HERO'S WORLD : TWITTER БУЮУ ЖИРГЭЭ – АЛИМНААС ШААЛ ОНДОО...

TWITTER БУЮУ ЖИРГЭЭ – АЛИМНААС ШААЛ ОНДОО...


“Social network”, “Social media” орчин үеийн иргэншсэн нийгмийг түүнээс ангид авч үзэх ямар ч аргагүй, харилцан нэгийгээ нөхсөн цогц үзэгдэл болжээ. Энэ орчинд хүний бодит амьдрал, харилцаанд байдаг бүх зүйл өрнөж байдаг. Харилцан ойлголцол, хэрүүл тэмцэл, хайр дурлал, инээд наргиа, уур бухимдал, арилжаа наймаа, хуйвалдаан, санаа бодол, мэдлэг туршлага гээд хүмүүний харилцааны бүхий л хэв маяг энэ талбарт 24 цагийн турш өрнөж байдаг. Энд хүмүүс мэдээ мэдээлэл, видео дүрс, зураг, хөгжим, дуу дүрс, тусгай тэмдэгт томъёолбороор өөр хоорондоо харилцдаг ажгуу.

“Социал медиа” нь веб сайт, блог, “нүүрний ном” (facebook-ийн ёж орчуулга), мессенжер, твиттер буюу жиргээ, HI5 болон бидний мэдэх мэдэхгүй маш олон мэдээллийн технологи, цахим орчингүйгээр шинэ цагийн иргэншсэн нийгэм, хувь хүнийг төсөөлөх аргагүй болж. 20-р зуунд эрчим хүч, цахилгаангүй бол ажил явахаа больсон шиг шинэ зуунд интернетгүй бол ажил нэг алхам ч урагшлахаа больж. Бараг зүгээр гараар хийх ажил байсан ч албан хаагчид “интернет тасарчихлаа” хэмээн зүгээр суухдаа хүрсэн нь энэ цагийн онцлог юм биз ээ.
Жиргээ гэж юу вэ?
Ингээд та бүхэндээ “Twitter” буюу монголоор “жиргээ” хэмээн гол төлөв орчуулан хэрэглээд байгаа цахим харилцааны талбарын талаар 4-5 сарын хугацаанд биечлэн идэвхтэй оролцохдоо хийсэн ажиглалт, үзэл бодлоо хуваалцахаар шийдлээ.  Аан тийм, танилцуулахаасаа өмнө нэг зүйл хэлье. Энэ бол хийх ажилгүй юм уу эсвэл хийж байхаа олж ядсан нөхдүүдийн цагаа нөхцөөдөг газар биш болохыг хуучинсаг гаруудад юуны өмнө сануулая. Харин ч тэд шахуу ажилтай хүмүүс агаад ажил хэрэгч, цагаа зөв хуваарилдаг буюу үр дүнтэй ашиглаж чадаж буйн сонгомол илэрхийлэл болохыг харж болноо.

Жиргээ гэдэг нь 140 тэмдэгтэд багтааж  үзэл бодол, тэмдэглэлээ хөтөлдөг бичил цахим талбар юм. Товчхондоо 140 тэмдэгтэд багтааж юу ч бичиж болно гэсэн үг. Анх 2006 онд  Жек Дорси гэх залуу АНУ-ын “Odeo” хэмээх компаний дотоод хэрэгцээнд зориулан бүтээсэн гэдэг. Харин өдгөө 200 гаруй сая хэрэглэгчдийг (2011 оны 1 сарын байдлаар) эгнээндээ нэгтгэсэн, дэлхийн хамгийн эрэлттэй эхний арван сайтын тоонд багтаж, жилд олон арван сая долларын ашиг олдог талбар болж өргөжижээ. Харин монголд анх мэдээлэл технологийн чиглэлийн залуучууд ашиглаж байсан бол өдгөө нийгмийн олон салбарын хүмүүсийг нэгтгэсэн орчин болж чаджээ. Ялангуяа 2010 оноос Монгол жиргээний талбар эрчимтэй тэлж байгаа.
Орчин үеийн цаг хугацаа давчуу, мэдээллийн их ханалттай орчинд өөр хоорондоо маш товч бичвэрээр, хурдтай харьцах шаардлага улам бүр өсч байна. Яг энэ хэрэгцээг жиргээ хангаж өгдөг
Түүний давуу тал нь сунжирсан урт мэдээлэл бичиж нэгийгээ залхаадаггүй, мэдээлэл, санаа бодлоо нэн шуурхай солилцох боломжтой. Энд талбарт бүх оролцогч тэгш эрхтэй. Санаагаа товч, тодорхой илэрхийлж сурна. Хараал хэрүүл болох нь гайгүй, харьцангуй боловсон хүмүүс нэвтэрдэг тул. Тийм хүн ороод ирвэл блоклох бүрэн боломжтой.
Сул тал: заримдаа санаагаа бүрэн ойлгуулж чадахгүй зүйл гарах нь бий. Бодит харилцаа биш учраас дотроо төсөөлж бичсэн зүйл бусад хүмүүст өөр өнгө, утгаар ойлгогдох, харилцан нэгийгээ буруугаар ойлгоход хүрэх нь бий. Тэрчлэн хэтэрхий хувийн дотоод асуудал яригддаг, дэл сул хэрэггүй зүйлээр дүүрдэг гэх шүүмжлэлийг судлаачид нэг бус илэрхийлсэн байдаг.
Зарим нэг ажиглалтууд
  • Улс төрчид цөөн хүнд дагадаг. Учир нь хаа хамаагүй олон хүн дагах нь нэр хүндэд нь сэвтэй гэсэн болгоомжлол байхаас гадна өрсөлдөгч нөхдүүдэд хэнтэй ходий, найз нөхөд, хэнийг “хүндэлдэг” болох нь харагдана гэсэн сэрэмж байдагтай холбоотой болтой. Тиймээс “дотоодын” улс төрчдийг биш “гадны томчуулыг” дагасан байх нь олонтаа. Тэгээд ч улс төрчдийн хувьд лидер буюу олныг дагаж араас нь явах бус харин урд манлайлан явах нь тэдний эрх ба үүрэг шүү дээ. 
  • Жиргээчид өөрсдийг нь дагасангүй гэх гомдлыг томчуул гэх нөхдүүдэд тавьсан байх явдал цөөнгүй. Гэвч энэ “асуудал” шийдвэрлэгдэхгүй виртуал орчны нэг зөрчил болон хэвээр үлдэнэ.
  • Хэдий олон хүн дагана төдий хэрээр олон хүн дагуулах бололцоо өснө. Учир нь хүмүүс өөрсдийн дагуулуудаа байнга ажиглаж байгаад сонгож дагах хандлагатай.
  • Нэгэндээ дургүй хүмүүс, үзэл бодол, санаа нийлдэггүй хүмүүс нэгийгээ дагадаггүй.
  • Хүмүүс эсрэг хүйсний хүнээ илүү дагах сонирхолтой.
  • Төрийн өндөрлөгүүд биечлэн биш өөрийнх нь өмнөөс нэг нөхөр жиргэж, оролцож буй арга хэмжээ үйл явдлын талаар мэдээлэх маягаар жиргээг ашигладаг.
  • Тухайн хүний өдрийн дэглэм, ажил үйлс, сонирхол хэрэгцээ, найз нөхөд, сэтгэл зүйг тэдгээрийн жиргээг ашиглан олж мэдэх боломж бий.
Жиргээчдийг ангилах
Бичлэгийн агуулга, хэв маяг талаас нь харвал:
-    Өдөр тутмын үйл явдал, хувийн харилцаа, сэтгэл хөдлөлөө бичдэг хүмүүс бий.
-    Ажил хэрэг, нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх сэдэв санал болгогчид бий.
-    Сургаал, зүйр үг, шүлэг, яруу найраг, онигоо бичихээр дагнадаг.
-    Эсвэл зүгээр үзсэн видео, мэдээллээ хуваалцах, өөрийн блог вэб сайтаа сурталчлах зорилгоор хандагчид.
-    Аватар, нэршил нь ерөнхий, эзэн субъект нь тодорхойгүй, улс төрийн эсвэл суртал ухуулгын зорилго агуулсан нөхдүүд, эсвэл хүн бүр лүү асаж адардаг интернетийн “гаж донтнууд” ч тэнд бий (бүхэлд нь "sock puppet" гэж нэрлэдэг санагдана). Заримдаа нэр хүндтэй хүмүүсийн нэр, зургаар бүртгүүлэн орж, жиргэх оролдлого ч нэг бус гарсан.
-    Програмистууд өөрсдийн мэргэжлийн чиглэлээр хоорондоо бүл үүсгэн жиргэх явдал түгээмэл.
-    Мэдээж байгууллага, үйлчилгээгээ сурталчлах зорилгоор жиргээ нээсэн албан газар, аж ахуйн нэгжүүд олон бий. Гэхдээ тэднийг дагах явдал цөөн.
Хэнд хандаж буйгаар нь – өөртөө зориулан бичиж түүнээсээ таашаал авдаг жиргээчид, нийтэд хандаж үзэл бодлоо хуваалцах, өөрийгөө таниулах сонирхолтой жиргээчид гэж хувааж болох талтай.
Бичлэгийн хэмнэл давтамж талаас нь:
-    Хэт чалчигчид болон тун хэмжээгээ тохируулаад сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлж чаддаг чадварлаг гаруудаас аваад бусдыг идэвхгүй дагагчид, бусдын бичсэнийг дахин жиргэгчид (retweet), зүгээр нэр төдий бүртгүүлэгчид гээд олон янзын нөхдүүд тэнд бий. 
Ерөөс жиргээнд олон тусдаа шугам, өөр өөр ертөнц, харилцааны хэв маяг агуулагддаг. Энд авъяастай уран бүтээлч, мундаг эрдэмтэн, сүйхээтэй бизнесмен, сайн эмч багш, ухаалаг улс төрч, чадалтай програмист, цараатай судлаачид, өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүд, идэвхтэй оюутан гээд монголын оюунлаг давхрагын бүхий л төлөөлөл бий. Тэдэнтэй танилц, үзэл бодол, мэдлэг туршлагаа хуваалц. 
Монгол жиргээний онцлог: Англи, орос, монгол хэл хольж ярилцах нь түгээмэл. Дүрэм болон кирил үсгээр бичих талаар маргаан байн байн өрнөдөг. Нэр хүндтэй хүмүүсийг юм бичих, бичихгүй нь хамаа байхгүйгээр дагадаг. Манайх гэлтгүй дээ хаа газар тэр. Жулия Робертс хэнийг ч дагаагүй, нэг ч үг бичээгүй байхад түүнийг аль хэдий нь 180 мянган хүн дагачихсан байна лээ... хэхэ.

Зөвөлгөө
Доорх бяцхан зөвөлгөө нь огт мэдэхгүй хүмүүст бус гадарладаг нөхдүүдэд зориулсан болохыг юуны өмнө сануулая. Анхлан нээгчид http://mongoltwitter.blogspot.com/ болон бусад хаягаар хандан анхан шатны ойлголт авах боломж бүрэн бий.
  • Бүртгүүлэхдээ аль болох товч нэр ав. Учир нь бусдаас хариу бичихэд ганц хоёр ч гэсэн үсэг бичих бололцоо олго. Урт нэр аваад дахин завсарлан өөрчлөх боломж байдаг нь түүний давуу тал.
  • Аватарын чинь зураг их нөлөөтэй. Ялангуяа царайлаг бүсгүйчүүдийг эрэгтэй жиргээчид зөнгөөрөө дагаж эхэлдэг.
  • Жиргээнийхээ тун хэмжээг тохируул. Хэт бага жиргэдгийг нь хэрэггүй гээд дагахаа больдог бол хэт их жиргэдэг нь залхаадаг тул бас хасдаг.
  • Нэг хэвийн сэдвийг байнга хөндөхөөс зайлсхий. Мэдээж нэг сэдвээр дагнаж болно. Гэхдээ энэ нь мэргэжлийн явцуу хүрээнийхэн ойлгох, эсвэл таныг “нөгөө хэн ... (нэг хоч нэр өгч хандах) ороод ирлээ...” гэх хандлагаар хүлээ авах нь жаахан тааламжгүй биш гэж үү?
  • Дагагчид болон бусад жиргээчдийн асуулт, хариултад идэвхтэй хариул. Учир нь тэдэнд урам өгөхийн зэрэгцээ өөрийг чинь хүндлэх, цаашид дагах байх сонирхлыг төрүүлнэ.
  • Олон хүн дагуулахын хүсвэл олон хүн дага. Гэхдээ энэ нь урлаг соёлын од, улс төрчид болон олонд танигдсан зүтгэлтнүүдээс бусад хүмүүст зориулсан зөвөлгөө болой.
  • Дагаж буй хүнтэйгээ мөн харилцан жиргэлц, тэдэнд танигдахын хамт өөрийн чинь бичлэгийг унших сонирхлыг татахад хүрдэг. Дагаж буй хүмүүсээ тодорхой хугацааны дараа шинэчил, нэм. Учир нь огт жиргэхээ болих, эсвэл шинэ чадварлаг жиргээчид нэмэгдэх нь уг орчны нэг онцлог.
  • Жиргэх цаг хугацаагаа зөв тооцоол. Зөвхөн өөртөө зориулж жиргэх гэж буй бол хамаагүй. Бусадтай харилцан жиргэхийг хүсвэл өглөө, орой ажил тарах алдад, оройн хоол цайны дараа жиргээний орчин нилээн сэргэдэг гэж ажиглагдсан.
  • Оруулах гэж буй сайтынхаа гарчиг товчлох, нэг сэдвээр дагнан мэдээлэл солилцох орчин бүрдүүлэх, жиргээний веб сайтаас ч хурднаар бусдын жиргээг унших, хариу бичих технологийн бололцоонуудыг өргөнөөр ашигла.
Эцэст нь хэлэхэд заавал дээрх зөвөлгөөг дагах албагүй. Өөрийнхөөрөө л бай. Заавал өөрийн бичлэгийн хэлбэр, хэв маягаа хайрцаглах гээд яахав. Бусдад таалагдах гэж мөн чанараа алдаад хэрэггүй. Өнөө хүүхдийн ажил сайхан бүтдэг гэдэг шиг аяндаа жиргээд эхлэхээр гарт чинь ороод ирнэ дээ. Харин хэмжээ баримжаатай жиргээрэй. Тэгэхгүй бол донтох магадлал бий шүү. Хэрэв донтоод байвал “твиттер ти тит тэнгээ лээ ми хум пад” гэдэг тарнийг өдөр бүр унш. :-)
Монгол жиргээнд тавтай морил!

Ингээд өөрийн жиргээнээс хэдэн өгүүлбэрийг та бүхэндээ хүргэе.
  • Би шүдээ угаахдаа 1 стакан ус зарцуулдаг -За боль доо, таны жипийг угаахын тулд бүтэн поошик ус зарцуулдаг юм :P 
  • Хүүхдээ хоол хийхийг биш харин хог хамаагүй хаяж болохгүйг эхлээд сурга... Хоол сайн хийдэг ч хогоо шууд хаядаг зэрлэгүүд гудамжаар нэг бна
  • "Бүх зүйл хяналтанд байна, тайвширцгаа..." гэж хэлж буй этгээд яг чухамдаа хамгийн их сандарч, учраа олохгүй хүн байх нь олонтаа...
  • С.Батболд: "Засгийн газар хүнээ хөгжүүлэхэд онцгой анхаарч байна" гэжээ. Овоо доо нэг хэсэг ямаагаа хөгжүүлэхэд онцгой анхаарч байсан юм :P
  • Буддийн сургаалийг орчин цагийн монгол хэл дээр утгачлан буулгаж буй нь төвд хэл дээр засал ном хийхээс хэд дахин буянтай үйлс болой...
  • Бид Буддийн шашны сургаалийг хүлээн авахдаа дуранг зохих ёсоор нь биш жаахан хүүхэд эсрэгээр харуулж алслан харж буй мэтээр хүлээж авдаг.
  • Чоно борооноор, Франц хувьсгалаар гэж. Ливи рүү цөмийн хаягдал аваачиж хаях хөлөг онгоцоо илгээсэн гэнэ үү? Овоо муу гарууд юм даа...
  • Орон зайн онол: Нэг газар бөөгнөрөх Монголчуудын тоо өсөхийн хэрээр дотроо зөрчилдөх нь ихсэнэ. Дотроо төдийгүй бусад руу хамсан дайрахад хүрч болзошгүй.
  • Арми, шашин 2 улс төрд оролцоод байдаггүй нь манай том давуу тал...
  • Ид шидтэн: -Таны ганц хүслийг биелүүлэхэд бэлэн бна. - Тэр бодлоо өөртөө үлдээ нөхөр минь. Шид шидтэн: -Хүсэл чинь биелсэн. - Тэнэг гар вэ..
  • Бидний өөрсдийн өөчилдөг нүүдэлчин соёл ахуй бол гадныханд нүүр тахлах, бидний мөн чанарыг ойлгуулах хамгийн гол үнэт зүйлс...
  • Би итгэдэг: Хаа ч очсон Монголчуудыг балмад танхай, ядуу хохь биш харин дэлхийн хамгийн хүндэтгүүштэй үндэстэн болж тоогдоно гэдэгт...
  • Би итгэдэг: Шонхор шувуу, ховор ангаа гадны баячуулд зарж төсөв бүрдүүлдэг биш африкийн заан, анааш, америкийн безоныг авч ирдэг болно гэж..
  • Өвөө: Гүэ энэ Орифлэйм гэж намд ямар олон хүмүүс элсэж байнаа.
  • Нийгмийн дэвшлээс ухрах монгол үзэгдлийг "Жавхландах" гэнэ, Мөн үү? ккк
  • Бүсчилсэн хөгжлийн үр дүн: Зарим аймгийн ЗДТГ-ын дээр "Бүсийн тулгуур төв" хэмээх нүсэр самбар л тодорхой зардлаар босох шив дээ.
  • Монгол хэл яруу тансаг гэдгийг хүлээн зөвшөөрч байна аа. Гэхдээ тэр нь монгол хэлийг шинжлэх ухаанжсан гэсэн утгыг ерөөс агуулахгүй юм.
  • Урвуу дараалал: Биеэ засахдаа гэрээ ашигла. Гэрээ засахдаа төрөө ашигла. Бие зараад, гэрээ зар. Гэрээ зараад төрөө зар.
  • "Сэтгэл рүү ус цацаад".... Удахгүй Монгол цацах ч усгүй болох нь дээ...
  • Агуу их мөрөөдөгчдийг тэжээхийн тулд ар гэр нь ямар их зовдог бол доо гэж...
  • Чонын анчин бизнесмен - Ямар долоон голтой амьтан бэ... 1 гол, 2 гол, 3 гол, 4 гол, 5 гол, 6 гол, 7 гол.... арай гэж үхлээ муу гичий чинь...
  • Нийгмийн дундаас доош давхрагынханд зориулан нийгмийн дундаас дээш давхрагын бизнесүүдээр бэлдүүлсэн махыг "нөөцийн мах" гэнэ. :P
  • Монгол найрагчийн сэтгэл догдлохуй.... доргихуй, өмөрөхүй, өлийхүй, өндийхүй, үрчийхүй, тасрахуй, тасрахуй... тасрахуй...
  • "Үдшийн бүрийд саран авхай тааваараа зугаалахуй дор..." -Сараа миний охин одоо гэртээ ор... :P
  • 10 жилд эх орноо хайрлах гм сэдэв соц-үе шигээ их ордгоос болоод бие, гэр бүлээ авч явж чадахгүй хэр нь агуу ихийг ярьдаг хандлага хэвээр бн
  • "Эрүүлжүүлэх байр даац хэтрүүлэн ажиллаж байна" гэнээ. Эмнэлгээс гадна эрүүлжүүлэхийг нэмж барих шаардлага гарах юм байна л дөө бас...
  • Бодьгал биеийн минь нуруу бөхийх тусам, бодол санааны минь ноён нуруу улам бүр тэгширмой...
  • Үгэн хор хамгийн удаан тарчлаадаг хор... Өтөлтөл чинь оюун бодол, сэтгэлийг чинь зовооно...
  • Нэг мэдсэн чинь бид зүүдлэхдээ бодит ертөнцдөө очиж, сэрэхдээ зэрэглээний ертөнцөд амьдардаг бодгаль байсан бол яанаа. кккк
  • Цаашид авилгалын эсрэг тэмцэлд зарцуулж буй төсөв ямагт өснө. Гэхдээ авилгал нь тогтмол хэмжигдэхүүн хэвээрээ үлдэнэ.
  • Нүүрний үрчлээтэй цуг тархины нугалаас өсдөг бол...
  • Бид гадаад мэдээг дотоод мэдээ шигээ, дотоод мэдээг харь мэдээ шиг хүлээж авдаг болоо юу даа...
  • Монгол зарчим: Олсон юмаа хуваагаад хүрт. Олж болох зүйлээ мөрөөдөөд хуваарил... :)
  • "Ядарсан цагт нөхрийн чанар анигдана". :P
  • Яруу найрагч тайзан дээр: "...Цаг ирэхээр хүн болгоныг авч оддог үхлийн зардас..." Үхлийн зардас: - Цаг чинь ирчлээ хүү минь явъя.... :p
  • Хүн юм мэддэггүй хүнд гэхээсээ илүү мэдлэгтэй хүнд дургүй байдаг.
  • Улс төрийн сэдэв бол хэнд ч баяр хөөр төрүүлдэггүй сэдэв юм...
  • "Ааайййй зээээээээээ хөөөөөөөөөөөөөөө минуууууууууу зззэээээээээээ....." Яасан үнэн үгтэй дуу вэ? :-)
  • "Биеэ үнэлэх гэмт хэргийн илрүүлэлт багасч нууц далд хэлбэрт шилжсэн". Одоо яадаг гэсэн үг үү? Цагдаа, биеэ үнэлэгчид хуйвалдаж гэсэн үгүү?
  • Залуу нас эрсдэл даах чадвартайгаа хамт ирдэг...
  • Бид энгийн байхдаа согтуу байж, уух үедээ эрүүл болдог бол яанаа. :) Ер нь тэгдийм байна дөө. Монголчуудыг эрүүл байлгаж болохгүй... :P
  • Шидтэний илбэ жид, увидас хэзээ алга болдог гээч. Хүмүүс түүнд итгэхээ больсон тэр мөчөөс....
  • Казахстан улсын тухай шинэ онигоо: Ардчилсан, шударга сонгууль явагдаж, Назарбаев Ерөнхийлөгчөөр сонгогдов. :P
  • Оюутнууд архины эсрэг жагсаал сайхан болсныг тэмдэглээд орой зад авбал яана.
  • Эрэгтэй хүн уйлдаггүй гэж бодож байна уу, үгүй ээ бүсгүйчүүлээ... Тэдний нулимс хуурай тул харагддаггүй юм...
  • Уран бүтээл.... Тэгээд "уран биш" бүтээл гэж байж болохгүй юу? Хорвоогоор л нэг "уран биш" бүтээлүүд бна.
  • Насны залууд эрдэм сур... Тэгээд үлдсэн хугацаанд нь намайг юу хий гээв...

гэх мэт бичсээр миний чалчилт 2600 нэгэнт гарч одсон байна лээ.

Эх сурвалж. twitter.com/miigaad   

http://www.ulsturj.com/2011/04/twitter.html

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

тэнэг, мангар, новш, хуц,
Ицми

хар өглөөгүүр юун их юм бичдийн чэээ гэж мэгээд :Р хэрэгтэй хүмүүстээ хэрэгтэй зөвлөгөө байна...

жиргээ чинь бага ярьж их сонсохын тулд олон хүнийг дага гээдаазд... би вол эсрэгээрээ миний дагажаа хүн зуу хүркү, нааг дагажаа хүмүүс таван зуу шахам байдын... би их муу хүн :Р

аа тэр мянга мянган хүн дагачуул учраа олохоо байчихайх кк

Хикару

би саакын твит руу уравцөөн

HERO

Ицми: нааг дагуул би зөрүүлээд дагы. нөгөө цэцэгтэй зурагтай аватортой акуант тнр кккк
хикару: тэр ч сонин л эд байна лээ хуулцан

Ицми

чи ямар нэртэйн? чи чааталдагуу? би твиттерт чаатлагсадыг үзэн яддаг этр кк

HERO

ицми: чаат гэж юын. блогы хажуу талд фоллом гэсэн байгаа.

Оранж

гэснээс нээрээ ийшээ орохоо мартчаад байхын...

Оранж

би ч тээд хоол бичдэг гээд зэмлүүлдийм дөө....

HERO

Оранж: твиттер дээр хоол бичнэ үү, хог бичнэ хэн хамаатайн юу дуртайгаа сараач нтр

Guess who (зочин)

Зөвлөгөө гэж бичдэг байхаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)