрсдийн цуваагаа татна.
Би цуваа даган өөрийн ротын машинууд уруугаа гүйлээ. Харин хорооны захирагч хэн нэгнийг үнэн голоосоо уурлан зандарч, штабын дарга батальон захирагч нарыг чангаар хараах нь хэдэн зуун моторын дууг даран сонсогдоно. Би гүйсээр. Бусад офицерууд ч мөн гүйцгээнэ. Түргэл, түргэл. За, миний рот тэнд байна. Нэгдүгээр салааны гурван танк, хоёрдугаар салааны гурван танк бас гуравдугаар салааны гурван танк. Харин захирагчийн буюу миний танк өмнө нь харагдана. Арван танк бүгд байр байрандаа. Өөрийн арван хөдөлгүүрийн чимээг би бүр эндээс сонсож байна. Нийтийн нүргээн дотроос тэднийг би чихээрээ ялгаж чадна. Хөдөлгүүр бүр өөр өөрийн ааш зан, дуу хоолойтой. Харин тэдний нэг нь ч доголдохгүй байна. Муугүй л эхлэл байна. Би аль хэдийн өөрийн танкийн өмнө ирлээ. Духны налуу хуяг дээр хөнгөхөн үсэрч гараад цамхаг уруу авирлаа. Миний нээлхий онгорхой байх бөгөөд аль хэдийн дотоод холбоонд залгагдсан дуулга малгайг минь холбоочин над уруу сарвайв. Дуулгаа өмсмөгц гаднах нүргээн үгүй болж амар амгалангийн ертөнцөд ирсэн мэт санагдлаа. Гэвч дуулганы чихэвч тэр дороо амилж нөгөө хуурамч нам гүмийг эвдэв. Дэргэд суугаа холбоочин сүүлд ирсэн тушаалуудыг надад дотуур холбоогоор (эс тэгвээс чихэн дээр орилох хэрэгтэй болно) илтгэж байна. Тэр нь бүгд хэрэггүй зүйлс байх аж. Би түүнээс «Дайн уу эсвэл хээрийн сургууль уу?» гэж чухалчлан асуухад — «Чөтгөр бүү мэд», — гээд тэрээр мөрөө хавчив.

Юу ч болсон бай миний рот байлдаанд бэлэн тул паркаас нэн даруй гарах хэрэгтэй байсан бөгөөд тийм ч хуультай. Паркт хэдэн зуун байлдааны машин нэг дор бөөгнөрнө гэдэг нь манай дайснуудын л мөрөөдөж болох бай билээ. Би урагш харлаа. Гэвч ямар нэг зүйл харагдана гэж үү? Танкийн нэгдүгээр рот миний өмнө зогсож байна. Захирагч нь хараахан ирж амжаагүй бололтой. Өмнөх хэсгүүд бүгд л захирагчаа хүлээн зогсоно. Би танкийнхаа цамхаг дээр гарлаа. Эндээс илүү харагдана. Тагнуул ротын нэг танк унтарчхаад бүх хорооны зам дээр тээглэж орхисон бололтой. Би цагаа харлаа. Манай хороон дарга, манай эцэгт найман минут л үлджээ. Хэрэв найман минутын дотор хорооны цуваа хөдлөхгүй бол хороон захирагчийн мөрдэсийг хуу татаж хаяад, зөнөсөн нохойг хөөдөг шиг тэтгэвэр ч үгүйгээр армиас хөөх болно. Харин одоо засварын ротын нэг ч чирэгч машин цувааны эхэнд хүрч чадахгүй бөгөөд учир нь дүнсгэр саарал гражуудын хоорондох төв зам нэг захаасаа нөгөө захаа хүртэл танкуудаар пиг дүүрчээ. Би нөөц хаалгыг харлаа. Түүний наагуур гүнзгий шуудуу ухсан байх бөгөөд ямар нэг усны хоолой эсвэл кабель татаж байгаа бололтой.
Би нээлхий рүү үсрэн ороод жолоочдоо «Зүүн тийш эргээд, чигээрээ!» гэж байдаг чадлаараа хашгираад «Намайг дага!» гэж бүх ротдоо тушаав. Харин зүүн талд ямар ч хаалга байхгүй. Зүүн талд засварын газрын урт урт барилгуудын хоорондох тоосгон хана харагдана. Захирагчийн танкийг ротын хамгийн шилдэг жолооч барьдаг бөгөөд ийм журам эртнээс бүх арми даяар тогтжээ. Би дотоод холбоогоор түүнд хандаж: «Чи ротдоо хамгийн шилдэг нь! Өөдгүй амьтдын дотроос би чамайг сонгосон. Зальхай гайхал чамд би захирагчийн танкаа өгч чамайг өөд нь татсан. Захирагчийнхаа сонголтыг битгий гутаагаарай! Үзүүлээд өг!» гэж хашгирав.
Харин тэрээр хариу хэлэхийн оронд нүсэр хүнд хуягт үлэг гүрвэлээ огцом ухасхийлгэн хурдаа улам бүр нэмэв. Танкаар ханыг цөм мөргөх нь аймшигтай ажээ. Манай танк доторх бүх л зүйл хангир жингэр хийн чичрэн доргиллоо. Бут үсэрсэн тоосго танкийн их гэрэл, антенныг эвдэж, багажтай хайрцгуудыг мулт татан, түлшний гадна савуудыг гэмтээсээр бөөн бөөнөөрөө асгаран нурлаа. Гэвч миний танк уухилан хүчээ нэмж, аалзны шүлс шиг хэрсэн өргөст торыг тас татан, бөөн тоосгон дундаас ухасхийн украины нам гүм хотын нойрсож буй гудамжинд үсрэн гарч ирэв. Харин би арын гурван танкийг харж байсан бөгөөд миний ротын танкууд ханын цөмөрхийгөөр хөгжилтэй, зоргоороо байдлаар орж ирцгээлээ. Ханын цөмөрхий рүү паркийн жижүүр гүйж яваа нь харагдана. Гараараа дохино. Ямар нэг зүйл хашгична. Амаа том ангайжээ. Түүний орилж буйг сонсох юм аятай. Дуугүй кинонд гардаг шиг нүүрний хувирлаар нь таахаас өөр арга алга. Тэрээр хашгичан загнах аж. Андуурахын аргагүй.
Миний ротын арав дахь танк цоорхойгоор гарч ирэх тэр агшинд хар хувцастай, цагаан дуулгатай зохицуулагчид тэнд аль хэдийн гараад ирлээ. Тэд журам тогтоодог юм. Хэнийг нь түрүүлж гаргахаа тэд мэднэ. Мэдээж тагнуулчдыг. Хороо бүрд онцгой техник, онцгой цэрэг офицеруудтай тагнуулын рот байдаг. Мөн түүнээс гадна мото буудлагын болон танкийн батальон бүрд онцгой техник, онцгой цэрэг офицеруудгүй ч тагнуулын үйл ажиллагаа явуулах чадвартай ротууд бий. Чухам тэдгээр ротуудыг л хамгийн түрүүнд явуулах хэрэгтэй. Цагаан дуулгатнууд минь биднийг явуулагтун! Бид яг одоо урагшаа холоос хол гарах хэрэгтэй байна.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

тэнэг, мангар, новш, хуц,
mazaalai

аанхаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)