HERO'S WORLD : Тагнуулч Суворов "Эхлэл"

Тагнуулч Суворов "Эхлэл"

Би бээр Аквариум хэмээх энэ номыг уншиж дууслаа л даа. Тэгээд цувралаар нийтэлмээр санагдлаа. Асуулт форумааср явж байгаад олсон ном л доо. Энэ номонд зөвлөлтийн үеийн тагнуулчийн тухай гардаг бөгөөд бичсэн хүн нь өөрийн бодит амьралаас сэдэвлэн бичсэн, маш сонирхолтойгоос гадна өөр хэрэгтэй мэдлэг хийгээд амжилтанд хүрэх зүйлсээс ч суралцах шиг болов. Та бүхэн уншаад үзээрэй маш сонирхолтой.

Зохиолчийн тухайд:

Виктор Суворов /жинхэнэ нэр нь Владимир Богданович Резун/
Оросын цэргийн тагнуулын офицер байсан. Нэрт түүхч, зохиолч. нийтлэлч,
1947 онд Приморийн хязгаарт төрсөн.Суворовын нэрэмжит дунд сургууль болон ерөнхий цэргийн дээд сургууль төгссөний дараа Киевийн цэргийн тойргийн штабт тагнуулын офицероор ажиллаж байсан. 1974 онд ЗХУ-ын ЗХЕШтабын ТЕГ-ын цэрэг дипломатын академи төгсөөд Женевт тагнуулын удирдагчаар дөрвөн жил ажиллажээ. Тэрээр 1978 онд Англид зугтан гарсан бөгөөд ЗХУ-ын Дээд шүүхээс түүнд эчнээ буудан алах ял оноосон.

Англид оргон гарсны дараа тэрээр 1981 оноос Виктор Суворов гэсэн нууц нэрээр зохиол бичиж эхэлсэн агаад “Аквариум”, “Чөлөөлөгч” зэрэг ном нь түүнд алдар нэр авчирсан. “М өдөр”, “Сүүлчийн бүгд найрамдах улс”, “Ялалтын сүүдэр”, “Мөс зүсэгч хөлөг онгоц” зэрэг цэрэг тагнуулын холбогдолтой болон дэлхийн II дайны түүхийг өөр өнцгөөс харж бичсэн олон ном нь гарсан дороо бестселлер болж байв. “Жил бүр уншигчдын гар дээр шинээр нэг ном тавьж байх болно” гэж амалсан түүний бүтээлүүд дэлхийн 23 орны хэл дээр орчуулагдсан ажээ.

Виктор Суворов

Аквариум

Эхлэл

— Манай дүрэм тун энгийн: ороход нэг, гарахад хоёр рубль. Энэ нь манай байгууллагад элсэхэд хэцүү ч гарахад бүр хэцүү гэсэн үг. Онолын хувьд байгууллагын бүх гишүүдэд түүнээс яндангаар дамжин гарах нэг л зам бий. Тэрхүү гарц нь зарим нэгнийх нь хувьд хүндтэй, зарим нэгнийх нь хувьд гутамшигтай зам байх боловч бид бүгдэд зориулсан нэг л яндан байдаг. Зөвхөн түүгээр дамжиж л бид байгууллагаас гарна. Энэ яндан тэр байна... гээд бүх ханыг эзэлсэн асар том цонх уруу заагаад... — Түүнийг харж сонирх л доо гэж Буурал хэлэв.
Есдүгээр давхрын өндрөөс харахад тэнгэрийн хаяа хүртэл үргэлжлэх зах хязгааргүй асар том цөлийн аэродромын дүр төрх алган дээр тавьсан мэт дурайх ажээ. Харин доош харах аваас найган ганхах бут, моддын завсраар хэрэн сүлжих элсэрхэг нарийн зөрөг замууд хөл дор харагдана. Цэцэрлэгийн ногоон ургамал ба аэродромын онгож гандсан өвс нь цагаан хөндлөвч дээр шигүү өргөст тор татсан бат бөх бетон ханаар зааглагджээ.
— Тэр байна… гээд замын хараар давирхайдсан хавтгай дээвэр дээр орших тийм ч өндөр биш, арван метр орчим дээш үргэлжлэх бүдүүн дөрвөлжин янданг Буурал заалаа.
Далайд хөвөх сал эсвэл хуучны намхан хитэгтэй, бахим бүдүүн яндантай хуягт усан онгоцыг санагдуулах тэрхүү баргар хар дээвэр нь голт борын ногоон мандал дунд хөвж буй мэт харагдана. Яндангаас шингэн утаа суунаглах ажээ.
— Хэн нэг нь байгууллагыг орхиж буй хэрэг үү?
— Үгүй дээ, — гээд тэрээр инээв. — Яндан бол зөвхөн гарц төдийгүй бидний эрчим хүчний эх үүсвэр, манай нууцыг хадгалагч юм. Энэ ердөө л нууц бичиг баримтууд шатааж байгаа хэрэг. Хадгалснаас шатаасан нь дээр гэдгийг мэднэ биз дээ. Санаа амар байж болно. Харин хэн нэг нь байгууллагыг орхиж одох үед гарах утаа нь ийм шингэн тунгалаг биш харин өтгөн хар байдаг юм. Хэрэв чи байгууллагад элсэх юм бол нэг л сайхан өдөр энэхүү яндангаар гарч тэнгэрт нисэн одох болно. Гэхдээ одоо биш л дээ. Одоо бол байгууллага чамд өөрийн хийх гэж буй сонголтын талаар сүүлийн удаа бодож үзэн татгалзах боломж олгож буй хэрэг юм. Харин юу бодох учиртайг чинь мэдүүлэхийн тулд би чамд нэг кино үзүүлье гэв.
Тэгээд Буурал удирдах самбар дээрх нэгэн товчлуурыг дараад миний дэргэдэх түшлэгтэй сандалд тухлан суулаа. Хүнд хүрэн хөшиг бага зэрэг чахран хаагдаж уудам том цонхыг халхлахтай бараг зэрэг шахуу ямар нэг бичиг, оршилгүйгээр дэлгэц дээр дүрс гарч эхлэв. Хальсыг нь гамтай хадгалсан, хуучны хар цагаан кино хөвөрч эхэллээ. Кино нь дуугүй болоод ч тэр үү кино аппаратын шаржигнах чимээ тодхон сонсогдох бөлгөө. Цонхгүй, бүүдгэр том өрөө дэлгэцнээ харагдах бөгөөд тэр нь уурын зуух ба үйлдвэрийн цех хоорондын завсрын өрөө ажээ. Жижиг цайзын хаалга мэт үзэгдэх хаалттай зуухны ам, уурхайн төмөр зам лугаа адил харагдах зуух уруу хөтлөн чиглүүлэгч ховилууд маш томоор дэлгэц дээр гарч байна. Зуухны ойролцоо саарал халаадтай хүмүүс харагдана. Галч нар ажээ. Тэд авс дамжлан явж байлаа. Тэгэхлээр энэ ямар газар вэ? Хүүр шатаах газар! Магадгүй миний дөнгөж сая цонхоор харсан тэр газар байх. Саарал халаадтай хүмүүс авсыг өргөн чиглүүлэх ховил дээр тавилаа. Зуухны хаалга хоёр тийш аажим онгойж, галч нар авсыг зөөлөн түлхэхэд авс өөрийн амьгүй эзний хамт улалзан дүрэлзэх дөлөн дунд орж одлоо. Харин одоо нэгэн амьд хүний нүүрийг томоор харуулж байна. Нүүрнээс нь хөлс урсах аж. Зуухны дэргэд халуун байгаа. Нүүрийг нь тал талаас нь эцэс төгсгөлгүй удаан харууллаа. Эцэст нь камерын дуран нүүрнээс нь холдож бүх биеийг нь харуулж эхлэв. Тэрээр халаадгүй бөгөөд үнгэгдэж үрчийж гүйцсэн үнэтэй хар хослол өмсжээ. Хүзүүндээ зүүсэн зангиа нь олс мэт эрчлэгдсэн харагдана. Түүнийг ган татлагаар эмнэлгийн дамнуургад чанга хүлсэн байх бөгөөд зуухын амыг тэрэнд харуулахгүйн тулд дамнуургыг хана түшүүлэн бариул дээр нь босгон тавьжээ. Галч нар гэнэт хүлээстэй хүн рүү эргэцгээлээ. Харваас ингэж анхаарлаа хандуулсан нь түүнд таалагдахгүй байгаа бололтой. Тэрээр хашгирна. Бүр аймшигтай хашгирах ажээ. Хэдийгээр дуу нь үл сонсогдох боловч шил доргитол хашгирч байгааг нь би мэдэж байлаа. Дөрвөн галч дамнуургыг болгоомжтойгоор шалан дээр буулгаад сурмаг хөдөлгөөнөөр дамжлан өргөх нь харагдана. Хүлээстэй хүн үүнд нь саад хийх гэж байж боломгүй их хүч гаргах ажээ. Нүүрээ байдгаар нь хүчилжээ. Духны судсууд нь гүрийн толгой нь хариугүй хагарах гэж буй мэт санагдана. Гэвч галчийн гарыг хазах гэсэн оролдлого бүтсэнгүй. Хүлээстэй хүний шүд өөрийнх нь гарт зоогдож, эрүүг нь даган хар судал татуулан цус урслаа. Тэр ч хурц шүдтэй юм аа. Хэдийгээр түүний биеийг бат бөх хүлсэн боловч тэрээр баригдсан гүрвэл шиг мурилзана. Түүний толгой амьд амьтныхаа зөнгөөр их биеэ даган савчиж дамнуурганы модон бариулыг жигд хэмнэлтэйгээр хүчтэй цохилно. Хүлээстэй хүн өөрийн амь насны төлөө биш харин хялбархан үхэхийн төлөө тэмцэх ажээ. Түүний санаа ойлгомжтой бөгөөд дамнуургыг савчуулснаар чиглүүлэх ховил дээрээс цементэн шал дээр унахыг хичээнэ. Энэ нь нэг бол хялбархан үхэх эсвэл ухаан алдана гэсэн үг. Харин ухаан алдчихвал зууханд орж болно шүү дээ. Айх юм үгүй... Гэвч галч нар өөрсдийн ажлаа сайн мэдэх аж. Тэд дамнуургыг ганхуулах боломж үл олгон бариулаас нь сайтар барьцгаажээ. Харин хүлээстэй хүн хүзүүгээ хугартал зүтгээд ч галчдын гарыг хазаж чадахааргүй харагдана. Хүн амьдралынхаа хамгийн сүүлийн мөчид гайхамшгийг бүтээж чаддаг гэж ярьцгаадаг. Амиа хамгаалах зөнгөөрөө түүний бүхий л булчин шөрмөс, ухаан санаа, амьдрах хүсэл эрмэлзэл нь нэгэн эгшинд төвлөрчээ… Тэр ч ухасхийлээ! Бүх л биеэрээ ухасхийв! Тэрээр хавханд орсон чоно хөлөө тас хазаад ухасхийдэг шиг ухасхийв. Тэрээр чиглүүлэх төмөр ховилыг доргитол ухасхийлээ. Тэр өөрийнхөө ясыг үйртэл, булчин шөрмөсөө тасартал ухасхийлээ. Тэр ухасхийлээ...
Гэвч түүнийг хүлсэн татлага нь бат бөх ажээ. Дамнуурга ч аажмаар урагшилж эхлэв. Цэвэрлээгүй удсан гутлынх нь улыг цайвар цагаан болтол нь гэрэлтүүлсээр зуухны хаалга хоёр тийш алгуур нээгдэв. Гутлынх нь ул гал уруу ойртлоо. Өнөө хүн хөлөө галаас холдуулахын тулд өвдгөө нугалахыг оролдоно. Гэвч тэгж чадсангүй. Зураглаач тэр хүний хуруунуудыг томоор харуулж эхлэв. Ган татлага түүний хуруунуудад гүн шигджээ. Гэвч хурууны үзүүрүүд нь чөлөөтэй байлаа. Тэрээр хурууныхаа үзүүрээр ч болов биеийнхээ хөдөлгөөнд саад болохыг хичээнэ. Хурууныхаа үзүүрүүдийг байдгаар нь хүчлэн тэнийлгэжээ. Хэрэв замд нь ямар нэг зүйл таарсан бол тэрээр гарцаагүй түүнээс зуурах байлаа. Гэтэл зуухны дэргэд дамнуурга гэнэт зогсчхов. Бусад галч нартай адилхан халаад өмссөн шинэ дүр дэлгэц дээр гарч ирэн тэдэнд гараараа ямар нэг дохио өгөв. Галч нар түүний дохиогоор дамнуургыг чиглүүлэх ховил дээрээс буулган хойд хоёр бариул дээр нь босгож буцаагаад хана түшүүлэн тавилаа. Яав? Яагаад саатах болов? Аа, ийм учиртай ажээ. Намхан тэргэнцэр дээр залсан бас нэг авсыг хүүр шатаах танхимд түрэн оруулж ирлээ. Түүнийг аль хэдийн таглан хаджээ. Тэр тансаг, чамин авс ажээ. Цацаг чимгээр гоёжээ. Хүндтэй авс ажээ. Хүндэт авсанд зам тавигтун! Галч нар түүнийг чиглүүлэх ховил дээр өргөн тавьж сүүлийн замд нь үдлээ. Одоо тэгэхээр түүнийг шатаж дуустал нь хүлээх хэрэгтэй боллоо. Хүлээх л болж дээ. Тэвчээртэй байх хэрэгтэй...
Харин одоо хүлээстэй хүний ээлж арай гэж боллоо. Дамнуургыг чиглүүлэх ховил дээр дахин тавилаа. Магадгүй хаалгыг нугасаар нь зад татахаар хүчтэй тэрхүү чимээгүй хашгирааныг би дахин мэдэрч эхэллээ. Хүлээстэй хүний нүүрийг би нэг итгэл тээн ажиглаж эхлэв. Би түүний нүүрнээс солиорлын шинж тэмдэг олж харахыг хичээж байлаа. Солиорсон хүнд энэ ертөнц илүү хялбар байх шүү дээ. Гэвч би түүний гоолиг, шийдэмгий царайнаас тэдгээр шинж тэмдгийг олж чадсангүй. Түүний царайд ухаангүй дэмийрлийн шинж үл харагдана. Зүгээр л тэрээр зуух уруу орохыг үл хүсэх бөгөөд түүнийгээ ямар нэг байдлаар илэрхийлэхийг оролдож байлаа. Харин хашгирахаас өөрөөр яаж илэрхийлэх билээ? Тэгээд л тэр хашгирч байгаа нь тэр. Азаар тэр нь нэг их удаан үргэлжилсэнгүй. За тэр. Лакдсан гутал нь гал уруу орчихлоо. Орчихлоо, чөтгөр ав гэж. Гал дүрэлзэнэ. Бодвол хүчилтөрөгчөөр хөөрөгдөж байгаа байх. Урдах хоёр галч хажуу тийш болж үлдсэн хоёр нь дамнуургыг хүчтэй түлхэн зуух уруу орууллаа. Зуухны хаалга хаагдаж кино аппаратын чимээ ч намдав.
— Тэр… хэн бэ? — Яах гэж ингэж асууснаа өөрөө ч мэдсэнгүй.
— Тэр үү? Хурандаа. Хурандаа асан хүн. Тэр манай байгууллагад байсан юм. Өндөр албан тушаалд. Тэр байгууллагыг хуурсан. Үүнийх нь төлөө түүнийг байгууллагаас хөөсөн юм. Тэгээд л явж буй нь тэр. Манай хууль ийм юм. Бид хэнийг ч хүчээр байгууллагадаа элсүүлдэггүй. Хүсэхгүй бол татгалзаж болно. Харин элссэн л бол чи бүхлээрээ байгууллагад харьяалагдана. Зангиатайгаа, гуталтайгаа юутай хүүтэйгээ харьяалагдана. Тэгэхлээр би танд татгалзах сүүлчийн боломжийг олгож байна. Бодох хугацаа нэг минут.
— Надад бодох хугацаа хэрэггүй.
— Ийм журамтай юм. Чамд бодох нэг минутын хугацаа хэрэггүй байсан ч байгууллага чамд түүнийг олгох ёстой. Чимээгүй сууж бай гэж тэр хэлээд нэгэн товч дарахад гэрэлтэж буй цагийн нүүрэн дээрх нарийхан урт зүү хором тоолон дуугарсаар гүйж эхлэв. Харин миний нүдэнд сүүлчийн хоромд хөл нь хэдийн гал дунд орсон ч толгой нь амьд, судаснууд нь гүрэлзэж, нүдэнд нь үхлийн харуусал, тэсэхүйеэ бэрх зовлон харагдахын сацуу оюун ухаан, амьдрах дийлдэшгүй их хүслэн очтон гэрэлтэж байсан мөнөөх хурандаагийн царай дахин үзэгдлээ.
Хэрэв намайг энэ байгууллагад авах юм бол би үнэн сэтгэлээсээ зүтгэх болно. Энэ бол маш чухал бөгөөд хүчирхэг байгууллага. Надад ийм дэглэм журам таалагдаж байна. Гэвч, чөтгөр ав гэж, хэрэв би тэр намхан дөрвөлжин яндангаар гарах болбол цацаг, чимэг болсон авсанд огтхон ч хэвтэхгүй гэдгээ яагаад ч юм урдаас мэдрээд байна. Энэ надад зохихгүй. Тэр цацаг чимэг надад таарахгүй. Би ч тийм хүн биш...
— Цаг дууслаа. Чамд дахиад бодох хугацаа хэрэгтэй юу?
— Үгүй.
— Дахиад нэг минут?
— Үгүй.
— За тэгвэл ахмад аа. Жанжин штабын харьяа Тагнуулын Удирдах Ерөнхий Газар буюу товчоор ГРУ (оросоор Главное Разведывательное Управление) хэмээн нэрлэгддэг манай ах дүүсийн нууц холбоонд элсэн орсонд чинь анхлан баяр хүргэх завшаан надад тохиож байна. Чи ГРУ-ын орлогч дарга хурандаа генерал Мещеряков ба Төв Хороонд хурандаа генерал Лемзенко нартай уулзах байх. Чи тэдэнд таалагдах байх гэж би бодож байна. Харин элдэв заль гаргах хэрэггүй шүү. Тийм үед дуугүй байснаас ямар нэг юм асууж байсан нь дээр. Манай шалгалт ба сэтгэлзүйн сорилын явцад заримдаа өчнөөн олон асуулт асуумаар чамд санагдах байх. Өөрийгөө бүү зовоо. Асуугаад бай. Өнөөдөр энд биеэ авч явсан шигээ л байвал бүх зүйл сайхан болно. Чамд амжилт хүсье ахмад аа.

 Үргэлжлэл бий....

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

тэнэг, мангар, новш, хуц,
mazaalai

Эхлэл уншлаа.

ablai (зочин)

Эхлэл-ийг уншлаа надад таалагдаж эхэлж байна шүү

амгалан (зочин)

Bi soninoos unsaid bsan dajgui nomiig n avj unshmaar bna Sarah him bna uu 96670895

jarkhyn (зочин)

Sonirholtoi ehlel bas soniholtoi yandan bna...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)